ТЭД БИДНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай оронд төрийн айлчлал хийлээ. Пап 183 улстай дипломат харилцаатай Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн бөгөөд 1.3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Тэрбээр Гэгээн ширээт улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, пап Францис нар албан ёсны уулзалт хийж, олон нийтэд хандан үг хэлсэн. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн ширээт улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны сэдвээр санал солилцсон байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар ярилцлаа.
Папын төрийн айлчлал хоёр улсын 800 орчим жилийн тэртээх харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх түүхэн ач холбогдолтой байлаа. Монголын эзэнт гүрний хаад XIII зуунд тухайн үеийн Пап нартай элч шийтгэн захидлаар харилцаж, улс түмний асуудлыг хэлэлцсэнээр хоёр улсын албан ёсны харилцаа эхлэлтэй гэж судлаачид үздэг. Пап IV Иннокентээс 1245 онд Гүюг хаанд илгээсэн захидал болон түүний хариу болгож илгээсэн 1246 оны захидал бол хоёр улсын түүхэн харилцааг нотлох үнэт эх сурвалж юм. Пап Францис католик хамба, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс, шашны хариуцлагатай ажилтнууд, Монгол дахь шашны тэргүүн нар, төлөөлөлтэй уулзаж, талархал магтаалын мөргөл үйлдэх ёслол, “Энэрэл Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцсон юм. Пап Францисын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалыг 23 орны хэвлэл мэдээллийн 53 байгууллагын 160 орчим сэтгүүлч сурвалжилсан. Эдгээр хэвлэлд Монгол Улсын тухай мэдээлэл цацагдаж, идэвхтэй гадаад сурталчилгаа боллоо. Ялангуяа, манай улсыг эртнээс эдүгээ хүртэл шашин, соёлд ялгаваргүй ханддаг гэсэн эерэг агуулгыг түгээсэн юм. Дэлхийн нөлөө бүхий агентлаг, сонинд Ромын папын айлчлалыг энхтайвны хэмээн тодотгожээ. Мөн Хонконгийн кардинал, Хятадын үнэн итгэлтнүүдэд хандан хэлсэн пап Францисын үг хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. Дээрх эх сурвалжийн дамжуулсан мэдээллээс тоймлон орчууллаа.
CNN агентлаг: 86 настай пап Монголын төр, засгийн тэргүүн, будда, бөө мөргөл, ислам, еврей, үнэн алдартан зэрэг шашны нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзжээ. Үүгээрээ Монголын Засгийн газар шашин, соёлд ялгаваргүй, хүндэтгэлтэй ханддагийг илэрхийллээ. Пап Францис Монгол Улсад айлчлахдаа Хонконгийн кардинал Стивен Чоутай уулзан Хятадын католик шашинтнуудад хандан үг хэллээ. БНХАУ-д албан ёсоор зургаан сая орчим католик шашинтан байдаг. Хонконгийн католик шашны хамбууд Ватикан Бээжингийн харилцааг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
“Associated Press” агентлаг: Католик шашны тэргүүн Монгол Улсад анх удаа айлчиллаа. Түүнчлэн папын айлчлал Ватикан ОХУ, БНХАУ-тай харилцаагаа хөндийрүүлсэн үед боллоо. Тэрбээр Чингис хааны үеэс улбаатай монголчуудын шашин шүтлэгийн эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзахдаа “Эртний бас орчин үеийн, уламжлалаар баялаг оронд зочилж буйдаа сэтгэл хангалуун байна. Монголын шашны эрх чөлөөний уламжлалт хандлагыг өндрөөр үнэлж байна. Монголын эзэнт гүрний үед ч ийм байсан. Монголчууд дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан” гэжээ. Монголчууд өргөн уудам нутаг дэвсгэрт байгаа ард түмнүүдийн гайхалтай чанаруудыг нэгтгэн хамтын хөгжлийг бүтээснийг пап Францис Төрийн ордонд цугласан дипломатууд, шашин, соёлын зүтгэлтнүүдэд ярьжээ. Монголын эзэнт гүрний улс төрийн тогтвортой байдал нь худалдаа, энхтайвныг түгээн дэлгэрүүлсэнд оршино. Пап “Өнөөдөр тоо томшгүй олон мөргөлдөөнд сүйрсэн энэ дэлхийд нэгэн цагт Монголын эзэнт гүрний тогтоосон дэгийг сахивал зөрчилгүй болж тэнгэр ивээнэ” гэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үгэндээ “Пакс Монголика”-гийн утга санааг дурдаад, дэлхийн тавцанд энхтайванч, олон талт тоглогч болох Монгол Улсын хүчин чармайлтыг онцоллоо. “Пакс Монголика”-гийн ололт амжилт нь үндэстнүүдийн харилцан хүндэтгэл, бие биенийхээ үнэт зүйл, өвөрмөц онцлогийг эрхэмлэн дээдлэх, янз бүрийн соёл иргэншилтнүүд энхтайвнаар зэрэгцэн орших боломжийг бий болгох бат бөх үндэс суурийг бүрдүүлжээ.
“Deutsche Welle” агентлаг: Пап Францис улс төрийн эгзэгтэй үед Монгол Улсын нийслэл Улаанбаатарт айлчиллаа. БНХАУ-аас 100 орчим сүсэгтэн Монголд ирж, папын мөргөлд оролцсон. Пап Хонконгоос ирсэн кардиналуудыг урьж, Хятадын католик шашинтнуудад хандан үг хэлжээ. Пап Монголд ирэх замдаа Хятадын агаарын орон зайг туулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ илгээсэн билээ. Бээжин хариуд нь Ватикантай харилцан итгэлцлийг бэхжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “Ватикантай цаашид хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээр хийн, харилцан ойлголцлыг сайжруулахад манай улс бэлэн байна” гэжээ.
“Euro news” агентлаг: Ромын пап Францис Улаанбаатарт айлчлахдаа үе үеийн монголчуудын мэргэн ухааныг үнэлж, хүн төрөлхтний хөгжилд хэрэгтэйг дурдсан. Тэрбээр байгаль орчны хариуцлагатай бодлого, соёл, халамж, алсын хараагаар уур амьсгалын өөчлөлттэй тэмцэхийг уриалаад “Энхтайван ирээдүйг хамтдаа бүтээцгээе” гэв.
“Politico”: Пап Францисын Монголд хийсэн айлчлал католик шашинт азиудад ач холбогдолтой байлаа. Монголчуудын дийлэнх нь буддын гэлүгва урсгалыг баримталж, Далай ламыг хүндэлдэг. Гэхдээ экспортын гол түнш Бээжинтэй тогтвортой харилцаагаа хадгалахыг чухалчилж ирсэн. Пап Францис ч мөн Бээжингийн эсрэг аливаа шүүмжлэлээс зайлсхийж, Далай ламтай уулзахаас болгоомжилдог юм.
“АBC news”: Ромын пап Францис Монголд хийсэн анхны айлчлалынхаа хүрээнд эмнэлэг, хоргодох байр санаачилжээ. Орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан шинэ эмнэлэг нь Монголд католик шашны үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Пап “Үндэстний жинхэнэ хөгжил дэвшлийг эдийн засгийн баялаг, зэвсэглэлд оруулсан хөрөнгө оруулалтаар хэмждэггүй. Харин ард түмнийхээ эрүүл мэнд, боловсрол, цогц хөгжлийг хангах чадвараар хэмждэг” гэлээ. Мөн Монголын чинээлэг иргэдийг ядуу хүмүүст, элэг нэгтэндээ сайн дураараа туслахыг уриалсан юм. Эдүгээ Монгол Улс шашин шүтэх эрх чөлөөг хуульчилсан бөгөөд христ, евангелист урсгалын сүм олон байдаг. Ялангуяа, Есүс Христийн хожмын гэгээнтнүүдийн сүм хүрээгээ тэлж, католик сүмээс олон гишүүнтэй болжээ.
Vatican news: Ромын пап Францис халуун дотноор угтан авсан Монголын ард түмэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
“The New-York times” сонин: Пап Францис, Ватиканы шилдэг кардиналуудыг монголчууд хүндэтгэлтэй хүлээн авлаа. Монгол Улсад 1400 гаруй католик шашинтан байдаг. Хүн амын ихэнх нь буддист, шашингүйн үзэлтэн аж. Ромын католикууд монголчуудтай олон зууны тэртээгээс холбоо харилцаатай байсан. Пап ч үүнийг хүлээн зөвшөөрч гучин жилийн өмнө дипломат харилцаа тогтоосон ч үнэндээ цаг хугацааны хувьд хамаагүй эртний харилцаатай гэжээ. Монголын эзэнт гүрэн, Чингис хааны ойрын зарим хүн христийн шашинтай байсан. Пап Францис айлчлалынхаа үеэр Чингис хааны ач, эзэн хаан Гүюгийн 1246 онд пап IV Иннокентид илгээсэн хариу захидлын баталгаат хуулбарыг Монголын талд бэлэглэлээ.
“Aljazeera”: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон цуглааны дараа Францис Бээжинд анхаарлаа хандуулав. Пап “Хятадын католик шашинтнууддаа сайн иргэн байхыг хүсэж байна” хэмээв. Пап Францис айлчлалынхаа үеэр БНХАУ дахь католик шашинтнуудад хандан үг хэлсэн. 70 гаруй жилийн турш албан ёсны дипломат харилцаагүй байсан Ватикан болон Бээжингийн харилцаа 2018 онд шашны асуудлаар тохиролцоонд хүрчээ. “Найрамдлын мөргөлчин” хэмээн өөрийгөө тодорхойлсон Пап Францис айлчлалынхаа үеэр авлига, байгаль орчны доройтлыг Монгол Улсад тулгарсан сорилт гэж үзлээ. Улаанбаатарын агаарын бохирдол иргэдийн эсэргүүцлийг өдөөдөг үндсэн сэдэв юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлт, уул уурхайн олборлолтын улмаас тус улсын өргөн уудам газар нутаг цөлжиж байна.
“The Hindu” сонин: Ромын Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатарт айлчилсан. Айлчлалынхаа сүүлийн өдөр мөргөлдөөнийг шийдвэрлэх, энхтайвныг дэмжихэд шашин эергээр нөлөөлөхийг онцоллоо. Байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг сургасан Монголын бөө мөргөл, буддын шашны уламжлал нь цэнхэр гаргийг хамгаалах хойшлуулшгүй үйл хэрэгт чухал. Шашны эрх чөлөөг хуульчилсан, ардчилсан Монголд хийсэн папын айлчлал нөгөө талаар ОХУ, БНХАУ-д хандсан. Ялангуяа, албан ёсоор шашингүй үзэлтэй Хятад улсад далд мессеж илгээсэн юм. Хүлээн зөвшөөрөгдсөн шашны байгууллагуудад хатуу хяналт тавьдаг Коммунист нам католик сүмээс болгоомжилдог. Ватикан Бээжинтэй байгуулсан гэрээгээ өнгөрсөн жил шинэчилж, БНХАУ-д бишопуудыг томилоход хоёр тал саналаа өгөхийг зөвшөөрсөн.Гэвч шүүмжлэгчид энэ алхмыг католик сүмүүд Хятад улсад байхын тулд өгсөн аюултай концесс гэж нэрлэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна