Олноо алдаршсан жанжин клуб



Бяцхан түүх сөхье

Манжийн автономит засгийн 1919 оны үед Жавзандамба Богд гэгээний дэргэд “Нархажидын хөгжим” гэдэг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжмийн хамтлаг байжээ. Энэ нь хуучин улирлын өвлийн эхэн сар буюу зул сарын 25-нд дээрх Нархажидын сүмд /Зайсангийн аманд байсан/, мөн Богдын цагаан сүмд Цагаан сарын 10-нд сэмбэрэм мөргөдөг байв.  Энэ үед мөнхүү хөгжимчид хөгжимдөн дуулдаг. Хөгжим нь гэвэл ятга, пийпаа, ёочин, хуучир, шанз, лимбэ, зана, морин хуур зэргээр чадварлаг тоглодог байлаа. Дээрх хөгжмүүдийг Богдын ногоон лавиранд хадгалж байгаад жинхэнэ хөгжим хэрэглэх цагт хөгжимчдийн ахлагч авч бусдад олгон, ажил дуусмагц хурааж авдаг байжээ. Тэдний ахлагч нь зайсан Дамдин. Тухайн үеийн Наймаа хотын Хэлэлцэх яамны эрхлэх түшмэл байв. Олонх хөгжимчид нь Наймаа хотод оршин суурьшиж байсан бөгөөд дасгал сургуулийг өөрсдийн гэрээр цугларч хийдэг. Мөн тэр үед Наймаа хотноо модон хөлт буюу луу янгуу хэмээх Хятадын галын наадмыг өвлийн улирал болмогц тоглодог. Энэ үед явж байсан хөгжимчдөөс тухайн үеийн түүх намтрын эзэд болсон алдарт Амгаланбаатар хот тэр үеийн хүрээнд сууурьшиж үүсэж байсан Улсын төв театрын Ардын жүжигчин Дашдэлэг, хөгжимчин эмэгтэй Намсрай, Хулганаа, кино үйлдвэрийн жүжигчин Ёндонсамбуу, Жамьяансүрэн, Цэндсүрэн, Гочоо, Батмөнх нар тоглодог байлаа.

Тэд Хятадын ша-ю шанзаар хүртэл сайн тоглодог байж. Энэ үеийн Наймаа хотын эмэгтэйчүүд шанз, ёочин, эрчүүд хуур, хуучир, бөмбөр тоглох сонирхол ихэд дэлгэрч байсан бөгөөд одоогийн Баянзүрхийн товчоо буюу тухайн үеийн Модчин хэмээх сууринд очиж ший наадмаа үзүүлдэг байв. Тэр үед Амгаланбаатар хотноо 40 орчим монголчууд хуралдаж өөрсдийн хүчээр хувцас бэлдэж модон хөлт янгуугаар олны өмнө үйлчлэх болсон нь Хятадын мөнгө хүүлэгчид, гадаад дотоодын хар, шар феодалуудыг шүүмжлэн чадварлагаар тоглодог тоглолт байсан юм. Эдгээр хоёр төрлийн уран сайханчийг 1921 оны Ардын хувьсгал ялсны дараагаар ард түмэн бүрэн эрх чөлөөтэй болмогц тус тусын уран сайхан нь бүрэн бололцоогоор хангагдаж өөрийн үндэсний уран сайхныг хувьсгалын утга агуулгад хөгжүүлэх замыг олж эхэлсэн байна. Энэ үед Богдын мэдэлд байсан хөгжмийг өөрсдийн гар дээр авч ахлагчаар нь Мухар Шар гэдэг хүнийг томилж, олон нийтэд үйлчилдэг болжээ. Хятадын янгууг дуурайж модон хөлт наадам тоглож байсныг өөрчилж эзэрхэг түрэмгий феодалууд, мөнгө хүүлэгч гадаад дотоодын шунахай худалдаачид, тэдний хань хамсаатнуудыг шоолон шүүмжлэх утга агуулга бүхий жүжгийг найруулан тоглож үзүүлдэг байжээ.

Жанжин клубийн үүсэл

1922 оны намар тус хүрээ хотноо МАХН-ын бат хувьсгалч 22 дугаар үүр мөн соёлыг бадруулагч эвлэлийн зургадугаар үүрийн гишүүдийн хамтарсан хурлын тогтоолоор үүрийн удирдагч Хатанбаатар Магсаржавын санаачилгаар 14-20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын уран сайханчдын бүлгэмээс бүрдсэн тус клубийн дүрмийг батлах шийдвэр гаргаж байв.  Тэр үед Цагдан сэргийлэхийн байрнаа /хуучин Заргачийн яамны сууринд/ клубийг бий болгож, уран сайхны дугуйлан байгуулан удирдлагаар нь нам эвлэлийн гишүүн Нацаг, Ёндонсамбуу нарыг сонгож намын суртлыг уран сайхантай хослуулан явуулж эхэлжээ. Тэд долоо хоногт хоёр удаа ший жүжиг тоглож, удирдах найруулах ажлыг эвлэлийн үүрийн дарга Лувсандагва, нэрт хөгжимчин Ишдулам нар удирдаж байв. Ший янгуу жүжигт сайн тоглосон хүмүүст Хятадын мөнгөн дэвсгэрт нэгийг өгдөг байжээ.

1921 оны Ардын хувьсгалын тохироо бүрдэж буй тэр цаг үед хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар болон түүний журмын нөхөд ардын дуу наадмыг хөхиүлэн дэмжигч журмын нөхдийн хамт “Хувьсгалын үеийн сэдэв”-т дуу наадмыг зохиох уриалга гаргаж тухайн үеийн бичиг мэддэг хүн бүхэн оролцсон байна. Хэд хоногийн дараа янзган Дамдинсүрэн хэмээх хүн “Шивээ хиагт” дууны үгийг нь бичиж Сүхбаатар жанжинд жагсаалаар очиж дуулж өгчээ. Жанжин хэдэн үг засаад ”Зарим бадгийг хасах хэрэгтэй” хэмээн зөвлөж, хувьсгалын анхны уг дууг ихэд өндрөөр үнэлж сайшаан, бүтээхэд оролцсон 17 хүн нэг бүрийг гурван янчаанаар шагнаж, дууны үгийг зохиоход гол үүрэг гүйцэтгэсэн пулемётын салааны дарга Дамдинсүрэнг гурван янчаанаас гадна дээлийн чисчүүгээр шагнажээ. 1922 оны нэгдүгээр сарын 7-нд Октябрийн социалист их хувьсгалын таван жилийн ойг тохиолдуулан уг клубийн ажлыг Нам эвлэлийн төв хорооноос сайшаан зөвшөөрч суртал номлогчоор Хатанбаатар Магсаржав, Янжмаа нарыг томилон ажиллуулжээ.1922-1932 оны хооронд тус клубийн удирдлагаар Намын төв хорооны дарга Дамбадорж, Эвлэлийн төв хорооны дарга Жадамбаа, Ерөнхий сайд Цэрэндорж нар ажиллаж байсан бөгөөд эдгээр нь бүгд Амгаланбаатар хотын хүмүүс байв.

Энэ үед клубээс зохиож байгаа ажилд нам төрийн удирдлагууд түүний дотроос Д.Сүхбаатар жанжин өөрөө ирж танилцан чухал зөвлөгөө өгдөг байв. Тухайн үеийн Амгаланбаатар хотын ардууд хүртэл үлгэр жишээ клубийн ажлыг ихэд сайшаан дэмжиж гар бие оролцох, өөрсдийн зүгээс нэмэр хандив өргөдөг байв.Тус хотын гуравдугаар хорооны 163 тоот хашаанд суудаг ард Т.Дамдингаас “Миний төрсөн хүү 16 настай ямар ч сурлага боловсролгүй Гомбын бие тус клубт өөрийн сайн дураар орж, хөгжим заалгаж эдүгээ морин хуур, мандолин, хуучир зэргийг сайн сурсанд баярлан клубийн уран сайхны ажилд хувиасаа морь тавыг өгч туслав” гэжээ. 1923 оны сүүлээр тус клубийг Эвлэлийн Төв хорооны мэдэлд шилжүүлж, нарийн бичгийн дарга нь байсан Занабазар, жүжигчин Насанбат, Сономмэнд, Иш-Аюуш, жаал Гомбожав, Орос Гомбо нарын хүмүүс янгуу наадмыг тоглож, үлэмж их орлого улсад оруулж байсан байна.Тэр үед “Гурван улсын түүх”,”Их алтан улсын түүх”,”Ши мэргэн ноён”, “Жидаан Хуушаан”,”Тансан Лам”, “Шидэт хүүр”-ийн туульсыг орчуулан тоглож байсан ба ”Уушандар”, ”Хаан хөвгүүн”, ”Хилэн Дандий” зэргийг үлгэрийн далайгаас авч жүжиг болгон тоглож байжээ.

Гэвч манай уран бүтээлчид үндэсний хэлбэр агуулга бүхий хувьсгалын үеийн зохиолчдын жүжгийг бас найруулан тоглодог байжээ.Үүнд “Сандуа амбан”, “Сумъяа ноён”, ”Сахилаа мартагч лам”, ”Шаазангийн дамнуурга”, ”Уушандар”, ”Галын жагсаал”, ”Галт элст уулын байлдаан”, ”Хааны хүү”, ”Харцын хүү”, ”Гаргүй шоожуу”, ”Ахдүү гөрөөчин”, ”Улаан малгайт”, ”Нацагдорж”,” Феодалын хурим”, ”Харгис шанзав”, ”Самьяа ноён”, ”Тэнэг хүүхэн”, ”Цэцэн хөвгүүн”, ”Дамбийжаа”, ”Тэсэрсэн гэдэс” гэх мэт хувьсгалч агуулгатай жүжгийг тоглож Нийслэл хүрээнд ихэд алдаршсан байв.  Энэ үед нийслэлд народник дом, Ардын байшин гэдгийг байгуулж тусгай уран сайхны газар буй болгож үүнд Амгалангийн клубээс жүжигчин Дэлдэн боохой, Халзхүү, улцан хэмээх Түмэнбаяр, монхор Хөх, Уламбаяр, жаал хэмээх Шир, эрхлэгч Болд нарыг татан авчирч ажиллуулж байжээ.

Сонирхуулахад, 1957онд тус клубийн барилгыг Хотын гүйцэтгэх захиргааны даргын шийдвэрээр бүр мөсөн буулган, тэр үеийн Хотын соёлын хэлтсийн дарга байсан Б.Очирбат, Их Хурлын дарга Ж.Самбуу гуайд хүсэлт тавьсны дагуу 1958 оноос эхлэн барилгыг шинэчлэн барьж 1962 онд ашиглалтад оруулжээ.

Монголын нэрт зохиолч С.Буяннэмэхийн тэр үеийн хэвлэлд бичсэн нийтлэлд дурдахдаа “Миний бие энэхүү Сандуа амбанаас сэдэвлэсэн “Ойрхи цагийн товч түүх хэмээх бүжиг наадмыг бичиж Амгалан, Гомбожав нарт хянуулан харилцан зөвлөлдөж боловсронгуй сэргэлэн гишүүдээс томилон авч нэгэн долоо хоногийн дотор сургуулийг үйлдэн төгсөж олон нийтэд үзүүлэв” хэмээн бичсэн байдаг.  1924 онд Ардын үлгэр жишээ клуб нэртэй болж энэ тухай БНМАУ-ын түүхэнд “Тус оронд соёл гэгээрлийн газруудыг зохион байгуулах ажлын эх тавигдсан” гэж тэмдэглэсэн байдаг. Д.Сүхбаатарын нэрэмжит клуб нь Ардын засгийн анхны жилүүдэд сайн дурын уран сайханчдын төв газар нь болж Монгол Улсын урлаг, соёлын газар үүсэн байгуулагдсан анхны гал голомт болсон бөгөөд цаашид хөдөөгийн аймгуудын улаан булан, клубүүдийг байгуулахад асар их туршлага, үлгэр жишээ болох гол цөм нь болж байсан тухай П.Даваасамбуу гуайн бичсэн “БНМАУ-ын соёл гэгээрлийн ажлын түүхэн замнал” номд  дурдсан байдаг. Тус номд бичихдээ, “1926 онд хуралдсан Хан-Хэнтий уулын аймгийн намын хорооны гуравдугаар Их хурлаас аймгийн намын хорооны дэргэд улаан булан байгуулах тухай заасны дагуу 1926 оны зургадугаар сард клуб байгуулан, тус клубийг байгуулахад Сүхбаатарын төв клубийн эрхлэгч Чимэдийг урин ирүүлж, зөвлөгөө авах мөн жүжиг хөгжмийн дугуйлангуудыг шинээр байгуулж байжээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Х.Нацагдорж ярихдаа, “Манай клубийнхэн тухайн үед 1952 онд Ардын гэгээрүүлэх яамны томилолтоор 40 хоногийн хугацаатай Булган, Хөвсгөл аймгийн клубт багшаар томилогдон очиж ажилладаг байлаа. Тэр үед төмөр замын дагуу явж тоглолт хийдэг байсан бөгөөд мөн хорих газар уулын аманд байдаг сумууд буюу одоогийн Төв аймгийн нутгаар үхэр тэргээр хүртэл явж тоглолт хийдэг байлаа. Нэг удаа Төв аймагт очиж тоглолт хийхэд тэрэг маань эвдрээд бид тоглолтын хувцас хамаг юмаа үүрээд Богд уулыг даваад алхаж ирж байв. Клуб маань асар их хувцастай байсан бөгөөд “Цогт тайж” киног хийхэд манайхаас хувцас хэрэглэл авч, хэрэглэж байлаа. Жанжны клуб бол мартаж болохгүй урлагийн байгууллага юм” хэмээн хуучилсан юм.

Ард түмний бахархал

Тус клубийн тайзан дээр ардын аман зохиолоор хийсэн “Сумъяа ноён“, “Уушандар”, “Сахилаа мартагч лам“ зэрэг хувьсгалт агуулга бүхий жүжгийг амжилттай тоглож байсан бөгөөд хувьсгалын дараагаар Монголын Зохиолчдын эвлэлийн түр цагийн түр хороо буюу уран зохиолчдын ууган ордон болж байв.  Энэхүү алдарт клубээс Монгол Улсын Ардын жүжигчин Ичинхорлоо, алдарт хөгжимчин Ишдулам, Дашдэлэг, жүжигчин Дамдинсүрэн, Цэндээхүү, Гавьяат жүжигчин Цэрэндэндэв, И.Цогбадрах, ард олноо нарийн хоолойт хэмээн алдарсан Нацаг, Янжинлхам, нэрт жүжигчин Шаравдоо, Дамдинбазар, Лувсансодном, Содном, Насанбат, нэрт жүжигчин Цэрэнлхүндэв, М.Дулмаа сүүлийн үеийн гавьяатуудаас дуучин Сийлэгмаа, драмын жүжигчин Уранчимэг, дуучин жүжигчин Магсаржав, захирал С.Бархас, Хандмаа, Буянхишиг, Х.Нацагдорж, Б.Очирбат, Н.Лувсансамбуу, Хумбаарай, Баяраа, дуучин Мөнхбаяр зэрэг улс орондоо нэр алдар нь цуурайтсан алдар цуутнууд төрөн гарчээ.

Д.Сүхбаатарын нэрэмжит соёлын ордон  нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 302 мянга гаруй хүн ам бүхий иргэд, хүүхэд залуучуудад соёл олон нийтийн үйл ажиллагааг урлаг уран сайхны олон талт хэлбэрээр зохион байгуулж явуулах, хүн амыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх төв болон ажиллаж байна. Манай соёлын ордон нь 16 ажилтантай, 500 хүний суудал бүхий үзвэрийн танхим, номын сан, орчин үеийн техник аппаратур бүхий хөгжим, кино проектор, үндэсний хөгжмийн иж бүрдэлтэй материаллаг баазтай. Шинэ соёлын ордон баригдаж  ашиглалтад ороод байна. Иргэд хүүхэд залуучуудын дунд зохион байгуулах соёл олон нийтийн ажлыг соёлын ажлын олон талт хэлбэр болох концерт, үдэшлэг, өдөрлөг, уулзалт, тэмцээн уралдаан, урлагийн төрөл бүрийн наадам, үзэсгэлэн гаргалт, сургалт хурал, дугуйлан хичээллүүлэх зэрэг ажлыг жил, улирал, сарын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тус соёлын төвийн дэргэд хүүхэд залуучуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой дуу, бүжиг, хөгжмийн төрлөөр хичээллэдэг дугуйлан ес дэх жилдээ амжилттай хичээллэж байна. Соёлын төвийн захирал, соёлын менежер, нягтлан бодогч, дууны багш бүжгийн багш, нярав номын санч слесарь, жижүүр, сахиул, зэрэг орон тоотой орчин үеийн шинэ байртай, техник хэрэгсэл, дуучид бүжигчид зэрэг олон арван авьяастны цогц төв болтлоо хөгжжээ.

Нийслэлийн соёл урлагийн салбарын оны “Шилдэг соёлын төв”-өөр олон удаа шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал мөн НХЗГ-ын “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар, Соёлын төвийн захирал төрийн дээд шагнал “Алтангадас“ одонгоор шагнагджээ.  Дүүргийн “Соёл спортын шилдэг байгууллага“, Нийслэлийн 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд “Соёл урлаг-соёлын довтолгоон“ нэртэй улаан гэрийнхний театрчилсан тоглолт, соён гэгээрүүлэх нэг жилийн аян өрнүүлж, тус ажлаар Нийслэлийн 380 жилийн ойн “380 Жилийн шилдэг бүтээлч ажлын батламж” , Дүүргийн “Ахмадад ээлтэй байгууллага”-аар тус тус шагнууллаа.

“ТВ-9” телевизээс зарласан ”Гэгээн алсын одод” урлагийн их наадамд дуу бүжгийн “Их Монгол” хамтлагийн дууны ангийн сурагч Э.Бямбажав шилдэг 15-д шалгаран үлдэж, тавдугаар шат хүртэл амжилттай оролцон  тэргүүн байр,  “Гран при” шагнал, Алтан медалийн эзэн, бүжгийн ангийн сурагч А.Шинэ-Идэр шилдэг 15-д шалгаран үлдэж, тавдугаар шат хүртэл оролцон, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунбилэгийн дэглэлт “Сэдэн көвүүн“ бүжгээр Дэд байр, мөнгөн медалийн эзнээр тодорч, урлагийн их наадмыг магнайлан өнгөллөө.

Дүүргийн ЗДТГ-аас 2020 оныг “Хөрөнгө оруулалт хөгжлийн жил“ болгон зарласан ажлыг дэмжиж, тус соёлын төвөөс “Хатан туулаа хайрлая, хайрхан уулаа хамгаалъя, олон мод тарья” уриалгатай жилийн аяныг өрнүүлж соён гийгүүлэх соёлын довтолгооныг сайн зохион байгуулсныг үнэлж, БОАЖЯ-ны “Хүндэт өргөмжлөл”, Баянзүрх дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр, Соёлын төвийн захирал С.Бархасыг Эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж “Алтан зул“ дууг 30 гаруй жил дуулж, олон түмэнд хүргэсэн зүтгэл хөдөлмөрийг үнэлж, БОАЖЯ-аас “Байгаль хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулсан амжилт ололт дүүрэн, урлагийн бие даасан Соёлын ордон болжээ.

• 2011 оны хоёрдугаар сарын 26-нд болсон “Өвлөн бүжье-2011“ улсын уралдаанд бүжгийн ангийн найман сурагчийг оролцуулж, ахлах насанд сурагч Б.Туяацэцэг, Ч.Чинзориг нар Л.Эрдэнэбаярын дэглэлт “Буриад“ бүжгээр, хослол төрөлд тэргүүн байр, Алтан медаль, МУСТА Д.Оюунбилэгийн дэглэлт “Хотон” бүжгээр зургаан сурагч  хамтлаг төрлөөр тусгай байр тус тус эзэллээ.

• Налайх дүүрэгт Монгол Ул­сын Гавьяат бүжигчин Ж.Жар­галсайханы нэрэмжит “Бүжиг, бүжиг” улсын VII их наадамд таван бүжгээр амжилттай оролцлоо. Тус тэмцээнээс сурагч А.Шинэ-Идэр бага насны ангилалд тэргүүн байр, Гран при шагнал, сурагч Хонгорзул  Мөнгөн медаль, дунд насны ангилалд алтан медаль, ахлах насанд сурагч Ч.Чинзориг алтан медаль тус тус хүртлээ.

• “ТВ-9” телевизээс зарласан 4-5 сард болсон “Гэгээн алсын одод” улсын II их наадамд бүжгийн ангийн сурагч О.Хулан, дууны ангийн сурагч М.Түвшинсанаа нар идэвхтэй оролцож IV, V байр буюу тус уралдааныг ивээн тэтгэсэн “Total myuzik” байгууллагын шилдэг бүжигчин, шилдэг дуучин шагналыг гардан авлаа.

•Дугуйлангийн дууны ангийн сурагч Г.Нямхишиг “Урин цагийн аялгуу“ уран бүтээлийн бие даасан тайлан концертыг ЦДБЭЧ-ын танхимд хоёр удаа зохион байгуулж, Монголын хүүхдийн ордны “Эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “Шилдэг сурагч” алтан медалиар энгэрээ мялаалаа. “Дэлхийн ази” цогцолборын алтан медалиар тус тус шагнагджээ.  Тус ардын урлагийн  их наадамд Монгол

Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүр­­гийн 820 ардын авьяастан орол­цож, Баянзүрх дүүрэг багаараа, дэд байр хоёр сая төгрө, Их наадмын цо­моор тус тус шагнагдлаа.

• Соёлын ордны захирал С.Бархас төрийн дээд шагнал Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа.

• Соёлын менежер Б.Цэцэгмаа дүүргийн Хөдөлмөрийн аварга болжээ.

2024 онд бид орчин цагийн нийгмийн болон соёлын түвшинд гарч байгаа хөгжил дэвшилттэй эн зэрэгцэж ажиллах соёлын менежментийг боловсруулж нийслэлийн гэр хорооллын дунд орших залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчныг бүрдүүлсэн, орчин үеийн техник хэрэгслээр хангасан соёл мэдээллийн төв болох зорилготой нийслэлийн шилдэг үйл ажиллагаатай “Жишиг соёлын төв” зорилт тавин ажиллаж байна.

Ийнхүү Монгол Улсын соёл урлагийн хөгжлийн үүслийн түүх болсон их жанжны нэрэмжит олноо алдаршсан Жанжин клуб Монгол Улсын Соёл урлагийн төв болтлоо өсөн дэвжиж, өөдлөн хөгжиж байна.

Монголын ард түмний урлаг соёлын үндэсний бахархал болсон их жанжин Сүхбаатарын нэрэмжит эртний түүхт Жанжин клубийн шинэ цагийн үйл ажиллагаагаар хүн бүр баярлан бахархаж явдаг юм. 

 Ц.ЯДАМСҮРЭН

 (Монгол Улсын төрийн үйлчилгээний Гавьяат ажилтан, нийтлэлч/

 Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 12 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 14 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 15 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 15 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 15 цагийн өмнө
Товчхон 16 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 16 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 17 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 19 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 19 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 19 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 19 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 19 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 19 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 19 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 20 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 21 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 21 цагийн өмнө