Ураны ашгийн талаас илүү хувийг Монголын ард түмэн хүртэнэ


Олон жил гацсан ураны төслийг хөдөлгөж, хөрөнгө оруулагчдыг татах том гэрээ албажлаа. Монгол Улсад Оюутолгойн дараа орох гадаадын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж чадсанаараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр болж байна. Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан бөгөөд Франц улстай хамтран хэрэгжүүлэх уран  олборлолтын гэрээнд талууд гарын үсэг зурснаар гурав дахь мега төслөө хөдөлгөлөө. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гээд “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ,  түүхэн ач холбогдолтой” хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  онцлон тэмдэглэсэн. 
Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Франц улсын “Орано Майнинг”  компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд найрамдах Франц улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм. 
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийхийн зэрэгцээ Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайдын онцолсноор уг төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу  ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрөх зэрэг олон давуу талтай. Ийнхүү Монгол Улс дэлхийн ураны зах зээлийн тоглогч болж, гэрээ албажсан үйл явдлыг салбарынхан хэрхэн харж байна вэ. Францтай хамтран  төсөл хэрэгжүүлснээр манай улсад ямар давуу тал бий болох вэ. Энэ тухайд салбарынхны байр суурийг хүргэе. 


Н.Тэгшбаяр: Уран олборлосонтой холбоотой цацрагийн хордлого Монголд үүсэхгүй
/Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, физикийн ухааны доктор/

-Уран бол цацраг идэвхт ашигт малтмал. Энэ утгаараа ураныг эрэх, хайх, олборлох, тээвэрлэхтэй холбоотой Засгийн газар, УИХ, Цөмийн энергийн комиссоос баталсан цацраг идэвхт бодисыг эрэх, хайх, олборлох цацраг аюулгүйн норм болон олон улсын Атомын энергийн агентлагаас баталсан дүрэмд  нийцүүлж явуулна гэсэн үг.  Засгийн газар болон “Мон атом” ХХК-аас мэргэжлийн шинжээчээр ажиллахыг урьсны дагуу миний бие энэ төсөлд мэргэжлийн шинжээчээр ажилласан. Олон нийтийн дунд уран олборлохтой холбоотой буруу ойлголтын  тухайд хэлэхэд, ураныг олборлож байгаа газарт нь хэн нэгэн ирээд тарьчихаагүй. Анх хорвоо ертөнц үүсэхэд газрын гүнд байсан зүйл шүү дээ. Түүнчлэн тэр хавийн усыг уран олборлохоос өөр юунд ч ашиглах боломжгүй. Энгийнээр бол бохир ус мэргэжлийн хэллэгээр бол техникийн орчин гэж нэрлэж байгаа юм. Тэнд ундны ус байхгүй. Уран бол цацрагт идэвхт ашигт малтмал. Тиймээс ус нь ч гэсэн хоруу чанартай, цэвэр усыг бохирдуулаад байгаа мэт ойлгож болохгүй. Түүнчлэн уран олборлохдоо баталсан олон улсын дүрэм журмыг дагаж, ажиллана. Хөрөнгө оруулалтын гэрээнд мөн тусгасан байгаа. Баталсан стандарт, дүрмийн дагуу ажиллаж байна уу гэдэгт 3-4 жилд нэг удаа шинжээчдийн баг ирж, төсөл хэрэгжүүлэгч компанид шаардлага, зөвлөмж өгнө. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс газар доор уусган баяжуулах аргаар, технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон. Дэлхий нийтэд мөн энэ аргаар олборлодог жишиг бий. Гэхдээ уран олборлосноос болж цацрагийн хордлого үүссэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэхдээ аливаа уул уурхай ямар ч нөхцөлд өөрөө стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг. Мэргэжлийн хүний хувьд энэ төслийг дуустал шинжлэх ухааны ямар ч талаас зөв ойлголт өгөхөд бэлэн.


Д.Далайжаргал: Францтай  хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар  Монгол бол тусгаар улс гэдгээ батлан харууллаа

/“Мон атом” компанийн захирал/

-Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төслийн талаар бид сүүлийн хоёр сард, дөрвөн ч удаа УИХ-ын түвшинд  тал бүрээс нь ярилцсан.  
 Энэ талаар сайн, муу бүх ойлголтыг олон нийт авсан байх. Үндсэн хуульд заасны дагуу ураны хөрөнгө оруулалтын гэрээнээс олох үр өгөөжийг Монголын ард түмэн 50+1 хүртэнэ. Монголоос авсан шар нунтаг ойрын 50-60 жилд зөвхөн Франы төдийгүй Европын орнуудын цахилгааны эрчим хүч болж явна. Нөгөөтэйгүүр  та бидний мэдэж байгаачлан 2022 онд Европын холбоо цөмийн эрчим хүчийг “Ногоон эрчим хүч” хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний өмнө тулгараад буй цаг уурын дулаарал, хүлэмжийн хийг бууруулахтай тэмцэх хамгийн гол арга нь цөмийн эрчим хүчийг хөгжүүлэх явдал гэдгийг зарлаад байна. Ингэж Монголоос гаргах шар нунтаг цөмийн эрчим хүчний гол  түүхий эд болсноор  хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудалд монголчуудын оруулах хувь хамгийн том хөрөнгө оруулалт болох юм. Манай улс Францтай ураны хөрөнгө оруулалтын гэрээг  үзэглэж баталгаажуулснаар олон улсад Монгол бол тусгаар бөгөөд бие даасан улс, аль нэг улсаас хамааралгүй гэдгээ батлан харуулах томоохон боломж болж байгаа юм. Энэ бол Оюутолгойн араас орж ирж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. 


Я.Ганболд: Уран олборлолтын явцад малд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээг тогтмол хийхээр гэрээнд тусгасан

/Мон атом" ХХК-ийн эксперт, Монголын мал эмнэлгүүдийн дундын хоршооны эрдмийн зөвлөлийн дарга, зөвлөх/ 

-Урантай холбоотой малын өвчин эмгэг үнэхээр гараад байгаа эсэхэд Засгийн газрын шийдвэрээр найман удаагийн судалгаа шинжилгээг хийсэн байдаг.  Үүнээс бүхэлд нь дүгнээд үзэхэд ураны хайгуулын явц нь малын ямар нэг өвний шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гараагүй. Өнөөдөр олборлож байгаа шар нунтаг нь технологийн процесст ороогүй зөвхөн хайгуулаас олборлож байгаа химийн элемент юм. Энэ утгаараа орчин тойрон ялангуяа малд үзүүлэх нөлөө одоогоор илрээгүй гэсэн үг. Ураны хайгуулын улмаас мал үхсэн нь тогтоогдлоо гэсэн дүгнэлт байхгүй. Бид гурван сумын 57 айлд 397 малд үзлэг шинжилгээ хийсэн. Ингэхдээ харьцуулах байдлаар гурван сумыг сонгосон. Улаанбадрах сумын малын  37.8 хувь нь тэжээл боловсруулах замын өвчинтэй. 29.7 хувь нь амьсгалын замын эмгэг өвчинтэй. Үлдсэн нь бусад төрлийн өвчин эзэлж байна гэдэг дүгнэлт гарсан байдаг. Ямар нэгэн байдлаар цацрагийн нөлөөлөл байхгүй. Цацрагийн нөлөөлөл тухайн малын арьс, үсэнд хамгийн түрүүнд сөрөг нөлөө үзүүлэх ёстой. Гэтэл бид 10 мянган малд хоёр жилийн хугацаанд үзлэг хийхэд  арьсны өвчтэй нэг  ч мал илрээгүй. Мөн бид бүх шинжилгээний дүнг дээр дурдсан 57 айлд нэг бүрчлэн танилцуулсан. Бүх айлууд мэдэж байгаа. Түүнчлэн ураны олборлолтын талаар Улаанбадрах сумын иргэд маш сайн ойлгож байна. Учир нь, бид сүүлийн жилүүдэд энэ ажлын талаар иргэдтэй уулзаж, ярилцсан. Тэр байтугай хурдхан шиг үйлдвэрийн ажил эхлээсэй, ажлын байртай болох юм байна гэдэг байдлаар хандаж байна. Тэгэхээр дүгнэж хэлэхэд, мал аж ахуй, мал эмнэлгийн тал дээр ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Гэсэн хэдий ч олборлолтын явцад малд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөгүй технологи хэрэглэнэ гэдгийг гэрээнд тусгасан. Мөн малд үзүүлж буй нөлөөллийн үнэлгээг тогтмол хийх бөгөөд үүнтэй холбоотой гарах бүх зардлыг  “Орано” групп хариуцахаар гэрээнд тусгасан. Монголын талд үүнд нь дотоод хяналтаа тавиад явна гэсэн үг.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 13 цагийн өмнө
Шатар бол цахим спорт 15 цагийн өмнө
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… 16 цагийн өмнө
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… 16 цагийн өмнө
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… 16 цагийн өмнө
Товчхон 17 цагийн өмнө
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… 17 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 18 цагийн өмнө
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 18 цагийн өмнө
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 19 цагийн өмнө
​ Нүүр тахлах ганц музей 20 цагийн өмнө
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 20 цагийн өмнө
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 20 цагийн өмнө
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 20 цагийн өмнө
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 20 цагийн өмнө
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 20 цагийн өмнө
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 20 цагийн өмнө
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 21 цагийн өмнө
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэл… 22 цагийн өмнө
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 22 цагийн өмнө