Олон улсын хямрал хүрээгээ тэлэх үү, дэлхийн эдийн засаг өсөх үү, Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгч болох уу, хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг захирах уу, урьд өмнө тохиогоогүй олон сонгууль геополитикийг өөрчлөх үү, цаг уурын хямрал бодит үр дүнд хүрэх үү гэсэн олон асуултаар 2024 он эхэллээ. Нөлөө бүхий хэвлэлүүд эхний дугаартаа олон улсын тоймчид, шинжээчдийн таамаглалыг нийтэлдэг уламжлалтай. “Финансиал таймс” сэтгүүлийн редакторууд 2024 оны шинэ урьдчилсан мэдээг гаргасан байна. Тэд дэлхийн улс төр цаг агаарын өөрчлөлтөөс дутахгүй халуун байхыг анхааруулжээ.
76 улсад сонгууль болно
Шинжээчид геополитикийн үйл явдлыг тогтворгүй болгох эрсдэлийг шинэ оны гол аюул гэж нэрлэж байна. 2024 он бол дэлхийн сонгуулийн жил. 76 улсад сонгууль болно. Үүнээс 43 улсад бүрэн чөлөөтэй, шударга санал хураалт болно гэж тооцоолжээ. Европын үнэлгээний “Scope Ratings” агентлаг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль геополитикийн эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулсан.
Дональд Трамп ялах уу
Улс төрийн тоймч Эдвард Люсийн таамагласнаар АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ширүүн болно. Трамп Колорадо, Мэйн мужийн хууль эрх зүйн саадыг давж чадвал Цагаан ордонд эзэн суух магадлалтай. Гэхдээ Жо Байдены эсрэг явуулсан түүний кампанит ажил хамгийн бохир сурталчилгаа болж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд үлдэнэ. Сонгуулийн өмнө Дональд Трамп дөрвөн шүүх хуралд оролцоно. Хэрвээ аль нэг үйлдэл нь түүнийг гэм буруутай гэж гарвал улс төрийн хавчилга, дарамт шахалт мэтээр хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой. Ингэснээр Байденд давуу тал олгоно. Магадгүй Байдены ялалт Трампыг дахин Ерөнхийлөгч болохоос сэргийлсэн үйлдэл байх болов уу.
Хамгийн халуун жил
2024 оны 174 жилийн түүхэн дэх хамгийн халуун жил болох нь гарцаагүй. Пилита Кларкийн бичсэнээр Эль-Ниньо үзэгдлийн (Номхон далайн экваторын гадаргын усны температурын хэлбэлзэл) нөлөөгөөр цаг уурын хямрал үргэлжилнэ.
Израил, ХАМАС-ын мөргөлдөөн даамжрахгүй
Израил, ХАМАС-ын мөргөлдөөн бүс нутагт Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлүүдийг хамарсан хүчирхийллийн давлагааг өдөөсөн. Бенжамин Нетаньяхугийн Засгийн газар хил орчим үймээн дэгдээсэн Ливаны “Хезболла” бүлэглэлтэй тулгарсан. Цэргийн шинжээчид дипломат шахалтаар байдлыг тогтворжуулна гэж найдаж байна. Вашингтон, Тегераны эрх баригчид “Хезболла” болон Израилын хоорондох тэмцэл хурцадсан ч бүс нутагт илүү өргөн хүрээний мөргөлдөөн гаргахыг хүсэхгүй байгаа юм.
АНУ “зөөлөн газардана”
Дэлхийг хамарсан инфляцын “халуурал” энэ жил буурах бөгөөд АНУ бусдаас “зөөлөн газардана” гэж Жиллиан Тетт таамаглаж байна. Цалингийн өсөлтөөс хамаарсан “зөөлөн газардалт” хэдхэн сар үргэлжилж магадгүй. Цар тахлын үеийн тэтгэмж, өрхүүдэд олгох нөхөн төлбөр эрт орой хэзээ нэгэн цагт зогсоно. Зээлийн хүү өссөнөөр дампуурлыг өдөөж, АНУ-ын Засгийн газрын өрийн талаарх санаа зовнил нэмэгдэж, геополитикийн стресс дэлхийн худалдааг сүйрүүлж байна. Энэ нь инфляцыг хурдасгаж, эсрэгээрээ эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй. Тиймээс 2024 оны төгсгөлд АНУ-ын эдийн засаг “өрөвдөлтэй байдалд” орох эрсдэлтэй. Хөрөнгө оруулагчид одоо АНУ-ын эдийн засаг удааширна гэж мөрийцөж байна. Өндөр хүүгийн хожимдсон үр дагавар эцэст нь хэрэгжиж эхэлжээ.
Кейр Стармер Их Британийн Ерөнхий сайд болох уу
Их Британийн одоогийн Ерөнхий сайд Риши Сунакийн удирдлагад консерваторууд хуваагдаж, ядарсан бололтой. Сүүлийн үеийн санал асуулгаас харахад Лейборист намын сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулахад хангалттай санал авна. Тэр үед Кейр Стармер Их Британийн Ерөнхий сайд болох аж.
Хятадын эдийн засаг унах уу
Сүүлийн жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлтийн чанар мэдэгдэхүйц муудсан. БНХАУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний бараг гуравны нэгийг бүрдүүлдэг үл хөдлөх хөрөнгийн зах зээл аажмаар сүйрч байна. Үүнийг дагаад орон нутгийн засаг захиргаа ч өрөнд баригдсан. Гэсэн хэдий ч 2024 онд ДНБ-ий өсөлт дөрвөн хувиас давсан хэвээр байна. Энэ нь өрийг шийдвэрлэх цогц багцууд, төсвийг дэмжих санаачилгууд болон бусад хэлбэрийн албан ёсны дэмжлэгтэй холбоотой. Технологийн дэвшил ч зогсолтгүй үргэлжилнэ.
АНУ, Европын холбоо Украиныг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ
Киевийн цэрэг, санхүүгийн дэмжлэг Атлантын далайн хоёр талд улам бүр эргэлзээтэй болж байна. Жо Байдены засаг захиргаа Украинд үргэлжлүүлэн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Конгресс дахь Бүгд найрамдах намынхантай зохих тохиролцоонд хүрэхийн тулд улсын хилийн аюулгүй байдлын талаар буулт хийж магадгүй юм. Тоймч Тони Барбер “Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирвэл илүү ноцтой асуудлууд хүлээж байна. Үүний зэрэгцээ Европын холбооны удирдагчид 2024 оны эхээр Унгарын 50 тэрбум еврогийн тусламжийн багцад тавьсан хоригийг хүчингүй болгох арга замыг хайх хэрэгтэй болно. Москватай хэлэлцээ эхлүүлэхийн тулд Киевт улам их дарамт тулгарна” гэжээ.
Урсула фон дер Лейен суудлаа хадгалах уу
Европын комиссын дарга Урсула фон дер Лейен хямралын үед сайн ажилласан. Түүний бодлого зээл, эрүүл мэнд, цэргийн зардал, эрчим хүчний бодлогын чиглэлээр Европын холбооны нэгдсэн алхмууд хэрэгжих боломжтойг нотолсон. Түүний тэргүүлсэн ногоон хэлэлцээр ч амжилттай яваа. Гэхдээ Вашингтонтой ойр дотно харилцаатай байгаа нь зарим хүнийг бухимдуулж байна. Ялангуяа баруун жигүүрийн популистууд Европын парламентын сонгуульд түүнийг сөрөн зогсох юм. Түүний баруун төвийн үзэл баримтлалтай Европын Ардын нам (EPP) евроскептикүүдтэй илүү нягт хамтран ажиллаж чадвал суудлаа хадгалж үлдэнэ. Урсула фон дер Лейен EPP-ийн нэр дэвшигчдээс хамгийн хүчтэй нь юм.
Сэргээгдэх эрчим хүч нүүрсийг орлохгүй
“Ойрын хэдэн жилд цахилгаан үйлдвэрлэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь нүүрсээс давах төлөвтэй ч 2024 онд биелэхгүй” гэж шинжээч Дэвид Шеппард дүгнэжээ. Нүүрс байр сууриа хадгалах гол шалтгаан нь Хятад улс юм. БНХАУ-ын нүүрсний эрэлт хурдацтай өсөж байна. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эргэлтийн цэг тийм ч хол биш юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна