2024 он хүн төрөлхтний түүхэнд тод үлдэх жил. Учир нь, дөрвөн тэрбум гаруй хүн бүх нийтийн сонгуульд оролцож, саналаа өгнө. Тэргүүлэх гүрнүүд гэгддэг АНУ, ОХУ, Энэтхэг, Индонез, Их Британи, Пакистан, Бангладеш, Мексик, Өмнөд Африкт төрийн тэргүүнээ сонгоно. Европын холбооны иргэд ч мөн санал хураалтад оролцох юм. Дэлхийн улс төр сонгуулийн хуанлид завгүй байх зуур ардчилал сорилттой нүүр тулж байна.
Ажиглагчид ардчилал олон талаар эрсдэлд орсныг дурдаж эхэлсэн. Эдгээр сонгууль эрх зүйн хүрээнд өөр өөр хэлбэртэй ч тодорхой загварууд үүсдэг. Хэдийгээр ардчиллын хувьд хүнд хэцүү жил байх ч, ирээдүйд өөдрөг байх шалтгаануудыг мартаж болохгүй.
Энэ бол ардчилсан орнуудад бие даасан институц суларч, ардчилсан тогтолцооны ашиг тусын талаар залуучуудын итгэл алдарсантай холбоотой. Гэхдээ ардчилал бол ихэнх хөгжиж буй орнуудын эрмэлздэг загвар хэвээр байна. “Freedom House” байгууллагын мэдээлснээр 1990 онд ардчилсан 69 орон байсан бол 2014 он гэхэд 122 болж нэмэгдсэн. Мөн өндөр хөгжилтэй ардчилсан орнуудын иргэдийн дунд явуулсан санал асуулга ардчилсан засаглалын үзэл санааг цаашид дэмжихээ илэрхийлжээ. Тэгэхээр 2024 онд саналаа өгөх дөрвөн тэрбум хүний сонголт ардчиллын хамгийн том туршилт болно. Энэхүү туршилтын шалгуур болсон онцлох сонгуулиас дурдъя.
Трамп ардчиллыг ганхуулж магадгүй
АНУ-ын иргэд ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхим, Сенатын сонгуульд оролцоно. Өнгөрсөн зуунд АНУ дэлхийн хүчирхэг ардчилсан Засгийн газруудын баталгаа байсаар ирсэн. Дональд Трамп Бүгд найрамдах намын сунгаанд ялж, Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай. Өмнөх бүрэн эрхийн хугацаандаа тэрбээр ардчиллын төрөл бүрийн зарчмуудыг үгүйсгэх, хүчингүй болгох гүйцэтгэх ажиллагааг захиргааны түвшинд хийсэн. Одоо улс төрийн өрсөлдөгчдөө шийтгэж, Хууль зүйн яамны бие даасан байдлыг халж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг төрийн удирдлага, улс төрийн бус салбарт хүртэл сунгахаа амлаж байна. Энэ нь Ерөнхийлөгч Жо Байденыг эсэргүүцэгчдэд өгөөш болжээ. Түүнчлэн АНУ-ын сонгогчдод Трампын амлалт таалагдсан бололтой. Нөлөө бүхий санал асуулгад Трамп тэргүүлж байна.
АНУ-ын сонгуульд Доналд Трамп ялбал АНУ болон дэлхий дахинд ардчиллын үндэс суурийг ганхуулж болзошгүй. Түүний ялалт НАТО болон АНУ-ын бодлогод хүчтэй нөлөөлнө. Тиймээс сонгогчид ирэх онд дэлхийн дүр төрхийг тодорхойлно хэмээн ажиглагчид онцолжээ.
Энэтхэг, Индонезийн хүчирхэг удирдагч
Хамгийн их хүн амтай Энэтхэг, Индонез улсад өнгөрсөн арван жилд ардчилал бэхэжсэн нь хүний эрх, эрх чөлөөг дэлхий дахинд ахиулахад түлхэц болсон билээ. Нийтдээ 1.7 тэрбум хүн амтай хөгжиж буй эдгээр улсын сонгуулийн өргөн цар хүрээ орчин үеийн засаг захиргааны гайхамшиг гэгддэг. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирэх дөрөвдүгээр сараас тавдугаар сарын хооронд болох сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвших нь тодорхой. Нарендра Моди таамаг эвдэж ялагдал хүлээвэл БНХАУ-ын эдийн засаг, цэрэг зэвсгийн давамгайллыг сөрөх хүч болно гэж тус улсад найдлага тавьж байгаа АНУ болон холбоотон улсуудынх нь хөрөнгө оруулагчдыг үргээх магадлалтай.
Эрдэс түүхий эдээр баялаг Индонез улсад л гэхэд сонгуулиар 200 сая гаруй сонгогч саналаа өгнө. Ажиглагчдын үзэж буйгаар, дэлхий дахинд ардчилалд урам нь хугарах хандлага ажиглагдаж байгаа бөгөөд хэт барууны үзэлтэй нам, улстөрчдийн нэр хүнд өсөх төлөвтэй байна. Харин Индонезийн Батлан хамгаалахын сайд Прабово Субианто энэ сард дэлхийн хамгийн том исламын шашинт Ерөнхийлөгч болох нь тодорхой. Аль ч тохиолдолд эдгээр "хүчирхэг" удирдагч чөлөөт, шударга сонгуулиар эрх мэдлийг гартаа авах нь эргэлзээтэй.
“Популистуудын байр суурийг илэрхийлэх барометр”
Их Британи 2024 оны хоёрдугаар хагаст бүх нийтийн сонгууль зохион байгуулна. Урьдчилсан санал асуулгаар Кейр Стармер тэргүүтэй Хөдөлмөрийн нам илт давуу байна. Хэрвээ тэд ялалт байгуулбал 14 жилийн дараа анх удаа Засгийн газар солигдоно. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдлийг цус урсгахгүйгээр эсрэг талын ашиг сонирхолд шилжүүлнэ.Хэдий тийм боловч Их Британийн эдийн засгийн гүн гүнзгий асуудлуудтай тэмцэхийн тулд тус нам парламентад хангалттай олонх болох шаардлагатай аж.
Европын бусад сонгуулийг хэт барууны популистуудын байр суурийг илэрхийлэх барометр гэж тодорхойлж байна. Исламын эсрэг хэт даврагч Гирт Вилдерс Нидерландын сонгуульд амжилттай оролцсон нь ирэх зургадугаар сард болох Европын парламентын сонгууль, түүнчлэн Австри, Бельги, Хорват, Финландын үндэсний сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн дэмжлэг нэмэгдэхийн илрэл гэж олон шинжээч таамаглажээ.
Европ “барууны” чиглэлд шилжих хүлээлт их байна. Барууны үзэл баримтлал, барууны хүчнийхэн ихээхэн нэр хүндтэй байгаа ба Европын парламентад барууны үзэлтэй консерватор, шинэчлэгчид гурав дахь том бүлэг болон гарч ирэх магадлалтай байна. Тэд Украинд тусламж үзүүлэх, Оросын эсрэг хориг тавих, цагаачлалыг хязгаарлах, уур амьсгалын өөрчлөлтийг хянах арга хэмжээг цуцлах, Европын холбоо даяар хуулийг дээдлэх, Хятадын талаар баримталж буй бодлогыг өөрчлөх зэрэг асуудлыг тавина.
Апартейдын дараах Африк
Энэ жил Африкийн Руанда, Гана, Тунис, Өмнөд Судан, Алжир зэрэг улсад үндэсний санал хураалт болно. Гэхдээ олон улсын анхаарал 1994 онд апартейд дэглэм нурсны дараах Өмнөд Африкт төвлөрлөө. Одоогийн санал асуулгын дүнгээс харахад гучин жилийн турш Засгийн эрх барьсан Африкийн үндэсний конгресс байр сууриа алдах нь. Тэд дангаараа засаглахад шаардлагатай 50 хувийн саналыг авч чадахгүй. Ингэснээр нэг намын 30 жилийн засаглал эцэс болно.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна