БНХАУ, Япон, БНСУ дээд хэмжээний уулзалтаа сэргээнэ


БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөр болон Хятадын цэргийн үйл ажиллагаатай холбоотой хурцадмал байдал үүссэний улмаас БНХАУ, Япон, БНСУ-ын хэлэлцээр дөрвөн жил завсардсан билээ. Тэгвэл гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нар дээд хэмжээний уулзалтыг сэргээхээр тохиролцжээ. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лим Сүн Сук дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулах хүсэлтэй байна. Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава "Бүс нутагт тулгарч буй сорилтуудыг хэлэлцэх цаг болсон" гэжээ.  Зүүн хойд Азид АНУ-ын олон арван мянган цэрэг байрладаг.  Түүнчлэн Вашингтон Азийн хоёр холбоотон болох Япон, БНСУ-тай харилцаагаа гүнзгийрүүлсэн нь Бээжинг түгшээж эхэлсэн. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Кэмп Дэвидэд дээд хэмжээний уулзалтаар аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ хуудас нээсэн. Дээд хэмжээний уулзалтаар “Хамтарсан мэдэгдэл”, “Гурван талт хамтын ажиллагааны зарчим”, “Нийтлэг аюулгүй байдлын асуудлаар харилцан зөвлөлдөх үүрэг амлалт” гэсэн гурван баримт бичгийг баталсан. Улмаар талууд уулзалтыг гурван талт жишгээр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаа мэдэгдэж, энэ удаагийн уулзалтыг “түүхэн” хэмээн онцолсон билээ.  БНХАУ уг дээд хэмжээний уулзалтыг зэмлэн буруушааж, "Улс орнууд янз бүрийн бүлэглэл байгуулж, сөргөлдөөнийг хурцатгаж, бусад орны стратегийн аюулгүй байдалд аюул учруулах үйл ажиллагааг эсэргүүцэж байна" гэж мэдэгдсэн. Кэмп Дэвидийн мэдэгдэлд  дурдсан “БНХАУ  Өмнөд Хятадын тэнгист түрэмгийлсэн” гэх эшлэлийг Бээжин няцаасан. Вашингтон Тайванийн ойролцоох Хятадын цэргийн үйл ажиллагаа болон Умард Солонгос үй олноор хөнөөх хүчирхэг зэвсгийг зохион бүтээхийн эсрэг бүс нутгийн нэгдсэн фронт байгуулахыг эрмэлздэг. БНХАУ-ын Гадаад хэргийн  сайд Ван И "Цэргийн эвслийг увайгүй өргөжүүлж, бусад орны аюулгүй байдлын орон зайг шахахыг эсэргүүцнэ” хэмээсэн нь НАТО-той төстэй арми байгуулах оролдлогоос сэрэмжлүүлсэн бололтой.

Ази-Номхон далай дахь эвсэл

АНУ Солонгосын хойгийн асуудлаар Ази-Номхон далайн бүсийн орнуудтай өргөн хүрээний яриа, хэлэлцээр өрнүүлж байна. Үүний нэг илрэл бол АНУ, Япон, БНСУ-ыг багтаасан батлан хамгаалах салбарын хүчирхэг түншлэлийг бий болгох зорилго бүхий гуравласан холбоо билээ. Гуравласан холбоо нь Зүүн хойд Азид Вашингтоны  оролцоо бага ч гэсэн байгааг илтгэнэ. БНАСАУ-ын заналхийллийн хариуд Япон, Өмнөд Солонгосын тал АНУ-ын армитай хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн бол Умард Солонгосын гол хандивлагч, худалдааны түнш Хятад улс  Пхеньянд болсон цэргийн парадад оролцуулахаар дээд албан тушаалтнуудаа илгээжээ. Карнегийн сангийн ахлах ажилтан Тонг Жао “Япон болон Өмнөд Солонгос улс Хятадтай аюулгүй байдлын тогтвортой харилцаагаа хадгалах сонирхолтой байгаа.

Ингэснээр Умард Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийг шийдвэрлэхэд тус дөхөм болно. Эдгээр хамтын ашиг сонирхол нь стратегийн харилцаа холбоо, итгэлцлийг бэхжүүлэх, хямралаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний шинэ гарцуудыг нээнэ” гэж үзжээ. Өмнөд Солонгос, Японы түүхэн харилцаанаас болж, өдийг хүртэл хоёр орны харилцаа ярвигтай байсан. Харин одоо Токио, Сөүлийн харилцаа сэргэж эхэлснийг дурдах нь зүйтэй. Өнөөг хүртэл АНУ-Япон, АНУ-БНСУ-ын хоёр талт хамтын ажиллагаа өндөр түвшинд явагддаг бол Япон-БНСУ-ын харилцаа хөндий байсан. Ерөнхийлөгч Юн Сук Ёол өнгөрсөн хавар Япон улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын хүрээнд өмнөх маргаантай асуудлуудаа орхиж шинэ түвшинд хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд Фүмио Кишидад дэвшүүлснээр АНУ-Япон-БНСУ-ын аюулгүй байдлын гуравласан хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд гарах боломж бүрдсэн юм. Япон-БНСУ-ын дээд түвшний уулзалт нь 2011 онд Ерөнхийлөгч асан И Мён Бакийн Япон улсад хийсэн айлчлалаас хойш тасраад байсан билээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол болон хуучинсаг үзэлтэй Ерөнхий сайд Фүмио Кишида нар дайны үеийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Япон улс хариуцлага хүлээх ёстой талаар удаан хугацааны маргааныг эцэслэн шийдсэн бололтой. Ерөнхийлөгч Юн Сук Ёол Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг уулзалт, хэлэлцээр хийх зэрэг энхийн замаар шийдвэрлэхээс илүүтэй АНУ, Япон улстай аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, БНАСАУ-д шахалт үзүүлэх арга замыг сонгосон байж магадгүй. АНУ, Япон, БНСУ-ын цэргийн гуравласан хамтын ажиллагаа нь БНАСАУ-ын цөмийн аюулыг хязгаарлах зорилгыг агуулдаг.

Сөүл гурван хөршийн хамтын ажиллагааг дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой гэж үзсэн. БНХАУ, Япон, БНСУ дэлхийн хүн амын 20 хувь, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгийг бүрдүүлдэг. Эдийн засгийн хувьд Өмнөд Солонгос  АНУ-ын тэргүүлдэг Энэтхэг, Номхон далайн эдийн засгийн түншлэлд нэгдэх, технологийн салбарт (хагас дамжуулагч, цахилгаан автомашин зэрэг) өргөн хүрээнд хамтран ажиллах зэргээр АНУ руу хэлбийсэн бодлого баримталдаг. Мөн Япон улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа цаашид илүү гүнзгийрүүлэх төлөвтэй байна. Уг хамтын ажиллагааны цаана тус улсын эдийн засаг дахь БНХАУ-ын нөлөөг багасгах давхар зорилго бий. Өнөөгийн байдлаар БНСУ-ын экспортын 22 хувь, импортын 20 хувь нь тус тус БНХАУ-д ногддог.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №036/24567/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 19 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 22 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 22 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 23 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр