2023 онд олон улсад болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна. Улиран буй он гутранги үзэлтнүүдийн таамагласан шиг таагүй “хар жил” байсангүй. Цагаачдын хямрал өндөр хөгжилтэй улсуудад сорилт хэвээр байна. “Арабын хавар”-аас эхлэлтэй дүрвэгсдийн цуваа Африкаас Европыг чиглэж байсан бол энэ жил Ойрхи Дорнод, Өмнөд болон Төв Америкаас АНУ-ыг чиглэсэн урсгал хүчтэй байв. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс 70 жилийн дараа эзэн хаантай болж III Чарльзыг өнгөрсөн тавдугаар сарын 6-нд ширээнд нь залсан. БНАСАУ-ын төрийн тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй Алс Дорнод дахь “Восточный” сансрын станцад уулзлаа. Пхеньянаас төдийлөн холддоггүй Умард Солонгосын залуу удирдагчийн хилийн чинадад хийсэн айлчлал дэлхийн анхаарлын төвд байсан юм. Тэд “Восточный” сансрын төв болон пуужингийн цогцолборыг үзэж сонирхсон билээ. БНХАУ-д хил дамнасан төлбөр тооцоонд хамгийн өргөн хэрэглэдэг валютын жагсаалтыг юань тэргүүллээ. Хятадын Засгийн газар үндэсний мөнгөн тэмдэгтээ олон улсын түвшинд гаргах, ам.долларын ноёрхлыг эсэргүүцэх зорилгоор юаниар гүйлгээ хийхийг дэмждэг. Энэтхэг улс иргэдийнхээ тоогоор БНХАУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн олон хүн амтай орон боллоо. АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжингүй орнуудад төрөлт буурч, эсрэгээрээ буурай орнуудад хүн амын өсөлт хурдацтай явагдаж байгаа нь анхаарал татсан асуудал болжээ. Японд 10 хүн тутмын нэг нь 80-аас дээш настнууд байна. Тус улсад төрөлт түүхэн доод түвшинд хүрч дэлхийн хамгийн хөгшин хүн амтай улс болжээ. Турк, Сирийн нутаг дэвсгэрт аймшигт газар хөдлөлтийн улмаас 67 мянган хүн амь үрэгдсэн. Хятад улсын Ганьсу, Хөхнуур мужид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлж олон зуун хүний амь үрэгдлээ. Аврагчид нурангин дунд авран хайх ажиллагаа явуулж байна. “Хамас” бүлэглэл Израилын мөргөлдөөн их гүрнүүдийг талцуулсан. Талууд одоо ч тохиролцоонд хүрээгүй байна. Ташрамд дурдахад, энэ онд дэлхийн хэмжээнд том жижиг 183 мөргөлдөөн гарчээ.
Мессийг шилдэг тамирчнаар нэрлэв
Улс төр, эдийн засгаас гадна соёл урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулснаас ихэнх нь Азид болжээ. Азийн XIX наадмыг Ханжоуд спортын 61 төрлөөр зохион байгуулсан. Азийн наадмыг медалийн тоогоор тэргүүлж буй Хятад улс гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулсан нь энэ юм. Түүнчлэн 2024 оны Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд шил даран үргэлжилж, спорт сонирхогчдыг уйдаасангүй. Хойд Америкийн мэргэжлийн лигүүд ч өрсөлдөөн дүүрэн байлаа. Жил ирэх тусам багуудын хүч жигд сайжирч, таамаг дэвшүүлэхэд бэрх болсон NBA, NHL, NFL-д шинэ аварга тодрох магадлалыг нэмэгдүүлсэн. Сонирхуулахад, 2023 онд Рожер Федерер, Серена Уильямс нар зодог тайлсан билээ. “Барби” болон “Оппенхеймер” кинонууд үзэгчдийг шуугиулсан. “Уолт Дисней” компани зуун жилийн ойгоо дэлхийн томоохон хотуудад байгуулсан Диснейлэндийн цэцэрлэгт хүрээлэнгүүддээ тэмдэглэжээ. Хөгжмийн ертөнц 2023 онд Тейлор Свифтийнх байлаа. Мөн долоон жилийн турш тайзнаа гараагүй Рианна Супер боулын шоунд дуулж сонсогчдоо баярлуулсан юм. “Тайм” сэтгүүл оны онцлох хүнээр дуучин Тейлор Свифтийг зарласан нь урлагийн онцлох мэдээ байв. Харин Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессийг оны шилдэг тамирчнаар шалгаруулжээ. Газын зурваст болж буй мөргөлдөөн “Google”-ийн хайлтыг тэргүүлжээ. Мөн Францын хөлбөмбөгчин Килиан Мбаппе, “Канзас Сити Чифс” багийн хөлбөмбөгчин Травис Келче нар хайлтыг тэргүүлсэн алдартнаар тодорлоо.
Сансрын өрсөлдөөн эхэлж байна
Хиймэл оюун ухааны хөгжил технологийг ашиглах хэтийн төлөвийг өөрчлөх магадлалыг бататгасан нээлт олон боллоо. Дизайнаас эхлээд анагаах ухаан хүртэл салбар бүрд хүний оролцоо шаардлагагүй болох гэнэ. Энэ хэрээр хурдацтай хөгжвөл ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэйг зарим судлаачид онцолжээ. Ямартаа ч хиймэл оюун ухаан Цахиурын хөндий, инновацыг улам сонирхолтой болгох нь гарцаагүй. Шинэ санаа, шинэлэг инновац бүхий стартапууд 2024 онд цахиур хагалах биз ээ. Технологийн салбарын гол үйл явдлын эзэн бол тэрбумтан Элон Маск. Тэрбээр “Твиттер”-ийг худалдан авч, "X" болгон нэр, логог нь сольсон. Метаверсийг эзэгнэх оролдлого Марк Цукербергийн санаанаас хөгжүүлэгчид “будаа идэж” байна. Метаверсийн хэрэглээ улам нэмэгдэж, топ брэндүүд, гол нөлөөлөгчид орон зайгаа бүрдүүлжээ. Хүн төрөлхтний сансрын уудмыг эзлэх аялал дөнгөж эхэлж байна. Европын сансрын агентлаг Бархасбадь гарагийг судлах төслөө эхлүүлсэн. Энэтхэгийн “Чандраян-3” сансрын хөлөг сарны өмнөд туйлд хамгийн ойр газарджээ. Ингэснээр Энэтхэг улс ЗХУ, АНУ, БНХАУ-ын дараа сарны гадаргуу дээр сансрын хөлөг буулгасан дөрөв дэх орон боллоо. НАСА ч сарны хөтөлбөртөө анхаарч байна. Манай гараг 125 мянган жилийн түүхэн дэх хамгийн халуун жилээ үдлээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ойн түймэр, ган гачиг, үер тив бүрд болж байна.
Х.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна