Монгол Улсын улс төрийн тогтолцоон дахь цогц өөрчлөлтийг бодитоор хэрэгжүүлсэн парламентын анхны чуулган хөшгөө хаалаа. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын намрын ээлжит чуулган олон талаар онцлогтой бөгөөд үр дүнтэйгээр өндөрлөж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 76 өдөр чуулж, бие даасан хууль долоо, хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 23, олон улсын гэрээ конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, нийт 44 хууль, УИХ-ын 42 тогтоол, хэлэлцэн баталлаа. Энэ хугацаанд Бүгд найрамдах улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдааныг 30 удаа, Байнгын хорооны хуралдаан 137 удаа, дэд хорооны хуралдаан зургаан удаа тус тус хийсэн байна. Үндсэн хуульд хамгийн сүүлд оруулсан багц өөрчлөлтийн хүрээнд манай улс парламентын гишүүдийнхээ тоог 126 болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр эрх мэдлийн хэт төвлөрлийг задлах, хууль батлах босгыг өндөрсгөх, нийгмийн олон бүлгийн төлөөллийн дуу хоолойг сонсдог байх буюу төлөөллийн зарчмыг хангуулах зайлшгүй шаардлагатай гэдэг үүднээс “эцэг” хуулиа өөрчилсөн байдаг. Тэгвэл хуульд оруулсан энэхүү заалтууд агуулгаараа “амилж” чадах эсэхийг батлан харуулсан анхны чуулган өндөрлөлөө. Энэ удаагийн чуулган олон талаар онцлууштай болов. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 33 намаас тав нь парламентад төлөөллөө багтаасан нь Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт зайлшгүй байсны бас нэгэн баталгаа байв. Түүнчлэн Монгол Улс жалга довны үзлээс салж, бүсчилсэн хөгжлийг дэмжих агуулга бүхий анхны төсвөө баталсан юм.
Шинэ парламентын анхны сорилт нь улсын төсөв батлах үйл явц байлаа. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьсныг УИХ хүлээн авсантай холбоотойгоор парламент анх удаа төсвөө хоёронтаа хэлэлцсэн юм. Үр дүнд нь алдагдалгүй төсөв баталсан нь манай улсын парламентын түүхэн дэх анхны тохиолдол болов. Ингэснээр цаашид төсвөө алдагдалгүй батлах суурийг тавьсан төдийгүй орлого нь зарлагаасаа давсан байдлаар төсвөө төлөвлөж болохгүй гэдгийг хаана хаанаа хүлээн зөвшөөрсөн хэлэлцүүлэг болж өнгөрсөн. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ тухайд “Төсвийг дахин хэлэлцсэн нь парламентат ёсны эерэг хандлага” хэмээн тодорхойлсон. Шинэ парламентын эхний ээлжит чуулганы томоохон сорилт болсон төсвийн хэлэлцүүлэг онцлогтой, бас олон талын сургамжтай болж өнгөрснийг тодотгох нь зүйтэй. “Энэ бол төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрт байдлыг хангаж, хууль дээдлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлж, иргэн ба улсын эрх ашигтай холбогдсон чухал асуудлыг ард түмний хэлэлцүүлэгт дахин оруулсан нь парламентат ёсны эерэг хандлага юм. Ерөнхийлөгч болон парламентаас чиглэл болгосны дагуу Засгийн газар төсвийг бүхэлд нь дахин боловсруулж ирүүлснийг УИХ цаг алдахгүй, шуурхай арга хэмжээ авч, олон талын оролцоотой бүтээлч хэлэлцүүлгийг хуулийн дагуу дөрвөн үе шаттайгаар хэлэлцэн, УИХ-ын гишүүд олон ургалч үзлээр хандлаа. Ийнхүү хэлэлцэж баталснаар ард иргэдийн ажил амьдрал, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдлээ” хэмээн УИХ-ын дарга онцлон тэмдэглэсэн юм.
Нөгөө талаас 126 гишүүнтэй шинэ парламентын үед УИХ-ын гишүүдийн ирцийг ил, тод мэдээлдэг болсон нь бас нэгэн дэвшил байлаа. Ингэснээр ард түмний итгэл хүлээн сонгогдсон гишүүд өөрийн үндсэн үүрэг болох хууль батлах процесс буюу чуулганы нэгдсэн хуралдаандаа ямар идэвх, оролцоотой байгааг иргэд сонгогчид харах боломжийг бүрдүүлээд байна. Намрын чуулган өндөрлөхтэй зэрэгцэн гишүүдийн ирцийн мэдээлэл гарахад Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд ганц ч суугаагүй нь ил болов. Ард түмнийг төрд төлөөлөхөөр сонгуульд өрсөлдөж, гишүүнээр сонгогдсон тэрбээр ийнхүү өргөсөн тангаргаа умартаж, өөрт нь итгэл үзүүлсэн иргэд сонгогчдыг ч үл тоов. Байнгын хороо, чуулганы хуралд суудаггүй түүнд зөвхөн УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх гэдэг халхавч л хэрэгтэй байсан юм бишүү гэх хардлага ч гарч эхлээд байна. Ямартаа ч ийнхүү Төрийн тэргүүн асан Х.Баттулга энэ парламентын хамгийн “муу сурагч”-аар тодров. Харин чуулгандаа 100 хувийн ирцтэй суусан идэвхтэй гишүүнээр Х.Мандхай, Ц.Идэрбат, С.Зулпхар, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл нарын арван гишүүн тодорч байна. Ийнхүү ард түмэн итгэж сонгосон гишүүнээ хэрхэн ажиллаж байгааг харж, дүгнэх боломж энэ парламентын үед бий болов. Түүнчлэн намрын чуулганы эхэнд ИЗНН-ын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нараг эгүүлэн татах хүртэлх асуудал хөндөгдсөн нь онцлох үйл явдлын нэг байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн болохоос өмнө олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, лайваар бараа бүтээгдэхүүн борлуулдаг байсан тэрбээр гишүүний тангараг өргөсөн ч энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байсан юм. Тиймээс түүнд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос “УИХ-ын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаад явах бүрдээ ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, УИХ-ын даргын захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн” гэдэг үндэслэлээр сануулга өгсөн байдаг. Улмаар ИЗНН-ын зүгээс түүнийг гишүүнээс эгүүлэн татуулах тухай асуудлыг хөндсөн ч Үндсэн хуулийн Цэц үндэслэлгүй гэж үзсэнээр тухайн асуудал намжсан юм. Энэ мэтчилэн шинэ гишүүдийн зүгээс сонин сайхан ихтэй чуулган болж өнгөрч байна. Тухайлбал, энэ удаагийн чуулганы хугацаанд санал хураах төхөөрөмж ажиллаагүй гэдэг шалтгаанаар санал хураалтыг дахин явуулах тохиолдол цөөнгүй гарч байв. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүд чуулгандаа ирсэн ч ирцээ бүртгүүлчихээд гараад явчихдаг үзэгдэл түгээмэл байгаад өөр хоорондоо шүүмжлэлтэй хандах тохиолдол гарч байв. Энэ мэтчилэн УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал алхах тутамд хөндөгдсөн, энэ хэрээр хуулийн замаар нөхцөл байдлыг сайжруулах арга замыг эрэлхийлсэн чуулган болж өнгөрлөө. Намрын чуулган өндөрлөхтэй зэрэгцээд нэг гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж эхлээд байна. Тодруулбал, УИХ-ын нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгороос сонгогдсон Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж байсан бөгөөд өнгөрсөн сарын 12-нд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч, түүнийг гэм буруутайд тооцсон юм. Ингэснээр түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал үүссэн ч шүүхийн шийдвэр албажиж ирээгүй шалтгаанаар гацаанд байсаар намрын чуулган өндөрлөж байна. Ямартаа ч цаашид Дээд шүүхийн шийдвэр албажиж, УИХ-д ирэхтэй зэрэгцээд Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх нь тодорхой болж байна.
Парламент хүн төвтэй үзэл санаа бүхий стратеги төлөвлөгөө хэрэгжүүлж байна
Монгол Улсын их хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлан хэрэгжүүлж эхлээд буй. Ингэхдээ хүн төвтэй, хүний эрхийг бүрэн хангадаг, хамгаалдаг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх үзэл санаагаа ирэх дөрвөн жилийн стратеги төлөвлөгөөгөөрөө дамжуулан баталгаажуулаад байна. Тодруулбал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулийн "Гурван төгөлдөршил"-ийг санаачлан эхлүүлээд байгаа юм. “Хүн төвтэй хууль” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, “Цаг үеийн шаардлагад нийцсэн хууль” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх, “Иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох гэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа зарласан юм. “Гурван төгөлдөршил”-ийн зорилго хэрэгжсэнээр нийгэмд үүссэн авлига хүнд суртал, хүний эрхийн зөрчил, тэгш бус байдлыг үндсээр нь халах болно. Энэхүү зорилгыг бодит болгохын тулд хэрхэн ажиллах, ямар зорилт дэвшүүлэх тухай УИХ-ын стратеги төлөвлөгөөнд баяжуулан тусгана. Улмаар Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ хэмээн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы нээлтэд онцлон тэмдэглэж байв. Тэгвэл энэхүү ажил өдгөө УИХ-ын стратеги төлөвлөгөө болон батлагдан хэрэгжиж эхэлсэн төдийгүй ажил хэрэг болгох зорилгоор УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгүүд ажилдаа ороод байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24629/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна