Израил, Египет, Газар дундын тэнгисийн хооронд орших 41 км урт, 10 км өргөн Газын зурвас дэлхийн халуун цэг болсон. Олон улсын түвшний хурал, дээд хэмжээний уулзалтын үндсэн сэдэв болж буй Газын зурвасыг 1967 оны Зургаан өдрийн дайны үеэр Израил эзлэн авснаас хойш агаарын орон зай, хүн амын шилжилт хөдөлгөөн, ачаа барааг хатуу хянадаг. Газын зурвасын Баруун эрэг, Зүүн Иерусалимийг Ромын үеэс XX зууны дунд үе хүртэл Палестины газар нутагт тооцож ирсэн. Израилыг 1948 онд байгуулахад Палестины тал эсэргүүцэж, тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөөгүй юм.
Израил НҮБ-ын даргыг огцруулахыг шаарджээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Палестинчууд 56 жилийн турш амьсгал боогдуулсан эзлэн түрэмгийлэлд өртсөн” хэмээлээ. Түүний мэдэгдлийн дараа Израилын Гадаад хэргийн сайд Эли Коэн тэргүүтэй албаны төлөөлөгчид НҮБ-ын даргатай товлосон уулзалтаа цуцалсан. Израилын суурин төлөөлөгч Гилад Эрдан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахыг шаарджээ.АНУ, Их Британи, Канад, Франц, Герман, Италийн төлөөлөгч Израилын өөрийгөө хамгаалах эрхийг дэмжсэн ч олон улсын хүмүүнлэгийн хуулийг дагаж мөрдөх, тэр дундаа энгийн иргэдийг хамгаалахыг шаардлаа. Өөрөөр хэлбэл, Газын хямрал НҮБ-ыг бэлгэдлийн төдий байгууллага болсныг харуулсныг ажиглагчид дурдаж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Газын зурваст энгийн иргэдийг хамгаалахын тулд хүмүүнлэгийн түр зогсолтыг авч үзэхийг санал болгожээ. НҮБ-ын мэдээлснээр Газын хүн амын 75 гаруй хувь нь дүрвэжээ. Тэднээс 500 мянган иргэн НҮБ-ын найман хуаранд амьдарч байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Хамас” бүлэглэлийг устгах зорилгоор Газын зурвас руу хуурай замын довтолгоо хийхээ мэдэгдсэн. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Израилыг дэмжсэн тогтоолыг батлан “Хамас”-ын халдлагыг буруушааж, барьцааны хүмүүсийг суллахыг уриалжээ. “Хамас” бол 2007 оноос хойш Газын зурвасыг удирдаж байгаа Палестины бүлэглэл юм. Тус бүлэглэл Израилыг устгахаа тангарагласан бөгөөд оронд нь Исламын улс байгуулах хүсэлтэй. “Хамас”бүлэглэл засгийн эрхийг авснаас хойш Израилтай хэд хэдэн дайн хийсэн. Үүний хариуд Израил 2008, 2014 онд Газын зурвас руу цэргээ илгээж байв.
Дайны сүүдэр газрын тосны ханшид нөлөөлөв
“Хамас” бүлэглэл Израилын дайн дэлхийн эдийн засгийн гол бүс болох Ойрхи Дорнод, Хойд Африкт нөлөөлж байна. Энэ бол газрын тосны нөөцийн 60, байгалийн хийн нөөцийн 45 хувийг бүрдүүлдэг чухал бүс нутаг. Мөн тээвэр, логистикийн коридорууд дайран өнгөрдөг. Тодруулбал, далайн ачаа тээврийн 80 хувийг дамжин өнгөрүүлдэг. Ойрхи Дорнодод үүссэн аливаа асуудал зах зээл дээрх газрын тосны ханшид нөлөөлсөөр ирсэн. Ажиглагчид 1973 оны газрын тосны хямралыг эргэн сануулж байна. Израилтай харилцаа муудахад Арабын орнууд газрын тосны экспортоо хязгаарласнаас шатахууны хомстол үүсэж, инфляц гэнэт өссөн. Өнөөдрийн нөхцөл байдал 50 жилийн өмнөхөөс тэс өөр байж магадгүй. Өнөөдөр газрын тосны зах зээл төрөлжиж, олон улс ОПЕК-ээс гадуур газрын тос олборлож, экспортолж байна. Гэхдээ Иран улс дайнд татагдан орж болзошгүй тухай мэдээлэл ханшийн савлагаа эхлүүлжээ. Хэрвээ Иран дайнд оролцвол дэлхийн нефтийн аж үйлдвэрийн нэн чухал цэг болох Ормузын хоолойг хааж болзошгүй юм.Үүний зэрэгцээ хөвөгч агуулах дахь дэлхийн газрын тосны нөөц сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд буюу 63.5 сая баррельд хүрчээ. Шалтгаан нь ОПЕК+ болон Ираны нийлүүлэлтийн хэмжээгээ хянах гэсэн үйл ажиллагаа юм. Тиймээс Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нь түүхий нефтийн үнийн хөдөлгөөнд ямар нэгэн байдлаар нөлөөлжээ. “Брент” маркийн нефтийн үнэ нэг баррель нь 93.5 ам.доллар болж өссөн. Европын жишиг үнэ 0.4 хувиар өсөж, нэг баррель нь дахин 90 ам.доллар давлаа. Гэсэн хэдий ч одоогийн хүчин чармайлтыг үл харгалзан эдийн засагт учирч болзошгүй эрсдэлийг тооцоолох нь зүйтэй. Шинжээчид цаашид нефтийн үнэ баррель тутамд 10 гаруй ам.доллароор өсөх магадлалтай гэж үзэж байгаа юм.
Арабын ертөнц хуваагдаж байна
Израил, “Хамас”-ын дайны нөлөөгөөр Арабын ертөнцөд гадаад харилцааны ээдрээтэй нөхцөл байдал үүслээ. Улс орнууд ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөн Израил эсвэл Палестин гэсэн сонголтыг хийж байна.
Египет: Израил, Газын зурвастай хиллэдэг энэ улс “Хамас” бүлэглэлтэй удаан хугацааны туршид төвөгтэй харилцаатай байсан. Каир 1978 онд Кэмп Дэвид хотод Израилтай албан ёсны энхийн гэрээ байгуулсан ч Палестиныг дэмжих хандлагатай байдаг. Египет улс “Хамас”, Израилын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн удаатай.
Иордан: Египетийн нэгэн адил тус улс 1994 онд Израилтай албан ёсны энхийн гэрээ байгуулсан. Иорданд хоёр сая гаруй палестин хүн дүрвэгчээр бүртгэгджээ. Тиймээс Иорданы тал Палестин, Израилын хямралд эмзэг ханддаг.
Саудын Араб: Тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Бүс нутгийн аюулгүй байдал, энхтайвныг баталгаажуулж, энгийн иргэдийг хамгаалсан хоёр улсын шийдэлд хүргэх найдвартай энхийн үйл явцыг хариуцаж, түлхэц үзүүлэхийг олон улсын хамтлагийн нийгэмтлэгт уриалж байна” гэжээ. Эр-Рияд Израилтай дипломат харилцаа тогтоодоггүй ч сүүлийн хорин жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, ялангуяа батлан хамгаалах салбарт дулаарч байгаа. Энэ нь Саудын Араб, Израилын нийтлэг дайсан Ирантай холбоотой.
Иран: “Палестины дайчид Иерусалимыг бүрэн чөлөөлөх хүртэл нь дэмжинэ” гэж Ираны цэргийн зөвлөлийн ерөнхий командлагч Рахим Сафави мэдэгдсэн. Үүний зэрэгцээ “Хамас” болон “Хезболла” бүлэглэлийг ивээн тэтгэсэн гэж Тегераныг буруутгадаг.
Кувейт: Газын зурваст өрнөж буй үйл явдалд Израилыг буруутгаж буйгаа Кувейтийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн.
Катар: "Палестины ард түмний эсрэг хүчирхийлэл үйлдсэнд Израил дангаараа хариуцлага хүлээх хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Катарын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгт хандан "Газын зурвас дахь Палестины энгийн иргэдийн эсрэг тэгш хэмт бус дайн эхлүүлэхийн тулд Израил шалтаг хайж байна" гэжээ.
Ливан: Израилын хойд хөрш бөгөөд хоёр ч удаа зэвсэгт мөргөлдөөн хийсэн. Дотоодын хямралтай ч Ливан улс Израилын эсрэг байр суурьтай байна.
Сири: Иргэний дайны хөлд нэрвэгдсэн энэ улсад Израилын тал олон тооны агаарын цохилт өгч байсан.
Ирак: Одоогийн байдлаар АНУ Ирак дахь гурван баазад 2500 орчим цэрэг, “Исламын улс”жихадист бүлэглэлийн эсрэг байгуулсан олон улсын эвслийн бусад орны 1000 орчим цэргийн хамт байрлаж байна. "Хезболла" бүлэглэл АНУ-ыг Иракаас цэргээ татахгүй бол дайралт хийхээ мэдэгджээ.
Йемен: Ираны дэмжлэгтэй хуситууд Саудын Арабын гүн рүү нисгэгчгүй онгоцоор голдуу газрын тосны байгууламжууд руу дайрсан. Тэдний дрон Израилд хүрэх хүчин чадалтай эсэх нь тодохойгүй. Шинжээчид хуситуудын дрон Адены булан, Арабын тэнгис, Улаан тэнгис дэх хөлөг онгоцод аюул учруулах чадвартай гэж тооцоолж байна. АНУ-ын байлдааны хөлөг онгоц Йеменээс хөөргөсөн пуужин, дроныг устгасан нь "Израилыг чиглэж байсан" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч уламжилжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна