​ Хуримтлал-Ирээдүйдээ хийх хөрөнгө оруулалт


Дэлхийн банкны тусламжтайгаар Монголбанкнаас Сангийн яам, БСШУЯ, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2016-2022 онд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулан  оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг орон нутаг бүрт бэлтгэж, иргэдийг хамруулсан сургалтуудыг хийх болжээ. Түүнчлэн ерөнхий боловс­ролын болон их, дээд сургуулиудад санхүүгийн суурь мэдлэг олгох агуулга дор Бизнес судлалын хичээлийг сонгон суралцах хичээ­лийн хөтөлбөрт оруулж, хүүхэд залуучуудыг ирээдүйд санхүүгийн зөв шийдвэр гаргах дадал, хэвшилд сургаж байна.

“Иргэн баян бол улс баян” гэцгээдэг. Энэ бол иргэн, хувь хүн өөрийн эрх, үүргээ ухамсарлан, хувийн амьдралынхаа эзэн байж чадвал улс орны хөгжил өөдрөг байхыг ерөнхийлөн тоймлосон хэлц үг. Хэдийгээр төрийн бодлогод ард иргэдийнхээ аж амьд­ралыг дээшүүлэх асуудал багтдаг ч энэ зорилтод хүрэхийн тулд улс орон ч эдийн засгийн хувьд чадамжтай, хувь хүмүүс ч ашиг орлоготой, хө­рөнгө мөнгөтэй байх ёстой болдог. Мэдээжийн хэрэг энэ зорилтыг төр засаг дангаараа биелүүлэх бо­ломжгүй, хүч хөрөнгө дутах учраас ард иргэдийн үүрэг, хувь нэмэр, идэвх санаачилга, оролцоог чухалчилдаг.

Энгийнээр хэлэхэд, иргэн хуримт­лалтай байж улс хуримтлалтай болдог байна. Улс хуримтлалтай байж иргэн хуримтлалтай болдог байна. Учир нь иргэний хадгаламжийн мөнгө банкнаас зээлийн хэлбэрээр эдийн засагт орж ирдэг. Эдийн засагт орсон энэ хөрөнгөөр аж ахуйн нэгжүүд өртөг бүтээж хөгждөг. Төр үр дүнтэй ажиллаж байгаа ААН-үүдээсээ татвар авдаг. Татварын хэмжээ нэмэгдэх тусам төсвийн орлого өснө. Төсвийн орлого өсвөл хөрөнгө оруулалт ч зохих түвшинд нэмэгдэнэ. Энэ бүгд хоорондоо гинжин холбоотой явдаг гэсэн үг.

Гэвч манай иргэд санхүүгийн мэд­лэгээ ахиулах санхүүгийн боловс­ролоо хөг­жүү­лэхдээ маруухан. Санхүүгийн боловсрол гэхээр их, дээд сургуульд дөрвөн жил суралцан, бакалаврын диплом авах шиг хүнд асуудал биш. Энэ бол ердөө л мөнгөтэй үр дүнтэй харьцах харилцаа, мөнгийг зөв удирдах ухаан. Хувь хүнд санхүүгийн эх үүсвэрээ зөв зохистой ашиглах ур чадвар.

Мэдээж хүн бүхэн хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээ, орон байр, тавилга, эд хогшил худалдан авч, машин унаж, хүүхдээ чанартай сургуульд өгч, ахисан түвшний сургалтад хамруулахыг зорьж, амьдралаа сэтгэл хангалуун, санаа зовох зүйлгүй авч явахыг хүсдэг. Гэвч олонх нь зөвхөн хэрэгцээндээ захирагдаж, ихэвчлэн цалингаас цалингийн хооронд амьдардаг. Тиймээс юуны өмнө иргэд санхүүгийн мэдлэгтэй болоход яарах ёстой. 

Бусад орнуудын жишээнээс харахад хөгжингүй орны иргэд хувийн болон өрхийн санхүүгээ төвөггүй удирдаж, төлөвлөлт хийж, хуримтлал ч үүсгэж амждаг байна. Иргэдийнхээ хадгаламжаар дэлхийд тэргүүлдэг улс бол Герман. Германчуудын 97 хувь нь хуримтлалтай гэсэн статистик бий. Азийн орнуудыг харин технологийн хөгжлөөрөө гайхагддаг Японы иргэд тэргүүлдэг юм байна. Иргэд нь санхүүгийн мэдлэг өндөртэй байж, хадгаламж үүсгэдэг чадвар, хэвшмэл тогтолцоо нь эргээд улс орныхоо эдийн засагт өгөөжтэй. Банк, санхүүгийн салбарыг эрсдэлд оруулдаг чанаргүй зээлийн хэмжээ ч өсдөггүй, иргэд нь залиланд өртөх магадлал хамаагүй бага байдаг аж. 

Харин энэ үзүүлэлт манай улсад хангалтгүй байдаг. Энэ нь өнөөх л иргэдийн санхүүгийн боловсрол, мөнгө захиран зарцуулах мэдлэгтэй холбоотой. Ямар ч хүн өнөөдрийн орлогоо өдөрт нь бүгдийг зарцуулахгүй маргааш, эсвэл бүр алс хэтэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх зорилгоор хадгалж хуримтлуулах нь зах зээлийн нийгмийн зарчим, хувь хүн амьдралын баталгаа, эрсдэлээс хамгаалах боломжоо баталгаажуулах үйл явц гэдгийг бид эхлээд нийтээрээ ойлгох ёстой болж байна. Амьдралын ийм тодорхой зорилготой байх нь өнөөдрийн орлогоо магадгүй тэтгэвэрт суухдаа хэрэглэх эх үүсвэр болгох зорилгоор хуримтлуулна гэдэг санааг бас мартах учиргүй.

Санхүүгийн боловсрол, мэдлэгийг хүнд хүлээж авах хэрэггүй. Цалин, орлогоо зөв зарцуулахаас л эхэлнэ. Энгийнээр хэлэхэд өөрөөс гарч байгаа зардлаа жагсаан, мөнгө зарцуулах дэс дарааллаа эрэмбэлж, орлого, зарлагын зөрүүгээ зохистой хуваарилж, нэн шаардлагатай зүйлдээ зарцуулж, зарим хэсгээр нь хуримтлал хийж чадвал тийм ч хэцүү зүйл биш аж.

Хэрвээ өнөөдөр гарч буй санхүү­гийн шийдвэрээ зөв тооцож, тодорхойлж амжаагүй бол үр өгөөжгүй, үрэлгэн зардал гаргас­наар ирээдүйн ашгаасаа татгалзаж байгаатай ижил. Ерөнхийдөө хүмүүс амьдрал олон хүчин зүйлээс хамаарч цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг. Гэхдээ санхүүгээ сайн удирдаж, мөнгөтэй зөв харьцаж, эрсдэлийг тооцож сурснаар цаг хугацааны өөрчлөлтөд бүдрэхгүй байх боломжууд ч нээгдэнэ.

Санхүүгийн боловсрол төгсгөл­гүй. Энэ бол шат дараалсан үйл явц. Энэ бол хүүхэд наснаасаа эхэлж, хүний амьдралын туршид үргэлжилдэг хязгааргүй мэдлэг гэдгийг ойлгох нь чухал аж. Хувь хүн санхүүгийн төлөвлөлтөө сайн хийж чадвал гэр бүлийн, байгууллагын бүр улс орны төлөвлөлтийг ч хийх боломжтой. 

Олон нийтийн дунд явуулсан санхүүгийн боловсролтой холбоо­той судалгаанаас харахад хувь хүний санхүүгийн боловсрол ихэвчлэн эцэг эхийн мөнгө захиран зарцуулдаг хэвшил, гэр бүлийн санхүүгийн төлөвшлөөс хамааран тогтдог аж. Эцэг эхийн мөнгөтэй харьцах ухаан, мөнгө зарцуулах арга барилууд хүүхдэд чухал нөлөө үзүүлдэг гэсэн үг. Тэдний арга барилыг хүүхдүүд хуулбарлан дуурайх хандлагатай байдаг. 

Тиймээс ээж, аавууд санхүүгийн боловсролтой, мөнгийг зөв захиран зарцуулах ухаантай байж хүүхдэд санхүүгийн зөв мэдлэг олгоно гэсэн үг. Учир нь эцэг, эхээс өвлөсөн хөрөнгөө захиран зарцуулах ухааныг насан туршдаа өвлөн авч явах магадлалтай. Ээж, аав нь мөнгийг үр дүнтэй захиран зарцуулдаг бол хүүхдийн санхүүгийн боловсрол өндөр байна. Эсрэгээрээ муу бол хүүхдүүд үрэлгэн болно гэсэн үг. 

Зах зээлийн харилцаа өргөжин тэлэх нь тодорхой. Мөнгөний эрэлт хэрэглээ буурна гэж үгүй. Иргэн баян байж улс баян болно гэвэл санхүүгийн боловсролыг одооноос Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах нь хамгийн сонгодог арга барил гэсэн санаа сүүлийн үед зах зээлийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүсээс гардаг болжээ. 

Өөрөөр хэлбэл, зорилготой хүн орлого, зарлагаа оновчтой удирдана. Хязгаартай орлогоор хязгааргүй хэрэгцээгээ хангаж, ирээдүйдээ болон гэнэтийн зүйл зарцуулах хуримтлалтай болох ухаанд багаас нь сургавал улс орон санхүүгийн зөв хуваарилалттай иргэдтэй болно гэсэн санааг тэд өгүүлж байгаа юм.

Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/

 


0
angry
0
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 18 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 18 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө