“Хамас” болон “Исламын Жихад” бүлэглэлийн зэвсэгт дайчид Израилын нутаг дэвсгэрт нэвтрэхийн тулд Газын зурвасыг бөмбөгдөж байна. Зэвсэгт этгээдүүд еврейн сууринд нэвтэрч, энгийн иргэд, цэргүүдийг хөнөөж, олзолжээ. “Хамас” бүлэглэл ийм өргөн фронтоор дайралт хийж байгаагүй. Газын зурвасыг 2007 оноос удирдаж буй “Хамас” зэвсэгт бүлэглэл довтолгоогоо олон сарын өмнөөс төлөвлөсөн байх. Газын зурваст 16 жил үргэлжилсэн бүслэлт оршин суугчдыг туйлдуулсан. Тиймд Израил улс Газыг дэлхийн хамгийн том шорон болгосон гэж шүүмжлүүлдэг. Хил, агаарын орон зайд хяналт тавьдаггүй энэ бүс нутгийн оршин суугчдын олонх нь Израилын хилийн цаанаас ирсэн дүрвэгсэд байдаг. Тэд өөрсдөд нь тавьсан хязгаарлалт болон “Хамас”–ын түрэмгийллийг эсэргүүцсэн. Газад 2006 онд болсон сүүлчийн сонгуулиас хойш оршин суугчид байр сууриа илэрхийлээгүй.
“ХАМАС”-ЫН ЭХЛҮҮЛСЭН “АЛЬ-АКСАГИЙН ҮЕР”
Халдлагын шалтгаан тодорхойгүй ч Газар дундын тэнгисийн баруун эрэгт Израилын цэргүүд, палестинчуудын мөргөлдөөн сүүлийн саруудад хурцадсан. Йерусалимын хуучин хот дахь Аль Акса цогцолборын сүмд Израилын еврейчүүд залбирал үйлдсэнийг исламын шашинт палестинчууд эсэргүүцжээ. Сүмийг палестинчууд Харам аль-Шариф гэж нэрлэдэг бөгөөд Саудын Арабын Мекка, Мединагийн дараа ордог исламын шашинтнуудын гурав дахь ариун газар юм. Израилчууд сүмийг “Ариун сүм” гэж хүндэтгэдэг. Гэхдээ еврейчүүдийг энэхүү цогцолборт залбирахыг зөвшөөрдөггүй, ямар ч зан үйл гүйцэтгэсэн өдөөн хатгалгад тооцдог. Тиймээс “Хамас” бүлэглэл довтолгоогоо “Аль-Аксагийн үер” гэж нэрлэв. Палестинчууд агаарын цохилтоос өмнө Бейт Хануны бүс рүү дүрвэсэн ч Израилын агаарын дайралтад өртсөн. Израилын эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг хэт үндсэрхэг үзэлтнүүд Палестины нутаг дэвсгэрийг нэгтгэхийг уриалжээ. Түүнчлэн Саудын Арабын Израилтай харилцаагаа хэвийн болгох алхмыг таслан зогсоох арга хэрэгсэл болохын тулд довтолгоог Иран дэмжсэн байж магадгүй гэж зарим ажиглагч таамаглаж байна. Хэрэв Иран улс оролцсон бол Израил, Саудын Арабын хэлэлцээр бүтэлгүйтнэ.
ИЗРАИЛ ГАЗАД ХЯНАЛТАА ТОГТООХЫГ ЭРМЭЛЗЭЖ БАЙНА
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дайн өдөөснийхөө нөхөн төлбөрийг палестинчууд төлөх ёстойг санууллаа. 2.3 сая хүн амьдардаг Газын зурваст израилчууд цэрэг татаж, Палестины талд агаарын цохилт өгч эхэлсэн. Албан эх сурвалжийн мэдээлснээр 360 мянган нөөц цэрэг дайчилжээ. Улмаар удаан хугацааны хуурай замын дайралт хийж, Газын зурвасыг дахин эзлэх оролдлого хийнэ. Израилын дайралт өмнөд хэсгийн Хан Юнис хот, мөн зурвасын баруун хэсэгт төвлөрч байна. Тухайлбал, “Хамас” бүлэглэлийн гол удирдагчдын нэг Мохаммед Дейфийн байшин дайралтад өртөж гэр бүлийн гишүүд нь амь үрэгджээ. Дейф олны өмнө гарч байгаагүй, оршин суугаа байршил нь тодорхойгүй байдаг. Газа хотын төв, “Хамас” бүлэглэлийн радио станцууд байрладаг 11 давхар “Палестин” цамхгийг бөмбөгдсөн. Израилын эрх баригчид Газын зурваст цахилгаан, эрчим хүчний нийлүүлэлтийг тасалсан нь эмнэлгүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Тус улсын зөвхөн Газын зурваст төдийгүй Газар дундын тэнгисийн баруун эрэг, Зүүн Иерусалим дахь зэвсэгт хүчний үйл ажиллагааг дарахын тулд цэргийн хүчээ бүрэн ашиглах бодолтой байна. Энэ үйл явцад Палестины олон мянган энгийн иргэн амь үрэгдэж, орон сууц, дэд бүтэц сүйрнэ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галлант "Бид ард түмнээ хөнөөлгөхийг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцаалагдсан иргэдээ суллуулахын тулд “Хамас”-тай тохиролцоонд хүрэх магадлалтай байгаа юм.
ЗЭВСЭГТ БҮЛЭГЛЭЛҮҮД ХЯМРАЛЫГ ХУРЦАТГАНА
Олон улс “Хамас” бүлэглэлийг эрс буруушааж, Израилын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байна. Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо 1200 давж, 5600 орчим хүн шархадсан гэж Палестины Эрүүл мэндийн яам өнгөрсөн лхагва гарагт албан ёсоор мэдээлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, Газын хямралыг хэлэлцсэн. Энхийг сахиулах хүчнийг Ливан-Израилын хилийн дагуу тогтвортой байдлыг хадгалах зорилгоор байрлуулаад байна. Энэхүү мөргөлдөөнд бусад улсын дайчид болон зэвсэгт бүлэглэлийг оролцохгүй байхыг сэрэмжлүүлэв. Ливаны хэт даврагч “Хезболла” бүлэглэл Израилын цэргийн байрлал руу танк эсэргүүцэгч пуужингаар гал нээсэн нь бүс нутгийн мөргөлдөөн өргөжин тэлж буйг харууллаа. Хэрвээ дайн хурцадвал Газын зурвас дэлхийн хамгийн том оршуулгын газар болох аюулд хүрнэ. Долоо хоногийн дотор Газа хотоос 250 гаруй мянган хүн дүрвэснийг НҮБ баталгаажууллаа. Мөн олон улсын байгууллагын дүрвэгсдэд зориулсан хуарангууд агаарын дайралтад өртөх эрсдэлтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “АНУ Израилын ард түмэнтэй хамт байна. Манай засаг захиргаа Израилын аюулгүй байдлыг дэмжинэ” гэжээ. АНУ Израил руу зэвсэг, цэргийн техникээ яаралтай илгээж байгаа бөгөөд урьдчилан сэргийлэх зорилгоор Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт тээвэрлэгч хөлөг онгоцны цохилтын бүлгийг байршуулаад байна. Египетийн Засгийн газар хямралыг намжаахаар Саудын Араб, Йордантай хэлэлцээр хийж байна. Египет улс өмнө нь Газын зурваст гал зогсооход идэвхтэй оролцсон юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна