"Доксури" хар салхи Хятадын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсний нөлөөгөөр 40 цаг үргэлжилсэн бороо оржээ. Улмаар Бээжин хот үерт автан гамшгийн улаан түвшинд хүрчээ. Хятадын эрх баригчид амиа алдагсдын тоог албан ёсоор зарлаагүй бөгөөд нийслэлээс хэчнээн хүн сураггүй алга болсон талаар мэдээлээгүй байна. Харин BBC агентлаг 11 хүн амиа алдаж, 27 хүн сураггүй алга болж, 127 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлсэн. Нийслэлийг тойрсон Хэбэй мужид есөн иргэн амь эрсэдсэн байна.
Үерийн ус барилгууд руу нэвчсэн учир зарим дүүргийн оршин суугчдын ус, цахилгааныг хязгаарласан байна. Хэбэй мужид бороо зогссон ч Жилин, Хармөрөн, Өвөрмонгол гэсэн зүүн хойд бүс нутгуудад хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин эрэн хайх, аврах ажиллагаанд няхуур хандахыг шаардаж, хүний амь нас хохирлыг аль болох багасгаж, амьдралын нөхцөлийг хэвийн байдалд яаралтай шилжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгожээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Бээжингийн баруун тойрогт галт тэрэгний буудалд гацсан хүмүүст яаралтай хоол хүнс хүргэжээ.
Тус дүүргийн 150 мянга орчим өрх ус, цахилгаангүй болсон. Мөн үерийн улмаас 400 орчим нислэгийг цуцалж, Бээжингийн хоёр нисэх буудалд олон зуун нислэг саатсаныг нислэгийн хяналтын “Flight Master” программаас харж болно. Дэлхийн олон оронд болж буй уур амьсгалын өөрчлөлт Хятадад давтагдаж хэт халалт, усархаг аадар орж байна. “Доксури” хар салхины хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй учир Фүжянь мужийн олон зуун мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. “Талим” хар салхинаас долоо хоногийн дараа болсон “Доксури” хар салхины улмаас сургууль, албан газруудыг хаахад хүргэсэн. CCTV-ээр дамжуулсан дүрс бичлэгт Бээжингийн авто зам, машинууд урсаж буйг харуулсан юм. Хятадын эрх баригчид болзошгүй санхүүгийн алдагдлын талаар хараахан тооцоо гаргаагүй ч намрын ургац хураалтаас хэдхэн долоо хоногийн өмнө болж буй гамшиг тариалангийн талбайг сүйтгэж болзошгүйг шуурга эхлэхээс өмнө анхааруулсан. Цаг агаарын таагүй байдал эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйд хүндээр туссан. Хятад улс бусад оронд импортолдог цагаан будааны тариалалтад аюул заналхийлж байна. Эхний ургацыг хэвийн нөхцөлд хурааж авсан боловч хоёр дахь нь температурын зөрүүтэй үед ургаж эхэлсэн, энэ үе шатанд ургамал өөрчлөлтөд онцгой мэдрэмтгий байдаг. Дулааны улмаас газрын самрын ургац бараг алга болжээ.
Үүний зэрэгцээ тус улс дэлхийн самар үйлдвэрлэлийн гуравны нэгийг бүрдүүлдэг. Шандун мужийн нэгэн самрын худалдагч "Өмнөх жилүүдэд би ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй" гэж нөхцөл байдлыг тайлбарлав. Гэхдээ БНХАУ-ын Сангийн яам Онцгой байдлын яамтай хамтран Бээжин-Тяньжин-Хэбэй мужид үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгахад зориулж 110 сая юань (15.43 сая орчим ам.доллар) хуваарилжээ. Энэхүү төсвийг эрэн хайх, аврах ажиллагааг дэмжих, үерт нэрвэгдсэн хүмүүст туслахад зарцуулна. Сангийн яамны мэдээлснээр 842 сая юанийг хөдөө аж ахуй, усны салбарт гамшгаас хамгаалахад зарцуулах аж. Бээжингийн үерийн даланг 25 жилийн өмнө сэргээн барьснаас хойш анх удаа аюулын түвшинд хүрчээ. Хятадад хэвийн бус цаг агаар 70 гаруй хоног үргэлжилсэн. Халуун маш хүчтэй байсан тул 1961 оны дээд амжилтыг эвджээ. Тус улсын баруун өмнөд хэсэгт орших Сычуань муж өндөр температурт хамгийн их хохирол амссан бөгөөд тэнд агаар Цельсийн 43 хэм хүртэл халсан байна. Чунцин хотод термометр 45 хэм хүртэл өссөн байна.
Урин дулааны улмаас газар тариалангийн талбайг эрсдэлд оруулж, ой хээрийн түймэр гарчээ. Олон хотод цахилгаан тасарсан Чэнду хотын зарим дүүрэгт оршин суугчид өдөрт 10 цаг цахилгаангүй байжээ. Халуун нь Хятадад гол мөрөнг ширгэхэд хүргэж байна. Тус улсын эдийн засгийн гол усан зам болох Хөх мөрөн дээд хэмжээнд хүртэл гүехэн болж, олон арван цутгал ширгэжээ. Ялангуяа 400 гаруй сая хүнийг ундны усаар хангадаг учраас эдийн засаг төдийгүй хүн амд чухал ач холбогдолтой.
БНХАУ "Их 20"-д саад болоогүй гэв
Энэтхэгт зохион байгуулсан "Их 20" дээд хэмжээний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаар хэлэлцэхэд БНХАУ саад учруулсан гэх мэдээллийг Хятадын Гадаад хэргийн яам няцааж байна. Чулуун түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг асуудлаар гурван өдрийн турш хэлэлцсэн ч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй. Европын төлөөлөгчдийн хэлснээр,Хятад болон газрын тосоор баялаг Саудын Арабын тал амлалт өгөхөөс татгалзжээ.
Дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн талаас илүү хувийг эзэлдэг Хятад улсын нэг хүнд ногдох CO2 ялгаруулалт АНУ-ынхаас бага хэвээр байна. Гэхдээ хүлэмжийн хийг бууруулахад идэвх зүтгэл гаргахаа илэрхийлсэн. Хятад улс 2060 он гэхэд нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй байх амлалт өгсөн. Цэвэр эрчим хүчний шинэ хүчин чадлыг дээд хэмжээнд нь барьсан ч чулуужсан түлшний хэрэглээ өссөөр байгаа бөгөөд 2026 он хүртэл нүүрсний хэрэглээг бууруулах төлөвлөгөөгүй байна.Хятадын эдийн засаг эрчим хүч их шаарддаг үйлдвэрүүдэд нөлөөлж, цаг агаарын эрс тэс уур амьсгал бусад бүс нутаг, нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлнө гэсэн домино эффектийг таамаглаж эхлэв. Нөхцөл байдал цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд нөлөөлж байна. Greenpeace-ийн мэргэжилтнүүд Хятадын том хотууд уур амьсгалын өөрчлөлтөд ноцтой өртөнө гэдгийг анхааруулж байсан. Тус байгууллагын мэдээлснээр 2100 он гэхэд тус улсын зарим томоохон хотуудад дулааралт Цельсийн 2.6 хэмээр нэмэгдэж болзошгүй ба үүний үр дүнд эдгээр бүс нутагт зун нэг сар орчим үргэлжилнэ. Хамгийн эрсдэлтэй газрууд нь Бээжин, Шанхай болон Гуанжоу, Шэньжэнь хотын хоорондох бүс нутаг байсан. 2040 онд дэлхийн утаа дээд цэгтээ хүрвэл агаарын температур хамгийн ихээр Бээжинд өснө гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хятад улс мөн үер зэрэг бусад байгалийн гамшигтай тулгарах болно.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна