БХБЯ-ны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даваанямтай ярилцлаа.
-Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулах судалгааны ажлын явц ямар байна вэ?
-Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ/-ийг боловсруулах судалгааны ажил 2018 оны зургадугаар сараас эхлээд тав дахь жилдээ явж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа 2050” хөтөлбөр, Хот байгуулалтын тухай хууль зэрэг баримт бичигт тус төслийг боловсруулж хэрэгжүүлэхээр заасан. Өнөөдөр Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харьцаа алдагдсан. Гол нотолгоо нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч эсрэгээрээ нийт хүн амын хамгийн их хувь буюу тал хувь нь ганц Улаанбаатар хотдоо суурьшдаг гэдгээрээ ч мөн дэлхийд тэргүүлдэг. Энэ нь хүрээлэн буй орчны бохирдлоос гадна авто замын түгжрэл, эдийн засгийн өсөлтийг сааруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжид сөргөөр нөлөөлж, ачаалал нэмэгдэх, байгалийн гамшигт өртөмтгий, халдварт өвчин богино хугацаанд хүн амын хамгийн их хувьд тархах өндөр эрсдэлтэй улсуудын тоонд орж байна. Тиймээс энэ судалгааг явуулах нийгэм, эдийн засгийн бодит хэрэгцээ, шаардлага үүссэн.
Эхний хоёр жилд өнөөгийн байдлын судалгааг хийсэн. Энэ хүрээнд Монгол Улсын нийт 235 сум, суурин газраар орон нутгийн судалгааг хийсэн. Дараагаар нь Хот байгуулалтын үнэлгээний тайланг хийлээ. Одоо төлөвлөлтийн шийдлийг боловсруулж, хэлэлцүүлэх ажил явж байна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг, зарим сум, Засгийн газрын яамд болон холбогдох агентлагуудад энэ судалгааны төлөвлөлтийн шийдлээ танилцуулж, санал авах, хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Судалгааны ажил ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүдийг нэгтгээд ХАНСХЕТ-ийн төлөвлөлтийн шийдлийг эцсийн байдлаар боловрсуулж, 2023 оны эхний хагас жилдээ багтаан Засгийн газар, УИХ-д хэлэлцүүлэн батлуулахаар төлөвлөж байна.
-Монгол Улсын хүн ам, суурьшлын хөгжлийг ямар хугацаанд төлөвлөн тооцсон бол?
-2040 он хүртэл Монгол Улсын хүн ам хэд болж өсөх вэ, ямар байршил, төлөвлөлттэй байвал орон зайн хувьд оновчтой байх вэ гэсэн төлөвлөлтийг зураглалаар гарган боловсруулсан. Монгол Улсын нийт хүн амыг 2040 он гэхэд 4 сая 567 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Ингэхдээ бүх хот, сумаар нь хүн амын өсөлтийг гаргаснаараа ач холбогдолтой. Улаанбаатар хотын хувьд одоогийн ердийн өсөлтөөрөө явбал 2040 онд 2.5 болж өсөхөөр байгаа. Харин төлөвлөлтийн хүрээнд хэт өсөлтийг хязгаарлаж, дагуул хотын хамт хоёр саяд хязгаарлахаар төлөвлөсөн. Өнөөдрийн нөхцөлд зарим хот, сууринд хүн амын өсөлтийг хэт өөдрөгөөр тооцож, хэрэгцээ, шаардлагаас давсан дэд бүтэц, барилга байгууламж барьж, төсвийн хөрөнгө оруулалтыг зарим талаар үр ашиггүй болгосон тал бий. Энэ төслөөр эдгээр алдааг давтахгүйгээр бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хүчин чадалтай, орон зайн оновчтой байршил, ач холбогдлын зөв эрэмбэ дараатайгаар гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтууд хийгдээд явах тул эдийн засаг, нийгмийн үр ашиг нь дээшилнэ.
-Монгол Улсын нийт хүн ам 4 сая 567 мянган гэсэн тоог ямар үндэслэлээр гаргасан бэ?
-Сүүлийн арван жилийн хугацаан дахь Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлт, шилжилт хөдөлгөөн, нас хүйсний бүтэц зэргийг тооцоолж гаргасан. Ирэх 20 жилийн хугацаанд хүн амын суурьшлыг зөвхөн хот төдийгүй хөдөө орон нутагт зохистой түвшинд шилжин суурьшуулахад анхаарч байна. Тухайлбал, төвийн бүс нутгийн бэлчээрийн даац 2-4 дахин хэтэрсэн нутгаас хил орчмын алслагдсан нөөц бэлчээр бүхий нутагт залуу малчдыг шилжин суурьшихыг дэмжих шаардлагатай. Хил орчмын зарим алслагдсан суманд 30-40 насны малчин залууст эхнэр олдохгүй байна. Учир нь эмэгтэйчүүд нь аймгийн төв, нийслэлд суралцаад тэндээ шилжин суурьшиж үлддэгтэй холбоотой.
-Улаанбаатар хотыг анх 500 мянган хүн амтайгаар төлөвлөөд өнөөдөр 1.5 сая хүн амтай болсон. Шинэ суурьшил төлөвлөснөөр Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл саарах уу?
-Улаанбаатар хотын Их тойрууд улсын хэмжээний төрийн захиргааны байгууллагууд, дээд боловсрол үндсэндээ төвлөрч, түүнийг дагаад худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд төвлөрөөд байна. Үүнийг сааруулахын тулд төр, засаг асуудлын түрүүнд явж байх ёстой. Өөрөөр хэлбэл, төр, захиргааны зарим чиг үүргийг дагуул хотуудад шилжүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс хүн амын шилжилт хөдөлгөөнийг татаж байгаа гол хүчин зүйл болох яам, агентлаг, их, дээд сургуулийн зарим чиг үүргийг дагуул болон хоёрдогч хотууд руу шилжүүлэх нь оновчтой алхам юм. Шилжин ирэгсдийн нас, хүйсийн бүтцээс харахад их, дээд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод суурьшин үлдэж байгаа залуус их байна. Мөн тэд аав, ээж, ах дүүгээ дагуулж шилжин ирдэг. Мөн орон нутагт хүн амын зохистой төвлөрөл байхгүйгээс ажлын байр хайж шилжин ирж байгаа хүмүүс их байна. Дархан, Эрдэнэт, Даланзадгадад зарим их, дээд сургуулийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн 50 хувийг нь шилжүүлэх байдлаар төрийн зохицуулалтаар төвлөрлийг сааруулж болно. Мөн “Шинэ зуун мод” хот буюу шинэ нисэх онгоцны буудлыг дагасан дагуул хотын төлөвлөлтийг боловсруулан Засгийн газраас баталсан. Энэ хүрээнд Төв аймгийн төвтэй дэд бүтэц болон нийгэм, эдийн засгийн харилцан уялдаатай дагуул хот төлөвлөгдөн хөгжөөд явна. Энэ нь нийслэлийн хүн амын дөрвөн уулын дундах хэт төвлөрлийг сааруулах бас нэг гарц шийдэл болно.
Орон нутгийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дархан, Эрдэнэт, Чойр, Замын-Үүдийг улсын зэрэглэлтэй засаг захиргааны бие даасан статустай хот байдлаар төлөвлөн хөгжүүлэх хэрэгтэй. Ингэвэл орон нутагт удирдлага, санхүү, эдийн засгийн эрх мэдэл нэмэгдсэнээр орон нутгийн хөгжлийн хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Цогтцэций, Ханбогд зэрэг суурин газрыг орон нутгийн зэрэглэлтэй хот болгохоор төлөвлөсөн. Мөн Монгол Улсын нийт 356 хот, суурин газрыг 90 бүлэг суурингийн тогтолцоотойгоор хөгжүүлэхээр төлөвлөж, тэдгээр 90 бүлэг суурингийн төв буюу сум дундын төвд хот байгуулалтын дэд бүтцийг хөгжүүлж, хүн амын ая тухтай орчныг бүрдүүлэхээс гадна боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүргэж, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэж, ажлын байр нэмэгдэх боломжтой болно. Учир нь бид бүх сумыг жигд хөгжүүлэх боломжгүй.
-Өнөөдөр Яармагт “Шинэ Улаанбаатар” боссон. Төлөвлөлт хийсэн ч эмх замбараагүй байшин, барилга сүндэрлэлээ. Хөшигийн хөндийд энэ байдал давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?
-Хөшигийн хөндийд шинэ онгоцны буудлыг түшиглэсэн “Шинэ Зуунмод” хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Түүний дагуу Чөлөөт бүс, дээд боловсрол, шинжлэх ухааны төв, дэд бүтцийн зураг төслийн ажлууд үе шатны дагуу хийгдээд явж байгаа. Иймд одоогийн зарим төлөвлөлт шиг эмх замбараагүй байдал үүсэж, хүмүүсийн амьдрах орчны эрх ашигт хохирол учрахгүй.
-Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл батлагдвал ажлаа юунаас эхлэх вэ?
-Энэ жилдээ төсөл батлагдвал ирэх жилээс хэрэгжээд явна. Улсын төсөвт тодорхой хэмжээгээр тусгагдаж, дэд бүтцийн ажлууд хийгднэ. Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуульд өөрчлөлт оруулна. Бидэнд цаашдаа барилга биш хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй. Хүн амын бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн төлөвлөлтийг бодитоор хийх шаардлагатай гэж үзэж байна. Энэ судалгаагаар нэгдсэн орон зайн мэдээллийн сан үүсэж байгаагаар онцлогтой. Ингэснээр хүний хүчин зүйлийн нөлөө орохгүйгээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүд нь бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хүчин чадал, орон зайн байршил, ач холбогдлын зөв эрэмбэ дараатайгаар төлөвлөгдөн хэрэгждэг болно.
-Энэ төсөл хэрэгжсэнээр ямар өөрчлөлт, шийдэлд хүрэх вэ?
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүн амын суурьшлын хувьд том өөрчлөлт гарсан ч дорвитой ажил хийгдээгүй. Өнөөдөр 100 мянган хүнтэй Эрдэнэт хот Баян-Өндөр сум гэсэн статустай байна. Энэ нь 1000 хүрэхгүй хүн амтай, мал аж ахуй зонхилсон сумтай статус адил. Багаас цөөн хүнтэй сум, сумаас цөөн хүнтэй аймаг, хорооноос цөөн хүнтэй дүүрэг байна. Тиймээс хотын статусыг сэргээнэ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарна. Монгол Улс 330 вант улс биш, нэгдсэн төр засаглалтай улс учраас зарим өөрчлөлтийг шуурхай хийгээд явах нь улсын нэгдмэл эрх ашигт нийцнэ.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №011/24542/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна