Өв, соёлын үйлдвэрлэл ба “СУМАН ГҮН” компани


“Суман гүн” компанийн үүсгэн байгуулагч Нүрдэвийн Дашхүү гуайтай ярилцсаны дараа бид үйлдвэрт очиж сурвалжилга хийхээр шийдсэн юм. 1997 онд байгуулагдсан цагаасаа хойш хүнс, нарийн боовны салбарын тэргүүлэгчдийн нэг болтлоо дэвжсэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, хүнсний үйлдвэрлэлийн талаар багахан ч болов төсөөлөлтэй болох нь миний хувьд чухал. Үйлдвэртэй танилцахаас өмнө эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдах ёстой. Тэр журмаар би ч  шинжилгээнд оров.

Хариу: “Та хүнсний үйлдвэрт ажиллаж болно”.

“Суман гүн” компанийн үйлдвэрийн байрыг зорих замдаа утасныхаа гүүгл аккаунтаас “Шар тос”, “Өрөм” гэсэн үг оруулан хайлт хийлээ. Гэтэл Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвийн хамтарсан “Умард Монгол” төслийн судалгааны баг 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваартай шар тос зэрэг дэлхийн архелогийн судалгаанд нэн ховор олдвор олсон тухай мэдээ гарч ирэв. Өнөөх олдворыг төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдвор хэмээн үзсэн юм. Халбагадаад идэхэд ч болохоор цоо шинээрээ байсан гэхээр гайхалтай юм шүү. Өвөг дээдэс, язгууртнуудын сонгож хэрэглэж байсан өрөм, шар тос “Суман гүн” компанийн үндсэн жор болдог аж.

Биднийг үйлдвэрт очиход түүхий эд хариуцсан мэргэжилтэн нь тосон уулзаж “Хөдөөнөөс өчигдөрхөн ирлээ. Бүтээгдэхүүний үндсэн жор  сарлагийн өрөм, шар тосоо цуглуулахаар явсан. Амжилттай шүү” гэсээр угтав. Архангай, Баянхонгор, Хөвсгөлөөс түүхий эдээ татдаг гэнэ. Яг л энэ тухай уншиж явсан даа. Мэргэжилтэн маань бидэнд үйлдвэрт орох хаалгыг зааж өгөхөөр замчилж явах зууртаа “Манай үүсгэн байгуулагч, зөвлөх маань техникийн зөвлөлийн хурлаар заавал өрөм, шар тосоор, гурилынхаа цавуулаг чанарыг харгалзан зохистой харьцаагаар найрлагаа тохируулан зуурмагаа бэлтгэхийг технологич нартаа зөвлөдөг” хэмээн хүүрнэж амжив.

Үйлдвэрийн хаалгаар орохдоо эрүүл мэндийн тодорхойлолтоо шалгуулж, цагаан малгай өмсөж, хэвнэг нөмрөв. Эрүүл мэндийн стандарт дүрмийг ягштал баримталдаг нь эндээс харагдаж байлаа. Жинхэнэ ажил хөдөлмөрийн талбар гэж л энэ байх. Цагаан сар дөхөж буй тул хэвийн боовны үйлдвэрлэл нэмэгдсэнээс үүдэлтэй ажлын ачаалал болов уу гэж таамагласан маань алдсангүй. Үйлдвэрийн байрнаас Соодын дацангийн шүншиг шингэсэн зуун дамжсан жорны тансаг үнэр сэтгэл гижигдэх авай.

Төгсөшгүй аз жаргал

“Суман гүн” компанийн нэрийн бүтээгдэхүүн болсон “Өлзий” хэвийн боовны нэрийг Н.Дашхүү гуайн хань Борхүү өгсөн гэдэг. Борхүү гуай сум орон нутгаар тогтохгүй аймаг улсын хэмжээнд нэрд гарсан уртын дууч, ерөөлч магтаалч, соёлын өв тээгч нэгэн байж. Тийм ч учраас төгсөшгүй аз жаргалын бэлгэдэл “Өлзий” хээгээр хэв юугаа сийлж нэрлэсэн биз ээ. “Өлзий” хэвийн боовны талаар өндөр настнууд тун ам сайтай байдаг. Тэдний ихэнх нь худалдааны төвөөс хэвийн боов авахаар гарахаа больж шууд л гэрээсээ захиалга өгчихдөг болжээ. Энэ талаар үйлдвэрийн дарга Б.Бурмаа “Бид захиалагчдын дунд судалгаа явуулж үзэхэд сүүлийн арваад жил ганцхан манай “Өлзий” хэвийн боовыг авсан өрх хэрэглэгчдийн бараг 60 хувийг эзэлж байсан шүү” хэмээн бахдалтай нь аргагүй ярьж байна. Хэрэглэгчдийн итгэл даах чанарыг үйлдвэрлэнэ гэдэг л энэ байх. Одоогоос арваадхан жилийн өмнө хэвийн боовны гол ажлыг 150-200 хүний хүчээр нугалж, тэр хэрээр зардал өсдөг байсан бол техник технологийн дэвшил тэдний хөдөлмөрийг хялбарчилж өгчээ. Ариун цэврийн стандартад нийцсэн орчинд, автомат тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэл өрнөсөөр байна.

 

Монгол оршихуйн утга учир, үнэ цэн

“Хэдэн жилийн өмнө хоногт хоёр тонн гурилаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байлаа. Түүхий эдийн үнэ ханшийн өсөлт үйлдвэрлэлийн хэмжээнд хүртэл нөлөөлж байна. Хоногт хоёр ээлжээр ажиллан хэвийн боов үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байгаа. Үүнээс гадна бас нэг зүйл бий...” гэж үйлдвэрийн зөвлөх Н.Дашхүү гуай үгээ залгиж хэсэг бодолхийлснээ үргэлжлүүлэн “Орчин үеийн залуус өвөг дээдсээс уламжилж ирсэн өв соёлоо үгүйсгэх хандлагатай болсон нь харамсалтай. Бидний үйлдвэрлэл нарийндаа бол ганцхан хүнс биш юм. Энд өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах үйлдвэрлэл өрнөдөг гэж би бэлгэшээн бодох дуртай. Энэ утгаараа надад онцгой үнэ цэнтэй” гэж яриагаа дуусгав. Үнэхээр тийм. Хүн бүрийн хувьд үнэ цэн гэдэг өөр ойлголт. Гэхдээ “Үнэ цэн”-ийг ганцхан биет зүйлээр тодорхойл гэвэл би лав санал нийлэхгүй. Үнэ цэн гэдэг соёлоор уламжлагдан ирсэн жор байж болно.

Малчнаас манлайлагч хүрэх зам

Бурхан буудай ууланд Мянгайн овоо бий. Мянгайн овоог тойроод мянган булаг ундармой. Мянган булгийн нэгэнд амтат алимны мод ургана. Амтат алимны модны сүүдэрт бяцхан охин наадан суух амой ... хэмээн түүх эхэлсэн бөлгөө. Монголын бизнесийн ертөнцөд бүтээгдэхүүнээрээ нэрээ тамгалж чадсан компани хэд билээ. “Сайн сайхан зүйл хөдөлмөр чармайлтын дүнд бий болдог. Харин муу зүйл чамайг зүгээр байхад чинь л гараад ирдэг” гэж философич Демократ хэлсэн байдаг. Малчнаас манлайлагч хүрэх замыг туулсан Нүрдэвийн Дашхүү гэдэг эмэгтэй шантраад замын дундаас буцсан бол бид зуун дамжсан жорыг амтлаад суухгүй л байж дээ. Надтай хөөрөлдөж суухдаа Дашхүү гуай “Энэ ажлын минь буян надад их ирсэн. Гадаад улс орнуудаар бишгүй л явж юм үзэж нүд тайллаа. Төр засаг маань гавьяа шагналуудаа өгч, бизнес эмэгтэйчүүдийнхээ нэгээр нэрлэн, хурал цуглаандаа урьж оролцуулдаг. Үр хүүхэд маань уламжлал шинэчлэлийг хослуулан гаргасан энэ технологийг цаашид үргэлжлүүлэн аваад явах биз. Бизнесийн ертөнц хэцүү дээ хэцүү. Хэцүү гэдэг нь огт боломжгүй зүйл биш” гэсэн юм даа. Одоо түүний охин Б.Бурмаа Соодын дацангийн жорыг өвлөж авч, өв соёлыг түгээн дэлгэрүүлж байна.

Шашин төрийн бэлгэдэл оршвой

Буддын шашны хоёр дахь дэлгэрэлт Монголд олон соёл дагуулж нэвтэрсний дотор идээ ундааны соёл багтана. Монголын зарим нутагт хавсай, самнай гэхчлэн нэрлэдэг зузаан, гонзгой дөрвөлжин хэлбэртэй боовыг тахилд өргөж, цагаан сараараа таваг засдаг заншил одоо ч байдаг. Мөн баруун монголчууд өдгөө ч хэрэглэдэг гөрмөл гэх цувимал боов ч хэрэглэдэг. Харин Төвөдөөс авсан буддын шашны эд хэрэглэл, соёлыг Монгол үндэстний аж байдалд зохируулан дэглэсэн Өндөр гэгээн Занабазар хэвийн боовыг бүтээсэн гэдэг. Өндөр гэгээн хэвийн боовыг соёмботой уялдуулан гаргасан гэнэ. Соёмбыг бодитой болгоод хэвтүүлбэл хэвийн боов. Босгоод тавьбал соёмбо лугаа адил харагдах учиртай гэнэ. Харин олон хэвийн боовыг давхарлаад өрчихвөл олон монголчууд эе эвээ нийлүүлээд нэгдмэл Монгол Улс болно гэсэн санаа аж. Эвийг нь олж цэмцгэр өрсөн тавгийн оройд залдаг боргоцой хэлбэрийн боов зэндмэнийг бэлгэдэнэ. Богд хааны тамгын бариул зэндмэнийг ийн оройд нь залснаар улсын дайтай улс болно гэсэн санаа ажгуу. Өндөр гэгээн мутраараа сийлсэн боовны хэв өдгөө Амарбаясгалант хийдэд бий гэдэг.

Хэвийн боовоор зассан тавгийг шашны утгаар ч тайлбарлана. Энэ тохиолдолд орой дээрх боргоцой нь Сүмбэр уулын бэлгэдэл. Нэг ёсондоо зассан тавгаараа Замбуулинг бүтээлээ гэж үздэг. Долоон үеэр өрвөл Сүмбэр уулыг тойрсон долоон алтан тив, долоон нуурыг төлөөлүүлж буй хэрэг. Арван гурван үеэр өрвөл III Далай ламын Алтан ханд өгсөн 13 Гомбо бурхны бэлгэдэл. Мөн төвөд хэлний долоо гэдэг үг “мөнгө” гэх утгатай. Даллагын ном дотор долоотой холбоотой зүйл элбэг. Харин монгол хэлний “долоо”-г долоох буюу “авах” гэдэг утгаар тайлдаг. Түүнчлэн 13 гэдэг тоо монголчуудын азын тоо гэнэ. Арван гурван Алтай, 13 сан, 13 Гомбо гэхчлэн 13-ын тоотой холбогдох эерэг ойлголт олон. Монгол хүн ашдын бэлгээр гэдгийн учир ийм санж. Монгол хүн байхын утга учир ийм үнэ цэнтэй буюу.

Тэр үнэ цэн, утга учрыг зуун дамжуулан тээж яваа үндэсний шилдэг үйлдвэрлэгч бол “Суман гүн” компанийнхан бөлгөө.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 16 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 16 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 17 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 17 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө