Аюулгүй хотууд барилгын чанараараа өрсөлддөг


Хүн ам төвлөрсөн хотууд нийгэм, цаг үеийнхээ хамгийн сонирхол татсан, тэднийг даллан дуудсан хөгжлийн төв болсоор ирсэн ч энэ зуунд дэлхийн улс орнууд “аюулгүй хот” гэсэн нэр томьёог өргөнөөр ашиглаж байна. Энэ агуулгад хотын өвөрмөц өнгө үзэсгэлэн, сая сая хүний төвлөрөл, техник технологийн дэвшлийн үсрэнгүй хөгжил биш зөвхөн оршин суугчдад төдийгүй улс орон, хүн төрөлхтний соёл иргэншилд заналхийлж болзошгүй хүний гараар бүтсэн, хайхрамжгүй хандлагатай холбоотой зам, гүүр, барилга байгууламжийн хэврэг байдал, үүнтэй холбоотой аюул ослоос сэргийлэх ойлголтууд багтаж байгааг уншигч та мэдэрч, хүлээн авч байгаа болов уу. 

Сарын өмнө Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн гамшиг “Аюулгүй хот” байгуулах ёстой гэдэг сануулгыг дэлхий нийтэд нэг дохиогоор, нэгэн зэрэг өгч, орчин цагийн хотуудын барилгын чанар, ард иргэдийн амь нас хоёр хоорондоо ямар их холбоотойг хатуухан сануулаад авсан. Гэхдээ энэ ойлголтыг хүн төрөлхтөн хэтэрхий их үнээр авах шиг болов. Туркт боссон орчин үеийн барилгууд яагаад өрөөд тавьсан карт шиг нуран унав гэсэн асуулт тавигдаж, асуултын хариултаа ч дэлхий нийт хурдан шуурхай олоод авсан. Энэ бол ердөө л барилгын норм, дүрэм журам тус улсад мөрдөгдөөгүйгээс болсон. Стандартгүй баригдсан барилгууд газар хөдлөлтийг тэсвэрлээгүйг өнөөдөр дэлхийн хэвлэлүүд хөндөн бичиж, хэлэлцэж байна.  Бүтэн хороо­лол байтугай ганц орон сууц барьсан барилгын компани ч борлуулалт хийхийн тулд “Газар хөдлөлтийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн стандартын дагуу барьсан.

Бүх орц, хийцүүд хамгийн чанартай материалаас бүрдсэн” гэдэг рекламыг цацах нь бараг л зах зээлийн зарчим болсон. Ийм зар Улаанбаатарын FM радио, ТВ-ийн сувгаар цацагдаж, олон нийтийн сүлжээний хаягууд ч дэлгэн тавьдаг болсон. Харамсалтай нь Туркийн газар хөдлөлтөд өртөн нурсан барилгын компаниуд ч яг ийм реклам, зарыг түгээж байсан гэдгийг өнөөдөр гамшигт өртсөн иргэд нь дэлхийн хэвлэлүүдэд ярьж байгаа. 

Тэгвэл барилгын аюулгүй ажиллагаа, аюулгүй ажиллагааны дүрэм журмууд Монгол Улсад ямар байгаа вэ. Туркийн гамшиг цочроо өгч, шийдвэр гаргах түвшнээс эхлээд энгийн иргэд энэ асуудалд санаа тавьж эхлээд байна. 

Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглалтын хэлбэр, газрын гадарга, уур амьсгал, усны нөөц зэрэг байгалийн нөхцөл, нөөцөөс хамаараад 18.3 сая хүн тогтвортой түвшинд амьдрах даацтайг Барилгын хөгжил төвийнхөн Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийн судалгаагаар тогтоожээ. Гэхдээ Улаанбаатар хот болон Төв аймгийн хүн амын суурьшлын даац 25.6 хувиар хэтэрсэн. Харин бусад аймаг тэр дундаа Сэлэнгэ, Дархан, Дорнод, Хэнтий, Хөвсгөл хүн амын суурьшлын даац, ашиглалтын хамгийн их нөөцтэй аж.

Улаанбаатар өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болж, хот руу чиглэсэн нүүдлийг дагасан орон сууцны хэрэглээ өсөн нэмэгдэж буй ч хэврэг барилгаас бүтсэн орон сууцны хороолол байх магадлалтай гэсэн болгоомжлол иргэд төдийгүй салбарынхан дунд байсаар байна. Энэ долоо хоногийн эхэнд НЗДТГ барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, салбарын хяналтын тогтолцоо, хууль, эрх зүйн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” зөвлөгөөнийг ч зохион байгуулаад авлаа. 

Зөвлөгөөнд барилгын салбарын эрдэмтэн судлаач, инженер, зураг төсөл зохиогч, ба­рил­гын материал үйлдвэрлэгч зэрэг мэр­гэж­лийн холбоо, аж ахуйн нэгж, байгуул­лага, СӨХ, төслийн нэгж, төрийн холбогдох байгууллага зэрэг 70 гаруй байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөний үеэр хөндөгдсөн анхаарал татсан асуудалд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт болж магадгүй газар хөдлөлт болон хөрсний гулсалт, гулгалтын аюул, барилгын чанар, стандарт багтаж байсан юм. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн аж. Сүүлийн 10-15 жилд Улаанбаатар хотод баригдсан барилгуудын ихэнх нь уул өгсөж баригдсан. Гадаргуугийн налуу 15 градусаас хэтэрсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлтийн үеэр барилгад ирэх цохилт хоёр дахин нэмэгддэг аж. 

2013 онд Улаанбаатар хотод хийсэн эрсдэлийн үнэлгээгээр газар хөдлөлт болсон тохиолдолд төвлөрсөн орон сууцны 11 хувь, хувийн орон сууцны 33 хувь нурж, хотын төвд 7552 хүн, гэр хороололд 38 мянган хүн амь үрэгдэх эрсдэлтэй гэж гарсан. Гэхдээ энэ тоо сүүлийн арван жилд өөрчлөгдсөн байх. Учир нь нийслэлд 1950-аад онд барьсан барилгуудыг нурааж, шинээр барьж эхэлсэн. Үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгууд багтаж буй. Мөн гэр хороололд мэргэжлийн бус хүмүүс барьсан 3-5 давхар байшин их болсон нь эрсдэлийг ихэсгэнэ” гэсэн судалгааг уг зөвлөгөөн дээр мэргэжилтнүүд хөндөж байв. 

Хүн амын төвлөрлийг даган өсөн нэмэгдэж буй барилгажилт “Аюулгүй хот” байгуулах ёстойг бидэнд ийн байн байн сануулж байгаа юм. Монгол Улсын барилгын салбарт мөрдөгдөх норм, норматив, стандартыг тогтоож, хянан баталгаажуулдаг газар бол Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв ТӨҮГ. Бид энэ удаагийн “СЭДЭВ” буландаа тус төвийн үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээллийг бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. 

Монгол Улсын Барилгын салбарын хууль, тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, барилгын норм, норматив боловсруулж, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, барилга нийтийн аж ахуйн мэдээллийн сан бүрдүүлэн сүлжээ байгуулж, түүний байнгын ажиллагааг хариуцах гэх мэт үүргийг хэрэгжүүлэн ажилладаг тус байгууллага өнөөдөр 80 гаруй инженер, техникийн ажилчидтай ажилладаг аж. 

Барилгын салбарын тухай мэдээ мэдээллийг дагалдан хүнд суртал, тусгай зөвшөөрлийн эрх мэдлийг даган авлига яригддаг байсан үе бий. Гэвч олон жил энэ салбарынхныг дагалдаж ирсэн эдгээр яриа цагийн аясаар гээгдэж Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төв үйл ажиллагаагаа цахимжуулж амжжээ. Өнөөдрийн байдлаар Барилгын хөгжлийн төв 120 гаруй барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож байна.

Д.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 22 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна Өчигдөр
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх 2025/04/18
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна 2025/04/18
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… 2025/04/18
​ Нүүр тахлах ганц музей 2025/04/18
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… 2025/04/18
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” 2025/04/18
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг 2025/04/18
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг 2025/04/18
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна 2025/04/18
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... 2025/04/18
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ 2025/04/18