БНХАУ-ын улс төрийн томчуудын цугларалт Бээжинд эхэллээ. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал (БХАТИХ) болон Улс төрийн Зөвлөлийн хурал буюу уламжлалт хоёр чуулганаар өнгөрсөн оноо дүгнэж, Коммунист намын жилийн бодлогыг хэлэлцэж, баталдаг. Энэ удаагийн хоёр чуулган эдийн засаг удааширсан, Засгийн газрын зарим үзүүлэлт буурсан, олон улсын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын санаа хоёрдсон эгзэгтэй цаг үетэй давхцаж байна.
Улс төрийн Зөвлөлийн 14 дэх удаагийн чуулганд БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй нам, төрийн удирдагчид оролцжээ. Эдийн засаг, соёл, боловсрол зэрэг 34 салбарын 2100 гаруй гишүүн цуглаж, төр засгийн бодлого, улс төрийн хэлэлцүүлэгт оролцож, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар санал хэлэлцүүлнэ.
Улс төрийн Зөвлөл нь тогтолцоог хэрэгжүүлдэг үндэсний байгууллага бөгөөд Хятадын Коммунист нам, нам бус зүтгэлтнүүд, ардын байгууллага, үндэсний цөөнх, нийгмийн бүх салбарын төлөөлөгч, Тайвань, Хонконг, Макаогийн эх орон нэгтнүүд, хилийн чанадаас буцаж ирсэн хятадуудын төлөөлөл, тусгай зочдоос бүрддэг. Чуулганы үндсэн чиг үүрэг нь улс төрөөр зөвлөлдөх, ардчилсан хяналт, төрийн үйл хэрэгт оролцох, улс төрөөр хэлэлцэх явдал юм. Эдгээр гурван чиг үүрэг нь нам, бүлгүүд, бүх үндэстэн, нийгмийн бүх салбарын ард түмэн төрийн үйл хэрэгт оролцох, үүргээ гүйцэтгэх чухал агуулга, үндсэн хэлбэр болж Зөвлөлийг улс төрийн бусад байгууллагаас ялгаруулдаг. Улсынхаа хөгжлийг тодорхойлох хоёр чуулган энэ сарын 11-нд өндөрлөнө.
Батлан хамгаалахын төсөв барууны анхааралд байна
БНХАУ-ын улс төрийн чухал үйл явдал дэлхийн анхаарлын төвд ямагт байдаг. Тиймээс хоёр чуулганаар хэлэлцэх сэдвүүдийг мэдээллийн агентлагууд онцолж, аналитик тойм бичиж эхэлжээ. Барууныхан Бээжин үндэсний батлан хамгаалахын зардлаа хэрхэн тодорхойлохыг сонирхож байгаа.
Өнгөрсөн онд Хятадын цэргийн төсвийг 7.2 хувиар нэмэгдүүлж, 1.55 их наяд юань (224.8 тэрбум ам.доллар) болгосон. “Франс пресс” агентлаг “Үндэсний аюулгүй байдалд хамааралтай аливаа мэдээллийг дамжуулахыг хориглосон. Хууль сахиулах байгууллагын нэгжлэг, баривчилгаа, тэр дундаа зохих шалгалтын дүн шинжилгээ хийдэг компаниудыг онилсон нь Хятад улс дахь гадаадын бизнес эрхлэгчдийг эрсдэлд оруулсан. БНХАУ шинэчлэл, нээлттэй байдал ялангуяа бизнесийн солилцоо, хамтын ажиллагааг тууштай үргэлжлүүлэхийн тулд тагнуулын гэх хуулиа эргэн харж магадгүй” гэж мэдээлжээ.
Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгис болон Тайванийн хоолойд хурцадмал байдал нэмэгдсэн учир батлан хамгаалах салбарын төсвийг БХАТИХ төслийг хянан хэлэлцэж магадгүйг ажиглагчид онцолжээ. БНХАУ армийн хүчин чадал, эдийн засгийн чадавхдаа нийцүүлэн батлан хамгаалах зардлаа зохистой бөгөөд тогтвортой өсгөж ирсэн. Бээжингийн эрх баригчид энхтайван хөгжлийн замыг тууштай баримтлахаа илэрхийлдэг. Чуулган намын бодлого, улс төрийн өгүүлэмжтэй нягт холбоотой өрнөдөг.
Гадаад хэргийн сайд асан Цинь Ган, Батлан хамгаалахын сайд асан Ли Шанфу нарыг 2023 онд огцруулж, Төрийн зөвлөлд сул орон тоо гарсан. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэгэн зэрэг нийтэлсэн хөтөлбөрт боловсон хүчний томилгоо хийх талаар нарийн тусгаагүй. Гадаад хэргийн сайдын албыг Ван И түр гүйцэтгэж байгаа. Тэгвэл Батлан хамгаалахын яамыг Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч Дун Жун 2023 оны арванхоёрдугаар сараас хойш хариуцах болсон.
Бээжингийн эрх баригчид тооноос илүү чанарт анхаарна
БХАТИХ-ын нээлт өнгөрсөн мягмар гарагт болоход Засгийн газрын жилийн тайланг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян танилцуулжээ. 2023 он бол Коммунист намын XX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлсэн эхний жил, шинээр бүрэлдсэн Засгийн газрын ажлын анхны жил байв.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажил сайн үр дүнд хүрч, жилийн хэмжээнд эдийн засаг нийгмийн үндсэн зорилтуудаа амжилттай биелүүлж, чанартай хөгжил тууштай ахиж, нийгмийн байдал тогтвортой байж, орчин үеийн социалист улсыг тал бүрээр байгуулахад тууштай алхам хийснээ тайланд дурджээ. Харин энэ жил Хятад улс ДНБ-ий өсөлтийн зорилтоо таван хувиар тогтоох зорилготой байна.
Таван хувь гэдэг БНХАУ-ын тухайд даруухан үзүүлэлт. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Бээжингийн эрх баригчид тооноос илүү чанарт анхаарах болсон. Энэ талаар Ши Жиньпиний “Шинэ эриний Хятадын онцлогтой социализм” үзэл баримтлалд тусгажээ. Үзэл санааны зорилго нь эрчимтэй өсөлтийн шатнаас өндөр чанартай хөгжлийн үед шилжих юм. Эрх баригчид энэ онд залуучуудын ажилгүйдэлтэй тэмцэж, ажлын байр бий болгох, хүн амзүйн бодлого төрөлт, өндөр технологи, хиймэл оюун ухааны хөгжүүлэлт, инновацад онцгой анхаарал хандуулах зэргээр төлөвлөжээ. Тодруулбал,
- Эдийн засгийн өсөлтөө таван хувиар нэмэгдүүлнэ.
- Төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний ухаалаг бодлого хэрэгжүүлнэ.
- Том хотуудад 12 сая гаруй ажлын байр бий болгоно.
- ДНБ-ий харьцааг гурван хувь байлгана.
- Төрийн сангийн үнэт цаас гаргана.
- Орон нутгийн засаг захиргааны тусгай зориулалтын бондыг нэмж гаргана.
- Аж үйлдвэрийн системээ шинэчилж, шинэ чанарын бүтээмжтэй хүчийг хөгжүүлнэ.
- Хязгаарлагдмал технологийн судалгааг эрчимжүүлнэ.
- Иргэдийн хэрэглээг дэмжих жилийн хөтөлбөрийг эхлүүлнэ.
- Төвлөрсөн төсөвт 700 тэрбум юанийн хөрөнгө оруулна.
- Дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлнэ.
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үндэсний дэглэм тогтооно.
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, нийлүүлэлтийг хангана.
- Эрчим хүчний хувьсгалыг урагшлуулна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №009/24588/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна