Түрүүч нь №002 дугаарт
Эрдэм оюуны далай болсон "ДАЛ" СОНИН
Багш маань Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уран бүтээлийнхээ алдагдсан цагаа нөхөхөөр шуударч, Монголын анхны зөгнөл, мөрөөдлийн томоохон “Дал” сониныг санаачлан, хэдэн хүний ажлыг бараг ганцаараа хийж, сониныхоо бүх материалыг бэлтгэсэн юм. Ингэж тэрбээр эцэж цуцашгүйгээр 20-оод жил ажиллаж, дотнын нөхөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбийд “Ах нь удахгүй үзгээ тавина” хэмээн хэлж байсан ч үзгээ түшээд тэнгэрт хальсан билээ.
“Дал” сонин бол цэцэн билигт оюун сэтгэлгээний нэвтэрхий толь” гэж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ тодорхойлсон нь онож хэлсэн, үнэн үг.
Энэ том сонинд Өчигдөр, Өнөөдөр, Маргааш, Нөгөөдөр, Зөгнөл, Мөрөөдөл зэрэг буланг нээж өөрийн яндашгүй, их мэдлэг, оюун ухааныхаа арвин их сангаас сониндоо цутгаж, хүмүүсийн сэтгэл санааг эзэмдсэн содон сонин, эрт эдүгээ, ирээдүйн сонирхолтой зүйлүүдийг нийтлэн, гайхаад баршгүй билгүүн их авьяас чадвартай хүн болохыг нотлон харуулж, зон олныхоо танин мэдэхүйг хөгжүүлэн, соён гэгээрүүлж ирсэн юм.
“Дал” сонинд ирээдүйд тайлагдаж, шинжлэх ухааны нээлт, судлаач нарын хэргэм зэрэгтэй болоход хэрэгтэй бэлэн материал олон байгаа хэмээн би хувьдаа мунхагладаг.
“Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Ганбат агсан долоо хоногт нэг удаа сониноороо ирдэг Тү эрхлэгчдээ хандан “Долоо хоногт далан долоон үг дэлгэдэггүй юмаа гэхэд долоон үг хэлж өгч байгаач” хэмээн хүссэн байдаг.
Түүний хариуд Л.Түдэв эрхлэгч “Одоогийн нийгэмд нэг хэсэг нь үг даадаггүй, нөгөө хэсэг нь үг авдаггүй болчихсон юм даа. Олон таван үг хэрэг байна уу даа” гэж хэлээд “77 үг биш, долоон үг өгч байя. Харин "Өргөстэй" үг хэлж магадгүй. Өргөсийг сугалан авдаг ёстой. Тэгэхгүй бол баална шүү” гэжээ.
Ийнхүү “Үнэн” сонинд “Доктор Түдэвийн долоон үг” буланг нээж, 2007 оны эхний зургаан сарын турш “Сэтгэлд шигсэн өргөсүүд”, “Уушгинд уугисан утаа”, “Хогондоо хордох хорвоо”, “Тоонотоо тонодог тонуулчид”, “Алганд ассан авлигал”, “Цэцэрхэвч, цэгцэлдэггүй цэц”, “Засдаггүй, займчуулдаг засаглал”, “Шүүрхийлдэг, шүүсэлдэг шүүх”, “Сонгууль, сонжворын согог”, “Хуйлаастай, хуулбар хуулиуд” зэрэг 24 өгүүлэл нь нийтлэгдэж, өнөөгийн нийгмийн бузар булай бүхнийг уудлан илчилсэн нь одоо ч ач холбогдолтой хэвээр байна.
Багш маань “Үнэн” сонины 1990 оны арванхоёрдугаар сарын төгсгөлийн нэг дугаарт /№ 295/ сониныхоо тухай болон ерөнхий эрхлэгчийн талаар, тэр үеийн зарим сонин хэвлэлд дараа дараалан хазгай, ташаа, худал, бүр дайрсан, гүтгэлэг, доромжлолын чанартай зүйлс нийтэлсэн үед тус сонины редакцаас асууж тодруулсан Ю.Цэдэнбал дарга, түүний эхнэр, Б.Ринчен гуай, Д.Сэнгээ гуай, МАХН зэрэг олон сэдэвтэй холбоотой асуултад маш тодорхой, цэгцтэй, үнэн бодит хариулт өгсөн. “Ус хар боловч сүүгээр цайлгана” ярилцлагад ардчиллын эхний жилийн улс төрийн хоосон хийрхэл, үзэн ядалтад буурь суурьтай, нухацтай, дэлгэрэнгүй хариулт өгч няцаасан байж билээ.
Хүн ам цөөн, хийж бүтээх зүйл асар их тул Монголын нэг хүн, гурван хүний үүрэг гүйцэтгэх, оюун сэтгэлгээний тэнхээтэй байхыг эвлэлийн ажилтан бидэнд сануулж, зөвлөдөг байсныг махан биеэрээ чих тавин сонсож, алмайрч байсан билээ, бид.
Энэ аугаа их хүн хэн ч хэлж байгаагүй үгийнхээ биелэлтийг үнэнхүү үлгэр дуурайл, бахархалтайгаар үзүүлж чадсан.
Багш минь шударга ёс ялан дийлсэн, хөгжин цэцэглэсэн Монгол сайхан эх орон, ард түмнийхээ төлөө цагийн механизм, зүрхний цохилттой уралдан, насан эцэслэтлээ зон олныхоо, оюун ухаан, ухамсар, сэтгэлгээг манлайлагч, үлгэрлэн дагуулагч нь байж, яндашгүй далай баян оюун сэтгэлгээнийхээ ундаргаас эх орон, ард түмэн рүүгээ юүлэн цутгаж цатгаад, бас ирээдүйг зөгнөн, явах зам чигийг ариутган гэрэлтүүлж өгсөн юм.
XX, XXI зууны хүн төрөлхтний оюун сэтгэлгээний манлайлагчдын нэгээр тодорсон суут сод мэргэн, цэцэн билигт соён гэгээрүүлэгч аугаа их хүмүүн таны сүндэрлүүлэн бүтээсэн номын цагаан өргөө, номон эрдэнийн суваргуудын тань гэрэл гэгээ зон олны минь сүлд хийморь болж, мэлмийг нээн, өлмийг бат оршоож, үеийн үе, үрийн үрд мөнхөд гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай.
О.Ажигцэрэн
/Монгол Улсын Гавьяат багш/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24630/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна