УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн төсөл, түүний үр дүн болон цаг үеийн бусад асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Рэгдэлтэй ярилцлаа.
-126 гишүүнтэй, олон намын төлөөлөл багтсан, УИХ-ын эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдсэн гэх мэт олон онцлогтой парламентын анхны намрын чуулган завсарлах гэж байна. Намрын чуулган ямар онцлог, үр дүнтэй байв?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны чуулган өндөрлөх гэж байна. Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлаас гурван зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, улсын төсвийн тодотголтой холбоотой асуудал. Төсвийн орлого төлөвлөснөөс нэмэгдсэн бөгөөд улмаар улсын эдийн засагт нөлөө бүхий томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага бий болсонтой холбоотойгоор 2024 оны улсын төсвийг хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улсын төсвийн дагалдах хуулиудыг хамтад нь хэлэлцэж, шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, 2025 оны төсвийн тухай хууль. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан төсвийг дахин хэлэлцэж, ардчилсан Монгол Улсын түүхэнд анх удаа алдагдалгүй төсөв баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсны дагуу улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг хөдөлгөж эхлэхтэй холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тухайлбал, Монгол, Францын хамтарсан ураны төсөл. Энэ бол хоёр улсын Засгийн газрын харилцан тохиролцсоноор шийдэгдэж буй, манай улсын хувьд Оюунтолгойн төслийн дараа орж ирж байгаа гадаадын хоёр дахь том хөрөнгө оруулалт юм. Энэ утгаараа ач холбогдол өндөртэй төсөл. ЗГХЭГ-ын дарга Н.Учралаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн тухайн төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулах, хоёр тал түүнд тусгах зарчмын асуудлаа тохиролцож, УИХ-д оруулж ирсэн. Тухайн асуудлыг парламент хэлэлцэж дэмжсэн. Ингэснээр тухайн гэрээнд гарын үсэг зурж, эцэслэх техникийн асуудал үлдээд байгаа.
Хоёр дахь том төсөл бол хил холболтын төмөр замын тухай асуудал. Гашуунсухайт, Ганцмодны боомтыг төмөр замаар холбох асуудал үндсэндээ 2014 оноос хойш хоёр улсын Засгийн газар болон холбогдох компаниудын түвшинд яригдаж явсаар өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр энэ асуудлыг эцэслэн шийдэх тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тухайн асуудлыг УИХ-д оруулж ирсэн. Үүнд УИХ-ын гишүүд хариуцлагатай хандаж, гуравдагч этгээдийн зуучлалгүйгээр хоёр улсын холбогдох байгууллагууд шууд гэрээ байгуулан ойрын гурван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрч, Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ мэтчилэн бид бүхэн намрын чуулганаар улс орын хөгжил, эдийн засагтай холбоотой чухал хуулийн төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-Намрын чуулганы үеэр хөндөгдсөн халуун сэдвүүдийн нэг нь эрчим хүчний салбарын асуудал байлаа. Энэ асуудлыг бүх шатандаа хэлэлцсэний эцэст тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Ингэснээр тухайн салбарт үүсээд буй асуудлууд бүрэн шийдвэрлэгдэх боломж бүрдсэн үү?
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд ойролцоогоор арван хувиар нэмэгддэг. Гэтэл эрчим хүчний эх үүсвэрийн хэмжээг хэрэглээтэйгээ дүйцүүлж, нэмж чаддаггүй. Оргил ачааллын үед асуудал үүсэх хэмжээнд хүрээд байгаа. Тиймээс эрчим хүчний асуудалд онцгой ач холбогдол өгч, Засгийн газраас тодорхой хэмжээний шийдлийг танилцуулж, УИХ-д оруулж ирсэн. Ингэснээр ямартаа ч хоёр асуудал шийдэгдсэн. Нэгдүгээрт, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбож чадсан. Энэ нь эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн ач холбогдолтой ажил болсон. Мөн БНХАУ-ын холбогдох компанитай гэрээ байгуулж, Багануурт цахилгаан хураагуурын станц байгуулж, оргил ачааллын үед эрчим хүчний системд 60 мВт хүртэлх хүчин чадалтай цахилгаан нийлүүлэх боломж бүрдсэн.
Цаашид гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын тусламжтайгаар байгуулсан хуучин цахилгаан станцыг өөрчлөн шинэчлэх асуудлыг УИХ дээр нэлээд тодорхой хэлэлцэж, зураг төсвийг нь Оросын талаар хийлгэж, түүнд үндэслэн дараа дараагийн асуудлыг шийдвэрлэх зарчмын шийдэлд хүрсэн. Тиймээс Засгийн газар цаг алдалгүй ТЭЗҮ-ийг нь хийлгэж, дараагийн шатны ажил руугаа орж, хэрэгжүүлбэл эрчим хүчний хангамжийн асуудал боломжийн түвшинд шийдэгдлээ гэж үзэж болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ирэх дөрвөн жилд хоёр дахин нэмэгдэх ёстой. Ингэснээр эрчим хүчний хэрэглээний жил бүрийн бодит өсөлтөөс гадна илүү ачааллыг даах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Улсын хөгжлийн нэг тулгуур нь эрчим хүчний хангамж байдаг. Тиймээс цаашид дэлхий нийтийн хандлага, жишгийн дагуу ногоон эрчим хүч буюу атомын цахилгаан станц байгуулах чиглэл рүү явах ёстой. Тийм ч учраас Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах суурь судалгааг хийж дуусгах заалт багтсан.
-УИХ-ын дарга захирамж гаргаж, тухайлсан асуудал хариуцсан 50 гаруй Ажлын хэсгийг байгуулсан. Тухайлбал, таны багтсан Ажлын хэсгийн хариуцсан асуудал аль шатандаа явж байна вэ. УИХ-аар хэлэлцүүлсэн үү?
-Намрын чуулганы бас нэг онцлог бол УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан 52 ажлын хэсэг. Эдгээрээс би зургаад нь, мөн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан хоёр ажлын хэсэгт орж ажиллаж байгаа. Миний оролцож буй Ажлын хэсгүүдээс хамгийн их тохируулга, зохицуулалт ихтэй нь хүнс, эмийн асуудал. Тухайн асуудлын эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Монгол Улсад хүнс, эмийн зохицуулалт, аюулгүй байдлыг хангах асуудал нэлээд задгай явж ирсэн юм байна. Эмийн чанар шалгадаг лаборатори нь тоног төхөөрөмж, санхүүжилт зэрэг асуудлаас үүдэн зогсонги байдалд орчихсон байх жишээтэй. Манай ажлын хэсгийнхэн эхлээд хүнстэй холбоотой асуудлыг судалж, хэлэлцэн нэлээд тодорхой саналуудыг боловсруулаад байгаа. Харин одоо эмийн асуудал руу ороод явж байна. Эмийн чанар, үнийн зохицуулалт хариуцдаг агентлаг байгуулах санал чиглэлийг ярьж байгаа. Дараагийн Ажлын хэсгийнхэн маань төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлын хүрээнд ажиллаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу байгуулсан Монгол Улсын Ёс зүйн хорооны ажлыг жигдрүүлэх, дэд хороодыг байгуулж дуусгах зэрэг шийдэгдээгүй задгай асуудал олон бий. Эдгээр асуудлын хүрээнд санал шийдэл боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангаж байгаа. Энэ мэтчилэн Ажлын хэсэг бүр хариуцаж буй асуудлынх нь хүрээнд хуулийн давхардал, хийдэл, цоорхой байгаа эсэхийг судалж, хэрэв байвал хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг гарц шийдэл, санал боловсруулах үүрэгтэй.
Ажлын хэсгүүд боловсруулсан саналаа УИХ-ын хаврын чуулганаар оруулж, хэлэлцүүлэх юм. Ингэснээр тухайн асуудлын эрх зүйн орчны зохицуулалтад томоохон өөрчлөлт гарах боломж бүрдэнэ. Уг нь Ажлын хэсгүүдийн зарим нь хариуцсан асуудлаа намрын чуулганд оруулж, танилцуулах ёстой байсан боловч төсөв зэрэг цаг хугацаатай зарим асуудлаас үүдээд хойшилсон. Тиймээс эхний ээлжид тухайн Ажлын хэсгийнхэн асуудлаа түрүүлж хаврын чуулганд оруулж ирэх байх.
-Ойрын өдрүүдэд Засгийн газрыг огцруулах тухай жагсаал цуглаан болж байна. Та хамтарсан Засгийн газрын бодлого шийдвэр, үйл ажиллагаанд ямар байр суурьтай байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газрын гараа бол маш сайн байгаа. Ахмад хүний хувиар харахад хамтарсан Засгийн газар байгуулсан нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын төрийн бүтэц зохион байгуулалтад хийсэн хамгийн том алхам. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар байгуулсан нь зөв, дэвшилттэй, Монгол Улсын эрх ашигт нийцсэн алхам болсон гэж үзэж байгаа. Цаашид парламентад олон намын төлөөлөл орж ирэх боломж нээгдсэн. Тиймээс цаашид дандаа хамтарсан Засгийн газар байгуулж байж Монгол Улсын хөгжлийн бодлого зорилт хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг олон зүйл харуулж байгаа. Тухайлбал, түрүүний миний ярьсан хөгжлийн өндөр ач холбогдолтой мега төслүүд, өмнө нь гацаж байсан томоохон ажил, асуудлыг Засгийн газраас шийдэл, арга замтай нь оруулж ирэхэд УИХ-аар дэмжигдэх магадлал өндөр байдаг юм байна.
-Ахмад гишүүний хувьд та жагсаал цуглааны цаад зорилго, асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Засгийн газартай ширээний хоёр талд сууж, асуудлаа зөвшилцөхгүй атлаа огцор гээд байгаа нь ойлгомжгүй. Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар огцруулж болохгүй шүү дээ. Хөгжлийн өндөр ач холбогдолтой, олон жил бодлогоор саатуулагдаж, гацсан төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх замыг нь нээж, хөдөлгөж эхэлсэн явдалд дургүйцэж буй хүмүүс л тухайн жагсаалын цаад талд байгаа. Жишээлбэл, хил холболтын төмөр замын асуудал яригдаад эхлэхээр уурхайн амнаас автомашинаар нүүрс тээвэрлэдэг томоохон бүлэглэл дургүйцэж, эсэргүүцэх нь ойлгомжтой. Хэсэг бүлэг хүний бус Монголын ард түмний эрх ашгийн төлөө ямар ч асуудалтай тулгарсан тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх л ёстой.
Мөн ураны төсөлтэй холбогдуулан томоохон хөрөнгө оруулалт хийгдэж эхлэхээр бас үүнийг эсэргүүцэх хүмүүс ч байна. Манай улс Баялгийн сангийн тухай хуультай шүү дээ. Ураны төсөл дээр Засгийн газар 34 хувийг нь эзэмших ёстой. УИХ-аас энэ хувийг орлуулж болох татварын эх үүсвэрүүдийг зааж, холбогдох хуулийг нь баталсан. Тэр эх үүсвэрээс орж ирж буй орлого эхлээд Баялгийн санд, дараа нь Монгол Улсын иргэн бүрийн нэр дээр нээсэн дансанд хуримтлагдах юм. Ингэж Монгол Улсын иргэн бүр газрын хэвлий, хөрсөн доорх баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэж эхэлж байна. Гэтэл энэ ашиг орлогыг халаасалж байсан бүлэг хүмүүс дургүйцэж, энэ нь эцэстээ жагсаал цуглаанаар илэрч байгаа нь харамсалтай. Монгол Улсын газрын хэвлий дэх баялаг, ашигт малтмалыг цөөн хэдэн хүн эзэмшиж, ашиг шимийг нь хүртээд байж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиараа ашиг шимийг нь бүх ард түмэн хүртэх ёстой.
-Хэд хоногийн өмнө Ахмадын үндэсний чуулган болсон. Тухайн чуулганаас гаргасан санал зөвлөмжийг цаашид бодит ажил хэрэг болгох асуудал дээр Ахмадын оролцоог дэмжих бүлгийнхэн нэлээд идэвх санаачилгатай ажиллах болов уу гэж харж байна?
-УИХ дээр байгуулагдсан Ахмадын оролцоог дэмжих бүлгийнхэн маань үндэсний чуулганаас гаргасан санал зөвлөмжийг авч танилцан ойрын гурав, дөрвөн жилд ахмадын оролцоог дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллана. Ахмадын оролцоог дэмжинэ гэж юуг хэлж байна вэ гэхээр тэтгэвэртээ гарсан хэдий ч салбартаа экспэртийн түвшний ажил хийх чадвартай ахмадуудыг улсын хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд хэрхэн яаж ажиллуулах вэ гэдэг асуудал. Олон улсын туршлага, жишээнээс санаа авч, үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх ч боломж бий. Нөгөө талдаа салбартаа манлайлагч, мэдлэг туршлагатай ахмадууд тэтгэвэрт гарсан ч өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах боломжтой, нээлттэй гэдэг ч бодит байдалд үнэндээ хаалттай байна. Гэхдээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Ахмадын тухай хуулиар хаалга хагас онгойлоо. Жишээлбэл, 50 болон түүнээс дээш орон тоотой төсвийн байгууллагууд хоёроос доошгүй ахмад настныг ажиллуулах ёстой. Мөн цалингийн сангийхаа гурваас доошгүй хувиар Ахмадын сан байгуулж, түүнийгээ ахмадуудыг дэмжсэн үйл ажиллагаанд зарцуулах үүрэг хүлээж байгаа. Тиймээс Ахмадын оролцоог дэмжих бүлгийнхэн бид хуулийн хэрэгжилтийг хангуулахад илүү санал санаачилгатай ажиллана.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна