Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
-Таныг салбарын сайдын ажлыг хүлээж авахад зам тээврийн салбар ямар байдалтай байв. Тулгамдсан асуудал мэдээж байсан байх. Өнгөрсөн хугацаанд ямар бодлого барьж ажиллав?
-Зам ашигладаггүй, тээврийн үйлчилгээ авдаггүй нэг ч хүн байхгүй. Тийм болохоор зам, тээвэр бол үйлчилгээний салбар. Тийм ч учраас энэ салбарт ямар ч хүнд суртал, авлига ашиг сонирхлын зөрчил байх ёсгүй. Энэ ч үүднээс ажлаа авсан цагаас хойш салбараа иргэдэд нээлттэй, ил тод байхад анхаарч, үйлчилгээний чанарыг сайжруулахад үргэлж анхаарч ирсэн.
Өнгөрсөн оны есдүгээр сард сайдын ажлаа авахад хил, боомтын гацаа арилаагүй, түүнээс үүдэн чингэлгийн бөөгнөрөл түгжрэл үүссэн, тээврийн зардал хэт өндөр, авлига ашиг сонирхлын зөрчил бугласан гээд иргэдийг бухимдуулсан асуудал үнэндээ л овоорсон байсан. Дарханы замын ажил удааширсан, цемент битумын хангалт тасалдалтай, төлөвлөлт зохион байгуулалтын уялдаа суларсан гээд тоочоод байвал шийдэх асуудал шил даран хүлээж байлаа. Энэ бүхнийг цэгцлэхээс ажлаа эхэлсэн гэх үү дээ.
-Өнөөдрийн байдлаар гарсан бодит үр дүнгийн талаар та хэрхэн дүгнэх вэ?
-Мэдээж бодит үр дүнг олон нийт тавих ёстой. Үнэлгээ тэднийх. Гэхдээ сайдын хувьд хэлэхэд дээр дурдсан асуудлуудыг ямар ч байсан бүрэн шийдвэрлэж чадсан. Энэ бол ажлын эхний үр дүн гэж ойлгож байгаа. Өнөөдөр тээврийн зардал өмнөхтэй харьцуулахад 20 дахин буурчихаад байна. Харамсалтай нь тээврийн зардал ингэж буурчихаад байхад бараа бүтээгдэхүүний үнэ өртөг тэр хэмжээгээр хямдрахгүй байгаа нь үнэн. Таван жил сунжирсан Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөнийг бид бүрэн нээсэн. Энэ ондоо багтаан үлдээд буй нийт ажлын 50 хувийг дуусгаж хоёр урсгал, дөрвөн эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр ажлаа төлөвлөж замын ажлыг эхлүүлээд байна.
Ингэхдээ иргэдэд, зорчих хөдөлгөөнд саад болохгүйгээр замын ажлыг хийнэ. Намайг ажил авахад нислэгийн томилгооны асуудал нэлээд ээдрээтэй байсан. Нислэгийн томилгоог зөвхөн дээрээс шийддэг, авиа компаниудынхаа дуу хоолой, саналыг сонсдоггүй гажуудал байсан. Энэ алдааг засаж дотоодын авиа компаниуд өөр хоорондоо зөвшилцсөн тохиолдолд томилгоог Зам тээврийн сайд шууд батламжилдаг байх зарчимд тогтсон. Үр дүнд нь өнөөдөр бид дэлхийн 40 улсын 105 цэг рүү шууд нислэг хийх боломж бүрдсэн.
-Засгийн газар энэ жилийг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд олон талт ажил өрнөж байна. Энэ том бодлого танай салбарт хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Төмөр замын ачаа тээврийн захиалгыг олон нийтэд ил тод болгох, цахимжуулах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллалаа. Авлигаар вагон хурдлуулдаг, ашиг сонирхлын зөрчлөөр хувийн хэвшлийг боодог гацаадаг байж хэрхэвч таарахгүй. Тийм нөхдийн увайгүй үйлдэл эхнээсээ илэрч хуулийн буулга толгой дээр нь бууж байна. Зам, тээврийн салбарт авлигын идээ бээр бугласан байснаас болж энэ салбарын нэр хүнд их унасан. Мөрөөрөө ажлаа хийж, хариуцсан ажилдаа эзэн болсон олон мянган хүний нэр төрийг хэдхэн авлигач сэвтээж харлуулж орхисон.
Тиймээс хулгайчдыг энэ салбараас шахан зайлуулж, хуулийн цээрлэл үзүүлэх нь бидний эрхэм зорилго. Аливаа юм далд байхаараа, олон нийтийн хяналтаас гадуур байхаараа хардлага дагуулж, авлига цэцэглэх үндсийг бүрдүүлдэг. Тиймээс салбараа ил тод, нээлттэй, хариуцлагатай байхад илүү их анхаарал тавьж байна. Тийм ч учраас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан.
Энэ хүрээнд 2023 онд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулна. Иргэдэд хаалттай, эргэлзээтэй, ээдрээтэй, түгжээтэй байсан 91 хаалгыг нээж, үйлчилгээг хөнгөвчилнө гэсэн үг. Бүтээмжийг дээдэлнэ гэдэг маань энэ салбарт цагаа бүртгүүлчихээд зүгээр шахам сууж цалингаа авдаг хэвшмэл тогтолцоог халж, бүтээмжтэй нь илүү цалин урамшуулал авдаг, бүтээмжийг үнэлдэг, дээдэлдэг болно гэсэн үг. Ажил хийхгүй сандал суудал бөглөсөн, илүү зардал гаргасан бүтэц орон тоог цомхотгож цэгцлэх нь нэн тэргүүний ажил.
Хийдэг нь хэт цөөхөн, хэлдэг, дүрэмддэг, удирддаг нь хэтэрхий олон болсноос ажил саатдаг, хүнд суртал гаардаг гажуудлыг арилгах нь бидний зорилго. Тэгэхээр ялангуяа удирдах албан тушаалтнуудын ажлын үр дүнг, бүтээмжээр, хариуцлага сахилга батаар, ёс зүйгээр нь дүгнэнэ. Тэр хүмүүсийг жирийн ажилтан албан хаагчдаас илүү шахаж шаардана. Эцсийн дүндээ иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг хангагдах учиртай. Яагаад гэвэл зам, тээврийн салбар бол үйлчилгээний салбар гэдгийг энэ салбарт даргаасаа үйлчлэгч нь хүртэл бүгд ойлгож ажиллах нь өнөө үеийн шаардлага болчихоод байна шүү дээ.
-“Монголд зочлох жил”-ийн хүрээнд зам, тээврийн салбарынхан голлох үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа байх. Энэ том бодлого агаарын тээврийн салбарын бодлоготой хэрхэн уялдаж байна вэ?
-Уялдалгүй яах вэ. Монголд зочлох зочид гийчдийн унаа хөсөг нь манай зам тээврийн салбар. Монголчууд бид найр наадамд очихдоо, хүндтэй зочноо угтахдаа хүлгийн сайнаа барьж, гоёлын эмээлээ тохдог шүү дээ. Түүн шиг манай үндэсний агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, төмөр замын болон хот хоорондын зорчигч тээврийнхэн маань дор бүрнээ бэлтгэлээ базааж аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар стандарт, харилцаа хандлагаа өөрчлөн сайжруулах тал дээр онцгой анхаарч байгаа.
Өөрөөр хэлбэл, Монголд ирсэн жуулчид дахин ирэх хүсэл сэтгэл өвөрлөн буцахад манай зам тээврийн салбар ч , аялал жуулчлалын компаниуд маань ч адил тэнцүү чухал үүрэг хүлээж байгаа. Тавтай морилж, тухтай аялан нандин дурсамжаа бүтээхэд нь манай зам тээврийн салбар сайн хөтөч байхын төлөө хичээн ажиллаж байна.
-Монгол Улс АНУ руу шууд нислэг үйлддэг болохоос авахуулаад олон чиглэл нэмэгдлээ. Энэ бол багагүй яриа хэлэлцээний дүнд ажил хэрэг болж байгаа зүйл болов уу?
-Яг үнэн. Монгол, Америкийн хооронд шууд нислэгтэй болох асуудал бараг сүүлийн 20 жил яригдсан юм билээ. Гэсэн атал гэрээ хэлэлцээр, ажил нь урагшаа явахгүй өдийг хүрсэн нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, АНУ-д ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа 50 гаруй мянган иргэнийхээ эрх ашгийг дандаа хойш нь тавьж ирсэн нь хачирхалтай. Учир шалтгааныг мөшгөөд үзэхээр ерөөсөө л чөлөөт өрсөлдөөнийг боомилсон, явцуу эрх ашигт хүлэгдсэн, зоригтой шийдвэр гаргахаас зүрхшээсэн элдэв мянган шалтаг л цаана нь цухуйж байна билээ. Тиймээс одоо энэ асуудалд цэг тавих цаг нь болсон. 2023 оны зургадугаар сард би АНУ-тай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурна.
“Опен скай” буюу хоёр улсын ямар ч авиа компани дуртай хот руугаа, дурын давтамжтайгаар ямар ч хязгаарлалтгүй, нээлттэй ниснэ гэсэн үг. Монголчууд Америк нисэхдээ цаг хугацаа, зардал мөнгөө хэмнэнэ. Нислэгийн тийз наад зах нь 500 ам.доллароор хямдарна. Монгол, Америкийн худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхжинэ гээд ач холбогдол их. Бидний хувьд АНУ-ын нислэгийн аюулгүй байдлын аудитад хамрагдах ёстой. Ингээд нислэгээ нээнэ.
Мөн энэ онд Австрали улстай “Опен скай” агаарын хэлэлцээр байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Оны эхний хагаст Грек, Унгар, Их Британи, Умард Ирландын хаант улстай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулна. Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс дэлхийн бүх гол агаарын тээврийн зангилаа цэгүүдтэй ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, бүрэн чөлөөтэй нислэг үйлдэх эрх зүйн боломж нээгдэх юм. Нэмж хэлэхэд, дотоодын агаарын тээвэрлэгчид өнгөрсөн 2022 онд агаарын 13 хөлгийг шинээр оруулж ирсэн. Энэ 2023 онд том оврын дөрөв, орон нутгийн чиглэлд нисэх хоёр агаарын хөлөг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Үүнд МИАТ компани Боинг-787-900 маягийн онгоц хоёрыг оруулж ирнэ. Эхний онгоц ирэх тавдугаар сард ирэх гэж байна. Ингэснээр Монгол Улсаас АНУ, Европ, Австралийн аль ч хот руу жингийн хязгаарлалтгүйгээр шууд нисэх боломжтой болно.
-Нислэгийн тийзний үнийг бууруулах чиглэлд ямар бодлого баримталж байна вэ. Үр дүн эхнээсээ гарч байх шиг байна?
-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод агаарын тээврийг либералчлах, олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээх, “Чингис хаан” нисэх буудлыг олон улсын зангилаа болгох зорилтууд тусгагдсан.
Мөн уул уурхайн экспортоос хараат байдлаас гарах, эдийн засгийг төрөлжүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх нэг гол салбар бол аялал жуулчлал. Энэ ч үүднээс Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Зам тээврийн хөгжлийн сайдын хувьд “Ая тухтай агаарын тээвэр, хямд тийз-хүртээмжтэй нислэг” гэсэн бодлого, зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Агаарын тээврийг либералчлах, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр бид олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс 40 оронтой агаарын харилцааны хэлэлцээртэй болоод байна.
Хамгийн сүүлд гэхэд Катар улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан. Ингэснээр Персийн булангийн орнууд, Арабын ертөнц рүү агаарын ачаа тээврийг нэмэгдүүлэх, мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих, эргээд тус бүс нутгаас Монголд ирэх жуулчдын шинэ урсгалыг бий болгох боломж давхар нээгдэж байгаа юм. Мөн бид Катар улсын тусламжтайгаар тус улсад иргэний нисэхийн боловсон хүчин, тэр дундаа нисгэгч бэлтгэх шинэ үүд хаалгыг нээж чадсандаа баяртай байна. Одоо энэ асуудлыг даруй ажил хэрэг болгоход анхаарна. Уулзалт, хэлэлцээр бүхнийг үр дүнтэй байлгахын тулд тус бүрд нь нарийн төлөвлөгөө гаргаж, түүнийхээ хэрэгжилтийг хянаж ажиллаж байгаа. Ерөөсөө иргэний нисэхийн ч тэр, бусад салбарт ч тэр чөлөөт өрсөлдөөнийг дэмжих нь үйлчилгээний чанарт ч, үнэ өртөг хямдрахад ч заавал эерэг нөлөө үзүүлдэг. Нислэгийн тоо, давтамж, үйлчилгээ үзүүлэгч нэмэгдээд ирэхээр нислэгийн тийз хямдрах нөхцөл аяндаа зах зээлийн жамаараа шийдэгдэнэ гэсэн байр суурьтай байгаа.
Бид Монгол-Японы хоорондын нислэгийн давтамжийг долоо хоногт 26 байсныг нийт 62 давтамж болгон нэмэгдүүлсэн. Монгол-Тайландын хооронд нислэгийн давтамж долоо хоногт 10 удаа байсныг нийт 28 давтамж болгосон. Монгол-Турк хооронд давтамж нийт зургаа байсныг 34 буюу зургаа дахин нэмэгдүүлсэн. МИАТ компани, “Туркиш эйрлайнс” хоёр 16 чиглэлд код-шейр хийснээр манай иргэд болон, гадаадын жуулчид Хойд Америк, Европ, Ойрхи Дорнодын орнуудад хямд тарифаар, шууд нисэх боломжтой болсон. Улаанбаатар-Бээжин чиглэлд долоо хоногт тал тус бүр 21 удаагийн давтамжаар нислэг үйлдэх эрхтэй. Энэ оны хоёрдугаар сард Солонгосын талтай хэлэлцээр хийж, хоёр улсын хооронд долоо хоногт 44 нислэгтэй байсныг 80 болгож нэмэгдүүллээ. Мөн БНСУ-ын гурван хотоос Монгол Улс руу шинээр тогтмол нислэг шууд үйлдэх боломжтой боллоо. Агаарын тээврийн либералчлал, олон улсын болон орон нутгийн нислэгийг өргөжүүлэх, сэргээх арга хэмжээнүүд маань цаашид ч тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт бүрэн итгэж байна. Манай иргэд аль болох шууд, хямд, хүртээмжтэй нислэгээр зорчдог болгохын төлөө идэвхтэй ажилланаа.
-Орон нутгийн нислэгүүдийг сэргээхээс гадна төлбөрийг нь хямдруулах талаар хэд хэдэн алхам хийж эхэлсэн. Үр дүн ямар байна вэ, үүнд ямар зохицуулалт шаардлагатай гэж та хэлэх вэ?
-Яг үнэндээ дотоодын нислэг маань санасан хэмжээнд сэргэж өгөхгүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэндээ гурван чиглэлд л нисэж байна. 2012 онтой харьцуулахад орон нутгийн зорчигчийн тоо бараг долоо дахин багасаж 35.000 болсон бол нислэгийн чиглэл гурав дахин багассан байна. Гэтэл дан ганц Оюутолгойн чиглэлд 10 дахин их буюу 350.000 зорчигч явсан гэсэн статистик бий. Орон нутгийн нислэгийн асуудлаас болж Улаанбаатарт ирсэн гадаадын жуулчид хот болон Тэрэлжээсээ холдож чадахгүй байсаар буцаж болохгүй. Монгол Улс маань өргөн уудам нутагтай. Аялал жуулчлалын гол цэгүүд, байгалийн үзэсгэлэнт газрууд нь Улаанбаатараас 600-1600 км зайтай. Энэ зайг машинаар туулж явах гаднын жуулчин ховор. Энэ нь эргээд ирэх жуулчны тоог хязгаарлаж, аялал жуулчлалыг боомилж байна. Хэрэв орон нутгийн нислэгийн сүлжээ өргөн байсан бол шууд задраад чөлөөтэй зорчих боломжтой болно.
Нислэгийн тоо цөөн, тийз үнэтэй учир орон нутагт зорчигч цөөн. Зорчигч нь цөөн учир тийз үнэтэй, нислэг байхгүй гэсэн чөтгөрийн тойрогт орчихоод байгаа юм. Үүнийг задлахын тулд Засгийн газраас агаарын хөлгийн шатахууны үнийг буулгах, НӨАТ-ыг тэглэх зэрэг арга хэмжээ авах талаар судалж байна. Бидний хувьд орон нутгийн нислэгийн сүлжээ бүрэн биеэ дааж хөл дээрээ тогтох хүртэл тодорхой хугацаанд төрөөс татаас өгөх замаар уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Тухайн аймаг, орон нутгийн үндсэн оршин суугч иргэн Улаанбаатар хот руу ирж буцах үед нислэгийн тийзний үнийг хөнгөлөх шийдэл гаргаад ярилцаж байна. Энэ нь төвлөрлийг сааруулах, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газрын бодлогод ч бүрэн нийцнэ. Тийм болохоор орон нутгийн нислэгийн чиглэл, тоог нэмэгдүүлж, тийзний үнийг хямдруулах чиглэлээр ойрын үед Засгийн газар даацтай шийдвэр гаргана. Ерөнхий сайд ч тийм чиглэл барьж бидний бодлогыг бүрэн дэмжиж байгаа.
-Онгоцоор зорчигчдын тоог нэмэгдүүлэх ямар боломж байна вэ. Энэ онд 1.5 сая зорчигч хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилгоо биелүүлэх боломжтой юу?
-Нислэгийн томилгоогоо ил тод, шударга, чөлөөт байдлаар авиа компаниудын зөвшилцлийн үндсэн дээр өгөөд ирэхээр сэргэлт бодитой, бас хурдтай ажиглагдаж байна. Сая л гэхэд Улаанбаатар, Манжуурын чиглэлийн нислэг нээгдэж, урд хөршийн жуулчид наашаа нисээд эхэллээ.
Бид онгоцныхоо тоог нэмэгдүүлж, жуулчид гаднаас ирээд дотоодод нисэх боломжийг давхар бүрдүүлээд өгөхөөр 1.5 сая зорчигч хүлээн авах зорилт маань бүрэн хангагдана гэсэн тооцоо байгаа. Өөрөөр хэлбэл, “Монголд зочлох жил”-д зам тээврийн салбар бэлэн гэж би хэлнэ. Одоо харин гадаад, дотоодын авиа компаниуд, аялал жуулчлалын байгууллагууд маань ажлаа улам сайн хийх л үлдээд байна.
-Иргэний нисэхийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ хуулийн гол концепц нь юу байх вэ. Хуульд оруулах гол өөрчлөлтийн талаар та мэдээлэл өгнө үү?
-Энэ хуулийн гол концепц бол нэгдүгээрт аюулгүй ажиллагаа, хоёрдугаарт чөлөөт өрсөлдөөнийг эрх зүйн орчинд бүрэн дэмжих асуудал. Гуравдугаарт агаарын шинэ зам, шинэ үүд хаалгууд нээж, олон улсын техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах явдал. Хоёрхон улстай хиллэдэг манай улсын хувьд агаарын тээвэр бол гуравдагч хөршүүдтэйгөө эрх тэгш, харилцан ашигтай харилцах тэнцвэрийг хадгалах алтан боломж юм. Тийм болохоор Иргэний нисэхийн тухай хууль маань энэ боломжийг улам бататгаж, салбарын шинэтгэлийн үндсийг зөв тавина гэдэгт итгэлтэй байгаа.
-Дарханы замын ажил хэзээнээс эхлэх вэ. Одоо дутуу ажлыг гүйцээхэд тулгамдаж буй асуудал бий юу?
-Өнгөрсөн намар бид Дарханы замын нэг урсгал, хоёр эгнээ замын хөдөлгөөнийг нээсэн. Үндсэндээ таван жил сунжирсан ажлын 50 хувь нь хийгдсэн гэсэн үг. Харин энэ ондоо багтаж үлдсэн 50 хувийг нь хийж бүрэн ашиглалтад оруулахаар хичээж байна. Ямар ч байсан өнгөрсөн жилийнх шиг цемент, битум тасалдлаа гэдэг асуудал үүсгэхгүйгээр бүх ажлыг төлөвлөлтийн дагуу график гарган цаг алдалгүй хийхийг зорьж байгаа. Дарханы замын ажил үндсэндээ эхэлсэн гэхэд болно.
Буталсан чулуун сууриа бэлдэх, асфальт заводынхоо бэлэн байдлыг хангах, хүн хүч, техник хэрэгслийнхээ бэлэн байдлыг хангах ажлууд эхэлчихсэн. Саяхан би замчид болон замын компанийн нөхдийг хүлээн авч уулзсан. Хэдүүлээ замын салбарын сэвтсэн нэр хүндийг хамтдаа сэргээе гэдэг дээр тохирсон. Бүх шийдлийг яамнаас, дээрээс гаргах биш замын норм стандартыг шинэчлэх, чанартай зам барих, замын компаниудаа төрөлжүүлж мэргэшүүлэх, хүний нөөц боловсон хүчнээ бэлтгэх тал дээр та нар хэлэлцүүлэг хийгээд дундын шийдлээ гаргаад ир, сайдын хувьд бүх талаар дэмжиж хамтарч ажиллая гэдгээ хэлсэн. Тэд маань ч талархан хүлээж авсан.
Энэ долоо хоногт надад шийдлээ танилцуулаад, замын салбартаа шинэ сэргэлт авчрахын төлөө хамтдаа зүтгэхээр болсонд баяртай байгаа. Уулзах, хурал хуй хийх нэг хэрэг. Харин түүнээс гарсан санал, зөвлөмж, санаачилгаа ажил хэрэг болгох, тодорхой үр дүн гаргах нь хамгийн гол нь шүү дээ.
-Зам засварын ажил удахгүй эхлэх гэж байна. Манай нийслэлчүүдийн хувьд зунжин амарч амарч ирчихээд намар цуглахтай зэрэгцээд зам засварын ажил эхэлдэг. Энэ байдал энэ жил давтагдах уу. Үүнийг салбар яамны зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?
-Авто замын тухай хуулиар ЗТХЯ олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийн барилга, засвар, арчлалтын ажил, зөвлөх үйлчилгээ, захиалагчийн болон техник, технологийн хяналтыг улсын төсөв, гадаадын зээл, тусламж, бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Харин аймаг нийслэлийн Засаг дарга нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдах авто замын барилга, засвар, арчлалтын ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Тэгэхээр нийслэлийн авто замын барилга, засвар арчлалтын асуудал Нийслэлийн чиг үүрэгт хамаарна. Яамны тухайд бодлогын дэмжлэг үзүүлэх, норм стандартаа мөрдүүлэх, хяналт тавих ажлаа хариуцдаг юм. Гэхдээ бид Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах чиглэлээр Туул гол дагуу болон Нисэх чиглэлд ямар том төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг судалгаа хийж, ТЭЗҮ боловсруулан ажиллаж байна. Өдөр алдаж шөнө гэдэг шиг ид ачаалалтай үеэр иргэдээ бухимдуулаад зам засаж байна гээд намар зэрэгцээд бужигнадаг асуудалд цэг тавих ёстой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна