​ Л.Оюун: Монголчуудын санхүүгийн боловсролын гол хүндрэл нь төлөвлөлт


Өрхийн санхүүгийн боловсролын асуудлаар БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэдэх Цахим сургуулийн зөвлөх, Шинжлэх ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа. 

 

-Монгол Улсын иргэдийн санхүү­гийн боловсролын тогтолцооны онол арга зүй сэдвээр та Шинж­лэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Санхүүгийн боловс­ролын тогтолцоо манайд хэр байна вэ?

-Санхүүгийн боловсрол олгох тогтолцоо манайд байна. Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном бүгд байна. Доголдсон хэсэг ч байна. Санхүүгийн боловсрол олгох багшийг бэлтгэх хэрэгтэй. Одооноос бид нийгмийн ухааны багш нараа бизнес судлал заах бэлтгэлийг хангаж байна. 

-Манайд банк, сан­хүүгийн бай­гуул­лагад хадгаламж хуримт­лал үүсгээрэй, зээл аваа­рай, орлогоо нэмэгдүүлээрэй гэж сурталчил­гаа их явдаг. Гэтэл иргэдийн санхүүгийн мэдлэгийн түвшин харилцан адилгүй байна. Тиймээс түв­шин түвшинд нь сургах багш шаардлагатай юу?

-Санхүүгийн байгууллагууд санхүүгийн зуучлагч байдаг. Тэдний зээл, хадгаламж, төлбөр тооцоо зэрэг үйлчилгээ нь хүмүүсийг мөнгөө удирдахад нь бүтээгдэхүүнийхээ нөхцөлөөр дамжуулж тусалдаг. Санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүний мэдээллийг аваад, өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлээд сонгох чадвар, мэдлэгийг санхүүгийн боловсрол гэдэг. Тиймээс бидний олгох гээд байгаа мэдлэг, чадвар санхүүгийн байгууллагуудтай салшгүй холбоотой. 

-Иргэдэд санхүүгийн мэдлэг шаардлагатай, өрхийн төсвөө удирдах хэрэгтэй гэдэг. Ер нь өрхийн төсөв гэж юу вэ? 

-Төсөв гэж ярихаар хүмүүс өөрт хамааралгүй юм шиг ханддаг. Гэтэл энэ нь хувь хүнд, өрхөд хамаатай. Зарим хүн улсад л зөвхөн төсөв байдаг гэсэн ойл­голттой явдаг. Өрхийн төсвөө анзаар­даггүй. Ер нь төсөв хувь хүнд ч, албан байгууллагад ч, өрхөд ч бий. Орлоготой, зардал гаргадаг субъект болгон төсөвтэй. Манайхны өрхийн төсвийн удирдлага хангалтгүй байдаг. “Надад хамааралгүй” гэсэн хандлага нь өрхийн төсвийн удирдлага муу байгаагийн гол шалтгаан болдог. Зарим иргэн орлого, зарлагаа бүртгэдгээ “төсвөө удирдаж байна” гээд ойлгочихдог. Орлого, зарлагаа бүртгэнэ гэдэг анхны алхам. Цааш удирдах санхүүгийн боловсрол болж байгаа юм. 

-Иргэдийн санхүүгийн боловс­ролын талаарх судалгааны үр дүн хэрхэн гарч байна вэ?

-Нэг үеэ бодвол “мөнгийг удирдах хэрэгтэй, хуримтлуулах хэрэгтэй” гэдэг ойлголт хүмүүст хүрсэн. Гэхдээ үүнийг яаж удирдахаа тэр бүр мэдэхгүй байна. Иргэдийн санхүүгийн боловсролын талаарх судалгааг бид гаргасан. Хамгийн сүүлд 2019 онд санхүүгийн хямралд ороход ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ, өрхийн гишүүдийн боловсролын түвшин ямар байна вэ зэрэгт судалгаа хийлээ. Эндээс харахад өрхийн гишүүдийн боловсролоос санхүүгийн боловсрол нь хамаарч байна. Ерөнхий боловсрол дүүргэсэн түвшнөөс эхлээд их, дээд сургууль төгссөн, үүн дотроо бакалавр, магистр, доктор гээд боловсролын түвшин ахих тусам мөнгөө удирдах мэдлэг, чадвар нь өндөр байгаа нь харагддаг. Өрхийн гишүүдийн нэг нь санхүүгийн боловсролын түвшин сайн байвал хямралд өртөх магадлал нь бага болдог. Санхүүгийн боловсролын түвшин буураад ирэхээр тухайн өрх төсөв удирдагдахгүй гэж үзээд зөнд нь хаяж байгаа харагддаг.

-Манайхан ипотекийн, цалин­гийн, хэрэглээний, автомашины гээд төрөл бүрийн зээлтэй. Энэ бүх зээлээ төлж, барагдуулсан хүмүүс дараагийн зээлээ авахдаа санхүүгийн боловсролын түвшин дээшилсэн эсэх нь анзаарагддаг уу?

-Тийм. Санхүүгийн боловсрол гэдэг эсэх нь мөнгөө удирдах мэдлэг. Зээлийг үйл ажиллагаагаа өргөжүүлэх, орлогоо, нэмэгдүүлэх нэг эх үүсвэр гэж ойлгосон хэсэг нь бий. Тэд зээл аваад, үйл ажиллагаагаа өргөжүүлээд, орлогоо нэмэгдүүлээд явдаг. Харин зээлийг өр гээд ойлгосон хэсэг нь дарамт гэж ойлгоод, орлого бүтээхгүй зүйлд зээл авч, тухайлбал хэрэглээндээ зарцуулснаас болоод зээл төлөх боломжгүй болдог. Энэ бол зээлд хандах хандлага нь буруу бүлэг юм. 

 

Монгол Улс хэзээ ч  өртэй байгаагүй

 

-Телевизийн сурталчилгаа, цахимаар онлайн худалдаанаас төлөвлөгөөгүй бараа, бүтээг­дэхүүнээ худалдан авах нь элбэг. Дараа дараагийн судал­гаануудаас санхүүгийн мэдлэг сайжирч байна уу?

-Улсын хэмжээнд банкны хад­галамжийн хэмжээ, хадга­луулагчийн тоо нэмэгдсэн. Энэ нь эерэг үзүүлэлт. Цар тахлын хоёр жилд хүмүүс банканд хадгаламж нээж, хадгалаад эхэлсэн. Амьд­рал хүмүүсийг хадгаламжтай байх ёстойг ойлгуулсан гэж дүгнэж болно. Манайханд байдаг нэг дутагдал бол урьдчилж төлөвлөдөггүй, төлөвлө­гөөгүй амьдардаг байдал. Төлөв­лөгөө байсан ч богино хугацааг хамардаг. Төлөвлөгөө нь дараа долоо хоногийн, үсрээд л дараа сарын төлөвлөгөө байдаг. Ахиад хэлэхэд, монголчуудын санхүүгийн боловсролын гол хүндрэлтэй асуудал нь төлөвлөлт. Энэ нь Дэлхийн банкны судалгаагаар батлагдсан. 

-Банкны хадгаламжаас гадна иргэд гэнэтийн зүйлд хөрөнгө оруулах нь бий. Койн зэрэг гэнэт их мөнгөтэй болох зар, сурталчилгаанд бүх хөрөнгөө барьцаанд тавьж алдаж байна. Гэнэт баяжих гэсэн сэтгэлгээг яаж халах вэ?

-Хөдөлмөр бол орлогын эх үүсвэр байх ёстой. Шударгаар орлого олно гэхээсээ илүү “хурдан мөнгөтэй болох” гэдэг сэтгэлгээ давамгайлж байна. Энэ нь онохоосоо илүү алдахад хүргэдэг. Санхүүгийн боловсролын талаарх мэдлэг дутагдсанаас үүдэлтэй. Цаашдаа алдаануудаасаа сургамж авна гэж найдаж байна. Санхүүгийн боловсролын хичээл энэ оноос л ЕБС -ийн ахлах ангид орж эхэлсэн. Хүмүүс өмнө нь санхүүгийн мэдлэгийг бусдыг харж, амьдралаасаа суралцсан мэдлэгээрээ л зүтгэж байгаа. Энэ мэдлэг нь бат гүн сууж өгөөгүйгээс алдаад байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. 

-Улсын эдийн засаг хямрахад айл өрх дагаад хямардаг. Нийгмийг авч явдаг дундаж давхарга байхгүй боллоо гэдэг. Өнөөдөр манайд зөвхөн цалингаараа амьдралаа авч явах бололцоо бий юу?

-Ер нь бол боломжгүй. Манай өрхийн төсвийн орлого наад захын хэрэгцээг хангах түвшинд байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн таван хувь нь нийт хадгалмжийн 70 хувийг эзэмшдэг гэсэн статистик тоо бий. Хадгаламж эзэмшиж байгаа хүмүүсийн 95 хувь нь нийт хадгаламжийн 30 хувийг эзэлж байна. Энэ тоо юу хэлж байна вэ гэхээр бидний ихэнхэд орлогоороо хэрэгцээгээ хангаад явах боломж сул байгааг харуулж байгаа юм. 

Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны онцлог бол хувь хүнээс амьдралын их зүйл хамаардаг нийгэм. Мэдлэгээ дээшлүүлнэ, төрөл бүрийн ажил эрхэлж болно. 

-Өр, зээл хоёр ялгаатай. Өргүй амьдрах сэтгэлгээ манайд хэр давамгайлдаг бол?

-Өр, зээлийн ялгааг сайн мэдэхгүй байна. Энэ нь олон зүйл дээр харагддаг. Жишээлбэл, “Зээл авч өрөнд ороод яах вэ?” гэдэг. Зээлээ өр гээд ойлгочихсон. “Би өртэй” гээд түүндээ их гутардаг. Зээл бол орлогын нэг хэлбэр. Өр бол хугацаандаа төлж чадаагүй зээл. Үүнийг ойлгуулахын тулд сургалт явуулахдаа эхлээд “Өртэй хүн байна уу” гэж асуухаар, оролцогчид бүгд гараа өргөдөг. Хичээлээ орж, өр, зээлийг тайлбарлаад, дараа нь дээрх асуултаа дахин тавихад бүгдээрээ “өр биш зээлтэй” байдаг. 

Монгол Улс хэзээ ч өртэй байгаагүй. Гэтэл “Монгол Улсын өр тэдэн тэрбум ам.доллар боллоо” гээд тархи угаадаг. Манай улс олон улсаас авсан зээлийнхээ төлөх хугацааг нэг ч хоног хоцроож байгаагүй. Яг хугацаанд нь төлдөг байсан тул энэ бол өр биш зээл юм. Ялгааг нь мэдэж авахаар хандлага нь өөрчлөгддөг. 

Тиймээс иргэдэд санхүүгийн боловсролыг олгох, соён гэгээ­рүүлэх ажил хэрэгтэй байна гэдэг нь эндээс харагддаг. Иргэд ипотекийн зээлээр сайхан орон сууц аваад амьдарч байна. Харин мөнгөө хадгалаад тэр хэмжээний байртай болох боломж байхгүй. Гэтэл банк, санхүүгийн байгууллага зээл ав, байртай бол гэж байгаа нь сайхан үйлс болохоос өр гэдэг дарамтны асуудал биш. 

 

Зарлагын төрөл манайд үнэхээр ядмаг

 

-Манайхан мөнгөө юунд илүү зарцуулж байна вэ?

-Манайхны зардал төрлийн хувьд их явцуу. Хүмүүсийн зардлын төрөл нь амьжиргааны наад захын хэрэгцээг хангадаг хоол хүнс, хувцас хунарт байдаг. Зардлын төрөл нь баялаг. Тухайлбал, оюун ухаанаа тэлж, мэдлэгээ өргөжүүлэх сургалтад зардал гаргаж байх ёстой. Энэ зардлууд нь ирээдүйн орлого олох зардал юм. Ер нь бол зардал гаргаж байж орлого олдог. Урлаг, спорт, аялал, зугаалгад зардал гаргах хэрэгтэй. Энэ бүхнээсээ энерги авч, өөрийгөө хөгжүүлж, хөгжсөний хэрээр орлого нэмэгдэж байдаг нь зүй ёсных юм даа. Тиймээс зарлагын төрөл манайд үнэхээр ядмаг шүү. Зөвхөн амьд байх хэмжээнд л зарлага гаргаж байна. Оролдлого хийгээгүй байж орлогоо голж болохгүй. 

-Тэгвэл иргэдийг мөнгөө ху­римт­луулах, зээлээ хугацаанд нь төлөх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Тоо маш их зүйл хэлж өгдөг. Хүн тоо харах ёстой. Санхүүгийн асуудалд бүдүүн баримжаагаар хандах хэрэггүй. Орлоготой, хэдэн төгрөг олж байгаагаа мэддэггүй, хаанаас хэдэн төгрөг орж ирж байгаагаа ч мэддэггүй тохиолдол харьцангуй их. Орсон орлогоо юунд илүү зарцуулдгаа ч мэддэггүй. Ямар ч өгөдөлгүй, тооны үнэлгээгүй явахаар шийдвэр гаргаж чаддаггүй. Тиймээс орлого, зардал хоёроо бүртгэж, бичих хэрэгтэй. Биччихээд дэвтрээ хааж бас болохгүй. 

Ганц, хоёр минут харж, суу. Ингэснээр хэдий хэмжээний орлого орж ирсэн байна, юунд зарцуулсан байна вэ гэдгээ хүн тунгаан, шүүдэг. Тиймээс л орлого, зардлаа бичээрэй. Ингэж тэмдэглэж, бүртгэснээр тогтмол ордог орлогоо болон тохиолдолоор буюу тогтмол бус орлогоо мэдэж авдаг. Зардал мөн адилхан. Бичээд, бүртгээд эхлэхээр мөнгөө хэрэггүй, шаардлагагүй зүйлд зарцуулахаа больж, мөнгөө /зардлаа/ удирдаад эхэлдэг. Энэ нь явцдаа амьдралын хэвшил болно. Орлого, зардлаа бичдэг хүмүүс зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлж, амьдралаа сайжруулж болдог. 

-Үндсэн цалингаас гадна орлогоо нэмэгдүүлэх талаар яаж тооцох хэрэгтэй вэ?

-Нэгдүгээрт, эрхэлсэн ажил, мэргэжилдээ мэргэшсэн, өндөр түвшинд байх хэрэгтэй. Энэ бүхнээрээ албан тушаал дэвшиж, цалингаа нэмэгдүүлнэ. Ингэснээр өөрийгөө хөгжүүлэх боломж нээгддэг. Хэрвээ тухайн албан байгууллага таныг үнэлэхгүй байвал дараагийн байгууллага өөрийг чинь дуудаад, тосоод авна. Ингээд дараа, дараагийн боломж аяндаа гарч ирдэг. Хоббигоо хөгжүүлж бизнес хийснээр нэмэгдэл орлоготой болох боломжтой. 

-Иргэдийн санхүүгийн боловс­ролыг дээшлүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ зохион бай­гуулж байна?

-БШУЯ-ны харьяа Боловсролын мэдээлэл, техонологийн төвийн дэргэдэх Цахим сургуульд би ажиллаж байна. Энэ Цахим сургууль ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Бизнес судлалын хичээл заадаг. Аравдугаар ангид Хувь хүний санхүү, 11 дүгээр ангид Өрхийн санхүү, 12 дугаар ангид Бизнесийн санхүүгийн хичээл ордог. Ингэснээр бид санхүүгийн боловсролтой иргэн бэлтгэж байна. Энэ утгаараа иргэдийн санхүүгийн боловсролд ахиц гарна гэж харж байгаа юм. Хувь хүмүүсийн тухайд ямар зүйл уншсан, судалсан, суралцсан гэдэг утгаараа санхүүгийн мэдлэг нь дээшилж байна. Өнөөдөр орлогоо нэмэгдүүлэх орчин бүрдсэн, боломж нь ч нээлттэй байгаа. Тиймээс хүн мэрийж, хичээх хэрэгтэй. 

Орлого багатай хүмүүст хадга­ламж, хуримтлал яриад яах вэ гэж шүүмжилдэг. Орлого л олж байгаа бол тодорхой хэмжээний хэмнэлт хийж, хадгалж болдог юм. Энэ хэрээр хадгаламж нь нэмэгдэн, өргөжиж, өөртөө урамшиж байдаг. Хүмүүс хадалгамж үүсгэн, орлогоо өсгөхөөр оролдож байгаа. Гэхдээ удаан байна. 

 

“Хүүхдийн 100 мянган төгрөгийг хүүхдэд нь өг”

 

-Та Ерөнхий боловсролын сур­гуулийн сурагчдад бизнес суд­лалын хичээл зааж байна гэлээ. Хүүхдүүдийг санхүүгийн боловс­ролтой болгоход гэр бүлийн нөх­цөлд хэрхэн сургах вэ?

-Санхүүгийн боловсролын хичээлийг заахаар хүүхдүүд хүлээн авч, өөрчлөгдөж байгаа нь харагдаж байна. Хүүхдүүдийг амьдралд бэлтгэх хэрэгтэй. Өрхийн төсөвт оролцуулаад, орлого, зардлаа тэдэнтэй хамт сууж байгаад ярилцах хэрэгтэй. Том болж байгаа хүүхдээрээ өрхийн төсвөө удирдуулж, болно. Өрхийн сарын зардлаа хүүхдүүддээ хариуцуулж болно. Ингэхээр тухайн хүүхэд хариуцлага үүрээд тунгааж эхэлнэ. Би хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг хүүхдэд нь өг гэж зөвлөдөг. Учир нь тэр хүүхэд 100 мянган төгрөгөөрөө сарын хэрэглээгээ хангаж, санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлнэ. Хүүхэд тухайн сардаа мөнгөө хүргэнэ, дутаана, мөнгөгүй явна гээд маш том сургууль болно. Дараагийн сард орж ирэх мөнгөө анхааралтай зарцуулна. Харин хадгаламжинд хадгалахаар тэр мөнгө нь хүүхдийн мөнгө биш болно. Сангийн сайд Б.Жавхлан “Хүүхдийн 100 мянган төгрөгийн ихэнхийг нь битгий хадгалаарай, хагасыг нь болов хүүхдээр зарцуулаарай” гэж хэлсэнтэй санал нэгддэг. 

-Санхүүгийн боловсрол хөтөл­бөрт яаж хамрагдах вэ?

-Цахимаар уу, танхимаар хичээл­лэх үү гэдгээ хүүхэд сонгоно. Аль ч аймаг, сумын хүүхэд цахимын нэг ангид орж хичээллэж байна. Гадаадад байгаа хүүхдүүд цахимаар хичээллэж байна. ЕБС-ийн ахлах ангийн 16 сонгон судлах хичээлийн нэг нь санхүүгийн боловсрол олгодог “Бизнес судлал” хичээл юм. Хөтөлбөр, ном гараад, багш бэлтгээд, эхний алхмаа хийлээ. Энэ хичээлийг цахимаар 700 гаруй, танхимаар 5-6 мянган хүүхэд сонгосон. Есдүгээр сарын нэгэнд анх хичээл ороход орлого, зарлагыг нь бичүүлж эхэлсэн. Одоо хүүхдүүд хадгалаад, хуримтлал үүсгээд өөрчлөгдөж байна.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө