Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах УИХ-ын Түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь ажиллагаа энэ сарын 13-17-нд болж өнгөрлөө. Түр хороо энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан 2542 төсөл, хөтөлбөрт олгосон 1.6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт болон Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнг авч хэлэлсэн юм.
Нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээд гэрчээр дуудагдсан сонсголд Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд, мөн хөндлөнгийн ажиглагчаар “Нээлттэй нийгэм” форум, Оюуны инновац, Цогц хөгжлийн үндэсний төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Эргэн сануулахад Түр хороо нэгдүгээр сарын 16-20-нд зохион байгуулсан эхний шатны сонсголыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлт мэдээллийг сонсох” сэдвээр зохион байгуулж байв. Тус сонсголд 77 зээлтэй холбоотой асуудлаар 306 иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудаж байсан юм.
Харин хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулсан хоёр дахь шатны сонсгол “Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах” сэдвээр зохион байгуулж, 355 зээлтэй холбоотой асуудлаар 59 иргэн, хуулийн этгээд гэрчээр дуудагдаж байлаа. Тэгвэл гурав дахь удаагийн сонсголд 240 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл гэрчээр дуудагдаж, улс орны хөгжлийг дэмжих учиртай Хөгжлийн банкнаас авсан зээлүүд хаачсан, юунд зориулсан талаар гэрчийн мэдүүлэг өглөө.
Монгол Улсын Засгийн газар 2012 оны төгсгөлд олон улсын зах зээлд “Чингис” бонд арилжаалан, 1.5 сая ам.доллар оруулж ирж, Хөгжлийн банканд байршуулснаар бондын хөрөнгөөр улс орны эдийн засгийг тэтгэх, үйлдвэр байгуулах, ажлын байрыг нэмэх төсөл хөтөлбөрийн марафон эхэлсэн түүхтэй. Гэвч Хөгжлийн банкнаас зээл авсан компани, хувь хүмүүс зээлээ эргэн төлөөгүйн улмаас банкны нийт зээлийн 55.3 хувь нь чанаргүй ангилалд багтаж, банк 66 компаниас 3.2 их наяд төгрөгийн зээл нэхэмжилж эхэлсэн юм.
УИХ-аас байгуулагдсан Түр хороо гурван сонсголоор нийт 2974 зээлийн зарцуулалт, үр ашгийг хөндлөө. Сонсголд гэрчээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нараас эхлээд Хөгжлийн банкны хөрөнгө зээл нэрээр тараагдаж байхад Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүс, Монголын топ аж ахуйн нэгжийн захирлуудаас бүтсэн 650 орчим хүн дуудагдсан нь зээлийн хүрээ хэр өргөн болохыг харуулсан юм.
Гурав дахь сонсголын анхаарал татсан асуудлын нэг нь 2016 оны зун Улаанбаатарт болсон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн арга хэмжээнд зориулсан төсөв. Тэр дундаа “Асем Вилла” төсөл байв. MCS компани “Асем Вилла” хотхныг барьж байгуулахын тулд Богдхан уулын Хүрхрээгийн амны тусгай хамгаалалттай бүсэд газар авч хувийн 53 орон сууц барихаар 125 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Үүний 65 тэрбумыг Монголбанкны урт хугацаат репо хэлэлцээрээр 60 тэрбумыг Төв банкнаас олгох барьцаат зээлээр тохиролцон авч, Худалдаа хөгжлийн банканд ойролцоогоор 25 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн тухай шинжээчид ярьж байна.
Гэвч “Асем Вилла” төслийг санхүүжүүлэхээр авсан 125 тэрбумын 49.2 тэрбумаар “Скай ресорт” компани Худалдаа хөгжлийн банкны зээлээ хаасан. 806 саяар нь Хөгжлийн банкны зээлийн хүүгээ төлсөн. Мөн “Энержи ресурс” компани MMC бондын төлбөр төлсөн. Хотхонд нийт зээлийн 125 тэрбумаас ердөө 30 тэрбумыг л зориулсан баримтуудыг сонсголоор дэлгэсэн юм. Мөн “Таванбогд трейд”, “Номин”, “Монос” ХХК-иуд авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан асуудал болон зөвхөн Төрийн банк, ХААН, Голомт банкуудаар дамжуулан 833 зээлдэгчийн түүх хөндөгдөв.
Онцлоход Хөгжлийн банк АСЕМ-тай холбоотой 233 тэрбумын бонд гаргасан бөгөөд энэхүү бондын эргэн төлөлтийг өнгөрсөн оны зургадугаар сард бүрэн хийж дууссан байна. Энэ бол зөвхөн Хөгжлийн банканд өрнөсөн АСЕМ-тай холбоотой үйл явц. Үүнээс гадна АСЕМ-д зориулсан ч зориулалтын бусаар ашигласан 395.9 сая төгрөгийн асуудал Төрийн банкан дээр яригдаж байгаа аж. АСЕМ-ийн үйл ажиллагаанд хөрөнгө захиран зарцуулах шийдвэрийг УИХ гаргаагүй ч Засгийн газар шийджээ.
Хөгжлийн банкны захирал Н.Мандуул хэлэхдээ “Зээлдэгч кэйсээс харж байхад түрүүлээд зээл авсан. Үүнийгээ "гүүрэн санхүүжилт" гэж нэрлэдэг. Араас нь Засгийн газрын хөтөлбөрийн дагуу гэрээ байгуулах явцад зээлийн хүндрэлүүд бий болдог жишиг нийт зээлээс харагддаг” гэсэн юм.
Засгийн газар, Хөгжлийн банк, АТГ чанаргүй зээлийн асуудлыг шалгаж, эргэн төлүүлж байна. Ингэснээр Хөгжлийн банкийг аварч, Засгийн газрыг дефолтоос хамгаалах, банканд үүссэн эрсдэлийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж мэдэх хүнд асуудлын ард амжилттай гарч явна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын 14-ны байдлаар Хөгжлийн банк нэг их наяд 174.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хийлгээд байна.
Ташрамд дурдахад, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо нь УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар Хянан шалгах түр хороо нь нэг жилийн хугацаатай ажиллах бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын талаар дүгнэлт гаргахгүй бөгөөд УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
Д.Жаргалан
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна