Танил зургуудтай “Амьдралын хүрд”


Байгалийн олон өнгө хүмүүний амьдралын мөчлөгтэй сүлэлдсэн шаргал өдрүүдэд Улаанбаатарын урдаа барьдаг галерейнүүд шинэ, содон үзэсгэлэн, эвентүүдийг зохион байгуулж байна. Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд реалист зураач С.Рэнцэн агсны бүтээлүүдийг дэлгэжээ. Олны танил зочид бүтээлүүдийг сонжин ширтэж урлагийн тухай яриа зураг бүрийн өмнө хөвөрч байв. Танхим дүүрэн өлгөсөн зургуудыг тод атлаа тайван амгалан сэтгэгдэл төрүүлэх тунгалаг өнгөнүүд ижилсүүлэх мэт. Нуулгүй хэлэхэд, зураачийг “Үнэн” сонинд ажиллаж байснаар нь  нэр мэдэх төдий сэтгэгдэлтэй очсон надад зарим зураг нь их танил мэдрэмж төрүүлнэ. Хаа нэгтээ хараад өнгөрсөн зураг алийг тэр гэхэв. Гэхдээ оюун санаанд авторын алдар биш дүрслэлээрээ үлдэж хоцорсон уран зургууд байдаг даа. Тийм л “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө” гэдэг шиг уран бүтээлүүдийг С.Рэнцэн зураач туурвиад оджээ. Хийлийн дөрвөл “Хэнтийн өндөр ууланд” симфони эгшиглүүлж, Булган уул, Алтайн уулс, Сэлэнгэ мөрөн 1970-аад оны Улаанбаатартай хамт угтан авлаа. 

Зурдаггүй бичдэг, бүтээл нь хүүрнэдэг зураач

“Тосон зургийн мастер” хэмээн тодотгодог эгэл зураачийн бүтээлүүдийг ажиглавал жижиг голдуу этюд нь янзын гоё бичлэгтэй аж. Нэг зураг мянган үгийг орлож чаддаг гэдэг. Тэрбээр зүгээр ч нэг зурдаггүй бичдэг, бүтээл нь хүүрнэдэг зураач юм. Өглөөхөн нартай байсан тэнгэр гэнэтхэн хуйсганаж, төд удалгүй цас хялмайлдаг Монгол нутгийн байгалийн олон араншинг зотон дээр тун ч тод бичжээ. Цагаан, улаан, хөх өнгөөр тунарсан  “Алтайн хүрэн хайрхан”,  “Булган уул”, “Сулинхээрийн талд” бүтээлүүд үүний тод жишээ. Зураачид дундаас судалбар зургийн арга барилаараа онцгой ялгарах, тансаг сайхан ажиллагаатай, өөрийн өвөрмөц өнгө зохицолтой бүтээлүүдээрээ алдартай.  Эх орноороо болон Москва, Киев, Ленинград, Архангельск, Болгар, Хятад улсаар аялан 4000 гаруй судалбар зуржээ. Эдгээр судалбартаа үндэслэн 300 гаруй суурь уран зураг бүтээн туурвисан тухай хүү Р.Хуягбаатар нь ярилаа. Дүрслэх урлагийн бүхий л урсгал дотроос уран бүтээлчээсээ хамгийн торгон мэдрэмж шаарддаг нь усан будгийн төрөл. Ганцхан хоромд цаасанд уусах, эс бөгөөс  хаашаа ч урсаж мэдэх усан будгаар ажиллаж, мэдрэмжээ үзэгчийн сэтгэлд буутал дүрсэлнэ гэдэг уран бүтээлчийн чадварыг бэлхнээ илэрхийлнэ. С.Рэнцэн агсны арга барил, бүтээлийнх нь давтагдашгүй шинж чанарыг “Мастер барилт”-тай нь холбоотой гэж үздэг аж. Дотор сэтгэл, оюундаа тооцоолчихоод зотон дээр гаргаж тавьдаг мастер барилтаас дахин давтагдашгүй өнгө төрхтэй, реалист  дүрслэлүүд бидэнд үлдсэн нь дамжиггүй.  Тосон будгаар гэрэл сүүдрийн уран тоглолт, онцгой арга барилаар бүтсэн үнэт өвөөс Дүрслэх урлагийн музейд 40, Урчуудын эвлэлийн уран сайхны сан хөмрөгт 30 гаруй нь хадгалагдаж байна. Урчуудын эвлэлийн шагналыг  анхлан хүртсэн багшийгаа үе үеийн шавь нар нь хүндэтгэнэ. Шавь нараас нь Ш.Чимэддорж, С.Баярбаатар нар нь олны хүндэтгэл талархлыг хүлээсэн  нэртэй уран бүтээлчид болжээ. “Монголын үнэн” сонины 105 жилийн ойг тохиолдуулан гаргасан нь учиртай. Нэрт зураачийн ажил амьдрал манай сонинтой салшгүй холбоотой. “Монголын үнэн” сонины үсгийн шрифтүүдийг шинэчилж, шинэ цагийн сонины дизайныг гаргажээ.

Цуглуулагчдад алтан боломж

Социализмын үеийн Монголын удирдагчийн өвлийн ордон гэгдэж байсан Их тэнгэр цогцолборыг тохижуулах зорилгоор 1986 онд  Дүрслэх урлагийн музейгээс 17 сор бүтээлийг шилжүүлжээ. Эдгээр шедевр дунд  С.Рэнцэн гуайн “Цэцэрлэг хот” зураг байсан юм. Амьдран буй нийгмийнхээ ахуй, оршин суугчдын хэв маягийг харуулсан хотын сэдэвт зургууд нь С.Рэнцэн зураачийн бүтээлд жинтэй байр суурь эзлэх болов уу. Тэрбээр байгаль болон хотожсон ертөнцийг бүтээлдээ тэгш хуваан дүрсэлсэн байна. Навчсаа гөвөх зулзаган улиастай зэрэгцэн дугуйтай залуус сүлжилдэнэ. Нүдээ тас аниад орчин үеийг хүлээн зөвшөөрч, нэг хэсэг нь болж буйгаа мэдрэх мэт хатан хувцастай бүсгүй Булган уулын энгэрт зогсоно. 50 жилийн тэртээ Зайсан толгой, Баянзүрх хайрхан, сэрүүн Сэлбийн дэнж өвс мод халиурч, ус гол хоржигносон байгаль байсан нь зураг болон мөнхөрчээ. “Амьдралын хүрд”-д зочлон саатахдаа Улаанбаатар хийгээд 1970, 1980-аад оны Монголын хотжилтоор дагнасан үзэсгэлэн гаргах хэмжээний өв үлдээжээ хэмээн бодолхийлэв. Зураач амьд ахуйдаа  Улаанбаатар хотноо дөрвөн удаа , Болгар, Япон, Хятад, Англи, Франц, Чех, Польш, Румын улсуудад бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. Тэндээс л олон бүтээл нь дотоод,  гадаадын уран зураг сонирхогчдын цуглуулгад очсон болов уу. Мөн уламжлалт монгол зураг хэрхэн орчин үе рүү хэлбийж, шинэчлэгдэж байсныг илэрхийлнэ. Ер нь Монголын дүрслэх урлагт ноёрхож ирсэн сэдэв болон дүрүүд өнөө үед эрс өөрчлөгдөж байгаа. Залуу уран бүтээлчид байгальд эсвэл өөр ямар нэгэн ахуйтай газар судалбар хийхээс илүү урландаа төвлөрөх болсон.   Сонгодог урлагт дурлагсдын буюу ахмад уран бүтээлчдийн эрин улирч, хүний анхаарлыг хялбархан татах урлагийн хөнгөн төрлүүд зонхилжээ. Ялангуяа тосон будгийн мастер ажиллагаа орсон бүтээлүүд орчин цагт ховордсон. Тийм реалист уран зургуудаар цангаж буй цуглуулагч, сонирхогчид “Амьдралын хүрд”-ийг зориорой. Өөрийн мэдрэмж, ажил мэргэжлийн онцлогт тохируулан дүрслэх урлагийн бүтээлүүдийг гэр, оффисынхоо дотоод засалд нийцүүлэн худалдан авах, цуглуулах хандлага нэмэгдсэн. Урлагийн уур амьсгал бүрдүүлж, гоо зүйн таашаал өгөх уран зураг худалдаж авахыг хүссэн хэн бүхэнд эл үзэсгэлэн нээлттэй. Зураг бүр нь түүхтэй  үзэсгэлэнгээс өнгө будаг цаасан дээр хэрхэн бүжиж, давлагаалж, бийрийн үзүүрээр хэрхэн бүтээл болж биежсэнийг сонирхоорой.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24620/


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 7 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 7 цагийн өмнө
Тохуурхал 7 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 7 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 7 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 7 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 7 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 7 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 7 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 7 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 10 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр