Уран барилгын барон

unen
7 цагийн өмнө

Дэлхийн хотуудыг уран барилгаар чимсэн “Foster+Partners” архитектурын компанийг үндэслэгч Норман Фостер бол XX зууны амьд сэрүүн буй цөөн уран барилгачийн нэг юм. Түүний барьсан тэнгэр баганадсан барилга, нисэх онгоцны буудал, гүүр, худалдааны төв  зэрэг бүтээн байгуулалт Лондон, Берлин, Бостон, Дубай, Хонконг, Астана, Франкфурт, Абу Даби хотод өнгө нэмсээр байна. Норман Фостер орчин мега хот төлөвлөлтийн загалмайлсан эцэг.  Задгай сансрын бүтэц, шил, ган, чөлөөт орон зайн олон талт байдал, нарийвчлал түүний бүтээлийг илтгэнэ.   Тэрбээр “Архитектур бол бүтээлч  оюун санааны нэгдэл юм.  Бидний бүтээсэн орон зай  зүрх сэтгэлд хүрэх ёстой” гэжээ. 

Темза мөрний лорд

Английн эгэл ажилчны гэр бүлээс гаралтай Норман Фостер 1990 онд Их Британийн төрийн дээд шагнал Рыцарийн алдар одонгоор шагнуулсан бөгөөд 1999 онд хатан хаан II Элизабета түүнд Темза мөрний лорд цол олгожээ. Жирийн иргэнээс Лордын танхимын гишүүн болсон Норман 1935 оны зургадугаар сарын 1-нд Английн Манчестер хотод Роберт, Лилиан нарын хүү болон мэндэлжээ. Түүний аав “Metropolitan Vickers” вагон угсралтын заводад,  цыган гаралтай ээж нь үйлдвэрийн ажилчин байв. 

Норман орон нутгийн сургуульд онц сурдаг ч үе тэнгийнхэндээ дээрэлхүүлдэг, бүрэг ичимтгий хүү байсан гэдэг. Багадаа машин, усан онгоц, нисэх онгоцоо задлаад эргүүлж угсардаг техникт сонирхолтой хүүхэд байжээ. Хүүгийнхээ сонирхлыг мэдсэн эцэг, эх нь Норманд архитектор Фредерик Гиббердын номыг бэлэглэсэн аж. Норман тэрхүү номноос тухайн цаг үеийнхээ шилдэг архитекторуудын бүтээлтэй танилцжээ. Мөн Фрэнк Ллойд Райт, Ле Корбюзье нарын тухай энэ номоос анх уншаад уран барилгын тухай илүү ихийг мэдэх хүсэлд хөтлөгджээ. Улмаар орон нутгийн номын санд тогтмол очиж, энэ чиглэлийн ном, сэтгүүл уншин шинэ мэдээллийг шимтэн судалж эхлэв.
Норман 16 насандаа ахлах сургуулиа төгсөөд хотын захиргаанд бичиг хэргийн ажилтнаар ажиллах болов. Ажилд орсон тухайгаа  “Надад их сургуульд уран барилгаар сурах  боломж Ромын папаар сонгогдох  шиг ховор байсан” гэж дурссан байдаг. Энэ үедээ Норман Манчестер хотынхоо барилгын түүх ялангуяа Викториа хатан хааны үеийн барилгуудын хийцийг сонирхон судалсан байна. 17 нас хүрсэн жил нь Норманд цэргийн зарлан  иржээ. 

Тэрбээр Хатан хааны нисэх хүчинд алба хаасан юм. Армиас халагдсаныхаа дараа Норман Фостер “John Beardshaw & Partners” гэх архитектурын фирмд ажиллаж эхлэв. Тэрбээр уг фирмд эскиз зураачаар ажилласан сурвалжит угсаа гаралгүй анхны ардын хүүхэд байжээ. Учир нь, тухайн үед архитектурын фирмд дээд сургууль төгссөн, язгууртнууд ажилладаг байв. Тиймээс Фостер их сургуульд элсэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж  байлаа. Тэрбээр 1956 онд мөрөөдлөө биелүүлж, Манчестерийн их сургуульд уран барилга, хот төлөвлөлтийн чиглэлээр элсжээ. Сургалтын төлбөрөө олох гэж Норман зайрмагийн худалдагч, шөнийн цэнгээний газарт зөөгчөөр  ажиллаж байв. Ангийнхаа хамгийн ядуу нь  ч  хичээнгүй суралцаж сургуулийнхаа шилдэг оюутан болж тогтмол цалин, гадаадад аялах эрхээр шагнуулсан гэдэг. Их сургуулиа амжилттай төгссөн Норманд АНУ- ын Йелийн их сургуульд мэргэжлээрээ магистрт суралцах урилга ирэв. Йелийн их сургуульд тэрбээр бизнесийн ирээдүйн түнш Ричард Рожерстай танилцсан байна. 

Англид эргэн ирснийхээ дараа Норман Ричард Рожерс, Жорж Чизман, Венди нартай хамтран “Team 4” фирмээ байгуулжээ. Удалгүй Венди Норман хоёр гэр бүл болж “Foster Associates” фирмээ 1967 онд байгуулж, байгаль орчинд ээлтэй дизайнуудаараа олны анхаарлыг татаж эхлэв. Энэ үеэс түүний нэр уран барилгын түүхэнд дархлагдсан гэж үзэж болно. Норман жилээс жилд хомстож буй байгалийн баялгийг хэмнэсэн архитектурын шинэлэг шийдлийг эрэлхийлж эхэлжээ. Түүний анхны том бүтээл нь Лондоны шинэ нисэх буудлын хүлээлгийн танхимын зураг төсөл байв. 

Норман энэхүү төслөө 1967-1971 онд амжилттай гүйцэтгэжээ. Ингэснээр  мэргэжлийн түвшинд  өрнөөс дорнод руу алдарших үүдийг нээв. Залуухан англи инженерт хөгжиж буй Азийн орнуудаас хүсэлт ирэх болжээ. Норманы Азид гүйцэтгэсэн анхны төсөл нь 1979-1986 барьсан Хонконг дахь Шанхайн банкны төв байр юм. Мөн 1987-1992 онд  Токио хотын Bunkyo-ku буюу Зүүн цамхгийг барьжээ. ЗХУ  нуран унасны дараа социалист хэв шинжийн барилгаас уйдсан Орос, Казахстаны удирдлагууд Норманыг урив.

 Норман Фостер  Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Ханты-Мансийск  хотод  төслөө амжилттай гүйцэтгэсэн байна. Тухайлбал, Пушкиний нэрэмжит Оросын дүрслэх урлагийн музейн дахин төлөвлөлтийг 2009 онд, “Россия” цамхаг, Кремлиэс холгүйхэн Москва голын эрэгт Болор ордныг 2006 онд тус тус барьж гүйцэтгэжээ. Тэрбээр Н.Назарбаевын урилгаар 1997 онд Казахстаны шинэ нийслэлийн төв талбайд Байтерек хэмээх 97 метр өндөр цамхаг сүндэрлүүлжээ. Мөн Астана хотод Норманы барьсан пирамид, “Хан Шатыр” худалдааны төвийн нээлт 2010 онд болжээ. Астана хотод асар өндөр өртгөөр гүйцэтгэсэн төслийнхөө төлөө Норман Фостер Казахстаны төрийн дээд шагнал хүртсэн байна. Тэрбээр 1990 онд фирмээ “Foster+Partners” архитектурын компани болгон тэлэв. Фостер 1999 онд дэлхийн шилдэг уран барилгачинд олгодог Притцкерийн шагналыг хүртсэн. 

Норман сүүлийн жилүүдэд барилгын шинэлэг загвараас гадна ирээдүйн хотын өнгө төрхтэй зохицох модернист хэв маяг бүхий тээврийн хэрэгсэл бүтээхийг зорьж байна. Түүнд одоогийн автомашины дуу чимээ хэтэрхий их, эрчим хүчинд хэмнэлтгүй санагддаг аж. Харин ирээдүйн хотод автомашин агаар бохирдуулдаггүй, хүнд үзүүлэх аюул нь бага байх ёстой гэнэ. 

Орчин цагийн уран барилгачид ганц цамхаг барихаас илүү хот суурингийн загварыг цогцоор нь шийддэг сэтгэлтэй байх нь Фостерын алтан зарчим юм. Тэрбээр орчин үеийн хот ямар байх ёстойг хүн төрөлхтөнд харуулахаар Арабын нэгдсэн Эмиратад Масдар хотын суурийг тавьсан. Цөлийн нөхцөлд тохиромжтой хот байгуулахын тулд Фостер нутгийн уугуул амьтад орчны өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож буйг судалжээ. Ингэхдээ цөлийн халууныг давах гэж тэмээн сүрэг сүүдэр үүсгэн бөөгнөрч зогсохыг анзаарсан байна. Улмаар Масдар хотыг өндөр барилга, нарийн замтай, гудамж бүртээ усан сантай байхаар зураг төслөө гаргажээ. Масдар  бол нийгмийн төсөл биш ч хамгийн тохиромжтой  хот төлөвлөлтийн загвар юм.     Норман Фостергүйгээр орчин үеийн Лондонг төсөөлөшгүй.  

Хотын бизнес төвийн тэнгэр баганадсан шилэн барилга, сэргээн засварласан музейнүүдийг дурдаж болно. Түүний төслүүд  Их Британи дахь байгаль орчинд ээлтэй анхны өндөр барилга байлаа.  
Их Британид парламентын гишүүдийг бусад улсад татвар төлөхийг хориглосон хууль батлагдсаны дараа 2010 оны долдугаар сард Фостер Лордын танхимаас огцрох хүсэлт гаргав.  Аль нэг намд харьяалалгүй  байсан Фостер Лордын танхимд  байх  хугацаандаа нэг л удаа санал хураалтад оролцсон байдаг. Хэдийгээр огцорсон ч Темза мөрний лорд цолыг насан туршдаа хадгалах эрхтэй үлджээ.  Норман Фостерын бүтээл манай гаргийн 22 орны уран барилгын хосгүй дурсгал болон сүндэрлэж байна. Тэрбээр  Швейцарийн нуруунд хувийн эдлэндээ амьдардаг ба төслөө ганцаараа гүйцэтгэдэг аж. Түүний байгуулсан “Foster + Partners”   өдгөө 1000 гаруй ажилтантай 15 улсад салбартай дэлхийн хамгийн том уран барилгын товчоо болжээ.


Норман Фостерын  шилдэг 10 төсөл
Норман Фостерын гүйцэтгасэн шилдэг төслүүдээс товч дурдая.

Рейхстагийн шилэн орой
Рейхстагийн оройг засан сэлбэх олон улсын уралдаанд англи мэргэжилтний төсөл шалгарсан нь германчуудыг хэсэгтээ л балмагдуулжээ. Фостер төслөө 1999 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэхүү шилэн орой Берлиний гайхамшгийн нэгд зүй ёсоор багтах болжээ.

 Мадридын гандирс
 Дэлхийн шилдэг 100 барилгын нэгд багтдаг Торре кахаг 2009 онд барьжээ. 250 метр өндөр тэнгэр баганадсан энэхүү барилгад Испанийн нэр хүндтэй компани, банк, санхүүгийн төв байрладаг байна.

Лондоны Мэри экс
Лондончуудын “Шилэн өргөст хэмх” хэмээн нэрлэсэн энэхүү барилгыг Норман Фостер 2004 онд барьжээ. Лондоны санхүүгийн төв байрладаг энэхүү барилгыг байгальд хамгийн ээлтэй шилэн цамхаг гэж нэрлэх нь ч бий. Мөн Мэри экс бол Англид хамгийн өндөр өртгөөр даатгуулсан барилга юм. Энэхүү цамхгийг Швейцарын даатгалын компанид 630 сая фунт стерлингээр даатгуулжээ.

Английн мянган жилийн гүүр
Темза мөрний эргийг холбосон явган хүний гүүрийг 2000 онд ашиглалтад оруулжээ. Гэгээн Павелийн сүм, Шекспирийн театр, Орчин үеийн урлагийн музейг холбосон энэхүү гүүр нь 370 метр урттай аж.

АНУ-ын Нисэх хүчний музей
Норман Фостерын гүйцэтгэсэн төслүүд дунд музей, галерейн барилга зонхилох хувийг эзэлдэг. Тэдгээрээс АНУ-ын Нисэх хүчний музейн барилгын төслийг хамгийн шилдэг нь болсон гэж үздэг байна. Тэрбээр энэхүү музейн зураг төслийг гаргахдаа Дэлхийн II дайн, Солонгосын хойг, Вьетнамд амь эрсэдсэн Америк цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээ гол болгожээ.

Коммерц банкны Төв байр
Европын хамгийн өндөр барилгаар 2005 он хүртэл нэрлэгдэж байсан Франкфуртын Коммерц банкны Төв байрыг 1997 онд барьжээ. 65 давхар 300 метр өндөр уг барилга нь бетоноор бус гангаар барьсан Германы цөөхөн цамхгийн нэг юм.

Дэлхийн хамгийн урт Мио гүүр
Францын Мио гүүр нь Норман Фостерын бүтээлүүд дунд онцгой байр эзэлдэг төсөл юм. Дэлхийн хамгийн урт энэхүү гүүр нь 2460 метр урттай ажээ.

Бээжингийн олон улсын нисэх буудал
2008 оны Бээжингийн олимпыг угтсан нэгэн том төсөл бол тус хотод шинээр байгуулсан олон улсын нисэх буудал юм. Энэхүү нисэх буудал хоёр тэрбум ам.долларын төсвөөр бүтжээ. Жилд 60 сая зорчигч хүлээн авах энэхүү нисэх буудал нь “XXI зууны хамгийн жишиг терминал юм” гэж архитеторч Норман өөрөө хэлсэн байдаг.

“Уимбли” цэнгэлдэх хүрээлэн
Барселоны “Камп ноу”-гийн дараа буюу Европт хэмжээгээрээ хоёрт жагсах ”Уимбли” цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт 2007 онд болжээ. Лондоны шинэ нэрийн хуудас болсон энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 90 мянган үзэгчийн суудалтай ба 798 сая фунт стерлингээр босчээ.

Нью-Йоркийн Херст тауэр
1928 онд ашиглалтад оруулсан Херст тауэр барилга дээр 46 давхар шилэн цамхаг нэмж барих төслийг Норманоос өөр гүйцэтгэх архитектор өнөө цагт үгүй биз. Тэрбээр энэхүү төслөө байгальд ээлтэй байхаар санаачилсан нь Нью-Йоркт анхдагч болсон юм.

  Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр