Түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатартай ярилцлаа.
Говь-Алтай аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 100 жилийн өмнөх түүхээс яриагаа эхэлье?
-Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Учир нь Говь-Алтай бол Хантайшир уулын аймгийн суурин дээр, газар нутаг дээр үүссэн. Тиймээс Хантайшир уулын аймгийн түүх , өв уламжлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй.
Эртний түүхээс сөхвөл, Батмөнх Даян хааны үед зургаан түмэн Монгол байсан. Зургаан түмэн Монголын зүүн гарт гурван түмэн монгол, түүний нэг бол Халх Монгол юм. Халх Монгол 12 отогтойгоос Өвөр тав, Ар долоо. Ар долоон отгийг Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайж өмчлөн удирдсан. Гэрсэнз Жалайр хунтайжийг 1549 онд нас барсны дараа түүний өмч хөрөнгийг долоон хөвүүнд нь хувааж өгсөн гэдэг. Халхын 14 нэгж долоон хүүд хуваагдсан. Ахмад хүү Ашихай, хоёрдугаар хүү Ноёнтой, зургадугаар хүү Далдан Хүндүлэн, отгон хүү Саму Бумай нарт Халхын баруун гар очсон гэсэн үг. Халхын баруун гарт Гэрсэнз Жалайр хунтайжийн дөрвөн хүү эзэмшилтэй болсон. Энэ суурин дээр Халхын баруун гар төлөвшин хөгжиж явжээ.
Яваандаа Халхын баруун гар Засагт ханыг Гэрсэнз Жалайр хааны ахмад хүү Ашихайн удмынхан толгойлсон. Тухайн үеийн “гар” дотроо хан, хунтайж, жонон гэсэн гурван том эрх мэдэлтэй. Бүгдээрээ эрх мэдэл, албан тушаалд томилогдож, Засагт хан одоогоор аймгийн хэмжээний нэгж болж хөгжсөн. Аймаг цаашдаа Халх монгол, Ойрад Монголын түүхэнд тод ул мөрөө үлдээсэн.
Ялангуяа, Засагт хан Субадай олон жилийн зөрчилдөөн тэмцэлтэй байсан дөрвөн Ойрадын чуулгантай гэрээ хийж, 1640 онд Халх, Ойрадын чуулганыг зохион байгуулсан. Энэ чуулганыг Ойрадын нутаг, Тарвагатай уулын Улаанбураад болсон гэж үздэг. Энэ үзэл сүүлийн үед өөрчлөгдөж байна.
Тухайн үеийн Халх, Ойрадын нутгийн зааг Зэрэг, Шар хулсны газарт 1640 онд Их цааз болсон байна. 1640 оны Их цаазыг санаачлан хийсэн хүн бол Эрдэнэ бишрэлт Засагт хан Субадай. Субадай тухайн үед Хөх нуурын бүс нутгийг эзлэхтэй холбоотой Ойрадын ноёдтой хамтын ажиллагаатай байсан. Ойрадын ноёдоос Цорос аймгийн Эрдэнэбаатар хунтайжтай хамтран ажиллаж, сайн хөршийн найрсаг харилцаа үүсжээ.
Үүний үр дүнд 1640 онд Зэрэг, Шар хулсны чуулган болж, тэндээс дөрвөн Ойрадын чуулгантай гэрээ хийж “Монгол, Ойрадын их цааз”-ыг санаачлан, баталсан байдаг.
-“Монгол, Ойрадын их цааз”-ын хэрэгжилт ямар байсан бол. Эв нэгдлээ бэхжүүлж, засаглалаа сайжруулахад хэр нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Энэ цааз нь гадаад талдаа монголчуудын тусгаар байдлыг яаж хамгаалах вэ, дотооддоо ужиг болсон хямрал зөрчлийг яаж арилгах талаар олон асуудлыг шийдсэн.
Энэ үеэс Засагт хан Субадайгийн байр суурь бэхжиж, өндөрт гарсан. Үүнээс өмнө ч Засагт хан Субадай Монголын тусгаар тогтнолын талаар санаа тавьж 1637 оны үед Хөх хот руу довтолж байсан. Тухайн үед Өвөрмонгол Манжид эзлэгдсэн цаг үе.
Халх, Ойрад хоёрын дотоод эв найрамдал маш олон талын ач холбогдолтой болсон. Монголд олон жил үргэлжилсэн улс төрийн бутралыг намжаасан. Үүнээс хойш дайн хийсэнгүй. Ойрадууд Халх Монголтойгоо эвсэж, найрамдсан учраас Хөх нуур, Ижил мөрний бүс нутагт их хэмжээний газар нутгийн тэлэлт хийсэн.
Засагт хан Субадай, Түшээт хан Норов тэргүүтэй нэг үеийн улс төрийн зүтгэлтнүүд Монголын эв нэгдлийг батжуулахын тулд шашны, хууль цааз хэлэлцээрийн аргаар засаглалыг бэхжүүлэх олон ажил явууулсан. Гэвч 1655 оны үеэс энэ бодлого ганхсан. Учир нь эдгээр улс төрийн зүтгэлтэн нэгэн цаг үед нас барж, дараагийн залуу ноёд төрийн эрхэнд гарснаар Монголын улс төрийн нөхцөл хэцүүдсэн.
Гэхдээ өргөн уудам нутаг дээр байгаа Монголын бодлого Засагт ханы гарт төвлөрч байсан. 1650-аад оноос хойш Засагт ханы дотор маш том хямрал гарсан. Засагт хан, хунтайж хоёрын хоорондын засаглалын хямрал үргэлжилсээр байгаад Засаг ханы суудалд олон хүн ээлжилж суух, хямрал болж хувирсэн. Энэ хямрал үргэлжилж Халхын зүүн гар Түшээт хан, дөрвөн Ойрадын чуулган, Цоросын Сэнгэ хунтайж гэх мэт нөлөө бүхий хүмүүс Засагт ханы хямралд оролцсоноор Халх Ойрадын хямрал болтлоо өргөжсөн юм. Энэ нь түүхийн хувьд харамсалтай цаг үе.
Үүнийг Манж Чин улс ашиглаж Монголын дотоод үйл явдалд оролцсон. Улмаар 1691 оны Долоннуурын чуулганаар Халх монголчууд Манжид дагаар орох түүхэн нөхцөл болсон юм.
Халх монголчуудыг манжууд захирахдаа хуучин ноёдын зэрэг дэвийг бууруулахгүйгээр өсгөх, аймгийг аймаг чигээр нь, тухайн аймагт нь чуулган зохион байгуулах замаар захирсан. Засагт ханд Заг голын эх Биндэрьяа нуурын чуулган байгуулсан. Манжийн үеийн захиргааны Засагт ханы чуулган нь 20 хошуутай байснаас Халхын 19, хавсарсан нэг, гурван шавьтай засаглал байв. Энэ засаглал явсаар байгаад 1911 онд монголчууд тусгаар тогтнолоо сэргээснээр өөртөө эзэн болсон улс байгуулсан.
-Хантайшир гэж нэрийдэх болсныг түүхэнд хэрхэн тэмдэглэсэн байдаг вэ?
-Богд хаант Монгол Улсын үед Засагт хан аймаг урьдын байр сууриа хэвээр хадгалж байлаа. Манжийн дарлал, эрхшээл нийт монголчуудад маш хүндээр туссан. 220 жил Манжийн эрхшээлд байхад Монгол Улсын хүн ам огт өсөөгүй. Манжийн элдэв алба, татварыг өгөхийн тулд бүх нөөц хүчээ шавхсан. Ялангуяа Халх монголчуудын хувьд 1715-1755 Зүүн гар улсын эсрэг Манжийн дайн байлдаанд хүчин зүтгэж, хүний амь нас маш их нэрвэгдэж, нутаг хошуугаараа хоосорсон. Энэ нь зөвхөн Засагт хан төдийгүй нийт монголчуудын хүчийг сульдаасан.
1911 онд Богд хаант Монгол Улс байгуулсан нь нийт монголчуудын шинэ сэргэн мандалтын үе, одоогийн тусгаар тогтнолын эхлэл байв. Энэ үед Засагт хан Содномравдан тэргүүтэй ноёд идэвхтэй оролцож, төрийн бодлогын эхэнд явж байлаа.
Монгол Улсад 1921 онд Ардын засаг тогтож, улмаар 1923 онд хуучин нутаг хошууг ардчилсан байдлаар зохион байгуулах дүрэм, тогтоол гарган хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд Халхын дөрвөн хошууны нэрийг сольж, засаг, захиргааны зохион байгуулалт хийсэн. Хошуу аймгийг үе залгамжилсан байдлаар удирдахаас илүү ардчилсан байдлаар сонгодог системийг бий болгосон. Ингээд Засагт хан аймгийг Хантайшир уулын аймаг хэмээн нэрлэжээ. Үүний өмнө 1911 оны үед Засагт хан Содномравдан бичиг илгээсэн байдаг. Засагт хан аймгийн чуулганы нэр бол Заг голын эх Биндэрьяа нуурын чуулган. Уг чуулган болж байсан газар бол Сайн ноён хан аймгийн нутаг байна. Чуулганыг нэрлэхгүй болсон учраас аймгийн нэрийг ямар байдлаар нэрлэж болох вэ гэсэн хүсэлт тавьжээ. Ханбуудай уул, Хантайшир уул гэсэн хоёр сонголтыг мөн давхар тавьсан.
Энэ нь явсаар байгаад 1923 онд Засагт хан аймгийг уул усаар нэрлэх үед Хантайшир уулаар нэрлэх шийдвэр гарсан. Хантайшир уул бол Засагт хан аймгийн нутагт оршдог. Энэ үеэс эхлэн аймгийг Хантайшир аймаг гэж нэрийдэх болжээ.
1755 онд Зүүн гарын хаант улс мөхөх хүртэл Засагт ханы нутаг зүүн тийшээ байжээ. Тэр үед Заг голын эх Биндэрьяа нуурын чуулган Засагт ханы нутагт байсан. Дараагаар нь Зүүн гар улсыг мөхсөний дараа Халхын нэлээд хошуу баруун тийшээ нутагласан. Тэр үед Заг голын эх Биндэрьяа нуур Сайн ноён ханы нутагт багтсан.
Хантайшир, Богдхан, Цэцэрлэг мандал, Хан Хэнтий уулын аймаг хэмээн Халхын дөрвөн аймгийг нэрлэжээ. Хантайшир уулын аймаг бол Засагт ханы хүрээ. Одоогийн Завхан голын урд талд Цагаан хулгана гэдэг газар байрлаж байсан.
-Хантайшир уулын аймгийн түүхт ойг тэмдэглэх үндэслэл юу байсан бэ?
-Хан Хэнтий уулын аймаг бол тухайн үед Өндөрхаан төвтэй Сэцэн ханы хүрээний уулын нэрээр нэрлэгдсэн. Одоогийн Хэнтий аймаг 100 жилийн ойгоо хийж байна.
Түшээт хан аймаг Богдхан уулын аймаг болсон. Богдхан уул нь одоогийн Төв аймгийн нутагт оршдог. Иймээс Төв аймаг түүхт 100 жилийн ойгоо хийж байна. Нэрлэсэн уул, засаг захиргааны нэгж нь хаана байхаас ойн баяр хамаардаг. Сайн ноён хан аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг нэртэй болсон. Цэцэрлэг мандал уул одоогийн Архангай аймгийн төвд оршдог. Ийм уламжлалаар аймгуудын ойн баяр явдаг юм байна.
Хантайшир уул одоо Говь-Алтай аймагт байна. Засагт ханы хүрээ голлож байсан. Засагт ханы хүрээ Хантайшир уулын орчим байна. Энэ уламжлалыг дагаад Говь-Алтай аймаг түүхт 100 жилийн ойгоо хийж болох байсан. Гэвч түүхийн зарим нэг асуудал гарч ирсэн.
1931 онд Халхын дөрвөн аймаг Ховдын хязгаарын таван аймгийг 13 аймаг болгож хуваасан. Ингэхдээ эдийн засаг, зам харилцаа, дэд бүтэц, гэх мэт маш олон зүйлийг тооцож тэрхүү таван аймгийг хуваажээ. Дээр нь хошуу нутгуудын алслалыг тооцсон. Энэ үед Хантайшир аймаг нь одоогийн Завхан аймаг, Алтай аймаг болж хуваагдсан. Үүнээс хойш 1934 он хүртэл гурван жилийн дараа баруун өмнөд хилийн асуудал хүндэрсэн. Хуучин Засагт хан аймаг буюу Хантайшир аймгийн урд хошуудын иргэд гадагшаа дүрвэх, нүүх болсон. Хилийн цаанаас хасаг иргэдийн довтолгоо гэх мэт хилийн будилаанаас үүдэн Алтай аймгийг татан буулгаж Завхан аймагт нэгтгэсэн байдаг. Дараагаар нь зургаан жилийн дараа том аймгийг нэг газраас удирдахад хүндрэлтэй болж, хилийн асуудал ч намжсан. Тиймээс Алтай аймгийг сэргээж Говь-Алтай аймаг болгосон. Үүнээс хойш 1940 онд Говь-Алтай аймаг байгуулагдсан гэж үздэг байсан
2014 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод Түүх судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ хурлаас говь-Алтайчууд аймгийнхаа ойг 1923 онд байгуулагдсан Хантайшир уулын аймгаар авах санал, зөвлөмж гаргаж, аймгийн ИТХ-д хүргүүлжээ. Энэ санал зөвлөмжийг говь-Алтайчууд ИТХ хэлэлцэн, аймгийн ойг 1923 онд байгуулснаар тэмдэглэж байх шийдвэрийг гаргажээ.
Ингээд өнөөдөр Говь-Алтай аймаг түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэхүү ойгоо “Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой” нэрийн дор тэмдэглэж өнгөрүүлэх гэж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна