С.Мөнхчулуун: Импортын татварыг тэглэснээр гурилын нийлүүлэлт нэмэгдэж, олигополь компаниудын хууль бус үйлдлийг зогсооно

unen
9 цагийн өмнө

Сүүлийн хоёр жилд гурилын үнэ огцом өсөж, нэг килограмм нь 1100-2500 төгрөг буюу 78-100 хувиар нэмэгдлээ. Гол нэрийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ өссөн үндэслэлийг үйлдвэрлэгч компаниуд тайлбарладаггүй. ШӨХТГ 2022 онд  үнийг үндэслэлгүй нэмсэн асуудлаар хяналт шалгалт хийсэн боловч гурил үйлдвэрлэгчид шүүхэд маргаан үүсгэснээр өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Засгийн газраас үнийн өсөлттэй холбогдуулан импортын гурилын татварыг хугацаагүй тэглэх хуулийн төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ асуудлаар ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуунтай ярилцлаа. 

-Засгийн газар импортын гури­лын татварыг тэглэх ту­хай хуулийн төсөл дотоо­дын үйлдвэрлэгчдийн эсэр­гүү­цэлтэй тулж байна. Та ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх­даа гурилын үнийг хянан шалгаж, торгууль тавьсан байдаг. Энэ торгууль яагаад өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй вэ?

-Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, хуу­лийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлэл хийхэд “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн өөрийн цахим хуудсандаа “Засгийн газар импортын гурил оруулж ирвэл бид үйлдвэрлэлээ зогсооно” гэдэг мэдэгдэл хийлээ.

Би ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа 2022 оны арав, арваннэг,  арванхоёрдугаар сард гурилын үнэд хяналт, шалгалт хийх ажлыг удирдсан. 2022 онд нийтдээ зургаан удаагийн давтамжтай­гаар гурилын үнэ нэмэгдсэн байдаг. Энэ нь хоёр сард нэг удаа гурилын үнийг  өсгөж байсан гэсэн үг. Шалгалтаар  “Алтан тариа”, “Улаанбаатар”,  “Ургац” гурилын компани нэг өдөр гурилын үнээ зэрэг нэмснийг тогтоосон. Тухайн үед шатахуун, улаанбуудайн үнэ нэмэгдээгүй байлаа. Гэвч гурван компани нэг өдөр гурилын үнийг нэгэн зэрэг, ижил хэмжээтэй нэмсэн. 

Ингэхдээ өмнөх өдөр “Гурилын үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн хурал хийж, гурилын үнэ нэмэх талаар зарлаж байлаа. Үүнтэй холбоотой ШӨХТГ-аас энэ гурван компанийг “Гурилын үнийг үгсэж нэмсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж шалгасан байдаг. Өрсөлдөөний тухай хуулиар үгсэж, хуйвалдах нь хориотой. Гурван компанийн захирал нэг өдөр тушаал гаргаж, гурилын үнэ нэмсэн байсан ч хуулиараа нотлох баримт шаарддаг. Тэгвэл Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос хийсэн хэвлэлийн хурал дээрх компаниудыг “үгссэн” гэдэг нотолгоо болсон юм. Гурил үйлдвэрлэгчдийн холбоонд  “Улаанбаатар”,“Ургац” гурил  гишүүнчлэлтэй, харин “Алтан тариа” компани байдаггүй юм билээ. Тиймээс  тухайн үед “Улаанбаатар” гурилын компанид 4.9 тэрбум, “Ургац”-д 1.5 тэрбум төгрөгийн торгууль тавьж, “Алтан тариа”-д худалдааны хууль бус арга хэрэглэсэн гэх үндэслэлээр 20 сая төгрөгөөр торгосон. Харин “Алтан тариа” компани гурилын үнийг дахин нэмж, торгуулиа төлнө” гэж мэдэгдсэн.  “Улаанбаатар”, “Ургац” хоёр давж заалдсанаар шүүхийн маргаан нь өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна.

-Яагаад өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй байна вэ?

-Дээрх хоёр компани “үгсэн хуйвалдсан” гэдэг нь үндэслэлгүй гэсэн асуудлаар маргаан үүсгэсэн. Шүүх нэг жил  орчим  хуралдаагүй. Харин энэ жил хуралдаад “Мате­риал дутуу байна” гээд буцаасан. Энэ нь хэдэн жил ч үргэлжлэх магадлалтай үйл явц юм.

-Гурилын үнэ нэмэх ямар үндэслэл байсан бэ?

-Гурилын үнэ нэмэх үндэслэл байхгүй. 2022 оны арваннэгдүгээр сард  нэг килограмм  дээд гурил 1800-2000 төгрөг байлаа. Гурилын нийт өртгийн 89 хувийг улаанбуудай эзэлдэг. Тухайн үед улаанбуудайн үнэд өөрчлөлт ороогүй байсан. Шатахуун, эрчим хүч, тоног төхөөрөмжийн үнэ ч нэмэгдээгүй байлаа. Нэг килограмм гурилын борлуулалтын өртөг  үйлдвэрээс  дунджаар 840-890 төгрөг гэсэн тооцоо гарсан. Үүн дээр худалдан борлуулах дэлгүүрийн 20 хувийн өртөг орно. Ингээд тооцохоор тухайн компани 60-80 хувийн, заримдаа 100 хувийн  ашигтай ажиллаж байгааг тогтоосон байдаг.


-Манайд гурилын хэчнээн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компани гурилын зах зээлийн хэдэн хувийг эзэлдэг бол?

-Гурилын зах зээлд дотоодын 10 орчим компани байдаг. Үүнээс үйлдвэрлэлээ идэвхтэй явуулдаг найман компани байна. Харин нийт гурилын зах зээлийн 20 хувийг “Алтан тариа” компани дангаараа эзэлдэг. Ц.Баатарсайханы "Таванбогд" группийн “Улаанбаатар” гурил болон  түүний төрсөн дүү Ц.Отгонбаатарын “Од” группийн  “Ургац”  нийлээд  43 хувийг,  Ерөнхийлөгч Х.Баттулгын төрсөн дүү  Х.Баттуулын “Милл хаус” ХХК-ийн  “Атар”  гурил 12 хувийг тус тус эзэлж байна. Энэ дөрвөн компани нийлээд нийт  гурил үйлдвэрлэлийн 75 хувийг эзэлнэ гэдэг нь олигополь зах зээл үүссэн гэсэн үг.  Энэ дөрвөн компани бүтээгдэхүүний ханшаа нэмбэл гурилын үнэ бүхэлдээ өснө, үйлдвэрлэлээ бууруулбал хомсдол үүсэх нь олигополь зах зээлийн сөрөг тал.

-Төрөөс дотоодын үйлд­вэрлэлээ дэмжиж, хөнгөлөлттэй зээл, урамшуулалд хамруулдаг. Иргэд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өндөр үнэтэй байсан ч худалдан авдаг жишиг тог­тоод байна. Гэтэл гу­рил үйлдвэрлэгчид яагаад  хэрэг­лэгчдээ хохироож байна вэ?

-Ард иргэдээ чанартай, хямд, баталгаатай бараа, бүтээг­дэхүүнээр хангах үүднээс  төр үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжинэ. Гэтэл өнөөдөр үндэсний үйлдвэр­лэлээ дэмжих зорилгоос ха­зайж, үндэсний үйлдвэрлэгч дөрвөн хүнийг дэмждэг болж хувирлаа. Энэ нь ард иргэддээ ч, засаг, төрдөө ч хүртээмжгүй бодлого болсон учир өөрчлөх шаардлагатай.

Гурил нь эдийн засгийн нэр томьёоллоороо үнийн мэдрэмжгүй бүтээгдэхүүн. Тодруулбал, үнэ  хэдэн төгрөгөөр нэмэгдсэн ч худалдан авалт тогтмол байдаг. Зайрмагийн үнэ нэмэгдэхэд хүн хэрэглээгээ хязгаарлаж болно. Гэтэл гурил бол  өдөр тутмын хэрэглээ. Цайны газар, ресторан, хүнсний үйлдвэрүүдээс эхлээд айл өрх хүртэл гурилыг өдөр тутамдаа хэрэглэдэг. Дам хэрэглээ өндөртэй бүтээгдэхүүн.

 Өнөөдөр хуулиараа импортын гурил авахыг хориглосон. Улаанбуудайг экс­портлохыг зогсоосон. Тиймээс тариаланчид энэ дөрвөн компанид л  улаанбуудайгаа борлуулдаг. Гурил үйлдвэрлэгчид төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа томруулаад өрсөлдөгчдөө шахаж,  иргэдээ хохироож байна. Өнөөдөр иргэдэд хууль бус худалдааны аргаар өндөр үнэтэй гурил тулган худалдаж байгаа юм.

-Дээрх компанийг хуулийн дагуу давамгай байдалтай аж ахуйн нэгжид хамааруулж, бүтээгдэхүүний үнэ ханшид хяналт тавьж болох уу?

-Өрсөлдөөний тухай хуулиар “Зах зээлийн 33 хувиас дээшхийг дангаараа буюу хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан үйлдвэр­лэл эрхэлж байгаа компанийг давамгай байдалтай аж ахуйн нэгж гэнэ” гэж заасан байдаг. Өнөөдөр “Улаанбаатар”, “Ургац” гурил үйлдвэрлэгчид зах зээлийн 43 хувийг эзэлж байна. Тиймээс  хуулиараа давамгай байдалтай аж ахуйн нэгжид хамаарна. Гэтэл давамгай байдалтай аж ахуйн нэгжид хамааруулах гэхээр “Бид үйлдвэрлэлээ өнөөдөр зогсоолоо” гэж дарамталдаг. Гурилын зах зээлийн 43 хувийг эзэлж байгаа аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ зогсоовол хомсдол үүснэ.

Хэрвээ давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоовол үнэ ханшид нь хяналт тавьж, зохиомлоор хомсдол үүсгэхээс сэргийлж, бусадтай нийлүүлэлт хийх, шахаж гаргахыг хориглох давуу талтай. Гэтэл өнөөдөр инкубаторт “бойжсон” энэ компаниуд төрийн шийдвэрийг эсэргүүцэж байна.


-Жил бүр Засгийн газраас тариаланчид, гурил үйлдвэр­лэгчдийг дэмжиж урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгодог. Д.Амарбаясгалан сайд сүү­лийн дөрвөн жилд гурилын үйлд­вэрүүдийн авсан хөнгө­лөлттэй зээлийн талаар зарлахад  энэ дөрвөн компани хамгийн өндөр зээл авсан байсан. Гэтэл жилд 235 мянган тонныг үйлдвэрлэж байсан бол өнгөрсөн онд 45 мянган тонноор багассан байх юм?

-Тийм ээ. Сүүлийн дөрвөн жилд гурил үйлдвэрлэгчдэд нийт 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Эндээс "Улаанбаатар гурил" 43 тэрбум, “Милл хаус” 48 тэрбум, “Од групп” ХХК 2.5 тэрбум гээд нийт 190 тэрбумыг буюу 90 орчим хувийг нь  энэ дөрвөн компани авсан байна. Төрөөс их хэмжээний хөнгөлөлттэй зээл аваад үйл ажиллагаагаа томруулдаг.  Гурилын үйлдвэрүүдийн тоног, төхөөрөмжид асуудал үүссэн зүйлгүй. 

Ердөө л зориудаар хомсдол үүсгэж байгаад бүтээгдэхүүний үнийг нэмдэг нь олигополь зах зээлийн шинж.

-Цөөхөн үйлдвэрүүд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авахад хэн нэг албан тушаалтны эрх мэдэл,  мэдээллийн давуу байдлаа ашигласан гэх хардлага нийгэмд бий. Шалгаж,  хариуцлага тооцох болов уу?

-Ард иргэдийн хүнсний хангамжид хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан энэ асуудлыг хууль, хяналтынхан  шалгах хэрэгтэй. Би МҮОНТВ-ийн гурилын асуудлаарх хэлэлцүүлэгт саяхан орсон. Энэ хэлэлцүүлэгт оролцсон  ХХААХҮЯ-ны хоёр мэргэжилтэн “Энэ компаниуд хөнгөлөлттэй зээл авахад барьцаа хөрөнгийн шалгуур хангасан” гэж өмөөрч байна лээ. Жилийн 1-3 хувийн хүүтэй зээлийг том компаниудад өндөр дүнтэй олговол жижиг компаниуд яаж өрсөлдөх вэ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаагүй дампуурсан компаниуд арилжааны банкнаас бизнесийн зээлийг  жилийн 20 хувийн өндөр хүүтэй авна.  Жилийн 20 хувийн хүүтэй зээл авсан компани нэг хувийн хүүтэй зээл авсан компанитай өрсөлдөх боломжгүй.

-Хэдийгээр импортын гурилыг хязгаарласан ч  өнөөдөр ОХУ-д нэг килограмм гурил 900 төгрөгийн ханштай байна. Үүнийг үйлдвэрлэгчид яагаад бодолцохгүй байна вэ?

-ОХУ-д дэлгүүрт худалдаалж байгаа гурил нэг килограмм нь 900-1000 төгрөгийн үнэтэй байна. Бусад оронд, тухайлбал, Францад нэг килограмм нь 44 цент, Бельгид 33 центийн үнэтэй байна. Европод нэг килограмм гурилыг  1100-1600 төгрөгөөр худалдан авч байгаа бол бид Монголдоо нэг килограмм дээд гурилыг 2900 төгрөгөөр худалдан авч байна.  Энэ нь манай гурилын үнэ  дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас 3-4 дахин их гэсэн үг. Европод сарын цалингийн доод хэмжээ  нь 1500-1800 евро буюу 5-6 сая төгрөг. Харин манайд сарын цалингийн доод хэмжээ 660 мянган төгрөг. Ингээд тооцохоор европчуудаас 10 дахин бага цалин аваад, дотоодын үйлдвэрлэлээ дэмжин дөрөв дахин үнэтэй гурил худалдан авч байгаа нь зохисгүй. Үүнд төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.

-Төр, засгийн зүгээс иргэдээ хямд,  чанартай бүтээгдэхүүнээр хангах, хомсдолоос сэргийлэх зорилгоор импортын татварыг тэглэх үр дүнтэй зохицуулалт мөн үү?

-Олигополь зах зээлд төрийн зохицуулалт хийж арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Импортын гурил оруулж, үнийг тогтвортой түвшинд хүргэх нь өрсөлдөөнийг нэмэгдүүлэх хурдтай арга. Энэ хугацаанд бусад гурил үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлээ эрхлэх боломж, бололцоог нээх ёстой. 

Олигополь компани ноёрхохоор жижиг компаниудаа шахаж, шинэ компаниудын үйл ажиллагаанд саад учруулдаг.

-Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд гурилын импор­тын татварыг хугацаагүй тэглэ­хээр заасан. Хугацааны тухайд ямар саналтай байна вэ?

-Өнөөдөр гурилын үйлдвэрлэлд олигополь зах зээл оршиж байна. Тиймээс гурилын импортын татварыг хугацаагүйгээр тэглэх нь зүйтэй. Учир нь гурилын нийлүүлэлт нэмэгдэж,  зах зээлийн бодит өр­сөл­дөөн өрнөнө. Хэрвээ өнөөдөр гурилын импортын татварыг тэглэх асуудлыг хуга­цаатай зарлавал дээрх компаниуд үйлдвэрлэлээ тухайн хугацаанд зогсооно. Импортоор гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангаж чадахгүй, хомсдол үүснэ.

-Импортын татварыг тэг­лэх хуулийн төсөлд гурил үйлд­вэрлэгчдээс гадна улаанбуудайн тариаланчид ямар байр суурьтай байгаа бол?

-Импортын гурилын татварыг тэглэх хуулийн төслийг улаан­буудайн тариаланчид дэмжиж байгаа. Учир нь тэд улаанбуудайгаа зөвхөн дээрх дөрвөн компанид борлуулахад асуудалтай тулгардаг байсан. Гурил үйлдвэрлэгчид цөөн компаниудтай үнээ тохиролцож, тогтоодог. Үлдсэн компаниудын улаанбуудайг авдаггүй. Улаан буудай экспортлох хориотой, хадгалахад чанар нь мууддаг. Тиймээс гурил үйлдвэрлэгчидтэй ханшаа тохиролцож, өөрсдөө улаанбуудайгаа хүргэнэ.  Улаанбуудайн нэг тонн нь 1.2  сая төгрөг гэдэг. Гэтэл тээврийн зардал, чийгшил,  хаягдлыг нь хасаж тооцоод нэг тонныг нь 800-750 мянган төгрөгөөр өгдөг байна.  Гурилын импортын татварыг тэглэвэл улаанбуудайн экспортыг нээж өгөх хүсэлтийг тариаланчид тавьж байна. Улаанбуудайн тариаланчид дотоодын аж ахуйн нэгжүүддээ нийлүүлэхээс гадна экспортлох нь бүтээгдэхүүнээ чанаржуулж, зах зээлээ өргөжүүлэх давуу талтай.

-Импортын татварыг тэглэхээр гурилын үнэ хэр буурах төлөвтэй байна.  Импортын гурил оруулж ирэх компанийг сонгон шалгаруу­лах болов уу?

-ҮСХ-ноос гаргасан судалгаагаар нэг килограмм гурилын үнэ 100 төгрөгөөр буурахад бусад дагалдах бараа тодорхой хэмжээгээр буурдаг гэсэн байдаг. Тодруулбал, талхны үнэ 24 төгрөгөөр буурна гэж тооцжээ. Гурилыг олон улсад хүлээн зөв­шөөрөгдсөн хүнсний үйлдвэрээс хил гаалийн хяналттайгаар оруулах учир чанарын хувьд асуудалгүй. Харин импортын гурил оруулах компанийг сонгон шалгаруулалтаар биш зах зээлийг нь  чөлөөтэй байл­гах хэрэгтэй.  

Өнөөдрийн байдлаар цөөн компаниуд квоттой, татвараа төлөөд гурил оруулж ирдэг. Энэ компаниудын оруулж ирж байгаа гурилын үнэ 700-1100 төгрөг байна. Тээвэрлэлтийн зардал, татвар тооцоод, иргэдэд нэг килограммыг нь 1600-1800 төгрөгөөр худалдаалах боломжтой.  Үүнийг дагаад дотоо­дын үйлдвэр ч гурилын үнээ бууруулах боломжтой юм.

-ШӨХТГ-т  иргэдээс гомдол, санал их ирдэг. Хуулийн хүрээнд ямар эрх үйлчилдэг вэ?

-Зах зээлийн эдийн засагтай манай улсын хувьд аливаа компани бүтээгдэхүүний үнээ нэмэхийг хориглосон заалт байхгүй. Харин бүтээгдэхүүний үнээ нэг өдөр, үгсэж, тохиролцож, ижил хэмжээгээр нэмж байгааг хянадаг. Энэ асуудлаар зөрчлийн хэрэг нээгээд торгууль тавихаар шүүхэд ханддаг. Гурилын үнээр жишээлэхэд, 2022-2024 оны хооронд нийтдээ хоёр жилд 12 удаа  ижил үнийг хэмжээгээр нэмсэн зөрчил илрүүлсэн.  ШӨХТГ нийт 36 албан хаагчтайгаас 13 нь улсын байцаагч.  Иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу тухайн компанид бичиг явуулахаас бус битүүмжлэх эрх байхгүй. Бид үйл ажиллагаагаа хуулийн дагуу шат дараалалтай явуулсны үр дүнд цементийн үнийг хөөрөгдсөн асуудалд таван тэрбум төгрөгийн торгууль тавьж, төлүүлэн, үнийг нь  тодорхой хэмжээнд бууруулсан. Банкны нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч байгаа асуудлыг хөндөж, торгуулийг нь гурван шатны шүүхээр шийдвэрлүүллээ.  Мөн “Номин” компанийн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ үнийн хөөрөгдөл үүсгэснийг шүүхээр шийдвэрлүүлж байлаа.

Өрсөлдөөний хууль зах зээлийн эдийн засагтай орны “Үндсэн хууль” байдаг. Дээр нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хариуцдаг. Энэ нь 3.4 сая иргэний эрхийг хамгаална. Мөн Зар сурталчилгааны тухай, Сонгуулийн тухай зэрэг нийт есөн хууль хариуцдаг. Энэ бүхэнд хяналт шалгалт хийхэд улсын 13 байцаагч хүрэлцдэггүй. Цаашид  бүтцийн хувьд чадамжтай болгож, хэрэглэгчийн асуудлыг салбарын яамдад шилжүүлэх хэрэгтэй. ШӨХТГ-ын хуулийн эрх хэмжээ, улсын байцаагчийн орон тоог нэмэгдүүлж, хараат бусаар ажиллуулах шаардлагатай байгаа юм.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
2
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжуудаа хамгаална 2024/05/03
“Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн дэд байрт шалгарлаа 2024/05/03
“Монгол гэр”-т саатаарай 2024/05/03
​ Загвар зохион бүтээч И Сан Бон мастер класс сургалт хийв 2024/05/03
Хүүхэд, залуучуудад зориулсан соёлын орон зай 2024/05/03
Аз түшсэн амьдрал 2024/05/03
Ж.Алтантошил: Бид дэлхийн аялал жуулчлалын стандартыг Монголд нэвтрүүл… 2024/05/03
Дуулиантай хуулийн төсөл Гүржийг талцууллаа 2024/05/03
АНУ 2028 он хүртэл Оросоос уран нийлүүлнэ 2024/05/03
БНСУ шинэ үеийн суман галт тэрэг нэвтрүүлэв 2024/05/03
“Их 4” Евро бүсийг уналтаас аварлаа 2024/05/03
Энэтхэгт сонгуулийн ирц буурчээ 2024/05/03
Б.Даариймаа: “Арнольд классик”-ийн түүхэн дэх анхны ази шүүгчид болж т… 2024/05/03
Б.Дөлгөөн: Монголын балет дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байгааг ойлгос… 2024/05/03
Хүсэл тэмүүллийн дууч 2024/05/03
Тэнгэрт хуурдан суугаа Чилүгэн 2024/05/03
Ж.Буянтөгс: Манай продакшны бүтээлүүд нийгэмд цочроо өгч чадсан учраас… 2024/05/03
Д.Дэлгэрсайхан: Ус, агаар, хөрсний бохирдолгүй, үнэ цэнтэй байршлыг с… 2024/05/03
Т.Гүенбаатар: Энэ удаагийн сонгуулиар хяналтын тооллогыг 100 хувь хийн… 2024/05/03
​ Экс Ерөнхийлөгч яллагдагчаар татагдаж, “Эрдэнэт”-ийн Чимгээ 48 тэрб… 2024/05/03