Тэнгэрт хуурдан суугаа Чилүгэн


 

“Хүүхэд, залуучуудын театр гэж байлаа” гэдэг домог сонсож өссөн хүүхдүүд өдийд бараг ач зээгээ үзэх насанд очиж яваа гэхэд хилсдэхгүй. Гэтэл бид саяхан Хүүхэд, залуучуудын театртай болж нээлтийн ёслолыг нь сүр жавхлантайгаар хийв. Шинэ театр үүд хаалгаа нээж уран бүтээлээ ард түмэндээ толилуулж эхэлсэн энэ сайхан цаг үетэй холбоод мартаж болохгүй алдартнуудаа эргэн дурсах нь зүй.

Ардын хувьсгалын 61 жилийн ойн жил буюу 1982 онд Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театрын өндөр босгыг 23 настай залуухан хүү давж орсон нь шинэхэн төгсөгч Ж.Сүххуяг байлаа. Хэдийгээр жүжигчин мэргэжлээр суралцсан шинэхэн төгсөгч ч тэрбээр энэ салбарынхаа залуусын дунд нэлээд догь толгойдоо орно. Яагаад гэхээр түүнийг 16 настай байхад Ж.Бунтар найруулагчийн “Давааны цаана даваа” кинонд нэгдлийн “Догшин хар” Жав даргын хүүгийн дүрд тоглох аз тохиосон байдаг. Уг нь тэр дүрд “Говийн зэрэглээ” киноны захирал хархүү Г.Эрдэнэтогтох тоглохоор байсан ч мань эр Баянхонгор яваад ирээгүй байж л дээ. Ж.Сүххуяг “Давааны цаана даваа” кинонд туслах ажилчнаар явахдаа Д.Чимид-Осор, Л.Лувсан, О.Дэлэгбуян, Л.Нямсүрэн гуай гээд кино урлагийн бурхадтай нэг гэрт байрлаж хоол ундыг нь хийж өгдөг байснаа дурссан нь бий. Түүний Хөнжилийн даваанд хэлсэн “Аав аа, би тантай адилхан дарга болно оо” гэдэг үг, тавхан минутын дүр кино урлагийн оргилд залрах бартаа ихт давааны өмнө зогсоосон юм билээ. Ядаж байхад Гавьяат жүжигчин Л.Нямсүрэн гуайгаас айгаад нүүр рүү нь харж үгээ хэлж чадахгүй баларч байсан гэдэг. Гэсэн ч зураг авалт дуусаж Монголын кино урлагийн бүх цаг үеийн агуу хүмүүсийн хараа, оноонд өртөөд авчээ. Хожим тэрбээр энэ тухайгаа “Агуу жүжигчидтэй таарч, айж чичирч явсан тэр мэдрэмж одоо ч мэдрэгдэх шиг болдог. Зураг авалтын дараа Л.Нямсүрэн ах намайг “Миний хүү” гээд үнсэж байсан, уулын оройгоор алхаад үгээ цээжлэх гэж зовж байсан үе маань өчигдөр мэт гэрэлтэж, үргэлж дурсаж, түүгээрээ бахархаж явдаг юм. Магадгүй хамгийн анхны кино болоод ч тэр үү балчир байсан үе маань л бодогдоод байдаг юм” хэмээсэн нь бий.

Яагаад ч юм Ж.Сүххуяг гэхээр жигтэйхэн уйтай аялгуу чихнээ дуурсаж хэлээ огтлуулчихаад хуурдан суугаа үнэнч боолын дүр нүднээ ургаад ирнэ. “Чилүгэнийг Чингис хааны дотоод дүр гэж Б.Балжинням гаргасан гэж би таагаад Чингис хааны бодол, Чилүгэн хоёрыг нэг хөгжмөөр хийсэн” гэж Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэнтээ дурссан нь бий. Түүхэнд огт байдаггүй дүрийг Чингис хаанаас илүүтэй товойлгон урласан нь түүний хэлснийг л нотолно. Нээрэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд өөр хэн гардаг билээ гэж би өөрөөсөө асууж сууна. Санахгүй байна. Чингис хаан, Чилүгэн гэдэг хоёрхон дүртэй кино юм шиг санагдаад байна. Кино дөнгөж эхлэхэд энэ хоёр таарч их хаан Чилүгэний хэлийг тас огтолж орхидог. Ингээд л түүний амьдрал, хувь заяаг олзолж... биш ээ, Чилүгэн их хааны онго юм биш үү. Би бодолдоо живж орхиж. Энэ зүгээр л Ж.Сүххуяг гэдэг хүний гаргасан дүр шүү дээ. Гэсэн хэрнээ түүний хуурдаж суугаа дүр нь сэтгэлээс үл арилах агаад хуурдсан аялгуу нь чихнээс үл тасрах аж. Угаасаа тэр хөгжмийг Н.Жанцанноров гуай бичээгүй байх, Б.Батчулуун гуай хуурдаагүй байх. Тэр хөгжмийг Чингис хаан зохиож Чилүгэнээр хуурдуулсан л хэрэг.

Маахуур толгой гэж кино үйлдвэрийн архан талд байх. Хуучин цагт Маахуур толгой орчмын залуусыг “Атаман” гэлцэж ах нар холуур дөлж өнгөрнө. Маахуур толгой үүнээс өөр юугаараа алдартай байсан юм бэ. Харин тэрүүхэн урд хүр дор нь Монголын кино урлагийн ариун сүм байлаа. Тэр ариун сүмийн шүншиг шингэсэн газар жүжигчин маань өссөн байдаг юм. “Би хүүхэд байхдаа ном их уншдаг байлаа. Ном намайг жүжигчин болгосон болов уу гэж боддог. Майн Рид, Жек Лондон, Александр Дюма гээд л дэлхийн сонгодгуудыг уншдаг байв. Манай гэр кино үйлдвэрийн хажууханд Маахуур толгойд байсан юм. Тэр үед чинь бидний амьдрал ямар билээ, толгой, цувдай л иддэг байлаа. Ээж маань тогооч, аав нягтлан бодогч мэргэжилтэй хүмүүс байсан” гэдэг түүний үг. Нөгөөтэйгүүр тухайн үеийн ахмад уран бүтээлчдийн хишигтэй газар тоглож өссөн түүний хувьд уран бүтээлч болохоос өөр замгүй байсан мэт. Гэхдээ болох ёстой болоод жүжигчин болсон гэж хэлэх гээгүй юм шүү. “Мандухай сэцэн хатан” кинонд тоглосных нь дараахан хийсэн хөрөг нэвтрүүлгийг би үзэж байсан юм. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид хүлээж авсан багш нь түүний тухай дурсахдаа “Монгол зөв төрхтэй, эелдэг залуу анх орж ирж билээ. Түүний хөдөлмөрч, шаргуу, нэг барьж авсан ажлаа сэтгэлдээ хүртэл хийдэг нь маш их сэтгэгдэл төрүүлж байсан” хэмээн дурссан нь түүний амьдралын, жүжигчнийх нь ч багш минь гэж сүсэглэн явдаг Д.Сэдэд багшийнх нь хэлсэн үгтэй утга нэг. Тэр үеийн хүмүүс хүнийг худлаа магтаж чадах ч биш дээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Би 16 хүрснээсээ хойш кино үйлдвэрийн хашаа руу зангиагүй орж чаддаггүй болсон. Тайз, дэлгэцийн од, бахархал болсон Д.Сэдэд, Б.Дамдинсүрэн, Ч.Дагийранз, Р.Дамдинбазар, Д.Чимэд-Осор, Ц.Зандраа, Х.Ойдов, П.Цэрэндагва, Л.Лувсан, Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж  гээд агуу хүмүүсийн хажуугаар зангиагүй гарч зүрхэлдэггүй байж. Зангиа зүүж, цагаан цамцаа толийтол индүүдсэн хэрнээ л хэцүү. Хувцасны гоё сайхан, муухай тэдэнд огт хамаагүй. Тэднийг хүндэлж байгаа царай минь тэр байхгүй юу. Тэр алдартнуудын хормойноос зүүгдээд авсан азтай хүн дээ, би. Намайг загнаж, зөвлөж, урамшуулдаг байсан тэр сайхан бүтээлчдийн тоглосон киног үзэхээр өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч, нулимс тогтдоггүй юм” гэсэн нь мацаж эхэлсэн давааныхаа хэр өндрийг, уруудаж буух зам нь хэр огцом гэдгийг  мэддэг байсан нь уншигдана.

 

Хүн амьдралдаа нэг л шулуун шугамаар явах ёстой

 

Миний аав, Д.Сэдэд багш хоёр “Чи амьдралын нэг л шугамаар яв. Явах замдаа согтуу хүн шиг гуйвж болох юм. Гэхдээ хазайсан ч гэсэн шугамдаа орж, амьдралаа эргүүлж авах нь чиний ухаанаас шалтгаална” гэж хэлдэг байлаа. Би амьдралдаа алдаж, онож явсан. Гэхдээ тэр бүхнийг тоодоггүй. Хамгийн харамсдаг зүйл нь аавыгаа баярлуулж чадаагүйдээ л өөртөө гомддог. Ээж минь ч баярлаж чадаагүй байх гэж боддог. “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагины дүрд тоглочихоод гараад ирэхэд ээж минь “Би арай ч ийм тахир дутуу хүүхэд төрүүлээгүй дээ” гэж хэлж байсан. Аав минь ээжийг дагуулаад юу ч хэлэлгүй автобусанд суугаад л явж байсан. Тэр явдлыг бодохоор л нулимс гардаг юм. Энэ нь түүний хэлсэн үг. Дүр бүхэн жүжигчнийг шаналгаж, зовоож, тарчлааж, жаргаадаг. Тиймээс бүх дүрээ бусдаас харамлаж, хайрлаж, хиртээхгүйг жүжигчин бүр хичээдэг байх. Анх хэзээ түүнийг телевизийн дэлгэцээр харж байснаа санахгүй юм. Аягүй бол улаан булангийн нэг үзүүрт татсан цагаан цууямбуу даавуун дээр “Мандухай сэцэн хатан” киног үзэж суухдаа байж магадгүй юм. Нэг л мэдэхэд цоглог хурц харцтай зоримог төрхтэй залуу жүжигчнийг Ж.Сүххуяг гэдэг юм байна гэж мэддэг болсон байлаа. Мандухай цэцэн хатны залуухан, томоогүй бас ч саваагүй гэмээр эр нөхрөөс хэрхэн Монголын эзэнт гүрний хүчирхэг догшин хаан болж байгааг харсан шигээ түүнийг мэддэг болсон цагаасаа Монголын кино урлагийн өндөр даваа руу хэрхэн өгсөж байгааг харж суусан жирийн л үзэгчийн нэг төдий. Нээрэн түүнийг Батмөнх даян хаанд тоглож байхад нь “Арай ч ийм хаан байдаггүй юм аа” гэчихээд явчихсан гэдэг. Цоохор морины наймаачин гэдэг дүрээрээ алдаршсан Д.Сэдэд гэдэг агуу “амьтан” л даа. Сүүлд Чилүгэнд тоглож байхад нь “Одоо л жүжигчний дөртэй болох гэж байна” гэж дарж, хурцалсан гэдэг. Мань эр багшийнхаа тухай дурсахдаа телевизороор байсан ч хамаагүй нүдэнд нь нулимс цийлэгнэж байгаад л “Сэдэд гэдэг жүжигчин бол жинхэнэ од. Би хажууд нь жижигхэн өт” гээд л аваад хаячихна. “Ах нь Монголынхоо кино урлагт хайлдаг. Хамгаа дэлгэдэг” гэснийг нь сонсохоор мань эрийг нэлээд уйламхай эр байж дээ гэж бодсон маань андуу байгаагүй. Түүний тухай дурссан болгон хэчнээн өр нимгэн, тусч цайлган байсныг нь заавал өгүүлэх. Хүний орчлонд хүнлэг, өр нимгэн явсан нь буруудчих гээд байдаг хачин хорвоод алдаж онож л явсан эр. Хүнлэг, өр нимгэн сэтгэлийг өмчилж авсан шигээ авьяастай хүмүүст байдаг омогшил, бардамнал ч бас түүнийх. Ямар сайндаа л төрийн тэргүүнд өгөх цэцгийг өөрийг нь эмчилж эдгээсэн эмчид хэнэг ч үгүй өгчихөөд ажлаас хөөгдөж байх вэ.

 Одоогоос 30 гаруй жилийн тэртээ 1987 онд “Хайрыг хайрла” жүжгийн тоглолтын үеэр тайз нурж мань эр нэлээд хүнд гэмтсэн байдаг. Жил гаруй эмнэлэгт байж, дөрвөн ч удаа хагалгаанд оржээ. Дотор гэдэс нь язарч, хэзээ хэзээгүй нөгөө ертөнцөд очих дээрээ тулсан байсан гэдэг. Тэр үед “Эргээд тайзан дээрээ гарахгүй нь дээ” хэмээн  гутарч байхад нь алтан гартай эмч нар амийг нь аварч, хөл дээр нь босгож хувь тавиланг нь эргүүлэн өгчээ. 

Түүнийг хөл дээрээ боссоны дараа “Хайрыг хайрла” жүжиг дахин тавигдахаар болжээ. Тоглолтын дараа Батмөнх даргад өгөх цэцгийг нь эмчдээ өгснөөс болоод мань эр хөөгдсөн гэж байгаа. Амийг нь аварсан хүндээ цэцэг өглөө, даргад өгсөнгүй гэж найруулагч нь уурлаж, хашхичиж, хөөсөн гэдэг юм билээ. “Тэндээс хөөгдөж, даргад цэцэг өгөөгүйнхээ төлөө огтхон ч харамсаж байгаагүй. Харамсахгүй. Цэцэг өгсөн эмчийнхээ буянд би өнөөдрийг хүртэл амьд сэрүүн яваа” хэмээн мань эр сүүлд нь дурссан байдаг. Ахиад л нөгөө Ж.Батмөнх дарга. Хоёр танхай авьяастан энэ даргыг үл тоосон байх юм. Ш.Сүххуягаас сэтгүүлч нэг удаа “Та яагаад гавьяат болохоос дургүйцсэн юм бэ” гэж асуухад мань эр “Би тэр тэмдгийг өдөр болгон зүүхгүй. Тэглээ ч би Соёлын тэргүүний ажилтан цолондоо л хайртай. Гавьяат гэж хэлүүлэхээсээ ч ичдэг. Миний багш Соёлын тэргүүний ажилтан цолтой тэнгэрийн орныг зорьсон. Чиний асуугаад байгаа үгийг би “Хүн чулууны нулимс” кинонд тоглосны дараахан хэлсэн юм. Найзынхаа шарил дээр очоод цусан гавьяаныхаа одонг үзүүлээд “Энэ чиний одон шүү” гээд булдаг юм. Тэр сэтгэлгээ, залуу насны ааг омог, бардам зан, багшаа гэх сэтгэл минь намайг тийм бардамналд хүргэсэн л дээ. Тэр агуу хүн үр бүтээлээ үнэлүүлээгүй байхад шавь нь том шагнал авна гэдэг зүйд нийцэхгүй санагдсан” гэж хариулсан байдаг. Энэ нэлээд сүүлд өгсөн ярилцлагынх нь үг л дээ. Гэхдээ л бардам аж.

Ахиад л Чилүгэний аялгуу чихэнд сонсогдоод эхэллээ. Түүний хуурдсан аялгуу найман зууны тэртээх талын дээгүүр эцэг өвгөдийн сургаал, эмс охидын шивнээ, ялалт уналтын уухайг тээн ирж анир дэлдмуй. Их хааныг тэнгэрт бараалхсаны дараа түүний алтан шарилыг тээн яваа их тэргийг бараадан гуйван алхах Чилүгэн. Тууврын замд сүргийн явдал гүйцэхгүй ч хоцрохгүйг хичээн бараадан дагах өнчин ишиг мэт.

Мэдээж мань эрийн сонин хэвлэл, радио телевизэд өгсөн ярилцлага, нийтлэл, найруулал хэвлэлийн олон хуудас нүүр дүүргэх хэмжээтэй. Одоогийн этгээд хэллэгээр “Долоосон” нь ч их, газар доогуур ортол муулуулсан нь түүнээс ч их юм даа. Хүний амьдрал давааны оройд гарах ч, уруудаж буух нь ч байдаг даа. Тэр болгон шуугианыг би үнэхээр дурдмааргүй байснаа нуух юун. Тэрбээр он цаг, амьдрал мөнхийн тэмцлийн түүхийг бидэнд гэрчлэн өгүүлээд л буцсан тодоос тод од. Амьдралаа эхэлсэн газар амьдралаа төгсгөсөн түүний тухай миний мэдэх зүйл ийм.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24596/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22