Европ тив хурдтай дулаарч байна


Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдлээ. Үргэлжилсэн хэт халууны араас ган гачиг, ойн түймэр дагаж,  агаарын чанарыг улам дордуулах эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн. 2015 онд баталсан Парисын хэлэлцээрийн зорилго нь хүлэмжийн хийг аж үйлдвэржилтийн өмнөх үе хүртэл бууруулах явдал юм. Аж үйлдвэржилтийн өмнөх үеийн дундаж хэмтэй харьцуулахад Европ тив Цельсийн 2.3 хэмээр дулаарсан. Энэ хугацаанд тохиосон уур амьсгал, цаг уурын бүхий л  гамшигт үзэгдлээс үүдэн 16365 хүн амиа алдсан байна. Үүний дийлэнх тохиолдол нь хэт халуунаас үүдэлтэй байжээ. Европ бусад тивээс хамгийн хурдацтай дулаарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цаг уурын гамшигт үзэгдлүүд тус тивийн эрчим хүч, зам тээвэр, дэд бүтэц мөн эрүүл мэндийн үйлчилгээний системд дарамт учруулж байна.

Грект түүхэн нүүлгэн шилжүүлэлт эхэллээ

Уур амьсгалын өөрчлөлт  хуурай, халуун цаг агаарын эрсдэлийг нэмэгдүүлж, ой хээрийн түймрийн шалтгаан болдог. Энэ жил Хойд Америк, Чили, Австрали, Зүүн Европт ойн түймэр гарсан. Канад улс түүхэн дэх хамгийн аймшигтай ой хээрийн түймрийн улирлыг туулж 100 мянган хавтгай дөрвөлжин км газар  шатаж байна.  Нийт  900 түймрийн голомт бүртгэгдсэнээс 590 нь хяналтаас гарчээ. 2023 он гарсаар Канадад ой хээрийн түймэр 10 сая га талбайг устгасан нь Исланд улсын  нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газар юм. 
Түүнчлэн Хойд Америкийн түймрийн утаа АНУ, Канадын 80 сая оршин суугчийн эрүүл мэндэд сөргөөр нө­лөөллөө. Канадын Калгари, Монреаль, Квебек, Торонто  хот,  АНУ-ын  Жор­жиа, Теннесси, Хойд Каролина, Өм­нөд Каролина, Вермонт, Нью Хэмп­шир мужид агаарын чанар түүхэн доод түвшинд хүрсэн. АНУ-ын зүүн эр­гийг бүрхсэн утаа ирэх долоо сарних төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Грекийн Родос, Корфу мужид ой хээрийн түймрийн 82 голомт бүртгэгдсэн.   Түймрийн улмаас нүүл­гэн шилжүүлсэн орон нутгийн иргэд, жуулчдын тоо 40 мянга дөхжээ.  Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд агаа­рын тээвэр, эргийн хамгаалалтын бо­лон хувийн хөлөг онгоцуудыг  дай­чилж байна. Энэ нь Грекийн түүхэн дэх хамгийн нүсэр нүүлгэн шилжүүлэлт юм. Родос аралд онц байдал тогтоож, 12 суурин, зочид буудлаас 16 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр зэхжээ. Родос, Корфу бол Европын зуны аялал жуулчлалын алдартай төв, Их Британи, Германы амрагчид олноор ирдэг арал. Родосын олон улсын нисэх онгоцны буудлын ачаалал ойрын өдрүүдэд нэмэгдэж, Грекийн Гадаад хэргийн яамнаас жуулчдад туслах үйлчилгээ нээжээ. 
Агаарын тээврийн компаниуд арал руу хийх арилжааны нислэгүүдээ цу­цалж, аврах ажиллагаанд зориулж он­гоцуудаа илгээж эхэлсэн. “Easyjet”, “Ryanair”, “British Airways” тэргүүтэй агаарын тээврийн компани иргэдээ эх оронд нь авчрах чартер нислэг зохион байгуулахаа мэдэгдсэн. Түймэр унтраахад туслахаар  Франц, Итали, Израиль, Кипр улс гал сөнөөгч, нисдэг тэрэг илгээжээ. Грекийн 180 хот, сууринд агаарын температур Цельсийн 40 хэмд хүрч халж байгаа.  Итон хотод 46.4 хэмийн халуун бүртгэгджээ. Долоо хоногийн эцэс гэхэд хэт халуун бууж 30 хэмд хүрэх төлөвтэйг тус улсын Цаг уурын албанаас мэдээлсэн. Грекээс гадна Алжирт түймрийн улмаас 34 хүн амиа алдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. 16 мужид 97 түймэр дэгджээ. Түймэр унтраахаар 8000 орчим гал сөнөөгч ажиллаж байна. НАСА-гийн хиймэл дагуулын судалгаагаар манай гараг  2001-2015 онд  ой хээрийн түймэрт хамгийн их өртжээ.

Англид 70 жил тохиогоогүй үер буув

Хэт халалтын үеэр газрын болон ургам­лын чийг  агаар мандалд  хуримт­лагдаж хүчтэй аадар ордог. Английн зүүн эрэгт 70 жил тохиолдоогүй үер буусан байна. Газар тариалангийн талбайн 50 гаруй хувь нь усанд автжээ.  Мөн БНХАУ-д  үер бууж, олон мужид хөрсний гулгалт, нуралт үүссэн учир нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлсэн.  Хойд нутгийн Ляонин, Жилин, Хармөрөн, Өвөрмонголд орсон усархаг борооны дараа Хөх мөрний дагуух хотууд үерт автжээ. Хятадын цаг агаарын албаны сэрэмжлүүлснээр 11 мужид аадар бороо орох төлөвтэй байна.  Далайд гарцгүй Чунчин хотод үерт боогдсон 4500, Сычуань мужийн 40 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн.  Тус улсын Аврах албаны мэдэгдэл байгалийн гамшгийн улмаас амь насаа алдах, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг орон нутгийн ажилтнуудад анхааруулжээ. Энэтхэгийн баруун хойд хэсгийн Гужарат, Химачал Прадеш,  Жамму Кашмир мужид үерийн гамшиг нүүрлэсэн тухай “The Times of India” сонинд бичжээ. Бүс нутагт 233 мм хур тунадас оржээ. Мөн Афганистан улсын долоон мужийг хамарсан үер энэ сарын 24-нд болжээ.

Усан үзэм, оливийн  тариалан хатжээ

Ган гачиг хамгийн их нүүрлэсэн Европын орон бол Испани. Байгалийн гамшиг тус улсын улс төрийн зөрчлийн гол сэдэв болсон. Италийн По голын ус татарснаар  Европын өмнөд хэсэг бүхэлдээ гандуу байгаа. Испанид, Каталониас Андалуси хүртэл усан сангууд ширгэж, олив, усан үзмийн тариалангууд хатжээ.  Европ дэлхийн дунджаас хурдан дулаарвал Испанийн уудам нутагт  ган гачиг ердийн үзэгдэл болно. Орон нутгийн эрх баригчдын мэдээлж буйгаар, хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл ундны усны хомстолд орж, болзошгүй гэнэ.   Мөн Францад хур тунадас бага орж, ган гачиг нүүрлэх эрсдэл нэмэгдсэн. Ерөнхийлөгч Эммануэль Макрон 2030 он гэхэд ус хэмнэх зорилт тавьж, бохир усыг дахин ашиглах шаардлагыг эдийн засгийн бүх салбарт хүргүүлжээ.  Ган гачиг нүүрлэсэн Мексикийн Засгийн газраас үүлэн тариалалтын төсөл зарласан байна. Энэ нь үүлэнд хөөргөсөн дронууд мөнгөн иодидын тоосонцрыг ялгаруулж, хур тунадас оруулах зорилготой.
Физикч Фернандо Гарсиа Гарсиа, Гильермо Монтеро Мартинез нар “Үүл бол усны нөөцийг удирдах нэгдсэн стратегийн нэг хэсэг. Үүлэн тариалангийн арга нь эдийн засгийн чухал бүсүүдэд хур тунадсыг нэмэгдүүлдэг” гэжээ. Мексикийн эрдэмтэд 1970 онд бороо оруулах энэ төрлийн судалгааг эхлүүлсэн ч  эцсийн үр дүнд хүрээгүй байна. АНУ, Мексикийн хилийн орчим агаарын температур  Цельсийн 50.2 хүрсэн.  Тус улсад хэт халууны оргил үед 167 хүн нас баржээ.  Энэ нь 1941 оноос хойших  хамгийн хуурай зургадугаар сар байсан бөгөөд хур тунадас дэлхийн дунджаас 60 хувиар бага унажээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр