​ НҮБ-ын 78 дугаар чуулган дуулиантай эхэллээ


 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган эхэллээ. Нью-Йорк хотноо болж буй чуулганд гишүүн 193 орноос 145 улсын төр засгийн тэргүүн хүрэлцэн иржээ. Энэ удаагийн дээд хэмжээний  чуулганы долоо хоног хамгийн дуулиантай болж магадгүй. Дэлхий нийт хүмүүнлэгийн болон цаг уурын олон хямралтай нүүр тулсан  эгзэгтэй мөчид НҮБ-ын 78 дугаар чуулган болж байна.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хиймэл оюун ухааныг зохицуулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудлыг онцолсон. Гэхдээ НҮБ-ын дипломат харилцааг бүрдүүлдэг том гүрнүүд өөр зүйлд анхаарал хандуулж байна.  Мөргөлдөөн, хямралын эрин үед олон улсын асуудал хэлэлцэхэд хэцүү. Түүнчлэн 78 дугаар чуулганы үеэр эрүүл мэндийн асуудлаарх гурван дээд түвшний уулзалтыг зохион байгуулахаар товлосон. Үүнд сүрьеэтэй тэмцэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах тэгш эрхтэй эрүүл мэндийн тогтолцоо бүрдүүлэх тухай чуулганд оролцогчид санал солилцох аж.  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган энэ сарын 26-нд өндөрлөнө.

 

Их гүрний удирдагчид ирсэнгүй

 

НҮБ-ын гол шийдвэрүүдийг Ерөнхий ассамблейгээс гаргадаг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн НҮБ-ын байнгын үйл ажиллагаатай бүтэц юм. Аюулгүйн зөвлөлд байнгын тав, байнгын бус 10, нийт 15 гишүүн оронд ордог. Байнгын гишүүн болох АНУ, Их Британи, БНХАУ, ОХУ, Франц нь хориг тавих эрхтэй бол байнгын бус 10 гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог. Гэтэл энэ жил Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орноос зөвхөн АНУ-ын Ерөнхийлөгч оролцож байгаа.  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин,  Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар өнжлөө. Мөн “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтыг удирдаж, БНХАУ-д айлчилсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцсонгүй. “Финансиал таймс” сонинд бичсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний эсрэг хориг арга хэмжээ авсан учир гадаадад айлчлахаас сэрэмжилж байгаа. Гаагийн олон улсын шүүхээс түүнийг Украины нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг хууль бусаар албадан гаргасан хэргээр баривчлах тушаалыг баталжээ. Бээжин, Вашингтоны сөргөлдөөний улмаас Хятад улсын дарга Ши Жиньпин НҮБ-ын Төв байрыг зориогүй гэж ажиглагчид үзэж байна.  Холбоотнуудын төлөөх өрсөлдөөн ширүүссэн цаг үед В.Путин, Ши Жиньпин нар НҮБ-ын чуулганд оролцоогүй нь  АНУ-ыг  барууны бус орны удирдагчидтай харилцаагаа бэхжүүлэхэд эергээр нөлөөлнө. Их Британийн хаан III Чарльз энэ долоо хоногт Францад айлчилж байгаа учир Ерөнхийлөгч Э.Макрон, Ерөнхий сайд  Риши Сунак нар НҮБ-ын чуулганд оролцоогүй аж. Их Британийн Ерөнхий сайдыг  орлогч Оливер Дауден, Францын Ерөнхийлөгчийг Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли нар НҮБ-д төлөөлжээ.  НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч Линда Томас “Энэ удаагийн чуулган их гүрнүүдийн өрсөлдөөний талбар болохгүй. Бидний зорилго бол жижиг орнуудыг дэмжих” гэжээ. Ийнхүү нөлөө бүхий удирдагчид өнжсөнийг “Аюулгүйн зөвлөл геополитикийн асуудлыг шийдвэрлэх төв байхаа больсон” гэх үзлийг дэвэргэж байна. Мөн дэлхийн засаглалын төв  өөрчлөгдсөнийг илтгэж байж болох юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Нью-Йоркт хэн ирэх нь чухал биш. Улс орнууд шаардлагатай амлалтаа биелүүлэхийн тулд төлөөлөгчөө илгээх нь зүйтэй. НҮБ дэмий хоосон зүйл биш, Засгийн газруудыг төлөөлдөг улс төрийн байгууллага.  Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай амлалтуудыг хүлээж байна” хэмээсэн.

 

Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг шаардлаа

 

Сүүлийн арван жилд байгаагүй геополитикийн хурцадмал байдлын дунд улс орнуудын харилцааг уялдуулах нь НҮБ-ын нэн тэргүүний зорилт. Гэхдээ тус байгууллагыг шинэчлэл хийх цаг болсон гэж шинжээчид үзэж байна. “Илүү тогтвортой оршихын тулд НҮБ бүс нутгийн түншүүдтэйгээ түлхүү  хамтран ажиллах шаардлагатай. НҮБ бол хуучин байгууллага. Хүссэн хүсээгүй өөрчлөлттэй нүүр  тулсан. Тэргүүлэх чиглэл өөрчлөгдөхгүй ч олон улсад эн тэнцүү ойлгомжтой болох ёстой. Украины нийт хүн амын тавны нэг орчимд тусламж үзүүлж чадсан атлаа Суданд улс төрийн чухал үүрэг гүйцэтгэхээс татгалзсан. Үүний нэгэн адил Афганистаны  олон сая хүн  НҮБ-ын тусламжийн үйл ажиллагаанаас хамааралтай амьдардаг” гэж Төв Европын их сургуулийн гадаад бодлогын мэргэжилтэн Жужанна Селеньи “Euronews”-т ярьжээ. 78 дахь удаагийн чуулганыг Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва нээж үг хэлсэн. Тэрбээр уур амьсгалын хямрал, байгаль орчныг сүйтгэх, цэвэр эрчим хүчний талаар хөндөөд  “Баян орнууд уур амьсгалд хортой хийн ялгаруулалтын загвараар хөгжсөн. Хөгжиж буй орнууд энэ загварыг давтахыг хүсэхгүй байна. Нийгэмд  шударга, байгаль орчинд ээлтэй загвар бий болох боломжтой” гэсэн. XXI зууны эдийн засаг, газарзүйн болон улс төрийн олон ургальч үзлийг хүндэтгэсэн дэг журам тогтоохын төлөөх тэмцэл өрнөж байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины мөргөлдөөнийг зохицуулах чадамжгүй болсон. Хэрэв НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцээр хийх хүч чадалтай байсан бол магадгүй Украин, Оросын хооронд мөргөлдөөн гарахгүй байх байсан. Шийдвэр гаргах жинтэй, эрх мэдэлтэй  институц хэрэгтэй байна” гэжээ. Бразилийн төрийн тэргүүн илтгэлдээ НҮБ-ын хүч суларсныг сануулаад  дэлхий дахинд зарчмын өөр үр дүнтэй институц хэрэгтэйг онцоллоо. Энэ удаагийн чуулганы гол илтгэгч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден байлаа. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, ОХУ Украины асуудлыг хөнджээ. Мөн Цагаан ордны тэргүүн НҮБ үр дүнтэй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд шинэ түншлэлийг бий болгож, шинэ технологиос үүдэлтэй сорилттой тэмцэхийг уриалав. Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ өнөөгийн дэлхийн бодит байдлыг тусгахаа больсон гэх шүүмжлэлийг дэмжиж “Аюулгүйн зөвлөл дэлхийн аюулгүй байдлын баталгаа байхаа больсон. Зөвхөн таван орны улс төрийн стратегийн тулааны талбар болсон. Цаашлаад шударга байдал, итгэлцлийг өдөөхөө больсон” гэв. НҮБ-ын 78 дугаар чуулганы индрээс үг хэлсэн Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси “Европыг сулруулахын тулд Вашингтон Украинд хүчирхийллийн галыг бадрааж байна. Яагаад дайныг зогсоож, энхтайвныг дэмжихийн оронд цэргийн техник нийлүүлэв. Олон улсын шинэ дэг журам руу шилжиж, дэлхийг америкчлах төсөл бүтэлгүйтсэн” гэжээ.  Энэ жилийн дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцсон.  Тэрбээр НҮБ-ын Төв байранд үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №035/24566/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр