​ З.Батхуяг: Лего блок бол ид шидтэй, ухаалаг технологи


-Монголын барилгын салбарт миний оруулсан хувь нэмэр бол тоосгоны хувийн үйлдвэр, полистирол хавтан, лего блокийг таниулсан явдал-


 Эрс тэс цаг ууртай Монгол Улсад барилга улирлын чанартай салбар байсан. Харин өдгөө өвлийн хүйтэнд ч барилгын ажил ажрахгүй өрнөж байна. Энэхүү ололт, шинэчлэлийг хийсэн салбарын түүчээ нарын нэг бол “Ногоон газар трейдинг” компанийн захирал З.Батхуяг. Түүнийг өдгөө “Лего Хуягаа”  нэрээр иргэд таних болсон. Учир нь тэрбээр энэ цаг үед тренд болж буй лего блокийг Монголд анхлан нэвтрүүлжээ. “Өрөө дарчихаад маргаашнаас нь зээл гаргахаа ард түмэндээ амлаж байна. Би шуналтахгүй. Иргэдээ тохьтой, тухтай байшинтай болгохыг л зорино. Тэр болтол ард түмэн минь намайг дэмжээрэй” хэмээн  бардам өгүүлэх З.Батхуяг захиралтай ярилцлаа.

 

-Сүүлийн үед лего блокийг барилгын салбарт түлхүү ашиглаж байна.  Лего шиг өөгүй тэгш өрөгддөг, хурдан зэргээр магтсан постуудыг цахим орчинд олон уншаад таныг зорин ирлээ. Энэ төрлийн блок үйлдвэрлэх санаагаа хэрхэн ажил хэрэг болгов?

-Тоосгоны хувийн анхны үйлдвэрийг 1996 онд байгуулсан нь өнөөдрийн блокийн үйлдвэрийн эхлэл болсон. Хавтан болон дулаалгын хөөсөнцөр үйлдвэрлэж байгаад 2012 оноос блок үйлдвэрлэсэн. Ингэхдээ цаг хугацаа хэмнэсэн, өрөхөд хурдан блок үйлдвэрлэх аргыг олон жил судалж туршлаа. Гурван жилийн өмнө үйлдвэрлэж байсан хурдан блокоо олон улсын жишгээр хөгжүүлж, дулаалгыг нь цогц шийдэж, өргөн, урт лего болгосон. Сууриа ухаж, бетон цутгаж, блокоо өрөөд гаднаас нь шавардаад, дулаалга хийдэг олон дамжлагыг нэг үйлдэлд багтаан хэмнэсэн. Сууриа ухаад, блокоо өрөөд цаг хугацаа хэмнэж, ашиггүй зардлыг халж байна. Үе үеэр нь барилгын зургийг нь гаргадаг учраас мэргэжлийн бус хүмүүс өрөхөд хялбар. Хүүхдүүдийн тоглодог леготой адилхан. Томчууд легогоор  тоглох цаг  ирлээ. Хүүхдээс дор сэтгэхгүй нь лавтай. Өөрөөр хэлбэл, барилгыг нэг ёсондоо тоглоом болгосон. Өглөө нь өрж эхлээд орой нь дуусгадаг. Хэрэглэгчид бодит үр дүнгээс сэтгэл ханамж авдаг.

-Өдөртөө өрлөгөө дуусгадаг гэхээр хурдтай юм. Зуслангийн байшин барих гэж хэдэн сарын ажил болж төлөвлөөгүй зардал гардаг шүү дээ. Барилга барихаар сонирхож буй хүмүүс үнэ өртгийг нь сонирхож байгаа болов уу. Нэг ам метр нь хэдэн төгрөг вэ. Өнөөдрийн эдийн засагт тохирсон ханш уу?

-Бусад ижил төстэй материалуудаас үнэ хямд. Би цахим орчинд нээлттэй, ил тод байдаг. Нэг ам метр нь 600 мянгаас сая төгрөгөөр байшин барьдаг. Манайх шиг хямд зардлаар хувийн  байшин барьдаг компани байхгүй. Тооны цаана их юм бий. Өнөөдөр Монголд нэг байшин барих гэж ажил цалгардуулж, архидалт болж хэрүүл үүсдэг. Эдгээр сөрөг үзэгдлийг халсан. Хурд байна. Ачиж ирлээ. Буулгахдаа шууд өрдөг. Энэ бол хэмнэлт, бас дэвшил.


-Лего блокны давуу талыг тоочвол урт жагсаалт гарах байх даа?

-Жишээгээ хөөсөнцрөөс эхлүүлье. Энэ бол барилгын дулаалгын материал. Манайхан барилгаа барьчихаад гаднаас нь хөөсөнцрөөр дулаалдаг учраас гал гарах, шатах явдал гардаг. Харин бид блокынхоо орц найрлагад нь хөөсөнцрөө тохируулж хийдэг. 

 Тиймээс аюулгүй,  дулаан алдагдалгүй чанартай барилгын материал болдог юм. Утаатай тэмцэж байгаа бидэнд дулаан алдагдалгүй байшин шиг хэрэгтэй зүйл байхгүй.  Би 100 ам метр байшин бариад туршихад өвлийн ид хүйтнээр халаалтын зардалд сард 200 мянга хүрэхгүй төгрөг төлсөн. Мөн монголчууд байшин барих гэж хавь ойрын газрыг хогийн тантан болгодог. Бид Япон, БНСУ-ын жишгээр хүрээлэн байгаа орчныг нь бохирдуулалгүй цэмцгэр барьж, хүлээлгэж өгдөг. Тиймээс л иргэд биднийг дэмжээд байгаа юм.

-Дэлхийн уур амьс­галын өөрчлөлт НҮБ-ын амин асуудал болсон. Улс үндэстнүүдийг байгальд ээлтэй байхыг уриалах бус шаардаж эхэлсэн цагт лего блок оновчтой шийдэл болжээ?

-Хоёрдогч түүхий эдийг боловсруулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь бидний давуу тал. Блокийн түүхий эдийн 50 хувь нь цемент, 50 хувь нь хог хаягдал байдаг. Зарим хүн хөөсөнцрийг аюултай гэж ойлгодог. Гэхдээ бидний өдөр тутмын хүнсний хэрэглээ, жимс жимсгэнийг хөөсөнцөр хайрцагт хадгалан тээвэрлэдэг. Бэлэн гоймонгийн савалгаанд хөөсөнцөр ордог. Хэрвээ хүний биед хортой байсан бол хүнсний бүтээгдэхүүн хадгалахгүй шүү дээ. Цементээ дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлдэг. Нөгөөтэйгүүр манай барил­гын салбарынхан гадаадаас бүтээгдэхүүн нийлүүлж, валютаа гадагшаа урсгадаг бол би хогийн цэгээс авчраад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ялгаатай байгаа биз. Ногоон үйлдвэрлэл эрхэлдгийг минь  төр засаг дэмжээсэй. Олон улсад ногоон үйлдвэрлэлийг дэмжиж, татвараас чөлөөлдөг. Манай төр ядаж НӨАТ-аас хөнгөлбөл бид хурдан хөгжинө. 


-Хаягдлыг баялаг бол­годог учраас Ногоон зээлд хамрагдах боломжтой юу?

-Хогийн цэгээс 15 жил худалдан авалт хийлээ. Хогийн цэгийнхэн намайг андахгүй.

Хөөсөнцрийн хаягдлыг галд шатаавал утаа гарна, хөрсөнд  булагддаггүй. Тиймээс манай бүтээгдэхүүнийг сонгосон хүмүүсийг эх дэлхийдээ хөрөнгө оруулалт  хийсэн гэж талархдаг.  Яг одоо компанийн эдийн засгийн асуудал бий. Ковид амаргүй сорилт байлаа. Улсаас бидний үйл ажиллагааг зогсоосон ч банк зээлийн хүүгээ зогсоосонгүй. Авсан нь үнэн юм чинь зээлээ төлж л таараа. Тэр ачаалал бидний нуруун дээр дарамт болсон. Өрөө дарчихаад маргаашнаас нь зээл гаргахаа ард түмэндээ амлаж байна. Би шуналтахгүй. Иргэдээ тохьтой, тухтай байшинтай болгохыг л зорино. Тэр болтол ард түмэн минь намайг дэмжээрэй.  Би одоо ч Ногоон үйлдвэрлэлийн  гэрчилгээгээ аваагүй явна. Гэрчилгээгээ авчихвал иргэд Ногоон зээлд хамрагдах боломжтой. Иймээс л бор зүрхээрээ зүтгэж байна. 

-Зах зээлийн өрсөл­дөөнийг дагаад танайхтай ижил төстэй  үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд нэмэгдсэн үү?

-Лего блокийг олон улсад хэрэглэж байна. Монголд анхлан таниулсан нь би. Өнөөдөр ашигтай байгаа бизнес рүү хошуурдаг нь монголчуудын зан хойно яая гэхэв. Нэгэнтэй “алалцаад” дампуурдаг. Миний технологийг сураад, үйлдвэр байгуулаад гарсан хүмүүс бий. Бүтээлээ баталгаажуулсан ч дуурайгаад үйлдвэрлээд л байдаг. Гэхдээ би тэдэнтэй өрсөлдөхгүй. Бид нийлж, өргөн фронтоор бариад зах зээлийг хангаж дийлэхгүй. Одоо би ч, тэд ч өртэй байгаа. Бүгдээрээ эхлээд өрөө дарчихаад дараа нь өрсөлдье. Санаа зоволтгүй, яарах хэрэггүй хангалттай зах зээл байна.

-Барилгын материалын салбарт хэдэн жил ажил­лаж байна вэ. Таны өнөөдрийг хүртэл баримталсан бизнесийн зарчим юу вэ?

-Барилгын салбарт 35 жил зүтгэсэн надад амьдралын туршлага, мэдлэг байна. Их сургуулийг эдийн засгийн мэргэжлээр төгссөн. Аав минь барилгачин  байсан. Багаасаа аавыгаа дагаж ажил хийж өссөн. 1990-ээд оны үед барилгын дээвэр хийдэг хүмүүс ховор. Энэ үед Улаанбаатар хотын бүх орон сууцны дээврийг зассан даа. Захиалагчид “Дээврээ яаж хийх вэ” гэж асуухад “Санаа зоволтгүй. Би өөрөө дээвэр байна” гэдэг. Аливаа амжилтын зарчим нь тууштай зан. Тэртээд харагдах үзүүрт гэрэл асна гэдгийг мэдэж байсан учраас мөлхөөд ч болтугай хүрэхийг хүссэн. Үйлдвэрээ, гэр орноо банканд хураалгаад “шатаж” явсан ч шантраагүй. Зүтгээд л байсан.  Барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр 15 жил ажиллахдаа унасан, боссон.  Шинэ бүтээгдэхүүн санаачилж үйлдвэрлээд иргэдэд таниулж түгээх амаргүй.  Хүмүүс мэдэхгүй учраас биеэр очиж барилгыг нь бариад, таниулсан. Одоо ард түмний компани болох зорилго тавьсан.  Миний ажил олны нүдэн дээр өрнөж байна. Үг, үйлдэл бүр минь нээлттэй. Хааяа хоногийн 24 цаг хангалтгүй санагдах юм. Ажлын найман цаг багаддаг. Эдийн засгийн хямралыг бид хөдөлмөрлөж байж л даван туулна. Тиймээс би хүмүүсийг эрт босож, хичээнгүй хөдөлмөрлөхийг уриалдаг.

-Салбартаа оруулсан хувь нэмрээ эргэн харж, дүгнэдэг үү?

-Монголын барилгын салбарт миний оруулсан хувь нэмэр бол тоосгоны хувийн үйлдвэр, полистирол хавтан, лего блокийг таниулсан явдал. Мөн манайх улирал харгалзахгүй байшин барьдаг болсон анхны компани. Үүнд төр, засгийн оролцоо хэрэгтэй. Шинийг санаачлаад хийж байгаа залуус төрд очиж ажлаа танилцуулдаг, шинжлэх ухааны байгууллагуудыг царайчилдаг зөв бус жишиг тогтлоо. Би үүнийг буруу гэж боддог. Харин эсрэгээрээ төрөөс эрдэмтэн, судлаачдаа компаниуд руу явуулж, судалгаа, туршилтаа хийлгэж, хамтран ажиллах хэрэгтэй байна.

-Үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутагт барилга барьж байгаа юу?

-Манайх 18 аймагт салбартай. Нуулгүй хэлэхэд би одоо барилга барих сонирхолгүй байна. Хүмүүсийг өөрсдөө барилгаа бариасай гэж хүсэх болсон. Бүгдээрээ хийцгээж, хамтдаа зүтгэе.  Хүн чаддаг зүйлээ бусдаар хийлгэх гэж хүлээж суух хэрэггүй. Зөвлөгөө аваад өөрсдөө баривал амттай бас чанартай барилга болно. Бусдад илүү зардал өгөхгүй, хэмнэлттэй шүү.  Би сайн үйлсийн аянд чадлаараа оролцохыг хичээдэг. “Мөрөөдөл биедэг юм” нэвтрүүлэгт оролцсон Онцгой байдлын залууст байшин барьж өгсөн. Манай материалын чанарыг тэдгээр залуусаас асуугаарай.

  Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №010/24541/


0
angry
0
care
0
haha
13
liked
6
love
0
sad
3
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө