Ж.Буянтөгс: Манай продакшны бүтээлүүд нийгэмд цочроо өгч чадсан учраас эхнээсээ ажил хэрэг болж байна


ТХ продакшны захирал, зохиолч, найруулагч, судлаач Ж.Буянтөгстэй ярилцлаа.

 

-Та өөрийгөө болон продакшнаа манай уншигчдад танилцуулаач. Продакшных нь нэр ямар учиртай юм бэ?

-Манай TX бол Монголын хамгийн анхны хүүхдийн уран бүтээлийн продакшн. Миний бие энэхүү продакшныг үүсгэн байгуулсан бөгөөд жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Манай продакшнд голдуу ерөнхий боловсролын сургуулийн сурагч, уран бүтээлч хүүхдүүд байдаг. Бид тэднээр дамжуулан хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл хийдэг. Продакшны нэрний хувьд “Төгс хөгжил” гэдэг үгийн товчлол юм.

-Ихэвчлэн ямар уран бүтээл хийдэг вэ?

-Дэлгэцийн бүтээл болон  нийгэм рүү чиглэсэн контентууд хийж байна. Үүний зэрэгцээ сургалтууд зохион байгуулдаг. 2012 онд байгуулагдсанаас хойших 12 жилийн хугацаанд хүүхэд хөгжил, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

-Танай продакшнд Хан-Уул дүүргийн хүүхдүүд л хамрагддаг юм уу. Бусад дүүргийн хүүхдүүдээс бүртгүүлье, эсвэл манай дүүрэгт салбараа нээгээч гэсэн санал тавьдаг байх. Ер нь танайх хэдэн төрлийн сургалт явуулдаг юм бэ?

-Манай продакшн Хан-Уул дүүргийн Соёлын төвд үйл ажиллагаа явуулж байгаа ч бусад дүүргийн хүүхдийг үйл ажиллагаандаа оролцуулдаг. Урлагийн авьяастай, дур сонирхолтой л бол манайд ирээд бүртгүүлэх боломжтой. Энд бид хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэхийг хичээж байгаа учраас ямар нэгэн зааг хязгаар тавьж болохгүй. Жишээ нь, хэл ярианы хөгжил, ой тогтоолт, гадаад хэл, өөрийгөө илтгэх урлаг зэрэг хичээлээр хүүхдийн бие даах чадварыг төлөвшүүлж бүжиг, жүжиг, кино урлагийн хичээлүүдээр авьяас чадварыг нь нээн ажиллаж байна. Үүнээс гадна бид зорилтот бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж, хөгжүүлдэг учраас өөр дүүргээс салбар байгуулаач гэдэг санал ирдэг. Олон салбар байгуулж ажилламаар байгаа ч “Санаа байвч сачий хүрэхгүй” юм. Хагас, бүтэн сайн өдрүүдээр одоо байгаа 40 хүүхэдтэйгээ бужигнаад л таарч байна. Энэ сайн дурын шахуу ажил учраас бусад үед өөр ажил хийхээс өөр аргагүй байдаг юм.

-Зорилтот бүлгийн хүүхдүүд үнэ төлбөргүй гэхээр тодорхой хэмжээний төлбөртэй гэсэн үг байх нь. Мэдээж үйл ажиллагааны зардал, багш нарын цалин гээд мөнгөний талаар ярьж л таарна. Хүүхэд рүү чиглэсэн уран бүтээл гэхээр ямар сэдвээр голлож хийх вэ?

-Бид долоон төрлийн сургалт явуулдаг. Гэхдээ аль болох бага төлбөр авахыг л хичээдэг. Төлбөр мөнгө нь бидний контент бүтээх, кино хийх зардалд явчихдаг юм л даа. Би найруулагч, жүжигчин мэргэжилтэйгээс гадна судлаач хүн. Энэ жил СУИС-ийн докторантурт “Хүүхдийн уран бүтээл” судлаачаар төгсөхөөр суралцаж байна. Уран бүтээлдээ судлаачийнхаа давуу талыг шингээж өгөхийг хүсдэг нь миний онцлог. Судлахгүйгээр, тэр тусмаа хүүхдийн уран бүтээл хийхдээ тэднийг мэдэхгүйгээр ажиллах боломжгүй. Хүүхдүүдэд ямар асуудал тулгамдаж байна, тэд юу хүсэж байна. Яаж харуулбал хүүхдэд хүрэх юм бэ гэх зэргээр судалгаагаа хийх хэрэгтэй байдаг. Гол нь миний хийж байгаа уран бүтээлүүд ашгийн бус. Дандаа нийгэмд мессеж өгсөн хүүхдийн хүчирхийлэл, өсвөр насныхан, тэдний бэлгийн боловсрол гэх мэтээр хөндөхгүй орхиж болохгүй сэдвүүдтэй.

-Та оны шилдэг уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадамд цахиур хагалсан уран бүтээлч. Хүүхдийн эргэн тойрон дахь эмзэг сэдвийг барьж авсан нь ийм учиртай байж?

-Сая бидний хийсэн “Сургуулийн хайрын түүх” гэдэг кино “Мөнгөн мод” наадмын шилдэг гурван бүтээлийн нэгээр нь тунаж, миний бие шилдэг кино найруулагчид нэр дэвшсэн. Кино маань аутизмтай хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлт гэсэн сэдвийг хөндсөнөөрөө ач холбогдолтой. Ч.Найдандорж, Н.Наранбаатар гэдэг хоёр агуу найруулагчтай хамт нэрээ дуудуулна гэдэг миний хувьд маш том зүйл. Хүүхдийн талаарх сэдвийг олон жил нухаж, тасралтгүй дуугарч явсны учир тэнд нэр маань багтсан юм болов уу гэж бодож сууна. Энэ хооронд хүүхдийн киноноос огт салалгүй явсаар дэлгэцийн 16 бүтээл хийсэн байна.


-Хамгийн анх бүтээсэн кино тань ямар нэртэй байсан бэ?

-“Төмөр нар” гэж айхавтар нэртэй хүүхдийн хорихоос хийсэн кино байлаа. Киноны зохиолч, продюсер нь би. Д.Цээсэд хурандаатай хүүхдүүд юун дээр алддаг юм бэ, яавал эргэж ийшээ ирэхгүй байж болох вэ гэх зэргээр хүүхдийн хориход судалгаа хийж Зайсанд хоригдож байсан 60, 70 орчим хүүхдийн нүдийг харж, ээждээ, гэр орныхондоо бичсэн захидлыг нь уншиж байж кино зохиолоо бичсэн. Бодит амьдралаас урган гарсан зохиол юм шүү дээ. Хүүхэд насны гэнэн томоогүй үйлдэл юунд хүргэж болохыг, эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч зөв жолоодох ёстойг ойлгуулж, ухааруулах гэсэн кино зорилгоо биелүүлж чадсан болов уу. “Ахлах сургууль”, “Сургуулийн хайрын түүх” зэрэг киногоор хүүхдүүдэд эцэг, эхээ хайрлах, тэдэнтэй ойлголцох, хүндлэх хүмүүжлийг кино урлагаар үзүүлэхийг хичээгээд байгаа юм. Үүний дараа “Нандин нас” нэртэй бэлгийн боловсрол олгох чиглэлээр бичсэн кино “Боловсрол” суваг телевизээр гараад нэлээд шуугиулсан.

-Цахим орчинд нэлээд шуугисан сэдэв шүү. Өсвөр насны хүүхэдтэй ойлголцоно гэдэг нэлээд хүнд асуудал гэдэг нь харагдаж байсан?

-Эцэг, эхчүүд эхний ангиудыг нь үзчихээд “Энэ киноны найруулагч гэж ямар хүн байна. Шоронд хий” гэх зэргээр их бухимдацгаасан. Эцэг, эхийн хараа хяналтгүйгээр сурагчид багштайгаа амралтад явдаг. Очоод хөзөр дамжуулах мэтийн үзэгдлүүд эцэг, эхчүүдэд маш хүнд туссан юм билээ. Гэтэл тэр хэсэг манай кино багийнхны маркетинг л байлаа. Кинонд анхаарал хандуулах хүмүүс нь анхаарлаа хандуулаасай гэсэн оролдлого маань байгаа оносон гэх үү дээ. Киноны 10, 11 дүгээр анги гарах үед манай киног үзэх хүмүүсийн тоо нэмэгдэж, пэйжийн маань дагагч огцом өссөн. Манай пэйж рүү “Үнэхээр энэ бодит амьдралд байгаа юм байна.Тантай яаж уулзах вэ, хүүхдээ яаж хөгжүүлэх вэ, яаж боловсролтой болгох вэ, бид өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байна” гэх мэт зурвас мянга, мянгаараа ирж эхэлсэн. Одоо манай “Хайрын зуслан” пэйж 320 мянган дагагчтай Монголдоо хамгийн том пэйжүүдийн нэг болсон. Үүнийг би сөрөг талаас нь харахгүй байгаа юм. Манай кино нийгэмд цочроо өгч чадсан, эцэг, эхийн анхаарлыг энэ асуудал руу хандуулсан байгаа юм.

-Миний бодлоор эцэг, эхчүүдийг санаа зовж байна гэхээр байдал нэлээд хүнд байна гэж бодогдоод байх юм. Та судалгаа хийсэн биз дээ?

-Киноны судалгаа хийхдээ ЭХЭМҮТ-ийн өсвөрийн клиникийн эмчтэй уулзаж ярилцсан. Тэгэхэд 2019 оны статистик судалгаагаар 14 настай 1700 охин үр хөндүүлсэн гэж ярьж байсан. Гэхдээ энэ нь 15 нас биш, 16 настай биш зөвхөн 14 настайдаа үр хөндүүлсэн охидын тоо. Үүнээс өсвөр насныхан бэлгийн боловсролын талаар ямар ч ойлголтгүй байгааг ойлгосон. Тиймээс урлагаар дам­жуулж энэ талын боловсролыг хүүхдүүдэд ойлгуулж, эцэг, эхэд нь сэрэмжлүүлэх ёстой юм байна гэж зориглосон хэрэг. Одоо өсвөр насны хүүхдийн бэлгийн боловсролын талаар харьцангуй өргөн хүрээнд ярьж, хэлэлцдэг болж эхлээд байна.

-Эцэг, эх санаа зовоод пэйжийн тань хандалт өссөн, нийгэм энэ талаар харьцангуй өргөн хүрээнд ярьж эхэлсэн гэхээр тодорхой үр дүн гарсан байх нь?

-Үр дүн гараад байгаа учраас би хийсэн бүтээлдээ, цаашид хийх ажлаасаа урам аваад урагшилж байна. Бэлгийн боловсролын дараа бид “Үе тэнгийн дээрэлхэлт” гэдэг сэдвийг барьж аваад “Сургуулийн хайрын түүх”-ийг 2023 онд театрт нээхээр болсон юм. Гэтэл театрын шоу менежер бидэнд “Танай продакшны кино үнэхээр сайн бүтээл байна. Гэхдээ энэ театрт гаргах кино биш. Ашгийн бус кино учраас мөнгө олохгүй. Хүүхдүүд театрт ухаарал авах гэж биш цагийг зугаатай өнгөрүүлэх гэж ирдэг. Энэ киногоо та Соёлын яамаар дамжуулаад сургуулиудаар нөлөөллийн ажил болгож үзүүлэх нь зөв” гэсэн нь тун оновчтой зөвлөгөө болсон. Манай кино зөв хандлага төлөвшүүлж, үлгэр дуурайл, хүмүүжил, ухаарал авах хүүхдийн киноны стандартад нийцсэн. Хүүхдүүд эцэг, эхийн зөвлөгөөг авахаасаа илүү үе тэнгийн найз нөхдийнхөө үгийг авах нь илүү байдаг. Кино маань “Тэнгис” кино театрт долоо хоногийн турш гараад буусан. Хэдийгээр долоохон хоногийн турш гарсан ч зохих хүмүүсийн анхааралд өртөж чадсан. Кино театраас буугаад удаагүй ЦЕГ-аас манай киног шагнаад “Үе тэнгийн дээрэлхэлт маш их байгаа нь бодит зүйл. Утсанд нь ирэх мессеж, сургууль орчмын дээрэлхэлт түгээмэл байна. Тун цаг үеэ олсон кино” гэсэн юм. Үүний дараа яамнаас зохион байгуулсан наадамд оролцож шилдгээр шалгарсан. Хүний эрхийн комиссынхон манай киног үзэж сонирхоод “Энэ киног хүүхэд бүр үзвэл зохино. Зохиол, найруулга, хүүхдэд өгч байгаа мессеж нь маш зөв үлгэр дуурайл үзүүлэх юм байна” гэдэг дүгнэлт гаргаад Боловсролын ерөнхий газар руу илгээж дэмжсэн. Одоо манай кино бүх сургуулиар гарах хуваарьтай явж байна. Бид асуудлыг урьдчилж хараад нийгэмд түрүүлж мессеж өгөөд байгаа юм. Үүнийг маань зохих албаны хүмүүс олж хараад анхааралдаа авснаар ЦЕГ-аас “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” аяныг өрнүүлж байгаагаас харагдаж байгаа болов уу.

-Танаас өсвөр насны хүүхдийн асуудлын талаар зөвлөгөө авъя, манай багш нарт сургалт өгөөч гэж ханддаг сургуулиуд олон байна уу?

-Тийм хүсэлт их ирж байна. Сая гэхэд л Эрдэнэт хотоос 10 гаруй багш ирж сургалт аваад явлаа. Энд би нэг харамсалтай тохиолдол ярья. Би сургалт, судалгаа хийхээс гадна лекц уншдаг. Ийм ажлаар Хөвсгөл аймагт явж байтал нэг бүсгүй надад 13 настай гэх аутизмтай охиныг авчирч уулзуулсан. Тэр охин юу ч ярихгүй суугаад байхаар нь би “Энэ охин яагаад юм ярихгүй байгаа юм бэ, та ээж нь үү” гэж авчирсан бүсгүйгээс асуутал “Би ээж нь биш эгч нь юм аа. Энэ охиныг нэгдүгээр ангид ороход багш нь юу ч сурахгүй байна. Ангийн онооноос доош татлаа гэж адалсаар байгаад сургуулиас гаргасан” гэж ярьсан. Охин сургуулийн боловсрол, найз нөхөд гэж юу ч байхгүй яг агуйд амьдарч байгаад ирсэн хүн шиг юу ч ярьж чадахгүй, хүний өөдөөс ч харж чадахгүй болсон байсан. Маргааш нь би багш нарт “Багш та энэ хүүхдийг ийм болгосон. Хэрвээ энэ хүүхдийг сургуулиас гаргаагүй бол өдийд ийм байдалд орхихгүй байлаа. Багш хүн гэдэг дан шилдэг сурагчаар ангиа дүүргэх биш чадахгүй хүүхдийг чаддаг болгож байж сая багш гэдэг нэрийг зүүнэ. Таны өнөөдөр сурахгүй гээд орхисон хүүхэд ирээдүйн хэн ч байж болно. Багш гэдэг шавь нарынхаа урд гэрэл гаргадаг замчилдаг хүн нь байх ёстой” гэж унших байсан лекцийнхээ агуулгыг шууд өөрчилсөн. Тэр лекц маань багш нарт маш сайн өөрчлөлт болж хүч өгсөн юм. Надад нэг таалагдахгүй байгаа зүйл, тусгай сургалттай  XXIX сургууль. Тусгаарлаж яах гээд байгаа юм бэ. Би уран бүтээлч хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай хүүхдүүдтэй уулзаад, ярилцаад тэдний нүд рүү хараад л явж байна. Тусгаарлагдах тусмаа нийгмээс холдож хөгжиж дэвших өөрчлөлтөөс тусгаарлагдаад байна.

-Таныг хэлэхээр л анзаарлаа, угаасаа “Тусгай” гэж нэрлээд тусгаарлаад, хүүхдийн эрхийг зөрчсөн  юм байна?

 -Тусгай сургууль гэж нэрлээд хүүхдүүдийг тийш нь аваачаад суулгачихдаг. Ингэхээр яаж ялгаварлан гадуурхалт байхгүй байх юм бэ. Улс нь иргэдээ ялгаварлаад хаячихлаа. Хүүхдүүд тэднийг хараад “Тусгай сургуулийн хүүхдүүд” гэдэг агуулгаар хандаж байна шүү дээ. Миний хувьд тусгай сургуулийг татан буулгамаар санагддаг. Бүх хүүхэд нэг дор суралцаж багаасаа биднээс өөр ийм хүүхэд байдаг гэдгийг мэддэг болох ёстой. Ингэж байж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдаасаа суралцаж ижил тэгш эрхтэйгээр хөгжинө. Өнөөдөр манайд багадаа аваарт ороод сонсголоо алдчихсан хүү ирж бүртгүүллээ. Тест авч үзтэл тусгай сургуульд байсаар байгаад гийгүүлэгч үсэгнүүдээ хэлж чадахаа больсон байна. Энэ тусгай сургууль гэж байх ёсгүй гэдгийг илэрхийлсэн ганцхан жишээ. Хэрвээ тэр хүүхэд энгийн сургуульд бусад хүүхэдтэй харилцаж, ярьж байсан бол төрөлх хэлээ мартах уу.

-Хоёулаа таны уран бүтээлээр ярилцлагаа өндөрлөе. Таны уран бүтээл хийж, эрхэлж байгаа ажлууд тань хоорондоо нягт уялдаатай юм байна?

-Нэг үеэ бодвол хүүхдийн уран бүтээлийг нийгэм анхаарч, сонирхох болжээ. Би 16 жилийн турш хүүхдүүдэд чиглэсэн ажил хийж байхад хувийн хэвшил нь ч, төр, засаг нь ч анхаардаггүй байлаа. Нэг хоёр кино хийгээд хүн тоохгүй байна гээд хаяагүй тууштай явсны үр дүн гарч байна. Би эхлэлийн цэгээ ашгийн төлөө тавиагүй юм. Намайг удирдлагын академид магистр хамгаалж байхад нэг настайвтар багш “Хүүхдийн уран бүтээл хийхийн ашиг нь юу юм бэ” гэж асууж билээ. Би хариуд нь “Ашиг байхгүй ээ багшаа” гэтэл “Чиний ашиг бол чиний киног үзсэн хүүхэд зөв үлгэр дуурайл аваад, ухаарч байгаа нь ашиг юм” гэсэн.

Ингээд хүүхдийн уран бүтээлийг дэмжин ажилладаг эрхэм найз нөхөд болон Хүний эрхийн үндэсний комисс, боловсролын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Соёлын ордны дарга, хамт олон, ТХ продакшны хуулийн зөвлөх Р.Булгамаа, продакшны эцэг, эхчүүд болон танай хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

-Ярилцсанд баярлалаа.

Трамп Төмөрөө


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22