Манай сонин “Уран” мэргэжлийн хумс урлалын академи, Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоотой хамтран гоо сайхан, эрүүл мэндийн нийтлэл, ярилцлага хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Подологийн багш Н.Онон оролцож хумс заслын эмчилгээ үйлчилгээний талаар ярилцлаа. Хумс заслын үйлчилгээг бид зөвхөн гоо сайхны талаас хардаг бодлоосоо салах цаг хэдийнэ иржээ. Өнөөдрийн дугаартаа бид хумсны эрүүл ахуйн талаар илүүтэй хөндлөө. Хумс шигдэж идээлээд алхаж гишгэхэд зовуурьтай болох, хөлийн арьс нь хатаж хуурайших, шарлаж хугарч гэмтэх зэрэг хумсны олон төрлийн асуудал бидний амьдралд цөөнгүй тохиолддог. Тэдгээр асуудлыг хэн хэрхэн шийддэг талаар доорх ярилцлагаас та сонирхоно уу.
-Та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Наранбаатарын Онон гэдэг. Би гоо заслын технологич мэргэжилтэй. “Uran Nail Studio” -ийн подологич, “Уран” мэргэжлийн хумс урлалын академийн багш. 2015 онд хумс заслын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оноос подологи буюу эмчилгээний хумс засалчаар дагнан ажиллаж байна.
-Та мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй ярина уу?
-Хумс засах гэдэг нь зөвхөн хумсыг янзалж будах биш гар болон хөлийн хумс арьсанд арчилгаа, үйлчилгээ, эмчилгээ үзүүлэх өргөн хүрээтэй ойлголт бөгөөд тэр дундаа подологи гэдэг нь хумс заслын эмчилгээний үйлчилгээ юм. Тухайлбал, хумсны буруу ургалт, шигдэлт, мөөгөнцөр, өсгийний хагарал зэрэг асуудлыг подологиор шийдэж болдог. Жишээлбэл, хумс шигдсэний улмаас өвчин орж зовуурь үүссэн хэсэг газрын зовуурийг намдаах, хумсыг зөв авах зэргээр шийдэж болно. Гэвч ийм асуудалтай үйлчлүүлэгчид хаана хандахаа мэдэхгүй хугацаа алдан гэрийн нөхцөлд тос түрхэх, өөрөө ухаж авах зэргээр улам хүндрүүлсээр байдаг. Ингэж хүндрүүлснээр эмнэлэгт хандаж улмаар хумсаа бүтнээр нь авахуулахад хүрдэг. Голчлон хөлийн эрхий хурууны хумс шигддэг бөгөөд эрхий хурууны хумсыг бүтнээр нь авснаар алхаж, зогсоход зовуурьтай болж хэсэг хугацаанд амьдралын хэмнэлд хүртэл муугаар нөлөөлнө.
-Хумс шигдэж ургахад юу нөлөөлдөг вэ?
Хумсны толио жижиг байх, буруу авах, хэт жин нэмэх, жирэмслэх, хавагнах болон гутлын буруу сонголтоос болж хумс шигддэг. Гутал сонгохдоо хэт бариу, хэт томдсон, урагш нарийссан зэрэг буруу сонголт хийдэг нь хөлийн хумс шигдэх болон хөлийн хуруу, хөлийн салаанд эвэр үүсэх шалтгаан болно. Хүүхэд томрох тусам гутлын размер өөрчлөгддөг шиг хүн жин нэмэх хавагнах үедээ размераа тааруулж гутлаа сонгох хэрэгтэй. Түүнчлэн хумс хэт зузаарах болон мөөгөнцрийн улмаас шигдэж ургадаг.
-Хөлийн мөөгөнцрийн шалтгаан нь юу байдаг вэ?
-Олон нийтийн үйлчилгээний газрууд тухайлбал саун, бассейн, фитнес, гоо сайхны салон, эмнэлэг гэх мэт газраар үйлчлүүлэхдээ нэг удаагийн хэрэгсэл ашиглаагүйгээс болон ариутгаагүй багаж хэрэгсэл хэрэглэснээр халдвар авах эрсдэл өндөр болж байна. Тиймээс хэрэглэгч өөрсдөө тухайн үйлчилгээнээс ирж болох эрсдэлийн талаар ойлголттой мэдлэгтэй байж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
Эрсдэлээс сэргийлж, олон нийтийн хэрэглэдэг углаашаас татгалзах, багажаа ариутгасан эсэхийг лавлах түүнчлэн үйлчилгээний байгууллагад шаардлага тавих гэх мэт сэргийлэх олон боломжууд байдаг. 2020 онд “MNS 6843:2020 хумс заслын үйлчилгээний стандарт батлагдсанаар хумс заслын үйлчилгээнд хэрэглэх багаж хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавих боломжтой болсон.
-Хөлийн мөөгөнцрийн өвчлөл түгээмэл байдаг уу. Хүмүүс салонд хэр их ханддаг вэ?
-Хөлийн мөөгөнцрийн халдвар нь нэлээд түгээмэл байдаг бөгөөд өвчилсөн хумс зузаарч шарлан, улмаар эвгүй үнэртэй болдог учир хүмүүс хөлөө ил гаргахаас зайлсхийж салонд орохоос ичих тохиолдол байна. Түүнээс гадна зөв эмчилгээ хийлгэлгүй шууд будуулах, хиймэл хумс хийлгэх зэргээр улам хүндрүүлэх тохиолдол ч гардаг. Мөөгөнцрийг эмчлэхгүй явснаар хумс унах хүртэл эрсдэлтэй. Иймээс мэргэжлийн подологичид хандах нь чухал юм.
-Подологи буюу эмчилгээний хумс заслын үйлчилгээнд өөр ямар ямар үйлчилгээ ордог вэ?
-Хумсны ургалтыг зөв болгон засах, хумсны шигдэлт, шигдэлтээс шалтгаалсан идээт үрэвслийг эмчлэх, хумсны мөөгөнцөр, механик гэмтэл, хөлийн эвэр, хөлийн өсгийний хагарал зэрэг нь подологи буюу эмчилгээний хумс заслын үйлчилгээнд хамаарна. Энэхүү үйлчилгээ нь нас, хүйс харгалзахгүй бөгөөд хүндрэлээс шалтгаалан давтамжтайгаар хийгдэнэ. Гэхдээ энэ үйлчилгээг зөвхөн асуудал үүссэн хумстай хүмүүс авна гэсэн үг биш. Хумсны байнгын арчилгаа нь дээрх асуудлуудаас сэргийлэх бөгөөд ингэснээр эрүүл ахуй бөгөөд гоо зүйн талаасаа ач холбогдол өндөртэй байдаг тул хумсаа зөв арчилж мэргэжлийн хүмүүст хандаж байх хэрэгтэй. Үйлчлүүлэгчид эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн иог, усанд сэлэлт, фитнес зэргээр өргөнөөр үйлчлүүлэх болсон бөгөөд улирал харгалзахгүй байнгын үйлчилгээг авах нь элбэг байдаг.
-Хэрхэн подологич болох вэ?
-2023 онд хумс засалч ажил мэргэжлийн стандарт батлагдсан. Тус стандартад зааснаар дөрөв дүгээр түвшинд эмчилгээний хумс засал хамаарагдаж байна. Подологич болохын тулд мэргэшүүлэх сургалтад заавал хамрагдах шаардлагатай.
-Ярилцлагын төгсгөлд та манай уншигчдад мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?
-Үйлчлүүлэгчид салон болон хумс засалчаа сонгож үйлчлүүлэхдээ давтан хэрэглэгддэг багаж хэрэгслийн ариутгал халдваргүйжүүлэлтэд анхаарч байх хэрэгтэй буюу сонголтоо зөв хийх нь таны эрүүл мэндэд чухал бөгөөд хүсээгүй халдвараас таныг сэргийлнэ гэдгийг ойлгоорой. Түүнчлэн таны хумсанд дээр дурдсан асуудлууд байгаа бол мэргэжлийн хүнд хандаж, давтан үйлчилгээ авснаар асуудлыг бүрэн шийдэх боломжтой тул хойшлуулж хүндрүүлэлгүй мэргэжлийн хүнд хандаж хэвшээрэй.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна