Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх тухай асуудлыг цар тахлын өмнө хөндөж, улмаар холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн энэ оны долдугаар сард багтаан шилжүүлэх үүрэг хүлээж, эхний хагас жилийн хугацаанд бэлтгэл ажлыг базаав. Гэсэн хэдий ч Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2024 оны үндсэн чиглэл, мөн ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэх үеэр тус хөтөлбөрийг эргээд Монголбанк хариуцах шийдвэрт хүрсэн юм. Ипотекийн зээл хамгийн чанартай, эргэн төлөлт сайтай ангилалд багтдаг. Нөгөө талаараа агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад бодит хувь нэмэр оруулж буй урт хугацаандаа үр дүнгээ харуулах томоохон хэмжээний бодлого, хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг одоогоос арван жилийн өмнө буюу 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 115 мянган өрхөд 7.2 их наяд төгрөгийн зээл олгосон байна.
Дээр дурдсанчлан олон талын ач холбогдол бүхий Ипотекийн зээлийн хөтөлбөрийг дахин Төв банк хариуцах болсноор холбогдох тушаал, журамд ямар нэгэн өөрчлөлт оруулах эсэх тухайд Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайвантай ярилцлаа.
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр бэлтгэл хангаж байсан ч өмнөх байдлаар үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор Монголбанкаас УИХ-д холбогдох журмыг оруулах юм билээ. Журмаа боловсруулж дууссан уу, хэзээ УИХ руу оруулах вэ?
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк үргэлжлүүлэн авч явахаар болсонтой холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл болон шаардлагатай бусад мэдээллийг манай зүгээс боловсруулж, бэлтгэсэн. Одоо боломжит хамгийн ойрын хугацаанд танилцуулахаар ажиллаж байна. Тус тогтоолын агуулга нь ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон холбогдох бусад байгууллагын зүгээс бэлтгэл ажлыг хангах. Бэлтгэл ажлыг хангах хүртэл хөтөлбөрийг хэвийн үргэлжлүүлэх талаар байх юм. Өөрөөр хэлбэл, тус тогтоолыг баталснаар хөтөлбөрийн зээл олголтод өөрчлөлт орохгүй гэж ойлгож болно.
-Монголбанк, арилжааны банк, МИК гэсэн оролцогчдоос бүрдсэн схемийн дагуу ипотекийн зээлийг өмнө нь олгодог байсан. Оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг, хариуцлагад өөрчлөлт орох уу?
-Өмнө нь хэрэгжүүлж байсан схемд ямар нэгэн өөрчлөлт оруулах төлөвлөгөө одоогоор алга байна. Өмнө нь хэрэгжүүлж байсан схемийн дагуу буюу Монголбанк болон арилжааны банкууд, МИК гэсэн хуучин шат дамжлагын дагуу үргэлжлүүлэн олгоно гэж ойлгож болно.
-Ипотекийн зээлийн хөтөлбөрийг эргэн төлөлтийн хэмжээгээр санхүүжүүлж ирсэн. Цаашид үүнд ямар нэгэн өөрчлөлт гарах уу. Мөн хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээнд өөрчлөлт орох уу?
-Сүүлийн гурван жилийн дунджаас харвал жилд ойролцоогоор 600-700 тэрбум төгрөгийн зээлийг энэ хөтөлбөрийн хүрээнд гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний эргэн төлөлт нь хөтөлбөрийн зээлийн эрэлтийг хангалттай түвшинд хангаж байсан гэж үзэж болно. Тиймээс цаашид тухайн хэмжээнд хүргэж ажиллахыг зорьж байна.
-Нэг иргэнд олгох ипотекийн зээлийн дээд хязгаарыг нэмэгдүүлсэн. Энэ нь зээлийн хүртээмжийг бууруулж магадгүй гэсэн болгоомжлол байна. Та энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?
-Хөтөлбөрийг гол зорилготой нь илүү нийцүүлж, орон нутаг дахь эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор орон нутагт олгох зээлийн дээд хэмжээг Улаанбаатар хоттой адил буюу 150 сая төгрөг болгон нэмэгдүүлж, холбогдох журамд өөрчлөлт оруулсан. Улмаар хүртээмж тодорхой хэмжээнд буурах эрсдэлтэй ч эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, иргэдийн хэрэгцээг хангах нь зүйтэй байгаа юм. Мөн хөтөлбөрийн зээлийн нийт санхүүжилтийн ойролцоогоор тал хувийг нь орон нутагт олгохоор төлөвлөн ажиллаж байна.
-Орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд жилийн гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Үүний хэрэгжилт ямар түвшинд байгаа вэ?
-Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд орон нутагт болон алслагдсан дүүргүүдэд Улаанбаатар хотоос шилжин суурьшиж буй болон тухайн бүс нутагт суурьшилтай иргэн анх удаа орон сууц худалдан авч буй тохиолдолд эхний гурван жилийн хугацаанд, жилийн гурван хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Тус гурван хувийн хүүгийн зөрүүг Засгийн газраас татаас хэлбэрээр олгож байгаа бөгөөд энэ онд нийт найман тэрбум төгрөгийн хүүгийн татаасыг улсын төсөвт тусгасан. Энэхүү арга хэмжээнд өнгөрсөн есдүгээр сарын эцсийн байдлаар нийт 320 өрх хамрагдаж 25.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.
-Орон нутагт орон сууц худалдан авч буй өрхийн зээлийн урьдчилгаа төлбөрт Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргуулах боломжтой байгаа. Үүнийг цаашид үргэлжлүүлэх үү. Одоогоор хэдэн өрх тус сангаас батлан даалт гаргуулаад байна вэ?
-Энэ оны есөн сарын эцсийн байдлаар нийт 72 өрхийн 5.9 тэрбум төгрөгийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаад байна. Энэхүү арга хэмжээ цаашид үргэлжилнэ.
-Энэхүү урьдчилгаа төлбөрийн батлан даалтын зохицуулалтыг Улаанбаатар хотод орон сууц худалдан авч буй иргэдэд хэрэгжүүлэх боломжтой юу?
-Өмнө нь хэлсэнчлэн хөтөлбөрийг гол зорилготой нь илүү уялдуулж, нийслэл дэх төвлөрлийг сааруулах үүднээс энэхүү арга хэмжээг одоогийн байдлаар зөвхөн орон нутагт хэрэгжүүлж байна. Нөгөөтэйгүүр, Даатгалын тухай хуульд 2022 онд оруулсан өөрчлөлттэй уялдаатай байдлаар даатгалын байгууллагууд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт баталгаа, батлан даалт гаргах боломжийг нээлттэй болгож журамд өөрчлөлт оруулаад байна.
-Он гарснаас хойш ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хагас жил орчим хугацаанд зээл олголт удааширсан. Одоо Монголбанк хөтөлбөрийг өмнөхийн адилаар үргэлжлүүлснээр хэвийн байдалд шилжих үү?
-Тухайн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр Засгийн газрын холбогдох байгууллагуудтай хамтран боломжит хувилбаруудыг судалж, танилцуулсан. Тухайн хугацаанд хөтөлбөрийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлж, олгож байсан. Засгийн газраас хөтөлбөрийг хүлээж авахад хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа хүлээн авах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Бэлтгэл ажлыг 2024 онд багтаан хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Хөтөлбөрийн ач холбогдлыг харгалзан үзэж дурдсан хугацаанд Монголбанкаас хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж, хэвийн үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Ингэснээр хөтөлбөрийн зээлийг өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн хэвийн олгож байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №038/24569/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна