Москва Пхеньянтай харилцаагаа сэргээлээ


БНАСАУ-ын Төрийн тэргүүн Ким Жон Ун  ОХУ-д айлчилж,  Ерөнхийлөгч Владимир Путинтэй Алс Дорнод дахь “Восточный” сансрын станцад уулзлаа. Пхеньянаас төдийлөн холддоггүй Умард Солонгосын залуу удирдагчийн хилийн чинадад хийж буй айлчлал дэлхийн анхаарлын төвд байсан. Айлчлалын бүрэлдэхүүнд БНАСАУ-ын төрийн дээд албан тушаалтнууд, батлан хамгаалах салбарын удирдлагууд багтжээ. Тухайлбал, Ким Жон Уны дүү Ким Ё Жон,  Гадаад хэргийн сайд Чое Сон Хуй, Батлан хамгаалах, аж үйлдвэр, цэргийн асуудал эрхэлсэн намын гишүүд, Зэвсгийн үйлдвэрийн газрын дарга Жо Чун-Ронг нар багтсан.  Дээд хэмжээний уулзалт “Ангара” пуужинг угсарч байгаа сансрын станцын суурилуулалт, туршилтын байранд эхэлсэн. Кремлийн албан ёсны сайтад нийтэлсэн дүрс бичлэг ч  хоёр улсын Төрийн тэргүүн “Восточный” сансрын төв болон зэргэлдээх пуужингийн цогцолбортой танилцжээ.  Ерөнхийлөгч В.Путин “Восточный” бол сансрын шинэ үеийн станц болохыг БНАСАУ-ын удирдагчид тайлбарлажээ. Умард Солонгосын төлөөлөгчдөд “Ангара” пуужин  хөөргөх талбай, “Союз-2” цогцолборыг үзүүлжээ. “Роскосмос”-ын тэргүүн Юрий Борисов, Газарт суурилсан сансрын дэд бүтцийн ашиглалтын төвийн дарга Николай Нестечук нар дагалдсан байна. Энэ үеэр Ким Жон Ун пуужингийн түлшний чанар, зарцуулалт,  хөдөлгөөний зарчмуудыг Оросын мэргэжилтнүүдээс  тодруулж байв.

 

“Империализмын эсрэг хамтдаа”

 

Барууны хардлага, сэрэмжлүүлэг дунд Москва Пхеньянтай харилцаагаа бэхжүүлэх болсон нь олон логик шалтгаантай. Зэвсгээс гадна Умард Солонгосын хямд ажиллах хүчийг авснаар Орос улсад ашигтай. “Восточный” станцтай танилцсаны  дараа албан ёсны хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээр хоёр цаг орчим үргэлжилжээ. Олон нийтэд үзүүлсэн дүрс бичлэгт урьдчилан таамаглаж байсан зэвсгийн худалдааны талаар дурдаагүй. Харин Ким Жон Ун Оросын цэргийн тусгай хоёрдмол утгагүй дэмжсэн. Тэрбээр “Бид империализмын эсрэг тэмцэхэд хамт байна гэж найддаг” хэмээлээ.  Зарим ажиглагч энэ удаагийн уулзалтыг “Москва ЗХУ-ын загварыг сэргээж, Умард Солонгостой нөхөрлөж байна”  гэж дүгнэсэн. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэтгэлийн зоогийн үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун  хундага өргөж “Би үргэлж ОХУ-тай хамт байна. Москва бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хамгаалахын тулд ноёрхогч хүчний эсрэг зогссон Оросын ард түмэн, арми ялалтын гялалзсан уламжлалаа давтан цэргийн тусгай ажиллагаагаар нэр хүндээ харуулах болтугай" хэмээжээ. Хариуд нь Ерөнхийлөгч В.Путин БНАСАУ-д сансрын болон хиймэл дагуулын хөтөлбөрөө хөгжүүлэхэд нь туслахаа илэрхийллээ. Кремлийн тэргүүн  “Россия 1” сувагт өгсөн ярилцлагадаа “Олон улсын байгууллагаас тогтоосон хязгаарлалтыг Орос улс дагаж мөрддөг. Үүний зэрэгцээ бидэнд бас хэтийн төлөв бий. Умард Солонгосын удирдагч сансар огторгуй, пуужингийн техникийг  сонирхож, хөгжүүлэхийг хичээдэг. Бид шинэ обьектуудаа харуулна. Ингэхдээ яарахгүй, цаг хугацаа хангалттай байна" хэмээв. БНАСАУ-ын удирдагч Комсомольск-на-Амур дахь иргэний болон цэргийн техникийн үйлдвэртэй танилцаж, Владивостокт зочлох аж. Умард Солонгост энэ технологийг нийлүүлэх нь Пхеньяны цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөгжүүлэлтийн эсрэг олон улсын хориг арга хэмжээг зөрчсөн явдал юм. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров БНАСАУ-ыг  зэвсгийн наймаа хийхээс сэргийлсэн хориг арга хэмжээнд гарын үсэг зурсныг дурдах хэрэгтэй.  БНАСАУ сансрын технологийг нэн тэргүүнд тавьдаг. Энэ жил тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд хөөргөх гэж хоёр ч удаа оролдоод бүтэлгүйтсэн. Харин зарим шинжээч Орос улс их бууны сум болон бусад зэвсгийг хязгаарлагдмал хэмжээгээр хангасны хариуд нарийн хамгаалалттай зэвсгийн технологийнхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзана гэж үзсэн. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө БНАСАУ  Солонгосын хойгийн зүүн эрэг руу ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан тухай БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос уламжилжээ. Умард Солонгосын  пуужингууд 650 км зам туулж, далайд унасан байна. Пхеньяны үйлдлийг Солонгосын хойгийн энхтайван, тогтвортой байдал, олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж буй  өдөөн хатгалга  гэж Сөүлийн тал мэдэгдсэн. Гэхдээ олон улсын цэргийн шинжээчид Ким Жон Уныг гадаад айлчлалтай үед БНАСАУ пуужин хөөргөсөн нь итгэмээргүй явдал гэж тайлбарлалаа. Магадгүй БНАСАУ-ын арми ямар ч тохиолдолд бэлэн байдгаа харуулахыг зорьсон болов уу.

 

“Улс төрийн жүжиг, гол үзэгчид нь Сөүл, Вашингтон”

 

Айлчлал Владивосток хотноо болж буй  Дорнын эдийн засгийн форумтай давхацсанаараа онцлог. Ким Жон Уныг Кремлийн тэргүүнтэй уулзахаа зарласан өдрөөс ямар сэдвээр хэлэлцэх тухай олон  таамаглалыг эх сурвалжууд дэвшүүлсэн.  Барууны хэвлэлүүд ОХУ-ын  Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны хүрээнд зэвсэг худалдан авч магадгүй гэж бичиж байлаа. Энэ тохиолдолд Москва Бээжинтэй тогтоосон харилцаагаа бодолцох ёстой. БНХАУ-ын хөрш орны хэрэгт хөндлөнгөөс оролцож эхэлбэл, Ши Жиньпин  хариу арга хэмжээ авна. В.Путинд Бээжинтэй шөргөөцөлдөх зорилго байхгүй. ОХУ-ын БНАСАУ-тай харилцах харилцаанд дутуу үнэлж буй салбар бол худалдаа. Хоёр улсын гадаад худалдааны тэнцэл тэг байна. Тиймээс В.Путин, Ким Жон Ун нарын уулзалтыг “Улс төрийн жүжиг, гол үзэгчид нь Сөүл, Вашингтон. Цэрэг, өндөр технологийн зорилгогүй. Умард Солонгост  их буу үйлдвэрлэх хүчин чадал хязгаарлагдмал. ОХУ Пхеньянд пуужингийн технологи нийлүүлээд юу ч хожихгүй. Умард Солонгос эдгээр технологийн үнийг зах зээлийн ханшаар төлөх боломжгүй. Мөн бүс нутгийн байдал ерөнхийдөө муудаж байгаа нь Оросын ашиг сонирхлоос ангид юм. Москва Вашингтон, Пхеньян Сөүлд дарамт үзүүлэх хэрэгслээ болгож байна” гэсэн өнцгөөс тайлбарласан ажиглагчид ч бий. 

Оросын зэвсгийн нөөц ялангуяа 122, 152 мм-ийн сум хомсотсон талаар барууны хэвлэлүүд бичиж эхэлсэн. Нөгөөтэйгүүр Умард Солонгосын зэвсгийн нөөцийг тогтооход амаргүй. ВВС агентлагийн тоймчийн бичсэнээр хэн хэнд нь тусламж хэрэгтэй учир  харилцан ашигтай хэлэлцээр болох ёстой. Хамгийн гол нь Москва НҮБ зэрэг олон улсын байгууллагад БНАСАУ-ыг үргэлжлүүлэн дэмжинэ. Ким Жон Ун цар тахал гарснаас хойш анх удаа гадаадын зочин хүлээж авсан нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд байв. Сергей Шойгуг өнгөрсөн долдугаар сард Пхеньянд айлчлахад “Хвасонг” тив хоорондын баллистик пуужин зэрэг зэвсгээ үзүүлсэн.  АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Умард Солонгост айлчлахдаа их бууны сум худалдан авахаар  ятгасан болов уу. Хариуд нь Ким Жон Ун Умард Солонгосын баллистик пуужин, цөмийн зэвсгийн хөтөлбөрт шаардлагатай хиймэл дагуул, цөмийн шумбагч онгоцны дэвшилтэт технологи, эрчим хүч, хүнсний тусламж хүсэж магадгүй. Умард Солонгосоос Орос руу зэвсэг шилжүүлэх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчсөн үйлдэл болохыг хоёр улсад сануулж байна” гэжээ.  Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков аливаа зэвсгийн наймааны талаарх сэрэмжлүүлгийг няцааж “Хөрш орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх нь бидэнд чухал. Хоёр талт хэлэлцээр хийнэ. Шаардлагатай бол удирдагчид хаалттай уулзана” хэмээв. Түүний мэдэгдлээс эш татан Оросын хэвлэлүүд Ким Жон Уны айлчлалыг харилцаа холбоогоо бэхжүүлэх  зорилготойг дурджээ. Ташрамд дурдахад, Ким Жон Ун төрийн эрхэнд гарсныхаа дараах анхны гадаад айлчлалаа 2019 онд Владивостокт хийжээ. Тэр үед БНАСАУ-ын цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх хэлэлцээр зогсоод байсан юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр