Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүх төсөл арга хэмжээ, түүний зураг төсөл, ТЭЗҮ-ийн боловсруулах үйл явц БХБЯ-нд нэгтгэн хэрэгжиж болсон. Энэ талаар “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн дарга Д.Чинзолбоотой ярилцлаа.
-“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ зураг төслийн хяналтын ямар чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна вэ?
-“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн гол чиг үүрэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээний зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах үйл явцад захиалагчийн хяналтыг гүйцэтгэх явдал байдаг. Өмнө нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах үйл явцыг төсвийн ерөнхийлөн захирагч нар тус тусдаа хариуцан хянадаг байсан бол 2021 оноос эхлэн энэхүү чиг үүрэг БХБЯ-нд төвлөрөн хэрэгжиж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бүх төсөл арга хэмжээний зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үйл явц БХБЯ-нд нэгтгэн хэрэгжиж байна. Ингэснээр бусад төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийн үндсэн чиг үүргийн дагуу бодлогоо боловсруулах ажилдаа анхаарах боломжтой болж байгаа юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүтцийг шинэчлэн баталж, “Зураг төслийн хяналтын хэлтэс” байгуулагдан энэ ажлыг гардан гүйцэтгэж байна.
-Одоо танайд хэчнээн зураг төсөл хянагдаж байна вэ. Зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын явц ямархуу байгаа бол?
-2021 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний 172 зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажилд захиалагчийн хяналт гүйцэтгэлээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 76 зураг төсөл иж бүрэн дуусаж, ашиглагч байгууллага буюу харьяа яам болон аймаг, орон нутагт хүлээлгэж өгөөд байна. Тодруулж хэлбэл, хот байгуулалтын баримт бичиг дөрөв, нэг маягийн 17 зураг төсөл, барилгын 13 зураг төсөл, шугам сүлжээний болон усны барилга байгууламжийн 41 зураг төсөл иж бүрэн дууссан. Одоо боловсруулагдаж байгаа 93 зураг төсөл байна.
-Онцлох томоохон зураг төслүүдээс нэрлэнэ үү?
-Олон улсын хүүхдийн “Найрамдал-2” зуслангийн зураг төсөл хийгдээд батлагдах шатандаа явж байна. “Хавдар судлалын үндэсний төв-2” эмнэлгийн барилгын зураг төсөл, Дотоод хэргийн их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ТЭЗҮ, “Залуус-1” хорооллын барилгажилтын зураг төсөл, Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний зураг төслүүд гэх зэрэг томоохон зураг төслүүд боловсруулагдаж, дуусах шатандаа орж байна.
-Нэг маягийн зураг төслийг тодорхой тайлбарлахгүй юу. Ямар зураг төслийг нэг маяг гэж хэлээд байна вэ. Нэг маягийн зураг төслийг ашиглах нь ямар ач холбогдолтой вэ?
-Нэг загварын зураг төсөл гэдэг нь товчхондоо, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг ижил загвараар барихыг хэлнэ. Загвар, хийц, бүтээц талаасаа өөрчлөгдөхгүй нэг маягийн загвартай зураг төслийг өөр өөр байршилд давтан ашиглах боломжтой байдаг. Монгол Улсын хаана ч аваачаад ашиглахад бэлэн болгосон зураг юм. Нэг загварын ТЭЗҮ, зураг төслөөр барилга байгууламжийг барих нь цаг хугацаа хэмнэхээс гадна эдийн засаг, төсөв хэмнэх ач холбогдолтой.
Өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, боловсрол, эрүүл мэнд, соёл, нийгмийн хамгааллын салбарын бүтээн байгуулалтууд нь хүчин чадлын хувьд ижил боловч төсөвт өртөг нь харилцан адилгүй байсаар ирсэн. Тэгвэл нэг загварын зураг төслийг авч ашигласнаар ийм асуудлууд гарахгүй байх нөхцөл хангагдаж, төсөв хэмнэх давуу талтай. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, нэг загварын зураг төсөл хэрвээ алдаатай батлагдвал, тэр алдаа нь давтагдаад л яваад байх эрсдэлтэй. Тэр утгаараа нэг маягийн зургийг анхнаас нь боловсруулах шатанд сайн хянаад, төлөвлөлттэй зөв зураг гаргах нь маш чухал. Тэр үүднээсээ манайхаас эскизийн шатнаас холбогдох мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлээд саналыг нь тусган боловсруулж байгаа учраас алдаагүй зураг хийж байгаа гэж ойлгож болно.
-Нийгмийн үйлчилгээний ямар байгууламжууд ирээдүйд нэг маягийн хийц, нэг зураг төслөөр баригдахаар төлөвлөгдсөн байгаа вэ?
-ЕБС-ийн зориулалттай байр, дунд сургуулиудын спорт заал, дотуур байр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг, сургуулийн барилга, хүүхдийн цэцэрлэг, ЭМТ, Соёлын төвийн зураг, төсөл хийгдээд бэлэн болсон байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд эдгээр батлагдсан, бэлэн болсон нэг маягийн зураг төслийг манайхаас авч ашиглах нь бүрэн нээлттэй. Манайхаас зураг авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт бид тухайн орон нутагт хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих шаардлагатайг судалгаатай уялдуулан зөвлөдөг.
Өмнө нь тооцоо судалгаагүй, төлөвлөлтгүйгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьснаас болж төсвийн үргүй зардал гарч байгаа тухай шүүмжлэл нэлээд гарч байсныг хүмүүс мэдэх байх. Жишээлбэл, хүн ам цөөтэй сум, сууринд арван жилийн дараа ч хүчин чадлынхаа талд хүрэхгүй дүүргэлттэй байхаар 640, 960 хүүхдийн хүчин чадалтай том сургууль барьчихдаг. Дүүргэлтгүй учраас ашиглалтын зардал ихэссэнээс үйл ажиллагааг нь цааш нь авч явах боломжгүй болдог жишээ тохиолдол гарч байсан.
"Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-аас Монгол Улсын Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл (ХАНСХЕТ)-ийг боловсруулж байгаа. Энэхүү судалгаанд 2040 он хүртэл Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргааны нэгжүүдийн бүтэц тогтолцоо, байршил, орон нутгийн бие даан хөгжих боломж, аймаг, хот суурин газруудын хөгжлийн чадамж, ашиглагдаагүй нөөц боломжийг нээн илрүүлж, эдийн засгийн өсөлтийн төвүүд, хүн амын өсөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тооцоолж гаргасан. Энэхүү судалгаатай уялдуулж манайхаас зураг төсөл авахаар ирсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт “Танай аймаг, орон нутгийн хүн ам ирэх 20 жилд тэдэн хувиар өсөх тул одоо байгаа сургууль дээрээ нэмэлтээр хэчнээн хүүхдийн хүчин чадалтай сургууль хэрэгтэй юм байна” гэдгийг зөвлөж байгаагаараа давуу талтай.
Д.ЦАЦРАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна