Дахин төлөвлөлтийн төслийг шинэ шийдэл, дэвшилтэт арга барилаар хэрэгжүүлж буй “Бриллиант Партнер” компанийн Ерөнхий захирал С.Булган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Юуны түрүүнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгнө үү.
-Манай компани “Бриллиант Апартмент 1”, “Бриллиант Апартмент 2” гэсэн орон сууцны хоёр төслийг хэрэгжүүлж байна. Бид “Хууль зүйн үндэсний хүрээлэн” -гийн захиалгаар Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Их засаг их сургуулийн баруун талд байршилтай, 150 айлын орон сууцны “Бриллиант Апартмент 1” төслийг 2022 оны тавдугаар сараас эхлүүлж, ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйгээр дотор заслын ажлаа гүйцэтгэж байна.
“Бриллиант Апартмент 2” төсөл анх 2013 онд зарлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2013 оны 12/43 дугаар тогтоол”-ыг үндэслэн Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан орчим “В” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Сансар” хотхоны төслийг дахин шинэчилэн, үргэлжлүүлж буй төсөл юм. Нийт 3.24 га талбайд хэрэгжүүлэх төслийн батламжийг манай компани энэ оны нэгдүгээр сард авсан. Төслийн хүрээнд 16 давхар таван блок, 828 айлын орон сууц барих ажлыг эхлүүлээд байна. Төслийг хэрэгжүүлж дуусгах хугацаа гурван жил. Бид энэ онд C, D, E блокийн ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
- Дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьсан орон сууцнууд ихэвчлэн стандартын шаардлага хангадаггүй, чанар муутай байдаг гэх мэт олон асуудал, шүүмжлэл дагуулдаг. Танай компанийн хэрэгжүүлж буй дахин төлөвлөлтийн “Бриллиант Апартмент 2” төсөл бусад төсөл хөтөлбөрөөс юугаараа онцлог, давуу талтай вэ?
- 2013 онд анх төлөвлөгдөж, 10 жил зогссон “Сансар” хотхоны төслийг орчин үеийн барилгын стандарт нормын дагуу шинэчилж, оршин суугчдын ая тухтай байдлыг хангасан дахин төлөвлөлтийг жишиг байдлаар хэрэгжүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилгын хүрээнд бид боломжит хувилбараар газраа томруулан шинээр төлөвлөлт хийж, мөн зургийг нь өөрчилж, дэд бүтцийг нь шийдэх зэргээр төслөө бүх талаар нь сайжруулж төлөвлөсөн. “Бриллиант Апартмент 2” төслийн онцлог бол 200 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний цогц төв, спорт цогцолбор зэргийг нэг дор төвлөрүүлсэн нь оршин суугчдын ая тухтай амьдрах орчинг бүрдүүлж байгаа юм. Мөн айл бүрд БНХАУ-ын дэлхийд танигдсан “Tenon” брэндийн ухаалаг домофон систем буюу дэвшилтэт технологийг нэвтрүүлж байгаа. Ингэснээр аюулгүй байдлыг бүрэн хангаж, алсаас буюу гар утаснаасаа төхөөрөмжөө удирдах, хурууны хээгээр болон кодоор хаалгаа онгойлгох боломжтой юм. “Ус бол чандмань эрдэнэ” гэдэг. Өрхийн хүнсний болон ариун цэврийн хэрэглээнд Солонгос улсын “KNTeC” брэндийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг суурилуулсанаар нэн тэргүүний ач холбогдолтой шийдэл болсон. Барилгын хувьд 100 хувь бүрэн цутгамал хийцлэлтэй, металл фассадан шийдлээр шийдсэн нь барилгын насжилтыг уртасгах төдийгүй газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй гэх мэт олон давуу тал бий. Ийм учраас бид “Бриллиант Апартмент 2” төслөө стандарт төлөвлөлтэй цогцолбор хотхон гэж тодотгож байгаа юм.
-Олон улсын жишгээс харахад хамгийн чухал асуудал бол орон сууцны гадна талбайн төлөвлөлт, тохижилт байдаг. Гэтэл сүүлийн үед Улаанбаатар хотод барьж орон сууц ялангуяа дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй барилга байгууламжийн хувьд гадна талбайг орхидог. Танай компани энэ асуудалд ямар зарчим баримталж байна вэ?
-Бид орон сууцны чанар болон стандартад өндөр ач холбогдол өгч ажилладаг. Дахин төлөвлөлтийнх, хувийнх гэж ялгахгүйгээр бүх төрлийн орон сууц стандартын шаардлага хангаж байх учиртай. Гэхдээ миний хэлж буй стандарт бол амьдрах орчны хэсэг буюу зөвхөн орон сууцаа зураг төслийн дагуу гүйцэтгэж буйг хэлж байгаа юм биш. Үүнийг зураг төслийн дагуу хийх ёстой. Харин амьдрах болон амрах орчныг цогцоор нь шийдвэрлэж чадвал тэр зөв стандартаар баригдсан орон сууц. Амрах орчин нөхцөл гэдэг нь тухайн орон сууцны гадна талбай бөгөөд түүний төлөвлөлт, тохижилт. Үүнийг л нийт өрх айлынхаа тоонд дүйцүүлж, хийж гүйцэтгэх ёстой. Бид төсөл хэрэгжүүлэх нийт эдэлбэр газрынхаа зөвхөн 30 хувьд орон сууц барьж байгаа. Ногоон байгууламжийг 40 хувьд шийдэж, үлдсэн талбайд хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чиглэсэн, эрүүл ахуйн таатай орчин бүхий хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, дулаан зогсоол, спортын талбай, амарч суух, цугларах хэсэг, явган хүний зам байхаар төлөвлөснөөс гадна талбайн стандартыг бүрэн хэрэгжүүлж байна. Барилга орон сууц барьж буй компаниуд хүмүүсийн хүсдэг, асуудаг тав тухтай, таатай орчныг заавал бүрдүүлэх ёстой. Хэрэв үүнийг шийдэж өгөхгүй бол тухайн хотхоны хүмүүс амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхийн тулд хотын төвийг зорьж, замын түгжрэлд цаг хугацаа алдах, санхүүгийн зарлага гаргах гэх мэт олон асуудал үүснэ.
-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй барилгын компаниуд орон сууцаа төлөвлөсөн хугацаандаа ашиглалтанд хүлээлгэж өгөхгүй байх асуудал гардаг. Хэрэв танай компанид ийм асуудал үүсвэл хэрхэн шийдвэрлэх вэ?
-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниуд өөрийн гэсэн суурь хөрөнгөтэй байж төлөвлөгөөгөө батлуулдаг ч барилгын материалыг дотоодоосоо авах гэхээр хэт өндөр үнэтэй, гаднаас оруулж ирэхээр хил гаалийн асуудалтай тулгарч хүндрэл учруулдаг. Олон хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг ч бид тухай бүрд нь шийдвэрлэж, төлөвлөгөөний дагуу ажиллах бүрэн боломжтой.
-Танай компани өмнө нь дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байсан туршлага бий юү. Та барилгын салбарт хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Би инженер мэргэжилтэй. Барилгын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Анх 1999 онд БНСУ-д очиж, барилга дээр туслахаас эхлээд мужаанаар ажиллаж, туршлага хуримтлуулж байсан. Монголд ирсэнийхээ дараа “Сөүл” группэд ажилд орж, тухайн компанийн мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллан шинээр олон зүйлийг сурч мэдсэн. Дахин төлөвлөлтийн тухайд гэвэл Хан-Уул дүүргийн 19-ийн “Нэхмэлийн шар”-д хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд барьж эхэлсэн ч нэлээд олон саад бэршээлтэй нүүр тулж, ажил нь удааширсан 165 айлын “Бадрах” хотхоны асуудлыг удирдлагуудтайгаа хамтарч шийдвэрлэж байлаа. Энэхүү барилгаа маань удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд газар чөлөөлсөн тухайн айл өрх, хүмүүстэй ойлголцож, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарах ёстой шүү дээ.
-Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй компаниудаас танайх хамгийн залуу удирдлагатай нь байх. Залуу хүн энэ төрлийн төслийг хэрэгжүүлэхэд амаргүй байдаг уу?
-Дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тулгардаг газар чөлөөлөлт, нийтийн эзэмшлийн зам талбай, дэд бүтэц гэх мэт олон асуудалтай бид нүүр тулж байгаа хэдий ч эдгээрийг дэс дараатай шийдвэрлээд явж байна. Одоогоор аль аль тал ямар нэгэн үл ойлголцол, маргаан гаргаагүй. Хэн нэгний эрх ашгийг хөндөөгүй байна. Манайхаас өмнө энэхүү төслийг хариуцаж байсан компани нь ажлаа эхлүүлээд удаагүй зогсонги байдалд шилжсэн учраас ихээхэн асуудалтай байсан. Тухайн асуудлыг шат дараатай шийдвэрлэхээс гадна цаашид гарч болзошгүй эрсдлийг мөн тооцоолж, холбогдох газруудтай холбогдон зохицуулж байна.
-“Бриллиант Апартмент 2” төсөл оршин суугчдынхаа амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн дахин төлөвлөлийн шинэлэг шийдэл болсон гэж харж байна. Төслийн борлуулалт хэзээнээс эхлэх вэ?
-“Бриллиант Апартмент 2” төслөөр дахин төлөвлөлтийн шинэ шийдлийг хэрэгжүүлж, жишиг болгохыг зорьж байгаа бидний ажлыг ойлгож, олон нийтэд хүргэж байгаа танай сонинд маш их баярлалаа. Төслийн ажил эрчимтэй үргэлжилж байгаатай уялдуулаад борлуулалтаа намрын урамшуулалтай худалдаагаар эхлүүлж байна. Төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр, таван жилийн хугацаатай, хүүгүй компанийн хувь лизингийг захиалагч нартаа санал болгож байна. Мөн захиалагч бүрдээ үүдний хувцасны шүүгээ бэлэглэж байгааг дуулгахад таатай байна. “Бриллиант Апартмент 2” стандарт төлөвлөлттэй цогцолбор хотхон танд насан туршийн чанарыг санал болгоё.
Баярлалаа.
С.Юмсүрэн
Нэрийн хуудас
Вeбсайт:
www.brilliantpartner.mn
Хаяг: БЗД, 30-р хороо, Б.Доржийн гудамж 67, Сансар хотхон, ИЗОУИС-баруун талд, Улаанбаатар, Монгол Улс
Утас: 7704-8008,
8008-5617, 8008-5917
Цахим шуудан:
info@brilliantpartner.mn
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (2)