Хөдөө аж ахуйн салбар хоол хүнс, цаг уурын өөрчлөлтийн эсрэг өргөн хүрээтэй соёлын дайны гол талбар болсон. Европоос эхэлсэн тариаланчдын жагсаал 65 улсыг хамарлаа. Өргөн фронтоор жагсаж буй тариаланчид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эдийн засаг, нийгмийн шилжилтийн хурдад төвлөрсөн өргөн хүрээний сүүлийн мөргөлдөөн юм. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлого, хүнд суртал, ургацын үнээс үүдэлтэй хямралаас ангижрахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлсэн нь энэ юм. Ер нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн эдийн засагт оруулах хувь нэмэр үйлчилгээ, аж үйлдвэртэй харьцуулахад бага. Европын холбооны Дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр, АНУ-д нэг хувийг эзэлж, өндөр орлоготой орнуудад ажиллах хүчний гурван хувийг бүрдүүлдэг. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, дайн энэ салбарыг сорилтод оруулсан.
Сонгуультай орнууд улс төрийн эрсдэлтэй тулгарав
Засгийн газрууд фермерүүдтэй тохиролцохыг хичээж байгаа бол Дональд Трамп нарын хэт барууны үзэлтнүүд тариаланчдын уур хилэнг ашиглахыг оролдож байна. Европын холбоо, Энэтхэг, АНУ тэргүүтэй сонгуультай оронд газар тариалан эрхлэгчдийн уур хилэн улс төрийн эрсдэл дагуулна. Товчоор хэлбэл, тариаланчид сонгуулийн жилийг үймүүлж байна. Европын фермер эрхлэгчид Ногоон хэлэлцээр, Европын холбооны шинэ зохицуулалт, зах зээлийг нь сулруулж буй импортыг эсэргүүцжээ. Азийн Энэтхэг, Балба, Малайзад цагаан будаа, чихрийн нишингийн ханшаа нэмэхийг шаардсан тариаланчид жагсжээ. Хамгийн олон хүн амтай Энэтхэгт үр тарианы баталгаат үнэ, тариачдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх, зээлээс чөлөөлөх зэрэг шаардлагуудыг тавьсан. Ерөнхий сайд Нарендра Моди бэлэн мөнгө, татаасаар тайвшруулахыг хичээсэн ч тариаланчид нийслэл Дели хотыг хааж, орон даяар ажил хаялт зарласан. Фермерүүдийг Үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллага, оюутнуудын холбоо дэмжсэн байна. Хөдөө аж ахуйн зах зээлийн шинэчлэлээ зогсоох зэргээр Моди сонгуульд зориулсан шийдвэр гаргаж байна. Өмнөд Америкийн орнууд ган гачигтай зуныг давсан ч жагсаалд нэгдлээ. Бразилын тариаланчид генийн аргаар боловсруулсан эрдэнэ шиш зэрэг хөдөө аж ахуйн зах зээлийн шударга бус өрсөлдөөнийг эсэргүүцсэн. Венесуэлийн фермерүүд түлшний үнэ бууруулах, Колумбын тариачид буудайны ханшаа нэмэхийг шаардаж байна. Мексикийн тариачид эрдэнэ шиш, улаан буудайн ханшийн уналтыг эсэргүүцэхийн зэрэгцээ АНУ-д хязгаарлагдмал усны нөөц экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг шүүмжилжээ. Коста- Рикагийн хөдөө аж ахуй эрхлэгчид төрөөс тусламж үзүүлэхийг уриаллаа. Тэгвэл Африкийн тариаланчид газар тариалангийн татвар бууруулахыг төр засгаасаа шаардаж байна. Кени улсын төмс, Бениний какаоны тариаланчид гадаадын компаниудын лицензийг цуцлахыг шаардан жагсжээ. Кени улсад чихрийн нишингэ, цайны тариаланчид Засгийн газрын шударга бус бодлогыг удаа дараа эсэргүүцсээр ирсэн.
Европын холбоо амбицаасаа ухарлаа
Итали, Испани, Швейцар, Румын, Болгар, Польшийн тариаланчид Украинаас үр тариа нийлүүлэхийг эсэргүүцэж, Засгийн газраа хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэлээ. Францын тариаланчид хямд импорт, татаас дутмаг, үйлдвэрлэлийн өртөг өндөр байгаад дургүйцлээ илэрхийлсэн. Автомашины дуут дохио өгөхийг хориглодог Парисын оршин суугчид тракторын хөдөлгүүрийн чимээнээс залхжээ. 250 тракторын цуваа хотыг тойрч буйд хэв журам сахиулахаар цагдаагийн хамгаалалтыг нэмсэн. Ерөнхийлөгч Эммануэль Макрон тариаланчдад илүү их мөнгө амлаж, зарим улстай хийх худалдааны хэлэлцээрээ цуцлахаа мэдэгдсэн. Энэ мэтчилэн аргагүй байдалд орсон Европын холбооны удирдагчид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчны гол амбицаасаа ухарлаа. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хөдөө аж ахуйн салбарынхантай уулзсан. Европын холбоо 2014 оноос хойш тариачдыг дэмжих зорилгоор 2.5 тэрбум евро зарцуулсан. Цаашид 2027 он хүртэл хөдөө аж ахуйн сандаа 270 тэрбум евро төсөвлөсөн нь Европын холбооны нэгдсэн төсвийн гуравны нэгтэй тэнцэнэ. Нийт нутаг дэвсгэрийн 38 хувьд газар тариалан эрхэлдэг Европын холбооны тухайд хөдөө аж ахуйн санхүүжилт үеийн үед хамгийн том зардал байдаг. Европын парламентын сонгуульд Брюсселийг шүүмжилдэг популистууд тэргүүлж магадгүй. Үүнд Марин Ле Пен тэргүүтэй хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний ралли” намыг санал хураалтаар багтааж байна. Тэд фермерүүдийг татахын тулд сурталчилгаагаа идэвхжүүлсэн. Германд дизель түлшний үнэ бууруулахыг шаардан трактороор хурдны зам хаажээ. Хамбург, Кёльн, Бремен, Нюрнберг, Мюнхен хотыг хааж 2000 трактор зогсоосон. Канцлер Олаф Шольцын эвсэл тохиролцоонд хүрэхийг хичээсэн ч тариаланчид Берлин хүртэл жагсжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24586/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна