Хэл амтай Оюутолгойн гэрээнээс хойш монголчууд анх удаагаа гуравдагч хөрштэй хэлэлцээрийн ширээнд сууж, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд Орон нутгийн хөгжлийн санд Баялгийн сангаар дамжуулж 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд нийгмийн хөгжилд оруулах боломж бүрдэнэ” хэмээн ярьж байна. Харин Франц улсыг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн тус улсын Европ, Гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь Франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Луран Сэн Мартайн “Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд энэ орд чухал түлхэц үзүүлнэ” гэж мэдэгдлээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргалаа. Зарлигийн дагуу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөв. Төрийн ордонд ардчилсан шинэ Үндсэн хуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгчтэй салах ёс үйлдэж, талийгаачийг Алтан-Өлгийд нутаглуулав. 1990 оноос хойш монгол төрийн ордноос С.Зориг, Л.Энэбишийг эцсийн замд нь үдэж байсан түүхтэй бөгөөд Ерөнхийлөгч П.Очирбат гурав дахь нь болж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд найрамдах Турк улсад ажиллалаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улс хооронд стратегийн түншлэл тогтоосон тухай “Хамтарсан тунхаглал”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган нар гарын үсэг зурав. Монгол, Турк хоёр улсын хувьд 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байна. Энэ айлчлалын үеэр нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Засгийн газрын хуралдаан болж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх шийдвэр гаргалаа. Нарийн, бүдүүн хоёр царигийн асуудлаас болж мухардалд орчихоод байгаа энэ төмөр замыг ямартаа ч холбох шийдвэр гарч, хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдвэрлэв. Гэхдээ хоёр улсын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлыг хэн нэг нь дур зоргоороо өөрчлөн хийж болдоггүй учраас багагүй шат дамжлага дамжих нь тодорхой болоод байна. Мөн энэхүү хуралдаанаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжаас нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаар хойш “Цэцэг” төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын замын түгжрэл, утаа, агаарын, хөрсний бохирдол улс монголчуудын “шүдний өвчин” болж хувираад байгаа. Энэ нь ч аргагүй. Нийт хүн амын бараг тавин хувь нь нийслэлдээ амьдран суудаг учраас Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хоттой холбоотой асуудлыг хэлэлцдэг болоод удаж байна. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрэмбэллээ. Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд метро, трамвай, Туулын хурдны замыг барих ажлыг эхэнд багтаажээ. Харин агаарын бохирдлыг бууруулахын тулд дулааны V станц, дулааны тармал эх үүсгүүр, Сэлбэ хотын барилгажуулалтыг тэргүүн эгнээнд бичлээ.
Газрын тос барих үйлдвэрийн хөрөнгө мөнгө дутагдаж, нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон тул Энэтхэгийн банкнаас дахин зээл авах тухай асуудал УИХ-ын түвшинд хэлэлцэж байна. С.Ганбаатар тэргүүтэй гишүүд үүнийг эсэргүүцэн “Энэ төслийн ТЭЗҮ –ийг үзсэн нэг ч хүн байхгүй, энэ тав зургаан жилд. ТЭЗҮ тооцоо судалгаа үндэслэлгүйгээр зээлийн хэлэлцээрийг баталбал хэрэгт орно. Газрын тосон дээр нөөц байхгүй, ус байхгүй. Голландчуудын тусламжтайгаар 2011 онд усны том судалгаа хийсэн. Алтан ширээ битгий хэл тэр сав газар ус байхгүй гэдэг судалгаа гарсан. Дэлхийн банкны 2010 оны судалгаа бий, говийн гурван аймагт зориулсан судалгаа мөн ус байхгүй гэж гарсан” хэмээн мэдэгдсэн нь нийгэмд багагүй шуугиан тарьж, хэсэг бүлэг хүмүүс “Газрын тосны үйлдвэр барих нэрээр мөнгө идэж байна” гэсэн хардлагыг дагуулав. Гэвч энэ мэдээллийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг эрс үгүйсгэж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ 2018 оны сүүлээр батлагдаж, 2019 оноос инженерчлэл эхэлсэн. Энэ төсөл хоёр орны төр, засгийн өндөр хяналт дор хэрэгждэг. 2019 оны сайдын тушаалаар ТЭЗҮ-ийг албаны нууцад авсан. Технологийн лиценз эзэмшигчидтэй бид 50, 100 жилийн нууцлалын гэрээтэй. Технологио алдахгүйн тулд ийм гэрээ байгуулдаг. ТЭЗҮ, техникийн бичиг баримт, стратегийн зэрэглэлтэй обьекттой холбоотой материалыг дуртай нь аваад засаад байдаг юм биш” хэмээн мэдэгдлээ. Олон нийтийн дунд “хэрүүлийн алим” болон өнхөрч байсан энэ асуудлыг УИХ шийдэж, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг баталлаа. Энэ шийдвэр Монголд анхны автомашин орж ирсэн 1913 оноос хойш шатахууны хараат байдалд байгаа монголчуудад ямартаа ч газрын тос боловсруулах үйлдвэртэй болох цаг ойртож байгаа юм байна гэсэн итгэл найдвар төрүүлэв.
Улстөрчдийн дунд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатартай холбоотой асуудал багагүй маргаан, мэтгэлцээн өрнүүлээд байна. УИХ-ын сонгуулиар хангайн бүсэд АН-аас өрсөлдөж ялалт байгуулсан Д.Цогтбаатар гишүүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар "Гэм буруутай" гэсэн шийдвэр гарсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн болсон Д.Цогтбаатар тухайн үед Хөгжлийн банканд ажиллаж байв. Түүнийг “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгохдоо албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүнд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод байгаа юм. Тиймээс 126 гишүүнтэй УИХ-аас Д.Цогтбаатарыг эргүүлэн татах уу, эсвэл гэм буруутай УИХ-ын гишүүнийг энэ хэвээр нь ажиллуулах уу гэсэн асуулт улстөрчдийн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Хэрвээ Д.Цогтбаатар гишүүнийг эргүүлэн татвал хангайн бүсэд дахин сонгууль зарлагдах нь тодорхой.
Төрийн өндөр албан тушаалтан болох УУХҮ-ийн дэд сайд асан О.Эрдэнэбулан, АМХЭГ-ын дарга асан Д.Үүрийнтуяа нар Францын “Арева” компаниас их хэмжээний авлигал авсныг Францын шүүх тогтоосон хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдсэн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Авлига авсан хэрэгт холбогдоод байгаа Д.Үүрийнтуяагийн хувьд өмнө нь Цөмийн энергийн газарт цацраг идэвхт бодисыг хариуцдаг байсан. Одоо Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын Үнэлгээ, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаа юм. Хэдийгээр Д.Үүрийнтуяа “Би авлига аваагүй” гэж мэдэгдэж байгаа ч Н.Учрал “Би хэн нэгнийг гүтгээгүй” гэж хариуцлагатайгаар мэдэгдсэн. Н.Учрал сайдын мэдээллээс үзэхэд Францын компани 2013-2017 онд үйл ажиллагаагаа явуулахдаа Монголын төрийн албан тушаалтнуудад нөлөөлсөн гэдэг асуудлаар Францын прокурорын байгууллагад шалгагдаж байжээ. Энэ талаар 2019 онд Францын Санхүүгийн прокурорын газраас Монголын АТГ-т хамтран ажиллах хүсэлт ирүүлж байсан юм байна. Хамгийн сонирхолтой нь, Францын хоёр иргэн Монгол Улсын төрийн албан тушаалтнуудад авлига өгч, лиценз авсан хэргээр шийтгэгдэж, 4.8 сая еврогоор торгуулаад байгаа аж. Хэдийгээр Д.Үүрийнтуяа тэргүүтэй албан тушаалтнууд авлига авснаа үгүйсгэж байгаа ч өгсөн хүмүүс нь хүлээн зөвшөөрч, ял аваад байгаа тул энэ хэргийг АТГ лавшруулан шалгах биз ээ.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна