Дэлхийн удирдагчид Энэтхэгт чуулж байна


 

Энэтхэг улс дэлхийн эдийн засаг, улс төрийн нөлөө бүхий бүлгийн удирдагчдыг анх удаа хүлээн авч байна. Шинэ Дели хотноо болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт хоёр өдөр үргэлжилнэ. Дээд хэмжээний уулзалтад зориулан Шинэ Дели хотын гол гудамжны гэрэлтүүлэг, явган хүний замыг шинэчилж, цэцэг тарьжээ. Хотын барилга, ханыг тод өнгийн зургаар будан, замын хажуугийн лангуунуудыг буулгаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Эрх баригчид хууль бусаар халдагчдаас сэргийлж лангуу буулгасан гэж мэдэгдсэн иргэд “орон гэргүй болголоо” гэж эсэргүүцжээ. Энэтхэгийн төмөр замын чиглэл, хөдөлгөөний цагийг өөрчилж, орон нутгийн 80 гаруй нислэгийг цуцлав.

 

“Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй”

 Жил бүрийн дээд хэмжээний уулзалтын сэдэв ажиглагчдын анхааралд байдаг. Зохион байгуулагч орон Энэтхэгийн тал “Васудхайва Кутумбакам” буюу санскритаар “Нэг дэлхий, нэг гэр бүл, нэг ирээдүй” гэсэн үгийг үндсэн сэдвээ болгожээ. Мөн хөгжиж буй орнуудад зээл олгох, олон улсын өрийн бүтцийг шинэчлэх, криптовалюттай холбоотой зохицуулалт, геополитикийн тодорхойгүй байдлын хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд үзүүлэх нөлөөг хэлэлцэх юм. Түүнчлэн Украинтай холбоотой геополитикийн хуваагдлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх нь гарцаагүй. “Их 20”-д эдийн засгийн чадавхаараа тэргүүлдэг 19 орон болон Европын холбоо багтдаг. Үүнд Аргентин, Австрали, Бразил, Канад, БНХАУ, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Өмнөд Солонгос, Мексик, ОХУ, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Их Британи, АНУ ордог. Албан ёсны цахим хуудаст бичсэнээр, энэ удаагийн уулзалтад Бангладеш, Египет, Маврики, Нидерланд, Нигери, Оман, Сингапур, Испани, Арабын нэгдсэн Эмират улсын төр, засгийн тэргүүнийг урьжээ. 2008 оны олон улсын санхүүгийн хямралаас хойш “Их 20”-ийн бүлгийн удирдагчид жил бүр уулзаж, санхүү, дэлхийн сорилтот сэдвүүдийг хэлэлцдэг болсон. Гишүүн орнууд дэлхийн ДНБ-ий 85, худалдааны 75 хувь, хүн төрөлхтний гуравны хоёр орчим хувийг бүрдүүлдэг. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны форумын хүрээнд дэлхийн засаглалыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. “Их 20” бол албан бус бүлэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. НҮБ-аас ялгаатай нь байнгын нарийн бичгийн дарга нарын газар, ажилтангүй гэсэн үг. Харин гишүүдийнхээ дунд ротац хийж даргалагч орныг ээлжлэн сонгодог. Энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг Энэтхэг улс даргалж байна. Харин ирэх онд Бразил улс даргалах юм. Даргалагч орон хэлэлцэх асуудлыг нэгтгэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах үүрэгтэй.

 

Ши Жиньпин, В.Путин нар уулзалтыг өнжлөө

 Шинэ Делийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Аргентины Ерөнхийлөгч Альберто Фернандес, Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида нар оролцохоо мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины хямралын нийгэмд үзүүлэх нөлөө, цэвэр эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, ядууралтай тэмцэх олон талт чадавхыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна. Риши Сунакийн тухайд энэ нь Ерөнхий сайдын хувиар Энэтхэгт хийсэн анхны албан ёсны айлчлал болох юм. Жастин Трюдо Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг уриагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ажиглагчид Японы Засгийн газрын тэргүүнийг Украины хямралд анхаарал хандуулж Москваг шүүмжилж магадгүй гэж таамаглаж байна. Украинтай холбоотой санал зөрөлдөөний улмаас “Их 20”-ийн бүлэг хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар алгасахаар шийджээ. Хятадын төлөөлөгчдийг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян тэргүүлнэ. Хятадын дарга өнжих болсон нэг шалтгааныг зохион байгуулагч орон Энэтхэгтэй маргаантай байгаатай холбон тайлбарлаж байна.

Мөн Бээжин АНУ-ын Ерөнхийлөгч Байден, Энэтхэгийн Ерөнхий сайд Моди нарын зарим удирдагчтай уулзахад цаг тохиромжгүй гэж үзсэн байх.В.Путин Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцоогүй, Гадаад хэргийн сайд Сергей Лавров төлөөлсөн. Кремлийн тэргүүнийг Өмнөд Африкт очоогүйг Олон улсын эрүүгийн шүүхээс Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах шийдвэр гаргасантай холбоотой гэж бичиж байсан. Австралийн Ерөнхий сайд Антони Албанес Шинэ Делид очихоо мэдэгдсэн. Австралийн Засгийн газар “Их 20”-ийн ач холбогдлыг үнэлж, тус бүлгийг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх форум гэж тодорхойлжээ. Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сүк Ёол дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэрбээр “Ассошиэйтед Пресс” агентлагт ярихдаа, Умард Солонгосын пуужингийн өдөөн хатгалга, цөмийн заналхийллийн эсрэг шийдвэртэй хариу өгч, цөмийн зэвсгээс ангижрах талаар нягт хамтран ажиллахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалах аж. Германы канцлер Олаф Шулц “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ, БНХАУ оролцохгүй ч олон улсад чухал ач холбогдолтой гэжээ. 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уулзалтад оролцож, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хоёр талт хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байна. Саудын Арабын де-факто захирагч угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман оролцох төлөвтэйг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ. Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Кирил Рамафоса дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ Энэтхэг “Их 20”-ийг даргалж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Энэтхэгт айлчилж, цаг уурын өөрчлөлтийн асуудлаар ярилцахаа мэдэгджээ. 

Нигерийн Ерөнхийлөгч Бола Тинубу Африкийн хамгийн том эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөсөн. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула Фон Дер Лейен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишел нар оролцох эсэх нь тодорхойгүй байгаа. Бразил улс ирэх онд бүлгийг даргалах хуваарьтай ч Ерөнхийлөгч Лула Да Силва оролцохоо албан ёсоор баталгаажуулаагүй аж.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний… 11 цагийн өмнө
Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цагийн өмнө
2020 оноос хойш бид 43 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам … 12 цагийн өмнө
Б.Бямбасайхан: Манай залуус жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд нөхцөлд… 13 цагийн өмнө
Л.Ариунтуяа: Энэ нийгэм эмэгтэйчүүдээс олон дүртэй, олон ур чадварта… 14 цагийн өмнө
Б.Ану-Үжин: Хотын хөгжилд нийслэлийн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо… 14 цагийн өмнө
Ялагчид гавьяагаа үнэлүүлж, яллагдагчид давж заалдсан 7 хоног 14 цагийн өмнө
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ… Өчигдөр
Дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийг хэрэгжүүлэх Монгол Улсы… 2024/09/11
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв 2024/09/10
Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн уса… 2024/09/10
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бара… 2024/09/10
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ 2024/09/10
Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина 2024/09/10
Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх авто замыг асфальт б… 2024/09/10
Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно 2024/09/10
Зуун жилээр зудалсан, зулаг тасалсан зунууд 2024/09/09
Номын их өргөөний чамбай хатагтай 2024/09/09
Загварын ертөнцийн нүүдэл 2024/09/09
Монгол гоо сайхны илэрхийлэл 2024/09/09