Эгэл жирийн атлаа эрхэмсэг сайхнаар оршихуйн учрыг эх орон, ард түмэндээ, өөрийн утга төгөлдөр амьдрал, үйл хэргээрээ үлгэрлэн харуулж, гүнээ ухамсарлуулсан аугаа их ухаантан Монгол эх оронд минь дахин давтагдашгүйгээр заяасан юм.
Энэ эрхэм хүмүүн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, XX зууны манлай сэтгүүлч, төр нийгэм-олны гарамгай зүтгэлтэн, сод мэргэн соён гэгээрүүлэгч, доктор, профессор Лодонгийн Түдэв багш минь билээ.
Багш маань 1956 онд УБДС төгсөөд, төрөлх Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн сургуульд орос хэлний багшаар томилогдон ирж байв. Ингэж түүнийг 20 гаруйхан настай хонгор зүстэй байхад нь харсан бидний хэдэн хүүхэд оросоор мама, папагаа ч мэдэхгүй Алтай хотод ганц 10 жилийн сургуульдаа тойргийн сумдын долоон жилийн сургуулиудыг төгсөж ирсэн охид, хөвгүүд байлаа.
Орос хэлийг огт мэдэхгүй болхи, молхи бид багшийгаа тун ч их зовоож, хэлж бичүүлсэн /цээж бичиг/ орос өгүүлбэрийн “нэг алдаа”, “хоёр алдаа”, “гурван алдаа” гэж тоолуулан, толгой руугаа долоовор хуруугаар нь мөн ч их тоншуулдаг байсан тэдгээр сурагчийн нэг нь би багшаараа зэмлүүллээ гээд бидэнд муу юм огт болоогүй, харин ч зааж сургасныг хичээнгүйлэн сурч, чанд шаардлагыг нь биелүүлэхийг хичээдэг байв.
Харин би хожуухан Б.Ринчен гуайн орос хэлний “өөрөө сурах” гурван номоос судалж, Москва хотод Комсомолын дээд сургуульд нэг жил суралцаж хэлний бэлтгэлээ ахиулан төгсөж ирсэн. Архангай аймгийн ХЗЭ-ийн хороонд удирдах ажил хийсэн он жилүүдийн үед багш маань МХЗЭ-ийн Төв хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон билээ.
Чухамхүү энэ үед би багшийнхаа агуу их мэдлэгтэй, сод мэргэн, цэцэн цэлмэг соён гэгээрүүлэгч, үлгэрлэн манлайлагч, зангарагтай, чадвар нь хэтийдсэн удирдагч болохыг сайтар ойлгож мэдэрсэн юм.
Л.Түдэв дарга 1976 оны наймдугаар сард Архангай аймагт ажлаар ирэхэд нь тосож угтан Их тамир сумын, сум-нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Р.Минжүүр гуайтай уулзахаар явахад нь дагалдан явсан. Улмаар Хөдөлмөрийн баатартай цагаан идээний үйлдвэрийн өмнө уулзаж, хөөрөлдөхөд, багш маань ямар нэгэн дуу хураагч юм уу, тэмдэглэл огт хөтлөөгүй, зөвхөн сонсоод, асууж тодруулаад байсан. Гэтэл хоёр өдрийн дараа “Залуучуудын үнэн” сонинд МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Түдэвийн бичсэн “Манай залуучууд юу хүсэж байна вэ” гэсэн гарчигтай дагалдах томоохон нийтлэл гарч, тэнд Р.Минжүүр баатарын ярьсан зүйлийг тэр чигээр нь хашилтад хийж оруулсныг хараад би бүр алмайрч энэ хүний толгойд хүний яриа, бичиг, соёлын зүйлүүд тэр чигтээ, үг үсэг хаягдахгүй тогтоогддог юм байна шүү гэдгийг мэдэж, биширсэн юм.
Л.Түдэв багшийн МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 10-аад жилд залуу үеийнхнийг ахмад үеийн хувьсгалт, дайчин, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлэх уриа дуудлагадаа чин үнэнч зүтгэцгээж, ахмадаас суралцахад чиглэсэн олон хэлбэрийн ажил зохион явуулдаг байв. Түүнчлэн залуусыг загас, зөгий, гахай, тахиа үржүүлэх, цэцэгжүүлэх мэдлэг, арга барилд сургаж, амьдрах ухаанд бэлтгэх алсын хараатай, олон төрлийн ажил, арга хэмжээг ХЗЭ-ийн байгууллагуудын хэмжээнд идэвхтэй зохион явуулж, хүүхэд, залуучуудын нийгэм-соёл, улс төр, хөдөлмөрийн идэвхийг эрч далайцтай өрнүүлдэг байлаа. Энэ үед залуучуудын байгууллага олон зуун залуусын хувь заяаг зөв шийдэж байснаар тэдний ажил, амьдралын гэгээн зам мөр өөдрөг сайхан байв.
Залуучуудын хийж бүтээх гал цогтой, оргилуун насан дээр нь урам хайрлан алдаршуулж, тэдний үлгэр жишээгээр бусдыг ухааруулан хүмүүжүүлж, бүтээлчээр хөдөлмөрлүүлэх нь маш чухал гэдгийг Л.Түдэв багш гүнээ ухамсарлан ойлгож, хэрэгжүүлдэг байсан нь тэр үеийн залуучуудын байгууллагын нүсэр, олон талт үйл ажиллагааны үр дүн, амжилтаар нотлогддог.
1978 онд хуралдсан МХЗЭ-ийн XVII Их хурлаар Монгол Улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбараас ажил, үйлсээрээ шалгарсан Хэнтий аймгийн Биндэр сумын мянгат саальчин, улсын аварга малчин, 22-хон настай С.Аюуш, Завхан аймгийн Сонгино сумын хоньчин, улсын аварга малчин Ц.Намхайнямбуу, Дархан хотын техник туслалцааны барилга трестийн барилгачин Г.Тэгшжав, Улаанбаатар хотын савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин Н.Цэнд-Аюуш нарын залуус Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болцгоож, зөвхөн нэг Их хурлаараа дөрвөн баатар төрүүлсэн нь онцгой үйл явдал байлаа. Энэ нь төр, засаг тэр үеийн залуучуудын байгууллага, залуусын ажил хөдөлмөрийг ямар их өндөр үнэлж байсны тод илрэл юм. Эдгээр МХЗЭ-ээс төрсөн баатрууд нь тухайн үеийн залуусын бахархан дуурайх хүмүүс болцгоосон бөгөөд өнөөгийн ардчиллын анхны жилүүдэд хоньчин баатар Ц.Намхайнямбуу УИХ-ын гишүүн болж, төр түшилцсэн анхны малчин хүн байлаа.
Ер нь залуучуудын байгууллага бол хүнийг зөв хүмүүжил, төлөвшилтэй, ажлын арга барил, чадвар сайтай болгодог, залуу хүнд хүнтэй ажиллах түлхүүрийг гарт нь атгуулдаг хишиг буян гавьяатай, хүний ажил амьдралын хамгийн эрчимтэй, бахархалтай, зүрх сэтгэлд мөнхөрсөн, дурсамж дүүрэн алтан үе байдаг.
Би энэхүү дурсамжаараа МХЗЭ-ийн ажил үйлсийг бүхэлд нь 1970-1980-аад оны зурвас үеийнхээс цухасхан онцолж байгаа юм. Тэр үеийн эвлэлийн ажилтнууд, залуучууд болон улс ардын аж ахуй, соёлын аль ч салбарт ажилласан нийгмийн харилцаанд гүнзгий орж, бүтээн байгуулалтын түүчээ нь болж, залуучуудын эрч хүчийг ундруулж, биеэр үлгэрлэн манлайлагч, зохион байгуулагч нь байж, “МХЗЭ бол МАХН-ын дайчин туслагч, бэлтгэл хүчин” гэдэг нийгмээс хүлээлгэсэн үүрэгтээ чин үнэнчээр зүтгэж, зорьсондоо хүрч ажилладаг, хожуу насандаа ч өөдрөг мөнхийн залуу сэтгэлгээгээр өөрсдийгөө хурцалж, амьдарч чаддаг хүмүүс билээ.
Чухамхүү энэ залуучуудын байгууллага, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн гарамгай удирдагч, зохион байгуулагч, үзэл санааны яндашгүй ундарга, эх булаг, тэтгэн гэгээрүүлэгч нь доктор, профессор Л.Түдэв багш байсан юм. Тэр үеийн эвлэлийн ажилтан хүнд оролцохгүй ажил, чадахгүй зүйл гэж бараг байгаагүй бөгөөд залуучуудын байгууллагад ажилласан хүний гар нь ганзганд, хөл нь дөрөөнд хэнээс ч түрүүнд хүрч хишиг буяныг нь хүртдэг, хожим гэгээн дурсамж болон үлддэг байсан.
Тэгээд ч энэ үед төр засаг, эвлэл, үйлдвэрчний бүх шатны байгууллагууд хамтран улс ардын аж ахуй, соёлын төлөвлөгөөт зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх ард түмний социалист уралдааныг газар сайгүй зохион байгуулан явуулж, ард олны нийгэм- улс төр, хөдөлмөрийн идэвхийг далайцтай өрнүүлж, шалгарагсдад эдгээр байгууллагын шилжин явах туг, мөнгөн шагнал гардуулдаг байлаа.
Энэ үед хэдийгээр нийгмийн тогтолцоо гажуудалтай, мухардмал байсан ч гэсэн системээрээ нэгэн дуугаар ажиллаж чаддаг, захирах захирагдах ёс, жудаг, хүн хүнээ хайрлах энэрэнгүй үзэл нийгмийн амьдралд бат сууж, МХЗЭ, МҮЭ, МЭБ зэрэг олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд өндөр байв.
Л.Түдэв Монгол Улсыг хөгжүүлж чадах хүн байсан
Монголын нийгэм 1980-1990-ээд онд Зөвлөлтөөс эхтэй өөрчлөн байгуулалт /перестройка/, ил тод байдал, улмаар хүн төрөлхтний нийтлэг зам голдирол болох ардчилал, зах зээлийн зам руу шилжих өөрчлөлт шинэчлэлийн уриа дуудлага, үзэл санаа, сэтгэлзүй, ухамсрын сэргэлтийг буй болгоход ТҮ багшийн маань эрхлэгчээр нь ажиллаж байсан “Үнэн” сонин онцгой үүрэг гүйцэтгэсэн. Хаалттай байсан Улс төрийн товчоо руу эрхлэгч нь нийгмээс түрүүлэх далай баян оюун ухаанаараа танин мэдүүлж, биеэр нэвтэрч, нийгэмд бугшсан олон асуудал, эх орон газар нутгийн бүрэн бүтэн байдалд хамаарах эгзэгтэй том сэдвийг хөндсөн нийтлэлүүдийг шилдэг сэтгүүлчдээр бичүүлж, түмэн үлгэрлэн, олныг сэртгийлгэж байлаа.
Үнэн юм ганц л байдаг шиг, манай оронд өрнөсөн өнөөгийн ардчиллын салхийг “Үнэн” сонин хагалсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх.
1990 оны ардчилсан хувьсгалын дараа, 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, 1993 онд Ерөнхийлөгчийн сонгууль болоход МАН-аас нэр дэвшигч нь Лодонгийн Түдэв, нөгөө нэг нь МАН-ын Бага хурлын шүүлтүүрээр унасан П.Очирбат, дахин Ардчилсан намаас нэр дэвшин гарч ирсэн.
Ардчилсан намынхан: “Манайд нэр дэвшүүлэх хүн байхгүй учир, та нэрээ татаж болохгүй шүү” гэж ятган, тохиролцож, хуулийн цоорхойг ашигласан бөгөөд нэр дэвшүүлэх хүн нь ч, эдэлж буй эрх мэдлээ дахин олж авахын төлөө улайран зөвшөөрчээ. Ингээд бичсэн зүйлээ “Үнэн” сонинд нийтлүүлэхээр Л.Түдэв эрхлэгчтэй уулзаж, зорилгоо гүйцэлдүүлэн таваргаж явсан Энзомологийн хүрээлэнгийн Б.Батбаяр буюу Баабар тэргүүтэй ардчилсан намын хэсэг нөхөд Сонгуулийн ерөнхий хороо руу шуурхайлж явахыг телевизээр харж билээ.
Ийнхүү хийрхэл, улстөржилт давамгайлсан сонгуулийн сурталчилгааны явцад “Гарман дээр морио сольдоггүй”, “Дээлийн шинэ нь, хүний хуучин нь илүү” гэх зэрэг суртлаар ард түмний толгойг эргүүлсэн тархи угаалтыг хүчтэй явуулж, ардчиллын толь болсон ардчилсан сонгуулийн учир начрыг сайн ойлгоогүй, ухамсар мэдлэг дутмаг байсан ард түмэн “хуучин хүндээ” илүү санал өгсөн юм.
Эгэл жирийн иргэн би бусдынхаа нэгэн адил, энэ аугаа их хүн Л.Түдэв багшийгаа “Яг энэ сонгуулиар Ерөнхийлөгч болох ёстой хүн байсан” гэж ам бардан хэлнэ.
Хэрэв Л.Түдэв Ерөнхийлөгч болсон бол, энэ гажуудсан ардчиллын гамшгийг засаж залруулахад, Монгол Улсыг зөв замаар хурдацтай хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах хүн байсан гэж түмэн олон өнөөдөрч хөөрөлдөж суухыг олонтаа сонссон билээ. Багш маань энэ сонгуулийн сурталчилгаагаар Дархан-Уул аймагт ирж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзахад, миний бие дэмжиж үг хэлэх санаатай урд нүүрэнд сууж, багшийн яриа, мөрийн хөтөлбөрийг сонссон. “Даль жигүүр нь ургаж бөхжөөгүй дэгдээхэйгээ нисгэж сургахаар тэмүүлэгч ангир шувуу шиг, үзэгний иш барилцаж хүрэхгүй булбарай хуруутай бяцхан үрсдээ үсэг ацаглуулж сургахаар оролдож суугаа багш хүнийг хараад баярлахгүй хэн байхсан билээ” гэхэд багш маань сүрхий алга ташиж харагдсан. Гэтэл энэ үг өөрийнх нь Монголын багш нарын IV Их хурлын үеэр хэлсэн үгийнх нь эхлэл бөгөөд миний цээжинд хадагдаж үлдсэн юм.
Бас энэ сонгуулийн үед багш маань шүдэнзний хайрцагны нүүрэн чинээ хэмжээтэй фото зургийнхаа ар талд:
Эх орон танаа
“Эх орон таныхаа цэвэр агаараар амьсгалж
Эх орон таныхаа цэнгэг усаар ундаалж
Эх орон таныхаа алтан шорооноо эрхэлж
Эх орон таныхаа тэнүүн энгэрт наалдаж
Эх орон таныхаа ханагар цээжийг түшиж
Эх орон таныхаа өндөр нэрээр овоглож
Эх орон таныхаа өрлөг сүрээр омогшиж
Эх орон таныхаа хүү нь яваадаа баясна” гэдэг яруу сайхан шүлгээ бичиж зон олондоо дурсгадаг байв.
Товчхондоо багш маань сургууль боловсролын байгууллага, сонин хэвлэл, утга зохиолын газар, залуучуудын байгууллагад он удаан жил, 20-оодхон настайгаасаа 85 нас хүртлээ тасралтгүй ажиллан суралцаж, нэг байгууллагын ажлыг сайжруулан нөгөө байгууллагад дээд газрын \НТХ\ шийдвэрээр дэвшин, нөр их цуцалтгүй хөдөлмөрөө зориулж, хосгүй их амжилт бүтээл гарган, асар олон ном, зохиолоо туурвиж, далай баян оюун ухаан, ухамсарт амьдралаа эх орон, ард түмэндээ бүрнээ зориулж, төр засгийнхаа болон гадаад олон орны хамаг дээд шагналыг хүртсэн, дэлхийд данстай, эгнэшгүй алдар цуутай гавьяатан билээ.
Тэр Нобелийн шагналтан болох байлаа...
Миний хоёр дахь хэлэх гэсэн үгийг энэ дурсамжийн гарчгаас олж мэдэх байх. Монголын алдарт аугаа их хүн Л.Түдэвийг “Нобель хүртээгүй суут сод ухаантан” гэж зүгээр нэг хэлээгүй. Түүний ХХ, ХХI зууны тодорхой мөчлөгүүдэд хийж бүтээсэн асар их зүйл, туурвил бүтээлээрээ Монголд томдож, дэлхийд тоогдож данслагдсан алдар цуут хүн байсныг хэлэх нь илүүц юм. Энэ үгийг зөвхөн молхи би ганцаар хэлж байгаа юм биш. Төрийн соёрхолт, төр нийгмийн зүтгэлтэн, алдар цуутай яруу найрагч О.Дашбалбар агсан Л.Түдэв багшид энэ хүндтэй шагнал хүртээлгэх гэж 1990-ээд оны эхээр чамгүй зүтгэсэн боловч зарим нэгэн ойворгон, сэтгэл муутан Ч.Цэрэн гэх мэт этгээдүүдийн, багшийн хэлснээр: “Хойноос нь угаадас цацаж” уг асуудлыг бөхөөсөн юмдаг.
Харин багшийг минь тэнгэрт дэвшсэн жил 2020 онд Нобелийн шагнал эрхэлдэг байгууллага Монгол Улсаас Утга зохиолын шагналд нэг хүн дэвшүүлэх санал ирүүлсэн бөгөөд уран бүтээлийн онцлог, чанар чансаа, төрөл зүйл, тухайн улс орны болон дэлхийн нийгэм, соёлын амьдралд оруулсан хувь нэмрийг голчлон харгалздаг үндсэн шаардлагад нь нийцэх, дэлхийн хэмжээний хүн яахын ч аргагүй Л.Түдэв багш байсан.
Харин шинжлэх ухааны байгууллага энэ асуудлаар утга зохиолын философич, зохиолч, яруу найрагч, "Болор цом"-ын эзэн Д.Урианхайг дэвшүүлэх талаар сүрхий хөөцөлдсөн ч сураг тасарсан нь үндсэн шалгуурыг хангаагүй байж магадгүй.
Л.Түдэв багш 15 настайгаас буюу 1950 оноос уран зохиол бичиж, улмаар роман тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан бүтээл туурвиснаас гадаадад 25 номыг орчуулан хэвлэжээ.
Түүний туурвин бүтээсэн зохиол бүтээлүүд нь 40 боть ном болон хэвлэгдэж, таван тивийн олон арван улс үндэстэн, төрөлх хэлээрээ хөрвүүлэн, хүүхэд залуу үеэ хүмүүжүүлж, хорвоо ертөнцийг танин мэдүүлж байдгийг түүний орь залуудаа туурвисан “Хорвоотой танилцсан түүх” ном болон бусад олон бүтээлээс харж болно.
2005 онд олон улсын намтар судлалын хүрээлэнгээс шалгаруулсан дэлхийн 100 шилдэг зохиолчийн нэг болж “Амжилтын оргил” шагналыг Л.Түдэв багш маань хүртсэн билээ.
Энэ агуу их хүн, өөрийнхөө тухай огт бичдэггүй, харин хүн ардынхаа тусын тулд яндашгүй их авьяас билиг, оюун ухаан, цуцашгүй нөр их хөдөлмөр бүтээлээ зориулж ирсэн бөгөөд хорвоогийн мөнх бусын жамаар насан эцэслэхийн өмнөхөн “Үүлэн чөлөөний наран дор”- гурав гурваар гурамсалсан 12 гарчиг бүхий томоохон нийтлэлдээ өөрийнхөө хаана, хэзээ төрсөн, /Говь-Алтай аймгийн Халиун суманд 1935.03.09/, амжилт гарган ажилласан газар байгууллага, туурвисан бүтээл, түүхэн замнал, алдар хүнд, гавьяа шагнал, аав, ээж, эхнэр, хүүхэд, хобби-гурван цуглуулгаа \янз бүрийн чулууны, бяцхан номын, үйсэн бөглөөний\, хүртэл бүхий л ажил амьдралынхаа гайхамшигт зам мөрийг зориуд гурамсан илэрхийлсэн нь сонирхолтой бөгөөд гайхамшигтай.
О.Ажигцэрэн
/Монгол Улсын Гавьяат багш/
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна