Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний шатны мэтгэлцээнд санаанд оромгүй хүн ялсан нь энэтхэг гаралтай тэрбумтан Вивек Рамасвами байлаа.Дөрвөн жилийн завсарлагааны дараа Цагаан ордонд буцаж очих мөрөөдөлтэй Дональд Трампаас ялгаатай нь сонгуульд Вивек хэзээ ч нэр дэвшиж байгаагүй. Түүгээр ч барахгүй 2008 оноос хойш Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчийн хувиар санал өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэр Украиныг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцдэг цорын ганц Бүгд найрамдах намаас нэр дэвшигч. Мексикийн хилийг хянах санааг дэмжиж, Америкийн компаниуд болон Хятад улсын хамтын ажиллагааг бүрмөсөн хориглохыг уриалж байна. Шинжээчид Рамасвамийн хөрөнгийг 950 сая ам.доллароор үнэлжээ. Харин АНУ-ын “Форбс” сэтгүүл түүний хөрөнгийг тэрбум ам.доллар гэж тооцоолж дэлхийн хамгийн залуу 20 тэрбумтны нэгээр зарласан. Ямартаа ч хөрөнгийн хэмжээгээрээ Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийн дотор Дональд Трампын дараа хоёрт бичигдэж байна. Вивек Рамасвами хөрөнгө оруулалтынхаа өгөөжид анхаардаг байсан нь 38 настайдаа тэрбумтнуудын клубт элсэхэд тусалсан. Эмийн магнат 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялах эсэх нь тодорхойгүй ч хөрөнгө чинээ, нэр хүнд нь өсөн нэмэгдэх нь дамжиггүй. Харин ялбал Нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн залуу, энэтхэг гаралтай анхны Ерөнхийлөгч болно.
Хос дипломтой тэрбумтан
Охайогийн энэтхэг цагаач гэр бүлээс гаралтай Вивек Рамасвами биотек салбараас төрсөн саятан. Хинди шашны уламжлалт гэр бүлийн хүмүүжилтэй ч католик шашны сургууль төгсжээ. Харвардад биологийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсныхаа дараа Йелийн их сургуулийн хуулийн ангид элсэн суралцсан намтартай. Хоёр дахь дипломоо аваад QVT хедж санд ажиллаж, эмийн салбарт хөрөнгө оруулалт хийх чиглэлээр мэргэшжээ. Йельд суралцах хугацаандаа боловсруулсан төлөвлөгөөнийхөө дагуу 2014 онд “Roivant Sciences” компаниа байгуулав. “Roivant Sciences” гэдэг нэрнээсээ л хөрөнгө оруулалтын өгөөжийг (ROI) илэрхийлнэ. Эмийн салбарын хөрөнгө оруулалтыг хянадаг тоглогч цөөн байсныг сүйхээтэй Вивек олж харжээ. Түүний бизнесийн диссертац мартагдсан эмийн патентаас ашиг олох байлаа. Нэг ёсондоо шинээр бүтээж бус нэгэнт бий болсон зүйлийн үр шимийг хүртэх зарчим юм. Ингээд эмийн томоохон компаниудаас бүрэн боловсруулаагүй эсвэл эмнэлзүйн туршилтад хамрагдаагүй эмийн патентуудыг түүж эхлэв. Тэр байр сууриа олохын тулд бараг орой бүр нэг гүйцэтгэх захирал, чухал албан тушаалтныг зоогийн газарт урьдаг байлаа. Уулзалт хамтын ажиллагааны гэрээгээр дуусна. Японы эм зүйн магнат “Сүмитомо Дайниппон” корпорац гурван тэрбум ам.доллароор тус компанийн 10 хувийн хувьцааг худалдан авчээ. Жилийн дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “Axovant” охин компанийнхаа хувьцааг арилжихын тулд бал сараа хойшлуулжээ. Энэ бол эмийн салбарын хамгийн том IPO болсон бөгөөд арилжаа эхний өдрөө гурван тэрбум ам.долларт хүрсэн байна. “Axovant” компаниараа дамжуулан альцгеймерийн эмийн судалгаануудыг цуглуулжээ. “Axovant” компанийн альцгеймерийн эсрэг эм эмнэлзүйн туршилтын тав дахь шатанд бүтэлгүйтэж, хувьцааны үнэ огцом унасаар татан буугджээ. Ерөнхий захирлын суудлаа 2021 онд шилжүүлсэн ч 260 сая ам.долларыг цалин, урамшуулал болон нэмэгдэл хэлбэрээр авчээ. Мөн энэ жил “Roivant Sciences”-ийн хувьцаа 40 хувиар өссөн. Рамасвами биотехнологийн салбараас гадна хувьцааны зах зээлд одтой. “Bitcoin”, “Ether”, “Rumble”-ийн хувьцаа, төлбөрийн “MoonPay” фирмийн хувьцааг авснаар зах зээлээс чамгүй ашиг хүртжээ. Биотехнологийн түүхэн дэх хамгийн том IPO хийснийхээ дараа эмийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтаараа түүх бүтээхээ мэдэгдсэн. Гүйцэтгэх захирлын албаа өгөөд Америкийн нийгмийн шударга ёс, Уолл стрийтийн компанийн засаглалыг шүүмжилж "Strive Asset Management" хөрөнгийн удирдлагын компанийг үүсгэн байгуулжээ. Хөрөнгө оруулагчид уг компанийг 300 сая ам.доллароор үнэлсэн нь богино хугацаанд олсон асар их мөнгө юм. Биотехнологийн хэд хэдэн стартаппыг үүсгэн байгуулсан Рэймонд Шинази түүнийг "Суут ухаантан" гэж тодорхойлсон. Тэд “Pharmasset”-ын хувьцааг худалдаж авснаар хамтран ажиллаж эхэлжээ.
Бүгд найрамдахчуудын залуу найдвар
Бизнесийн асар их туршлагатай түүнийг улс төрийн талбарт “ногооноороо” гэж шүүмжлэх хүн олон. Бүгд найрамдах намд элсээд удаагүй, Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа нэр дэвшиж буй Вивек Рамасвами туйлширсан Америкийг нэгтгэх том амлалт өгсөн. Шийдлийн түлхүүр нь тун энгийн. "Бид капитализмын төлөө өөрсдийгөө буруутгах ёсгүй. Капитализмаас уучлалт гуйхаа боль. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэжээ. Кастын систем энэтхэгчүүдийн боломжийг хязгаарлаж байгааг ойлгосноосоо хойш Америкийн эдийн засгийн тогтолцоонд бүрэн итгэсэн нь энэ юм. Харвардыг төгссөнийхөө дараа “Амазон”-ы Жефф Безос, “Nike”-ийн Фил Найт зэрэг бизнесийн акулын капитализмд биш, харин үр ашиг, өндөр үр дүнд хүргэдэг хүсэл тэмүүлэлтэй болжээ. Улс төрийн шинжээчид Рамасвамийн өсөлтийг Вашингтоны өнцгөөс ойлгохыг хичээж байгаа. Гэхдээ боловсрол, их сургууль, найз нөхөд, бизнес эрхлэх арга барилаа сонгосноос харвал тэр “хатуу самар”. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн, сурталчилгаагаа хэрхэн явуулж байгаа, гэнэтийн алдар нэр, нөлөөгөө яаж ашиглах нь өрсөлдөгчдөд нь сонин байгаа нь илхэн. Рамасвами мэтгэлцээний үеэр Холбооны мөрдөх товчоо, Боловсролын яамыг татан буулгаж, төрийн албан хаагчдын тоог 75 хувиар бууруулж, Украинд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг зогсоохоо амлаж, үзэгчдийг байлдан дагуулсан. Мэтгэлцээн нэр дэвшигчдийн хэн болох, бодлогын асуудлаар ямар байр суурьтай байгааг харуулдаг сонгуулийн сурталчилгааны хамгийн чухал арга хэмжээ бөгөөд саналаа хэнд өгөхөө шийдээгүй байгаа сонгогчдод нөлөөлдөг гол хүчин зүйл юм. Тийм ч учраас хамгийн их үзэгчтэй улс төрийн акц болдог. Рамасвами жирийн амьдралыг эрхэмлэдэг. Охайо дахь түүний байшин Никки Хейли, Фрэнсис Суарез, Роберт Кеннеди, Ерөнхийлөгч Жо Байден нарын тансаг харшаас тэс ондоо. Энэ тухайгаа "Би эдлэн газар сонирхдоггүй. Манайх таван хөрштэй энгийн америк айл. Бид хөршүүдтэйгөө сайн харилцаатай байдаг” гэжээ. Рамасвами уран илтгэгч бас шаггүй нийтлэлч. “Уолл стрийт” сэтгүүлд нийтлэл бичдэг. “Woke, Inc” номдоо улс төрийн үзэл баримтлалаа бичжээ. “Roivant Sciences”-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас бууснаас хэдхэн сарын дараа хэвлэгдсэн уг ном нь Америкийн корпорацууд хэрхэн хоёр нүүр гаргадгийг дэлгэрэнгүй бичжээ. Түүний бичсэнээр бүх бизнес Фридманы сургаал руу буцаж, ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тэргүүлэх чиглэл болгох ёстой. Америкийн улс төрд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл карьер нь өсдөг бичигдээгүй зарчим бий. Үүнийг Херман Кейн, Марианна Уильямсоноос эхлээд Бен Карсон, Роберт Кеннеди нар овжин ашигласан. Рамасвами консерватив үзэлтэй нь бүрэн нийцдэг "Strive" хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Үндэсний хэмжээний судалгааны олон арван байгууллагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн рейтингийг байнга судалж дүнг тухай бүрд нь хэвлэлд тавьдаг. Тэрбумтан бизнесмэн сонгуульд ялагдсан ч бизнесийн ертөнцөд шат ахина. Ямар ч үнээр хамаагүй их ашиг олдог магнатын ёс зүй нь хүүхэд наснаас улбаатай. Брахман кастад харьяалагддаг, нэр хүндтэй эцэг эх нь хүүгээ илүү боловсролтой болгох гэж АНУ-д суурьшсан. Тэд Охайогийн элит хувийн сургууль болох Гэгээн Ксавьерын иезуит сургуульд хүүгээ сургажээ. Харвардын их сургуульд тэрбээр хязгааргүй хүсэл эрмэлзлээрээ ялгардаг байв. Оюутны улс төрийн холбоог удирдаж, теннисийн багт өрсөлдөж, үүдэл эсийн судалгаагаараа эрдэмтэн Даг Мелтоны удирдлагад ажиллаж, оюутнуудад зориулсан хөрөнгө босгох платформыг үүсгэн байгуулжээ. Цар тахал АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг бүхэлд нь өөрчилсөн. Бүтэн жил үргэлжилдэг хоёр намын дотоод сунгааны олон арга хэмжээ цуцлагдсан, сонгогчдын оролцоо буурсан, хоёр намын их хурлууд хуралдах боломжгүй болсон, сонгогчдоос хандив цуглуулж мөнгө босгох кампанит ажлууд ихэд хязгаарлагдаж цахим хэлбэр рүү шилжсэн гэх мэтээр дурдаад байвал уламжлалт сонгуулийн хэв маягийг өөрчилсөн. Тэгвэл Вивек кампанит ажлынх нь үндсэн стратеги хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Мэтгэлцээнээр од болсныхоо дараа 150 гаруй подкастад оролцжээ. АНУ-д нэр дэвшигчдийн сурталчилгаа инээмсэглэж буй охин, шаргуу ажилладаг гагнуурчин зэрэг нэлээд энгийн загвараар эхэлдэг. Харин Вивек эко охин Грета Тунберг, трансжендер усанд сэлэгч Лиа Томас нараар эхэлсэн. Нью-Хэмпширийн уулзалтын үеэр нэгэн эмэгтэй түүнийг улс төрийн шоучин, харгис капиталист гэж дайрчээ. Рамасвами Америкийн шинэ мөрөөдөлд итгэх итгэлээ илэрхийлжээ. Магадгүй ийм мөч нэр дэвшигчдийн итгэл үнэмшил, чанарыг илчилдэг байх.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна