Дэлхийн 130 орны төр, засгийн тэргүүн, тусгай төлөөлөгч Бээжинд цуглаж, “Бүс ба Зам” санаачилгын 10 жилийн ойд зориулсан дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар Хятад улс 150 орчим оронд урьд өмнө байгаагүй их хэмжээний дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээ зарласан. Тооцоолсон хөрөнгө оруулалтын ихэнх хувийг цахилгаан станц, төмөр зам, эрчим хүч, тээврийн төслүүдэд зарцуулна. Ши Жиньпиний амбицыг Өрнөдийн гүрнүүд “Бээжингийн мөрий”, “Эдийн засгийн хожил уу” гэх зэргээр тодорхойлж байна. Эртний Торгоны замыг эдүгээ сэргээх зорилгоор 2013 онд санаачилсан “Бүс ба Зам” БНХАУ-ын хэтийн зорилгыг харуулж байсан. Бүс гэдэг нь Хятадыг Төв Азиар дамжин Европтой холбосон хуурай газрын зам, Зам нь Африк, Европын томоохон боомтуудтай холбосон далайн сүлжээг илэрхийлдэг. “Бүс ба Зам”-ын алсын хараа Африк, Өмнөд Америк, Ойрхи Дорнодыг чиглэдэг. Сүүлийн 10 жилд Хятад болон санаачилгад нэгдсэн орнуудын худалдаа 19.1 сая ам.долларт хүрчээ. Мөн БНХАУ дэлхийн хамгийн том олон улсын зээлдүүлэгч болсон. Үүнийг зарим шинжээч буурай орнуудыг өндөр өртөгтэй төслүүдэд элсүүлэхэд татан оролцуулж, “өр” дипломат ажиллагаа явуулсан гэж шүүмжилдэг. Ажиглагчдын үзэж байгаагаар Хятад улс эх үүсвэрээ илүү бага хэмжээгээр өгдөг нь дэлхийн зээлдүүлэгчид болон барууны орнуудын саналаас бага ачаалалтай байдаг.
Бээжингийн дипломат ялалт
Хэдий барууны шүүмжлэлд өртсөн ч Бээжин нөлөөгөө өргөжүүлэх хамгийн том зорилгоо биелүүлсэн. Хятад улс зөвхөн төмөр зам, хурдны замаар холбоо тогтоосонгүй. Зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлж, үндэсний их, дээд сургуулийн тэтгэлэг, соёлын солилцооны хөтөлбөр, Күнзийн институтийн тэтгэлгээр дэлхийн өмнөд хэсэгт тэргүүлэгч байр сууриа тогтоожээ. БРИКС худалдааны эвслийг өргөжүүлсэн нь Хятадад нөлөөлсөн. Сүүлийн 10 жилийн хугацаанд Мексик, Аргентин, Өмнөд Африк, Кени, Нигери зэрэг дунд орлоготой улсууд Хятадыг түшдэг болохыг “Pew Research” судалгааны үр дүн харуулна. Өөрөөр хэлбэл, БНХАУ барууны чиг баримжаагаас олон улсыг эргүүлээгүй ч зүүний голд шилжсэн нь Бээжингийн хувьд дипломат ялалт юм. Хятад улс мөн харилцаа холбоо, цахим дэд бүтцэд чиглэсэн шинэ "Дижитал торгоны зам"-ыг энэ удаагийн уулзалтаар зарласан. Энэ нь үндэсний компаниудад илүү тогтвортой ашгийн урсгал байхын зэрэгцээ Хятадын 5G төхөөрөмжид барууны хоригийн нөлөөллийг бууруулна. Шинэ стратегийнхаа дагуу Хятад улс санхүүжилтээ багасгасан. “Бүс ба Зам” санаачилга нь дэлхийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдаж, ахаарал татсан амжилт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг шинэ эрч хүчээр сэлбэсэн явдал юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын үр дүнд хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл хэрэгжиж, хэдэн их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэв. 2023 оны байдлаар Хятад улс "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Дэлхийн банкны судалгаагаар “Бүс ба Зам” санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр хамтын бүтээн байгуулалтад оролцож буй орнуудын худалдаа 4.1 хувиар нэмэгдэж, 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг олж, 7.6 сая хүнийг нэн ядуурлаас ангижруулах төлөвтэй байна гэжээ.
Ши Жиньпиний найман төлөвлөгөө
БНХАУ-ын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтын үеэр дэд бүтцийн төлөвлөгөө, санхүүжилт, ногоон хөгжлийн амлалт бүхий найман зүйлт алсын хараагаа танилцуулсан. Тэрбээр хамтын ажиллагаагаа "ерөнхий байдал"-аас "нарийн нямбай" шатанд гаргаж, төлөвлөлтийн ерөнхий зургийг бодит амьдралд хэрэгжүүлж, олон зуун төсөл ард түмний амьжиргааны эх үүсвэр болгохыг онцолсон. Дэд бүтцийн сүлжээ хүртээмжтэй, харилцан ашигтай байж, хамтдаа хөгжиж, ажиллаж, хамтдаа ялалт байгуулахыг эрэлхийлнэ. Үзэл суртлын сөргөлдөөн, геополитикийн улс төрийн тоглоом, бүлэглэлийн өрсөлдөөнөөс ангид байхаа мэдэгджээ. Бээжингийн төлөвлөгөө урт хугацаанд хэрэгжиж, өсөлтөд хүрэх Бээжингийн зорилготой нягт холбоотой юм. Эдгээр найман төлөвлөгөөг товчилбол:
1.Европ, Азийг дамнасан логистикийн коридор байгуулах
2.Чөлөөт худалдааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс бүрдэх Торгоны замын цахим худалдааны бүс
3.Хятадын хөгжлийн банкуудаас 47.8 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт
4.Ногоон хөгжлийн төслүүдэд түлхэц үзүүлэх
5.Шинжлэх ухааны хөгжил, хиймэл оюун ухааны хөгжлийн амлалт
6.Аялал жуулчлалын холбоо зэрэг соёл, хүмүүсийн солилцоог нэмэгдүүлэх
7.Ил тод байдлыг сайжруулахын тулд цэвэр хамтын ажиллагаа
8.Нарийн бичгийн дарга нарын газар зэрэг бүс, замын байгууллагыг байгуулах хүчин чармайлт
В.Путин хүндэт зочин байлаа
БНХАУ, ОХУ-ын харилцаа улам бүр гүнзгийрч буйн илэрхийлэл бол Ерөнхийлөгч Владимир Путиний Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлал. Тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний зохион байгуулсан дээд хэмжээний уулзалтын хүндэт зочин байв. Тэд сүүлийн 10 жилийн хугацаанд 42 удаа уулзсан байна. Кремлийн тэргүүн 2022 оноос хойш гадаад айлчлал хийгээгүй. ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинийг Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын эрүүгийн шүүхээс баривчлах шийдвэр гаргасан.
Бээжин Олон улсын эрүүгийн шүүхэд хамаардаггүй учир В.Путинийг Хятадын нутаг дэвсгэрт баривчлах магадлал бага. В.Путин Ши Жиньпинтэй нүүр тулсан уулзалт хийж "Хязгааргүй найрамдалт харилцаатай" гэж тунхагласан. Тэр уулзалт гурван цаг үргэлжилжээ. Хятад, Оросын удирдагчид эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулж, Ойрхи Дорнод, Украины мөргөлдөөн зэрэг цаг үеийн асуудлыг хөндсөнгүй. Ардын их хурлын ордонд болсон дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд хамт оролцсон.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн байр суурь Хятадын удирдагчийн дараа хоёрт эрэмбэлэгдэж байлаа. Хоёр улсын худалдааны эргэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, 200 тэрбум ам. долларт ойртож байна. Талууд олон эрх мэдлийн төвтэй буюу олон туйлт ертөнцийг бий болгохыг уриалдаг.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна