Г.Номин: Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн хүүхдүүд хаана байна, бид тэнд хүрч ажиллана



Эзэмшсэн мэргэжлээрээ олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, өдгөө үеийн залуустай хамтран нэгэн зорилгын төлөө яваа Г.Номинг ярилцлагын зочноор урилаа. 2017 оноос хойш эрүүл мэндийн салбарт ажиллахдаа голдуухан хүүхдийн чиглэлээр дагнасан түүнтэй ярилцах өнөөдрийн сэдэв бол “Гэрэлтэх эхлэл” аян юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд биечлэн хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрч ажиллах зорилготой уг аяныг хоёр дахь удаагаа зохион байгуулсан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард байв. Г.Номин уг аяны зохион байгуулагчаар ажилласан бөгөөд одоо Социал демократ Монголын залуучуудын холбооны Удирдах зөвлөлд багтан хүүхэд залууст шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлд анхааран ажиллаж байна.          

-Таны үе тэнгийн, нэг салбарын залуустайгаа хамтран оролцдог аян өнгөрсөн жилийн төгсгөлд хоёр дахь удаагаа болжээ. Нэрнээсээ эхлээд бусдын анхаарлыг татах ашгийн бус ажилд та хэд дэх жилдээ оролцож байна вэ?      
-“Гэрэлтэх эхлэл” аяныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-нд хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Миний хувьд энэ аяныг 2023 онд анх эхлүүлснээс өнөөдрийг хүртэл үйл ажиллагаанд нь оролцож байна. Анх зорилтот бүлгийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдийн багийн гишүүн байсан бол өнөөдөр залуучуудын байгууллагын Удирдах зөвлөлд багтан эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхэд санал бодлоо илэрхийлэх, хувь нэмрээ оруулах боломжтой болсон. Нэг зорилгын төлөө хамтрах ажиллах залуучууд Социал демократ Монголын залуучуудын холбооных байсан учраас өнгөрсөн оны аравдугаар сард тэдэнтэй нэгдэж оны төгсгөлд “Гэрэлтэх эхлэл” аянаа бид хамтдаа зохион байгууллаа. Манай залуучуудын холбоо 2024-2028 оны хооронд “Дэвшилтэт хөгжлийн стратеги”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү стратегийн үндсэн чиглэлийн хоёрдугаарт “Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж” хэмээн тусгасан байдаг. “Гэрэлтэх эхлэл” аян нь энэхүү чиглэлийн хүрээнд залуусын нэгдэн хийж байгаа ажил юм. Бид 2023-2024 онд хийсэн аяндаа 500 гаруй хүүхдийг хамруулж байсан. Чих, хамар хоолой, шүд, хүүхдийн болон арьсны чиглэлээр мэргэшсэн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл тухайн үед үзлэг, оношилгоо хийхдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжгүй зорилтот бүлгийнхнийг хамруулж байв. Аяныг хоёр дахь удаагаа зохион байгуулахдаа нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль болон “Амгалан” асрамжийн газар, “Өнөр бүл” I,II , “Гэрэл” төвийн хүүхдүүдийг үзлэг оношилгоондоо хамрууллаа. Энэ жилийн хувьд Цэргийн төв эмнэлгийн залуу эмч нар, хүүхдийн нүүр ам судлаач оюутны клубийнхэн болон бусад байгууллагын сайн дураараа оролцож буй эмч нараас бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хүүхэд багачуудад хүрч ажилласан. Мөн 15 оюутан сайн дураараа бидэнтэй нэгдэж, бэлэг бэлдэхэд хамтран ажилладаг байгууллагууд маань аяныг маань дэмжин тусаллаа. Үүний үр дүнд “Гэрэлтэх эхлэл” хоёр дахь удаагийн аяны хүрээнд 740 гаруй хүүхдийг хамруулж чадсан.  
-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үзлэгээ өөрчлөх тохиолдол гарч байв уу?
-Хоёр дахь удаагийн аяны гол онцлог нь бид оношилгоо, эмчилгээний чиглэлүүдээ нэмсэн. Зүрх, мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн эмчийн үзлэгийг хуваарьтаа нэмж оруулан хүүхдүүдийг хамрууллаа. Мөн эхний өдрийн үзлэгийн дараа тэдэнд өөр ямар чиглэлийн эмчийн тусламж үйлчилгээ шаардлагатай байгааг анзаарч нэмсэн. Улмаар үзлэгийн хоёр дахь өдрөөс эхлэн эрэгтэй хүүхдүүдэд бэлгийн ариун цэврээ хэрхэн сахих тухай зөвлөгөө өгөх эмчийг ажиллуулсан юм.  Ингэж хоёр дахь удаагийн аян эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн, тухайн хүүхдэд үзүүлэх эмчилгээ оношилгоо, эрт илрүүлэг хийж байгаа чиглэл, хамруулсан хүүхдийн тоо, хамтран ажилласан бүрэлдээхүүн өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлттэй болсон. Харин хамруулсан хүүхдийн тоо зорьсон хэмжээнд хүрээгүй. Анх 1000 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүргэхээр төлөвлөж байсан ч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн ид үе таарсан учраас зарим сургуулийн сурагчид чөлөөтэй байж 740 гаруй хүүхдэд хүрч ажилласан.  
-“Гэрэлтэх эхлэл” аянд илүү олон хүүхэд хамруулъя гэвэл зохион байгуулах цаг хугацааг өөрчилбөл оновчтой юм шиг санагдаж байна. Гэтэл та бүхэн яагаад заавал арванхоёрдугаар сарыг сонгож аянаа хийдэг юм бэ?
-Арванхоёрдугаар сар гараад л шинэ жилийн уур амьсгал орчихдог. Хүүхэд багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг энэ баяраар тэдэнд эрүүл байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гэрэлтэх ирээдүй бэлэглэхийг хүссэн юм. Биднийг дэмжин ажилладаг олон байгууллага бий. Тэдгээрийн дунд бялуу хийдэг компани байдаг бөгөөд тусгайлан хийсэн бүтээгдэхүүнээ өгсөн нь аянд хамрагдаж байгаа хүүхдүүдэд гэнэтийн бэлэг болж чадсан. Аяны хүрээнд зөвхөн үзлэг хийгээд зогсохгүй оюуны хөрөнгө оруулалт болох, эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлэх чиглэлийн ном, сэтгүүлийг хүүхдүүдэд бэлэглэсэн. Түүнчлэн англи хэл дээрх, хүүхдийн нас насны онцлогт тохирсон номууд, бичиг хэргийн хэрэгслийн хамт бэлгэнд өглөө. Энэ жил UA Properties компанийнхан бидэнтэй хамтран ажиллаж бэлэг бэлдэхэд туслахын зэрэгцээ асрамжийн газрын хүүхдүүдэд “Ариун” брэндийн хэрэглээний бүтээгдэхүүнүүдээр ханган ажилласан.
-Хүүхдүүдэд тусалж ашгийн бус ажил хийх та бүхний саналыг үе тэнгийн залуучууд чинь хэрхэн хүлээн авдаг вэ. Аян зохион байгуулахыг сонсоод өөрт байгаа нөөц бололцоондоо тулгуурлан тусалъя гээд зориод ирсэн хүн байгаа юу?
-Манай холбооны залуучуудаас гадна сайн дураараа тусалж дэмжсэн хүн олон бий. Хоёр дахь удаагийн аяныг дэмжин оролцсон залуучуудаас Цэргийн төв эмнэлгийн эмч нар идэвхтэй, манлайлан оролцсон. Мөн хүүхдийн нүүр ам судлалын “PEDES” оюутны клубийнхэн хичээлийн бус цагаараа аянд нэгдэж бидэнд тусаллаа. 
-Ингэж хүүхдүүдийн эрүүл мэндийн төлөө олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахад урамтай зүйл нь юу байх юм?
-Биднийг үзлэг, оношилгоо хийсний дараа хүүхэд багачуудыг эрүүл энх байлгахад цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатайг мэдэх боломжтой. Энэ нь тухайн сургууль, хүүхэд асрах төвийн багш, нийгмийн ажилтнуудын ажилд ихээхэн тус нэмэр болдог юм болов уу. Үзлэг, оношилгооны дараа тэдний талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хараад урам их авдаг.  Нийгмийн хөгжилд нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь хамгийн чухалд тооцогддог. Бидний энэ аян, Социал демократ Монголын залуучуудын холбооноос энэ чиглэлд анхаарч байгаа нь нэг талаараа нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр болно. Тиймээс бид залуучуудын оролцоотой нийгэм, нийтэд чиглэсэн ажил илүү олныг хийхээр төлөвлөж байна. 
-Хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг нэг удаа хийгээд зогсохгүй эргэх холбоотой ажиллах нь “Гэрэлтэх эхлэл” аяны үр дүн болно. Энэ тал дээр та бүхэн ямар ажил хэрэгжүүлж байна вэ? 
-Анхны төслийн эргэх холбоог сайн хийж чадаагүй нь бидний дутагдалтай тал байсан. Энэ жилийн хувьд эмчтэйгээ эргэж уулзаж үзүүлэх, зөвлөгөө авах шаардлагатай хүүхдийг Цэргийн төв эмнэлгийн эмч нар нэн шаардлагатай тохиолдолд хүлээн авах боломжтойгоо илэрхийлсэн. Түүнчлэн бидэнтэй хамтран ажилладаг харшлын эмч сайхан санал тавьсан. Гурав дахь аяны хүрээнд үзлэг хийхдээ эмчилгээг хамтад нь шийдээд явах боломжтойгоо ч хэлсэн. Тэгэхээр дараа жил зөвхөн нэг удаагийн үзлэг, эмчилгээ хийгээд орхих бус цогц байдлаар ажиллаж  хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг. Эмч нарын тоо нэмэгдэхээр нэг эмчид ногдох хүүхдийн тоо багасна. 
-Аяныг дэмждэг эмч нарын дунд сэтгэл зүйч бий юү?
-Одоогоор сэтгэл зүйн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн байхгүй. Сэтгэцийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болохыг суурь судалгаануудаас харж дүгнэлт хийж байна. Манайд ийм мэргэжилтнүүд харьцангуй цөөн. Гэхдээ дараагийн аянд сэтгэл зүйн эмч хамруулахаар зорьж байна. 
-Бидний ярилцлагыг уншаад тусалж дэмжих хүсэлтэй хүн байвал танай залуучуудын холбоо, “Гэрэлтэх эхлэл” аяныханд хандах боломжтой юу?
-Мэдээжийн хэрэг. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн хүүхдүүд хаана байна, бид тэнд зорьж хүрнэ. Насны хувьд харилцан адилгүй, нярайгаас эхлээд өсвөр насны янз янзын зан араншин, сэтгэн бодох чадвартай хүүхдүүдэд бид эмнэлгийн үйлчилгээ тусламж хүргэдэг. Тэгэхээр бидэнтэй хамтран ажиллах, “Гэрэлтэх эхлэл” аяныг дэмжих боломжтой хувь хүн, байгууллага байвал баяртайгаар хүлээн авах болно. Эмч нар бидний ажлыг дэмжин нэгдвэл баяртайгаар угтан авна. Манай залуучуудын холбооны 2024-2028 оны хооронд “Дэвшилтэт хөгжлийн стратеги”-ийн хүрээнд хийх олон ажлын зөвхөн нэгээхэн хэсэг нь “Гэрэлтэх эхлэл” аян  бөгөөд цаашид хүүхэд бүрийн ирээдүй гэрэлтэй байгаасай гэсэн чин хүслээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.


 Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө