Анагаах ухаан, физик, хими, эдийн засгийн шинжлэх ухааны эрдэмтэн, уран зохиол, энхтайвны зүтгэлтнүүд жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ныг хүлээсээр 120 жилийг үджээ. Чухам энэ өдөр Шведийн хөрөнгөтөн, эрдэмтэн Альфред Бернхард Нобелийн нэрэмжит шагналтнууд Стокгольм хотноо нэгэн дээвэр дор цугладаг билээ. Тэдний нэрсийг аравдугаар сарын 5-12-нд зарладаг уламжлалтай. Энэ онд зургаан салбарын 11 хүн шагнуулна. Нобелийн шагналыг дагалддаг мөнгөн дүн жил бүр өөр байдаг. Энэ удаад 11 сая швед крон буюу 989 мянган ам.долларын чек дагалдах аж.
Утга зохиолын шагнал маргаан дагууллаа
Нобелийн хамгийн өрсөлдөөнтэй бас олны сонирхлыг татдаг салбар бол утга зохиол. Энэ жилийн утга зохиолын шагналыг Норвегийн зохиолч Жон Фоссе хүртлээ. Жон Фоссе жүжгийн зохиол, роман, яруу найраг, эсээ, хүүхдийн ном гэсэн утга зохиолын салбарт өргөн цар хүрээтэй зохиолч. Түүний жүжгүүд Европын тайзнаа хамгийн их тоглосон бүтээлүүдэд багтдаг. Анхны жүжгээ 1999 онд Парист тавьж европчуудын танил болжээ. Нобелийн хорооны дарга Андерс Олссон “Фоссе уран зохиолыг модернист урлагийн арга барилтай хослуулсан” гэж дүгнэжээ. Харин судлаачид түүнийг нэр дэвшиж болох ч Нобелийн шагнал хүртэх хэмжээний зохиолч гэдэгт эргэлзсэн. Дэлхийн уран зохиолын гол шагналд нэр дэвшигчдийг Харүки Мүраками, Хятадын авангард зохиолч Кан Сюэ, Австралийн Жералд Марнане нар тэргүүлж байв. Фоссе бол Ибсений дараа гарч ирсэн Норвегийн алдартай зохиолч. Энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтад Владимир Сорокин , Ж.К.Роулинг, Стивен Кинг, Томас Пинчон, Маргарет Атвуд, Салман Рушди, Узбекистаны сэтгүүлч, зохиолч Хамид Исмаилов нар багтжээ. Нобелийн утга зохиолын шагналыг 1901 оноос хойш олгож байна. Альфред Нобель гэрээслэлдээ идеалист чиг баримжаатай уран зохиолын хамгийн чухал бүтээл туурвисан зохиолчийг онцлон шагнахаар тусгажээ.
Ираны дуу хоолой-Наргес
Энхтайвны шагналыг Ираны хүний эрхийн идэвхтэн Наргес Мохаммадид “Эмэгтэйчүүдийн дарангуйллын эсрэг хөдөлгөөн өрнүүлж, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн” хэмээн олгохоор болсон. Наргес Тегераны шоронд 10 жилийн хорих ял эдэлж байна. Ираны Гадаад хэргийн яамнаас “Европын зарим орны хөндлөнгийн оролцоо, Ираны эсрэг бодлоготой нийцсэн нэг талыг барьсан шагнал” гэж мэдэгджээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон түүнийг “Эрх чөлөөний төлөө тэмцэгч” хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Мохошгүй эр зоригтон” гээд Ираны Засгийн газар шийдвэрээ эргэн харж, Наргесыг суллахыг уриалсан. Мохаммадийн найман жил уулзаагүй хүү Али Рахмани ВВС-д өгсөн ярилцлагадаа “Ээжээрээ бахархаж байна. Энэ шагнал бол Ираны ард түмнийх” гэжээ. Энэ жил байгаль орчны идэвхтэн Грета Тунберг, “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тэргүүтэй 351 хүн энхтайвны шагналд нэр дэвшжээ. Иранд хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдэд дүрвэхээс өөр сонголт үлдээгүй. Наргес оюутан ахуйгаасаа эмэгтэйчүүдийн тэгш байдлын төлөө тэмцжээ. Нобелийн шагналт Ширин Эбадийн үүсгэн байгуулсан Хүний эрхийн төвд 2003 оноос ажилласан байна. Мохаммади улс төрийн хоригдлууд болон тэдний төрөл төрөгсдөд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулаад 2011 онд анх удаа баривчлагджээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Наргес Мохаммадид Нобелийн шагнал олгосон нь Иран төдийгүй бусад оронд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдыг хавчиж байгааг санууллаа. Энэ удаагийн Нобелийн шагнал эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулж, эрхийнхээ төлөө тэмцэж буй бүх хүнд зориулсан хүндэтгэл юм” гэж онцлон тэмдэглэв. Нобелийн энхтайвны шагналыг олгох зарчим олон талаар өөрчлөгдсөн. Альфред Нобелийн гэрээслэл ёсоор ард түмнүүдийг нэгтгэх, зэвсэгт армийн тоог цөөлөх, хүн төрөлхтний төлөө тэмцэгчид олгодог. Бусад шагналаас ялгаатай нь Стокгольмд биш, Осло хотод гардуулдаг билээ. Шагнал олгох шийдвэрийг Норвегийн парламентаас томилсон таван хүний бүрэлдэхүүнтэй хороо гаргадаг.
Жендэрийн ялгааг судалсан эдийн засагч
Эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг Харвардын их сургуулийн профессор Клаудиа Голдинд олгоно. Тэрбээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо болон орлогын ялгааны шалтгааныг судалжээ. Клаудиа Голдин эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн гурав дахь эмэгтэй юм. Түүний 1990 онд хэвлүүлсэн “Хүйсийн ялгааг ойлгох нь: Америкийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн түүх” ном эдийн засагчдыг цалингийн тэгш бус байдлын шалтгааныг судлах эхлэлийг тавьсан. Тэрбээр жирэмслэлт эмэгтэйчүүдийн карьер шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, гэрлэсний дараа овгоо солих нийгмийн үзүүлэлт болох, бакалаврын ангийн оюутнуудын ихэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг шалтгаан зэрэг сэдвээр судалгаа хийжээ. Нобелийн хорооны гишүүн Рэнди Хжалмарссон “Клаудиа Голдины судалгаа хүйсийн ялгааны цаад эх сурвалж өөрчлөгдсөнийг бидэнд харууллаа. Тэрбээр АНУ-ын 200 гаруй жилийн түүхийн архивыг судалж, мэдээлэл цуглуулжээ. Түүний ажил олон улсад өөр өөр бодлогын үр дагавартай үндсэн суурийг тавьсан” гэж үзжээ. Олон улсад хүйсээр ялгаварлан гадуурхах нь хууль бус ч хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь хамгийн бага цалин авдаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд цалингийн зөрүүг арилгахад ахиц дэвшил гарсан ч эмэгтэйчүүдийн карьерыг дэмжих талаар хангалтгүй байгаа. Альфред Нобелийн гэрээслэлд багтаагүй, албан бус гэж үздэг эдийн засгийн шагнал олон жилийн турш шүүмжлэл дагуулсан. Чухамдаа эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг 1968 онд Шведийн Төв банк Альфред Нобелийн дурсгалд зориулан баталжээ. АНУ-ын эмэгтэйчүүдийн түүхийг судлахдаа Голдин өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлсөн, хэд хэдэн хүчин зүйлийг харуулсан.
Хүн төрөлхтнийг аврагчид
Физиологи, анагаах ухааны салбарын шагналыг эрдэмтэн Каталин Карико, Дрю Вайсман нарт олгохоор шийдвэрлэжээ. Унгар гаралтай Каталин Карико, Америкийн Дрю Вайсман нар Пенсильванийн их сургуульд мРНХ-ийг өөрчлөх талаар судалгаа хийжээ. Тэд 1990-ээд оны сүүлчээр судалгаагаа эхлүүлж 2005 онд гол дүгнэлтээ нийтэлсэн. Энэхүү судалгаанд түшиглэн “Пфайзер” болон “Модерна” компани Ковидын эсрэг вакцин гарган авчээ. Каталин Карико анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртсэн 13 дахь эмэгтэй эрдэмтэн боллоо. Тэрбээр “Пфайзер”-тай хамтран ажилладаг “BioNTech” компанийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Карико биохимийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсныхаа дараа АНУ руу цагаачилжээ. Харин физикийн салбарын шагналыг Пьер Агостини, Ференц Краус, Энн Л’Хульер нар шинжлэх ухааны хөгжлийг түргэтгэсэн нээлтийнхээ төлөө хүртэхээр болсон. Энн Л’Хульер физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн тав дахь эмэгтэй судлаач болж байна. Тэгвэл химийн салбарт нэр дэвшсэн судлаачдаас квант цэгүүдийн шинж чанарыг тодорхойлдог жижиг нано бөөмсийг нээсэн Мунги Г.Бавенди, Луис Э.Брус, Алексей Екимов нар шалгарчээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна