Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Хамас” бүлэглэлийг “терроризмын машин” гэж нэрлээд газрын хөрснөөс арчихаа мэдэгдсэн. Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд Газын зурвас дахь хуурай замын ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Газын зурваст хоёр сая гаруй хүн амьдардаг учир хуурай замын довтолгоо энгийн иргэдэд эрсдэлтэй. “Хамас”-ын хяналтад байдаг Газын эрх баригчдын мэдээлснээр 8000 энгийн иргэн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ. Эцсийн дүндээ Израил улс оршин тогтносон 75 жилийн түүх хэрхэн үргэлжлэх нь энэ удаагийн цэргийн ажиллагаанаас шалтгаална.
“Метро”-ны сүлжээг устгах “Төмөр сэлэм”
Израилын Батлан хамгаалах хүчин “Хамас”-тай дөрвөн удаа тулалдаж байсан. Тус улсын Батлан хамгаалахын сайд Йоав Галант “Төмөр сэлэм” ажиллагаагаа Газад хийсэн өмнөх дайралтуудаас хамаагүй илүү амбицтай бөгөөд урт хугацаанд үргэлжилж магадгүйг онцолсон. Гэхдээ Израил зорилгодоо хүрэх эсэх нь эргэлзээтэй. Шинжээчид “Хамас” бүлэглэлийг устгаж чадахгүй, цэргийн чадавхыг нь хэсэг хугацаанд сулруулна гэж таамаглаж байна. Тель-Авивын их сургуулийн профессор Майкл Милштейн “Энэ бүлэглэлийг устгахад хэцүү. “Исламын ахан дүүс” хөдөлгөөний Палестин дахь салбар болсон уг бүлэглэлийг үзэл санааны хувьд устгах боломжгүй. Эргээд дэлхий даяарх исламист хөдөлгөөнд шууд нөлөөлнө” гэжээ. “Хамас” бүлэглэлийн цэргийн жигүүр 25 мянга гаруй хүнтэй. Үүний зэрэгцээ нийгмийн дэд бүтцийг нь хангадаг 80-90 мянган сайн дурын гишүүнтэй аж. “Хамас” бүлэглэлийн зэвсэгт жигүүр Изз ад-Дин аль-Кассамын бригад Израилын довтолгоонд бэлтгэж эхэлсэн. Тэд тэсрэх төхөөрөмж суурилуулж, хаана, хэрхэн отолт хийхээ нарийн төлөвлөжээ. Ингэхдээ туннелийн маш өргөн сүлжээгээ ашиглах бололтой. Газын зурвасын элсэрхэг хөрс Израилын хамгийн аюултай дайсан. Энд дэлхийн хамгийн том, урт, аалзны тор мэт газар доорх сүлжээг бий болгожээ. Цэрэг, дайны зорилгоор ашигладаг энэхүү хонгилыг Израилын зэвсэгт хүчин “метро” хэмээн нэрлэж, “Хамас”-ын гол зэвсэг, ар тал гэж үздэг. Энэхүү газар доорх сүлжээ хаагуур, яаж явдгийг зөвхөн “Хамас”-ын дайчид мэднэ. Давшилтын гол зорилго нь “метро”-нд бүгсэн зэвсэгт дайчдыг устгах. Исламист дайчдын хэлснээр, “метро”-ны шугам 500 км урт, яаж бөмбөгдсөн ч устгаж чадахгүй. Харин Израил руу харвадаг пуужин, зэр зэвсэг хадгалдаг, Израилын довтолгооноос сэргийлэх, бүгэхэд шаардлагатай хоол хүнс, тоног төхөөрөмж нөөцөлсөн байдаг аж. Хонгилууд нь хүн ам шигүү суурьшсан хот, тосгодын доогуур байдаг тул тийшээ нэвтрэх, агаараас бөмбөгдөж устгахад нэн төвөгтэй. Израилын арми газраар давшихдаа занга, мина зэргийг аюулгүй болгох робот ашиглахаар зэхэж байна. Тус улсын явган цэргийн батальонууд 2014 онд Газын зурвасын хойд хэсэгт болсон тулалдааны үеэр отолтод өртөн хүнд хохирол амссан. Мөн олон зуун энгийн иргэд амь үрэгджээ. Өргөн фронтоор дайтахаа мэдэгдсэн Израил улсын эцсийн зорилгыг олон талаар тайлбарлаж болно. Тус улс 2005 онд Газын зурвасаас цэргээ татсан ч хил хязгаарыг нь хянадаг тул эзлэгдсэн газар нутагт тооцдог юм. Палестин бол ямар нэгэн үндэстний нэр биш. Газар орны засаг захиргааны нэршил байсан бол одоо палестин хүн гэдэг шинэ ойлголт бий болжээ.
НҮБ-ын итгэл алдарчээ
Израилын эрх баригчид урт хугацааны дайнд бэлтгэхийг анхааруулсан. Нэмж 360 мянган цэрэг татжээ. Олон улсын хамтын нийгэмлэг амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж, ус, цахилгаан, түлшний нийлүүлэлт тасарч байгаа энэ үед галаа зогсоохыг шаардсан. Ойрхи Дорнодод хүмүүнлэгийн сүйрэл болохоос НҮБ сэргийлж байгаа. Олон улсын хамтын нийгэмлэг 1999 онд Сербид хэрэгжүүлсэн түр зуурын шийдлийг санал болгох байх. Энэ дайны дараа урьдын адил Газын сүйрсэн дэд бүтцийг сэргээх шаардлагатай болно. Израил Газад давхар хэрэглээний бараа импортлохдоо өмнөхөөсөө илүү хатуу хяналт тавих нь гарцаагүй. Газын зурвасыг Израилаас тусгаарлаж буй хана дагуух хамгаалалтын бүсийг өргөтгөж магадгүй. Израил улс 2002 оноос Палестины газар нутгийг дамнан өнгөрч байгаа хэдэн арван км үргэлжлэх аюулгүйн хана хэрэм босгож эхэлжээ. Одоо ч энэ ажил үргэлжилсээр байгаа. Олон улсын хамтын нийгэмлэг энэ хана хэрмийг шүүмжилж, буулгахыг шаардсаар иржээ. Израил улс ард иргэдээ палестинчуудын халдлагаас сэргийлэхийн тулд хэрмээ үргэлжлүүлэн барина гэдгээ мэдэгдсээр байна. Газын зурвасаас 1.6 сая орчим хүн дүрвэсэн нь тухайн нутгийн хүн амын 60 гаруй хувийг эзэлж байна. Тэдний 566 мянга орчим нь НҮБ-ын яаралтай хамгаалах 148 байранд амьдардаг. Гэхдээ НҮБ Израилд итгэдэггүй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилд шахалт үзүүлж, Газын зурвас дахь хуурай замын довтолгоогоо хойшлуулахыг ятгажээ. “Хамас”-т барьцаалагдсан хүмүүсийг суллах ажил урагшилж байгаа учир АНУ ингэж шахаж байгаа юм. Францын цэргийн стратегич, хурандаа Мишель Гойа “Израилын зэвсэгт хүчнийхэнд барьцаалагдсан хүмүүсийн амийг аврах эсвэл “Хамас” бүлэглэлд аль болох их хохирол учруулах гэсэн сонголт үлдлээ. Олзлогдсон хүмүүсийг ямар ч үнээр хамаагүй суллахыг гэр бүл, найз нөхдөөс нь уриалж, Израилын Засгийн газарт үзүүлэх дарамт шахалт нэмэгдэж байна” гэжээ. Зарим шинжээч Египет, АНУ болон Арабын орнуудын оролцоотойгоор Газын шинэ захиргааг бий болгох хувилбарыг дэвшүүлээд байгаа юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна