Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Энэ ч утгаараа ертөнцийг тольдох мэлмийг нээгч номын дэлгүүр гэдэг хорвоогийн хамгийн оюунлаг агаад ер бусын ертөнц байдаг билээ. Үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн номын сонголт, дизайны шийдэл, түүхэн үйл явдлын гэрч болон зуун дамнан алдар нэрээ цуурайтуулсан найман номын дэлгүүрийг “Форбс” сэтгүүл онцолжээ. Эдгээр дэлгүүрийг зорин очиж үйлчлүүлдэг аж.
Нью-Йоркийн Странд
Нью-Йоркийн дөрөвдүгээр өргөн чөлөөнд орших “Странд” номын дэлгүүр нэгдсэн улсдаа хамгийн алдартайд тооцогддог байна. Бен Басс гэгч 1927 онд номын мухлагаа нээсэн нь өнөөдөр гурван давхар 2.5 сая номтой худалдааны төв болон өргөжжээ. Энэхүү номын дэлгүүрт АНУ-ын ховор ном, сэтгүүлийг худалдаалдаг юм байна.
Парисын Шекспир
Парисын төвд Жорж Витман гэгч америк эр англи хэлт уран зохиолын номын мухлагаа 1951 онд нээжээ. Витманы дэлгүүрт 1950-1960 онд дэлхийн утга зохиолын сор болсон зохиолчдын бүтээлийг худалдаалдаг байна. Энэхүү дэлгүүр 40 мянган хүний багтаамжтай, 13 амралтын өрөөтэй юм байна.
Токиогийн Канда Жимбочо
Японы нийслэл дэх Канда Жимбочо гэх жижигхэн гудамжнаас өнгөрсөн зууны сүүлчээр Япон, Хятадад хэвлэсэн ховор ном, хэвлэлийг түвэггүйхэн олж болно. Энэхүү гудамжны дагуу 170 гаруй номын дэлгүүр байрладаг ба зарим мухлагт нь Европын маш ховорт тооцогдох ном худалдаалдаг ажээ. Эндхийн номын дэлгүүрүүд 1923 онд болсон газар хөдлөлт, дэлхийн хоёрдугаар дайны үеийн аймшигт бөмбөгдөлтийг даван туулжээ. Эдгээр дэлгүүрийн эздийн ихэнх нь хуучны уламжлалаа хадгалсан, Японы номын холбооны гишүүн байдаг аж.
Нидерландын Селексиз
Энэхүү дэлгүүр нь алдартай зохиолчдын гарын үсэгтэй ховор номын цуглуулга бүхий Европын томоохон номын худалдааны төв юм. Номын дэлгүүр байрладаг Маастрихт хотыг 1794 онд Францын цэргүүд уулгалан дайрсан ба Нидерландад хувьсгалын үзэл санааг түрүүлэн авчирсан ажээ. Улмаар XIII зууны дунд үед баригдсан Доминикан урсгалын сүмийг албан ёсоор хаасан байна. Хотын удирдлагууд сүмийн барилгыг хэрхэн ашиглахаа шийдэлгүй бараг хоёр зуун жил болсон гэдэг. Хотын эрх баригчид хуучин сүмийн үндсэн зураг төсөлд ямар нэг өөрчлөлт хийлгүйгээр байгуулах санал баталжээ. Эртний барилгыг сэргээн босгоход олон жил зарцуулсны эцэст 2006 онд “Selexyz” номын дэлгүүр гэсэн хаягтай сүмийг дахин ашиглах болсон байна.
Венецийн Акуа Алта
Венецийн суваг дагуу байрласан Акуа Алта худалдааны төвийн орох хаалган дээр өлгөсөн “Дэлхийн хамгийн сайхан номын дэлгүүр тавтай морилно уу” гэсэн бичиг олны анхаарлыг татдаг. Хотын усны түвшин нэмэгдэхэд дэлгүүрийн нэгдүгээр давхар далайн эрэг шиг усан түрлэгт автдаг байна. Энэхүү байдал дэлгүүрийн бусдаас ялгарах онцлог ба үйлчлүүлэгчдэд жинхэнэ Венец хэв маягийг мэдрүүлдэг ажээ. Итали, англи, франц, испани, герман, орос зэрэг олон хэлээр гарсан зөгнөлт ном худалдаалдгаараа Акуа Алта алдартай.
Буэнос Айресийн Эль Атенео
Европ загварын дуурийн театрын хуучин барилгад байрлах Эль Aтенео нь Өмнөд Америкийн хамгийн сайхан номын дэлгүүр юм. Олон өнгийн чулуун сийлбэрээр чимэглэсэн театрын тагтыг номын тавиур болгон ашигласан ба тайзан дээр хөгжимчид симфони, алдартай киноны хөгжмийг тоглодог нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг татдаг аж. Эль Атенеод Латин Америкийн хэвлэл болон дэлхийн уран зохиолын арвин сонголттой. Энэхүү барилгыг 1919 онд барьсан ба 1929 оныг хүртэл дуурийн театр байрлаж байжээ. Дараа нь кино театрын зориулалтаар ашиглаж байгаад 2000 онд номын дэлгүүр болгожээ.
Португалийн Лелло
Дэлхийн хамгийн тансаг номын дэлгүүрийн нэг Лелло 1906 онд нээгдсэн даруйдаа хотынхоо алдартай газрын тоонд багтах болжээ. Учир нь уран барилгач Франциско Ксавьер Эстевесийн сонгосон шинэ готик хэв шинжийг илтгэсэн номын дэлгүүрийн үзэмжит барилга Порто хотын уран барилгын өв болсон юм. Таазны зураг, будмал шилэн цонх, сийлбэртэй хана, тавиур, давхрын хашлага болон дэлгүүрийн төвд байх улаан хивстэй шат гээд хаадын орд харш чимэглэсэн номын дэлгүүр Лелло өөр үгүй биз. Уг дэлгүүрт португал хэлээрх хэвлэлээс гадна англи, францаар хэвлэсэн ном худалдаалдаг аж. Бусад улсын номын дэлгүүрээс ялгаатай нь Лелло дэлгүүрийн хоёрдугаар давхарт навчин тамхи татах зориулалттай дөрвөн ширээ кафе байдаг юм байна.
Лондоны Хэйтчардс
Жон Хэйтчардсын 1797 онд байгуулсан энэхүү номын дэлгүүр нь Лондон төдийгүй Нэгдсэн вант улсдаа хамгийн эртнийд тооцогддог байна. Энэхүү дэлгүүр нь Английн соёлын өв болох Эзэн хааны Урлагийн академийн дэргэд байрладаг байна. “Хэйтчардс” дэлгүүрийн анхны үйлчлүүлэгчдийн жагсаалтад Хатан хаан Шарлотта, Веллингтон бэйс, Ерөнхий сайд Дизрайли, Лорд Байрон болон зохиолч Оскар Уайлд Киплинг нар багтдаг. “Хэйтчардс” нь Лондон дахь язгууртны номын дэлгүүр гэдгээрээ алдартай бөгөөд өргөн сонголттой, дээд зэрэглэлийн ном худалдаалдаг ажээ. Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчийн пүрэв гарагт зохиолчийн гарын үсэгтэй номын худалдаа зохион байгуулдаг. Энэхүү дэлгүүрт Ерөнхий сайд агсан Маргарет Тетчер, Жоан Роулинг, Стивен Фрай нарын алдартан номын нээлтээ зохион байгуулсан байдаг.
Х.Эрдэнэзаяа
Монголын үнэн сонин №031/24562/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна