УИХ-ын намрын ээлжит чуулганы төгсгөлд нэгэн чухал хуулийг эцэслэн баталлаа. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав. Ингэснээр Монгол Улс нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих эрх зүйн тогтолцоог ийнхүү бүрдүүллээ. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг дагалдаж хоёр хууль, нэг тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн ажлын хэсэг Шинэ Хархорум хотын нэр өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор болон хууль тогтоомжийн нийцлийг хангах хүрээнд УИХ-ын таван тогтоолын төслийг боловсруулсан байна. УИХ 2023 онд “Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Түүнчлэн Засгийн газраас “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-г байгуулж, дүрэм, бүтэц орон тоог батлан ажиллаж байгаа юм. Засгийн газрын тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, Хархорум хотын эдэлбэр газрын хэмжээ, эдэлбэр газрын бүсчлэлийг тогтоох, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах зэрэг ажлыг хийх урьдач нөхцөлийг бүрдүүлсэн юм. Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль найман бүлгээс бүрдэж байгаа бөгөөд Хархорум хотыг бүтээн байгуулах, хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим, хотын эрх зүйн үндэс, байршил, эдэлбэр газар, хот байгуулах үйл ажиллагааны тухай буюу баримт бичиг, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, хотын бүсчлэл, газар зохион байгуулалт, хотын хөгжлийг дэмжихэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглахтай холбоотой зохицуулалтыг тусгасан. Мөн хотын чиг үүрэг, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, мэдээллийн ил тод байдал, хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг тусгажээ. Түүнчлэн хотын эдийн засгийн үндэс, хөрөнгө оруулалтын хэлбэрийг тодорхойлж, хотын өөрийн хөрөнгө оруулалтад төр, орон нутгаас үзүүлэх дэмжлэг болон хандив, тусламж, бүтээн байгуулалтад үзүүлэх дэмжлэг, хөрөнгө оруулалт, хотын бэлгэдэл, шагнал, оршин суугчийн эрх үүрэг, хууль тогтоомж, шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгасан ажээ. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, С.Эрдэнэбат, Д.Ганмаа, Д.Пүрэвдаваа, Л.Энхнасан, С.Бямбацогт, Б.Пунсалмаа нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, гишүүн Б.Баярбаатар, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг нээж өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлээд хотын хөгжлийн үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар батлах боломжтой эсэхийг тодруулав.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Хууль эрх зүйн хүрээнд улсын нийслэл тэр дундаа хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөгөөг УИХ баталдаг жишиг бий. Энэ хүрээнд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын төслийг батлахаар оруулж ирээд байна. Түүхэн нийслэлийг сэргээн байгуулах, цаашдаа бодлогын зөв шийдэл гаргахын тул УИХ нь хотын үзэл баримтлал, төлөвлөгөөгөө баталдаг байх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариуллаа. Түүнчлэн гишүүн С.Эрдэнэбат, Шинэ хот байгуулах хүрээнд хөрөнгө оруулалт татах нь чухал. Гадаад, дотоодын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт татах гол зүйл нь газар байтал үүнийг эзэмшүүлэхгүй гэснийг эргэн харах боломжтой эсэх, хотын хөгжлийн эдийн засгийн үндэс, үзэл баримтлалын талаар лавлав. Хархорум хот Монгол Улсын түүхэн нийслэл байсан, цаашид ч хот байгуулсны хойно эрэмбэ дараатайгаар нийслэл хотын статустай болгох боломжтой. Энэ утгаар асуудалд хариуцлагатай хандаж, газар төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой асуудлыг зөв хийх ёстой гэж ажлын хэсэг үзсэн. Иймд хотын газар төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлыг УИХ-аар танилцуулж, хуульчлагдан батлагддаг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзсэн гэдгийг гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа тодотгов. Мөн тэрбээр хотын эдийн засгийн үндэс суурь, үзэл баримтлалын хувьд түүхэн өв соёл, үнэт зүйлээ сэргээх, хадгалах асуудалд тулгуурлан олон төрөлт аялал жуулчлалыг дэмжинэ. Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бие даан хөгжих ёстой гэж үзсэн хэмээх нэмэлт тайлбарыг өглөө. Үргэлжлүүлэн хууль тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан. Тодруулбал, Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасан “УИХ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална” гэсэн саналын талаар гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, УИХ нь хотын хөгжлийн үзэл баримтлал болон ерөнхий төлөвлөгөөг баталдаг болбол цаашдаа бүх хотын ерөнхий төлөвлөгөөг батлах хүндрэл үүснэ. Иймд Засгийн газар гүйцэтгэх засаглалынхаа хувьд асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн С.Замира, Ж.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд нар эсрэг саналтай байсан бөгөөд тэд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт эвдэрсэн шалтгаан нь хэн нэгэн Засаг дарга, эсвэл архетикторууд дор бүрдээ шийдвэр гаргаж ирсэнтэй холбоотой тул үүнийг зогсоож, хууль гаргаж УИХ-аар батлах арга хэмжээ авах шаардлагатай байгаа тул саналыг дэмжиж байна гэлээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтыг үндэслэн гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу төслийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4 дэх хэсгийг “Улсын Их Хурал хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал болон түүнд нийцүүлэн боловсруулсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тус тус батална.”, “3асгийн газар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төслийн жагсаалтыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн батална”, “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн бүтээн байгуулалтын үе шат бүрээр, барилгажилтын төслийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд хотын Зөвлөл тус тус батална.”, “Төсөл, хөтөлбөрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална." гэсэн 7.2, 7.3, 7.4, 7.5 дахь хэсэг болгон өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн төслийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 17.1-д заасан чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхтэй холбоотой харилцааг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулна” гэж өөрчлөн найруулж, 17.2 дахь хэсэг болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин бусад зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна