Европын хатан хаан


“Форбс”,“Фортун” сэтгүүлийн 2023 оны  хүчирхэг эмэгтэйчүүдийн  жагсаалтыг тэргүүлсэн Европын комиссын дарга  Урсула фон дер Лейенийг “Дэлхийн хүн” цувралаараа танилцуулж байна.  Тэрбээр 2019 оноос Европын холбооны бодлогыг тодорхойлж байгаа төмөр хатагтай. Европын зөвлөлийн хурал, “Их 7” болон “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт, олон улсын хуралд Европын холбоог төлөөлдөг. Товчхондоо 700 сая гаруй европчуудын дарга. Брюссельд очихоосоо өмнө Ангела Меркелийн Засгийн газарт  Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. Урсула уур амьсгалын өөрчлөлтийн идэвхтэй тэмцэгч бөгөөд жендэрийн тэгш байдал, ЛГБТQI+ нийгэмлэгийн кампанит ажлыг дэмждэг. Германы Холбооны Засгийн газарт Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа "Консерватив феминизм" гэсэн ойлголтыг нэвтрүүлж, жирэмсний амралтыг эцэг эхийн чөлөө гэсэн нэр томьёогоор өөрчилжээ. Фон дер Лейений гэр бүл хоёр хүү, таван охинтой. Улстөрч ээж хүүхдүүдээ хатуу зарчмаар өсгөснөөрөө алдартай.

 
Оройхон гарч ширүүхэн дайрав

Германы улс төрийн оргилд гарахын өмнө долоон хүүхэд өсгөн хүмүүжүүлж, анагаах ухаанаар  зэрэг хамгаалсан тэрбээр Брюссель хотын уугуул. Түүний аав Эрнст Альбрехт Европын эдийн засгийн нийгэмлэгт ажилласан, Баруун Германы нэр хүндтэй улстөрч байв.  Бундестагийн гишүүн байсан Эрнст Альбрехт 1980 онд канцлерын албан тушаалын төлөөх өрсөлдөөнд ялагджээ. Түүний өвөг эцэг Оросын эзэнт гүрний хамгийн том үйлдвэрийг үүсгэн байгуулж, XIX зууны нөлөө бүхий хөрөнгөтнүүд байв.  Хэдийгээр улстөрчийн гэр бүлд төрж өссөн ч Урсула  улс төрийн замналаа хожуу эхлүүлсэн. Европын чинээлэг гэр бүлүүдийн  адил морин спорт, хөгжмийн боловсролыг багаасаа эзэмшжээ. Элчин сайд нарын хүүхдүүдэд зориулсан лицейд суралцан англи, францаар төрөлх хэл шигээ ярьж сурчээ. 1977 онд гимназиа төгсөөд Лондоны LSE-д эдийн засгийн сургуульд элсэв. Тэр үед  Германы улс төрийн хүрээнийхэн ЗХУ-ын халдлагаас айдаг учир  Роуз Ладсон гэх нууц нэрээр Лондонд сурчээ. Германы “Die Zeit” сонинд өгсөн ярилцлагадаа  “Эрх чөлөө, амьдралын баяр баясгаланг Лондон надад мэдрүүлсэн” гэжээ. Германы баригдмал нийгэмд өссөн охин панк, рок концерт, оюутны үдэшлэгт эрхгүй татагджээ. Номын сангаас илүү Сохогийн баар, Камден дахь пянзны дэлгүүрт чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай байв. Гуравдугаар курсээс сургуулиа орхин эх орондоо иржээ. Ингээд Ганноверын их сургуулийн анагаах ухааны факультетэд элсэж,  нөхөр Хайко фон дер Лейентэй танилцав. Хожим “Түүнийг их удаан ажигласан. Нэг өдөр дугуйн талбайд таараад завтай эсэхийг асуухад татгалзсан. Маргааш нь сургуулийн гуанзанд таараад яриа өдсөн” гэж нөхрөө анхны болзоонд урьсан тухайгаа ярьжээ. Тэд 1986 онд гэрлэв. Урсула Ганноверын эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж, эгэл амьдрал зохиов. Тэр таван жилийн дотор  гурван хүүхэд төрүүлж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. Хүүхдүүддээ цаг зарцуулахын тулд эмнэлгийн удирдлагуудаас  цагийн ажилд шилжүүлэхийг гуйж байсан гэдэг.  Урсула Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдоод ажилтай ээжүүдэд тулгардаг нийгмийн асуудлыг шийдэхийг зорьсон нь туулсан замналтай нь холбоотой. Цэцэрлэг, яслийн орон тоог нэмэгдүүлэх, "Цалинтай ээж" гэдэг нэршлийг эцэг эхийн чөлөө гэсэн нэр томьёогоор өөрчилжээ. Залуу эцэг эхчүүдэд орлогын түвшингээс нь хамаарч төрөөс мөнгө олгов. Мөн Германы төрийн өмчит компаниудын дээд удирдлагад эмэгтэйчүүдийг дэвшүүлэх, төрөлт нэмэгдүүлэхэд анхааран ажиллажээ.  Тухайн үеийн Германы нийгэм ажилтай ээжүүдэд хатуу ханддагийг АНУ-д 1992 онд очоод анзаарчээ.  Стэнфордын их сургуульд эрүүл мэндийн судалгаа хийхдээ хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхэд америк аавуудын оролцоог хараад гайхсан гэдэг. Дөрвөн жилийн дараа Германд буцаж ирээд Урсула фон дер Лейен улс төрд эргэлт буцалтгүй оржээ. Тэрбээр 1990 онд Христийн Ардчилсан намд  элсэв.  Доод Саксонийн парламентад сонгогдохын тулд нөлөө бүхий эцгийнхээ холбоог ашиглав. Аавынхаа тойрогт нэр дэвшсэн, долоон хүүхдийн ээж гээд олон талаараа сэтгүүлчдийн анхаарлыг татсан. Улс төрийн нэр хүндтэй сэтгүүлүүд, телевизүүд түүнээс ярилцлага авахаар дугаарлав. Урсулагийн сонгуулийн менежер эцэг нь хэвлэл мэдээллийн сувгуудтай харилцах урлагийг гайхалтай эзэмшсэн улстөрч байлаа. Охиноо эмэгтэйчүүдийн сэтгүүлд ярилцлага өгүүлж, гэр бүлийн сэтгэл татам зургуудаараа сонгогчдоос санал авахыг зорьжээ. Гэр бүлээрээ улс төрийн  зорилгодоо хүрсэн Урсула фон дер Лейен хүүхэд  ээжүүдийг дэмжих бодлого, төсөл хэрэгжүүлэн  Доод Саксонид танигджээ. Ангела Меркель 2005 онд канцлер болсон даруйдаа түүнийг Берлинд дуудуулав. Улс төрийн туршлага багатай ч Урсула фон дер Лейен  Гэр бүлийн асуудал эрхэлсэн яамыг удирджээ.


 
“Даашинзтай генерал”

Меркелийн засаглалын  хугацаанд  тэрбээр Хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын яамыг удирдсан анхны эмэгтэй болсон юм. Германы Холбооны сонгуулиар 2009 онд Бундестагийн гишүүн болжээ. Барууны шинжээчид тухайн үед түүнийг Ангела Меркелийг залгамжлагч, ирээдүйн канцлер хэмээн тодорхойлж байсан. Хүйтэн дайн дуусаж, олон жилийн турш нөөцийн хомстолд орсон Германы армийг  шинэчлэх амаргүй. Зэвсэгт хүчнийхэнд тулгамдсан бэршээлийг өмнөх үеийнхэнд тохсон юм. Эрчүүдийн салбарт эмэгтэй сайд амжилт олох хэцүү. Түүнийг хэвлэлүүд “Даашинзтай генерал” гэж хочилжээ.  Фон дер Лейен Германы армийн бэлэн байдалтай холбоотой асуудлаар “Accenture”, “McKinsey” зэрэг гаднын компанийн зөвлөхүүд урьснаасаа болж багагүй шүүмжлүүлжээ.Бундестаг  уг хэргийн талаар сонсгол явуулж фон дер Лейен дээрх компанитай сая сая еврогийн гэрээ байгуулахдаа төрийн худалдан авалтын дүрмийг зөрчсөн гэж буруутгасан. Тэрбээр Германы тэнгисийн цэргийн "Горч Фок" хэмээх гурван тулгуурт сургалтын хөлөг онгоцыг засварлахаар тохиролцсоныхоо төлөө дахин шуугиан дэгдээв. Засварын ажил  анх төлөвлөснөөс 10 дахин их зардал гаргажээ. Урсула Фон дер Лейен алдаагаа  хүлээн зөвшөөрсөн ч сөрөг хүчний огцруулах шаардлагыг үл тоомсорлосон. Берлинд танил цөөтэй ч хамгийн чухал холбоотон нь Ангела Меркель байлаа. Меркель Батлан хамгаалах яамны хэрэг өндөр авсан ч Урсула фон дер Лейенийг суудалд нь үлдээж, Европын Комиссын сонгуульд дэмжсэнээр үнэнч нөхөрлөлөө баталсан юм. Харин  Урсула “Үе болгонд тохиромжтой канцлер байдаг. Минийх бол Ангела Меркель” гэж ярьжээ.


Герман хатагтай

Өнгөц харахад эелдэг, камерын инээмсэглэлтэй 61 настай герман хатагтайг Евро комиссын даргаар сонгогдоход гайхаж, эргэлзсэн хүн олон байлаа. Төмөр хатагтай сахилга баттай Христийн ардчилсан холбоо намын гишүүн, албан тушаалын төлөө зогсдог, хариуцлагаас айдаггүй. Урсула фон дер Лейен бол Европын комиссыг даргалсан анхны эмэгтэй. Түүнчлэн сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд герман хүн Европын холбооны гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаагүй. Энэхүү албан тушаалд Европын парламентын олонхын саналаар томилдог. Тиймээс зарим ажиглагч түүнийг “Шидтэний малгайнаас туулай шиг суга татагдсан” гэж ёжилж байв. 2019 оны арванхоёрдугаар сард албан тушаалаа хүлээж авахдаа цахим болон ногоон бодлого, жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулахаа мэдэгдсэн.  Дэлхийн хоёрдугаар дайны дараа тохиолдсон хамгийн том хямрал болох цар тахал, Украины түрэмгийллийн үед Европыг удирдаж байна. Хил хаахтай холбоотой ширүүн санал зөрөлдөөн, эдийн засгаа аврах багцын ширүүн хэлэлцүүлгийг давсан. Урсула фон дер Лейений орчин үеийн Европын манлайлалд үзүүлж буй нөлөөг  эцгийнх нь улс төрийн өнцөгтэй холбон тайлбарлах нь бий.  Эрнст Альбрехт  1930 онд төрсөн, Гитлерийн дайнд оролцоогүй ч  “Герман агуу” гэсэн төвт үзлээр хүмүүжсэн нэгэн.  Тэрбээр дайны дараах Герман төдийгүй Европын архитектор болохыг мөрөөдөж эдийн засгийн нэгдлийг номлож, Европын комисст Герман улсыг төлөөлөхдөө зорилгодоо хүрч чадаагүй. Гэхдээ Конрад Аденауэр, Гельмут Коль,  Герхард Шрёдер нарын үед улс орноо АНУ-ын хүчтэй холбоотон,  Европын холбооны тэргүүлэх гүрэн болгосон анхдагчдын нэг. Иймд Урсула эцгийнхээ тоглоомыг дахин эхлүүлжээ. Түүний санал болгосон зүйл бол шинэ геополитикийн комисс буюу илүү хүчирхэг Европын холбоо юм. Энэ нь олон улсын тавцанд, тэр дундаа уур амьсгалын хямралыг удирдан чиглүүлэх, аюулгүй байдлын үүргээ өргөжүүлэхэд чиглэжээ. Европын холбоо бол үндсэндээ дүрэм журамд суурилсан байгууллага бөгөөд Урсула фон дер Лейений төсөөлсөн геополитикийн маневр хийхэд боломжгүй. Үүний  тод жишээ бол Украиныг Брюсселийн эгнээнд багтаах оролдлого. Киевт айлчлахдаа “Украин бол Европын гэр бүлд харьяалагддаг” гэсэн мэдэгдэл юм. Украины хямралыг Европын онцлогт анхаарлаа төвлөрүүлэхээс илүү прагматизмаар нь тодорхойлсонтой холбон тайлбарладаг. Мөн Европ тив хүн амын хамгийн том шилжилт хөдөлгөөнтэй нүүр тулж, 6.9 сая украин дүрвэгчийг орон гэр, ажлын байраар хангахаар тэмцэж байна. Эрчим хүч, хүнсний үнэ огцом нэмэгдэж, евро бүсийн инфляц 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт бий болсноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрч, хориг арга хэмжээ авч эхэлжээ. Гэсэн хэдий ч фон дер Лейен бүрэн эрхийнхээ эхэнд тавьсан тэргүүлэх зорилтууд болох дижиталчлал, эдийн засгийн тогтвортой байдал, уур амьсгалын эсрэг бодлогоосоо ухраагүй. Европын ногоон хэлэлцээр буюу түүний эхлүүлсэн стратегиэр  2050 он гэхэд цэвэр эрчим хүчинд хүрэхийн тулд 27 гишүүн улсаас амлалт шаардсан.  Урсула фон дер Лейений Европын зөвлөлийн дарга Шарльз Мишель, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган нартай 2021 онд хийсэн уулзалт хэвлэлийн бай, шог зураачдын сэдэв болсон.   Эрчүүд тусгай сандалд тухлаад хатагтай фон дер Лейенийг өрөөний хязгаар дахь буйданд суулгажээ. Уулзалтын дараа Урсула “Би гомдож, эмэгтэй хүнийхээ хувьд ганцаардсан.  Европын холбооны нэг дипломат надад “Хэрвээ Ангела Меркель байсан бол тэр  буйданд очиж суухгүй байсан” гэж хэлсэн” хэмээн тэр үеийн мэдрэмжээ нуулгүй хуваалцжээ. Олон улсын байдал улам бүр тогтворгүй болсон энэ цаг үед Европ дахь тэнцвэрийг хадгалахад хэцүү. Үймээн самуунтай зэрэгцэн түүний бүрэн эрхийн хугацаа энэ жил дуусна. Тэрбээр ээлжит төлөвлөгөөгөө зарлаагүй байгаа. Ажиглагчид Урсула фон дер Лейений дараагийн нүүдэл НАТО гэж таамагладаг. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүнд Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг санал болгожээ. Урсула зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байна. Өдгөө 66 настай төмөр хатагтай тэтгэвэртээ гарах уу эсвэл улс төрийн замналаа үргэлжлүүлэх эсэх нь хэдхэн сарын дараа тодорхой болно. 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24582/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 15 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 18 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 18 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 18 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 18 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 19 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 19 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 20 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 20 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 20 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 20 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 20 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 20 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 21 цагийн өмнө