Мэдрэмж бол менежмент
Австралид 10 гаруй жил ажиллаж, амьдарч, аялал жуулчлал, зочид буудлын менежмент, дизайны хос мэргэжил эзэмшсэн залуу бүсгүй Монголдоо ирээд барилгын компанийн борлуулалтын менежер болжээ. Хамгаалалтын малгай, хантааз өмсөөд л барилгын талбай дээр анх гарах нь тэр. Тэдний компани “Гэгээнтэн” цогцолбороо барьж байв. “Юунд ороод ирчихэв ээ. Цаашдаа яана даа” гэж бодож, би чадах болов уу гэж эргэлзэж, эмээж байсан гэнэ. Барилга бол инженерчлэл шаарддаг, мэдлэг, боловсрол дээр тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг салбар. Тиймээс өөр салбарын хүн гарч ирээд барилгын компанийг удирдана гэхэд эхэндээ айдастай байсан нь мэдээж. Харин аав нь түүнийг зоригжуулж, урам хайрласан нь өнөөг хүртэл эргэж буцалгүй тууштай зүтгэх эрч хүчийг өгчээ. “Миний охин Монголдоо ирж компанидаа ажиллах цаг нь болсон” гэсэн аавынх нь үг түүнд нөлөөлж, Монголдоо ирэх шийдвэрийг гаргуулсан шигээ барилгын талбай дээр гарахад аав нь мөн л хамгийн том зөвлөгч, туслагч, багш нь болжээ. Барилгын суурийг нь ухах, цутгахаас эхлээд л бүгдийг нь хэлж, зааж өгнө. Бетон, арматурын чанар, стандарт, даац нь ямар үзүүлэлт хангах ёстой вэ гээд л. Мөн хүнтэй хэрхэн харилцаж байгаа, харилцаа, хандлагаас нь хүртэл маш их юм сурч авсан байна. Онолоос илүү амьдрал дээр бодитоор заасан нь түүнд үнэхээр сайн хичээл болжээ. Барилгын нарийн технологи, үйлдвэрлэл, угсралтын олон үе шатан дахь ажлуудыг ойлгохгүй үе заримдаа тохиолдоно. Тэр бүхэнд аав нь эхнээс нь бүх ажлаа зогсоож байгаад зааж өгдөг байв. “Хунгийн хотхон”-ы төсөл эхлээд байх үед караказ дээр хамт зогсоод энэ нь бүрэн цутгамал, энэ нь даацын хэсэг нь гээд л бүх нарийн ширийнийг уйгагүй хэлж өгч байж. Энэ бүхний үр дүнд хэдийгээр мэргэжлийн инженер биш ч гэлээ барилгын талаар өргөн ойлголттой болж чаджээ. Тиймээс аавыгаа “Надад тогтмол хичээл заасан, хамгийн сайн багш” хэмээн нэгэнтээ хэлсэн байдаг.
Түүний аавыг “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин Д.Баттөр гэдгийг танилцуулах нь илүүц байх. Яагаад гэвэл хийж бүтээсэн нь эзнийхээ өмнөөс ярьдаг гэдэгчлэн “Гэгээнтэн” цогцолбор, “Хунгийн хотхон” гээд дурдахад л уншигчид хэний тухай ярьж байгааг төвөггүй ойлгосон байх.
Б.Халиунаа Монголдоо ирж ажиллаад удаагүй байхад “Жигүүр гранд” групп “Гэгээнтэн” хотхоноо ашиглалтад оруулжээ. 2013-2014 онд эдийн засаг суларч, долларын ханш өсөж, барилгын борлуулалт бага багаар буурч байх тэр үед “Гэгээнтэн” цогцолборынхоо борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд арилжааны банк, харилцагчтай гуравласан гэрээ байгуулж, орон сууц авах хүсэлтэй иргэдийн барьцаа хөрөнгийг компани гаргаж, ипотекийн зээл авах боломж олгож байсан аж. Энэ нь маш оновчтой шийдэл болж чаджээ. Аливаа бэрхшээлд сөгдөхийн оронд маш хурдтай сэтгэж, гарц олж, цаг үеэ, салбараа, зах зээлээ мэдэрч ажиллах ёстой гэдгийг тэндээс ойлгож авсан байна. Группийнхээ ерөнхий захирал болж, гэр бүлийн бизнесээ амжилттай удирдаж эхлэхэд мэдэхгүй, чадахгүй зүйл олон тулгарсан ч “Эмэгтэй хүн, мэргэжлийн бус хүн байлаа гээд энэ ажлыг хийж чадахгүй гэсэн үг биш” хэмээн өөрийгөө зоригжуулдаг байв. Тэрбээр “Хүн намайг юу гэж бодох, хэлэх нь надад тийм ч чухал биш. Учир нь, хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ эзэн, үзэл бодолдоо үнэнч байх ёстой” гэдэг зарчимтай. Дизайнер хүн асар өндөр мэдрэмжтэй, аливаа юмс, өнгөний зохицлыг ойлгож, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах чадварт суралцдаг. Энэ давуу талаа барилгын салбарт харуулж чаджээ. Мэдрэмж бол менежерийн нэг том зэвсэг гэсэн үг бий. Олон жилийн туршлагатай, чадварлаг, сэтгэл, зүтгэлтэй баг, хамт олон нь түүний хувьд бахархал нь. Барилгын салбарын хувийн хэвшлийн анхны аж ахуйн нэгжээс үндэсний тэргүүлэгч компани, групп болтлоо өргөжсөн 34 жилийн хугацаанд “Жигүүр гранд”-ынхан 44 төсөл хэрэгжүүлж, эдүгээ 45 дахь төслөө эхлээд байгаа аж. Б.Халиунаа захирал бид хоёрын яриа үүсгэсэн сэдэв ч энэ л төслийн талаар байлаа.
“Нью лайф” хороолол бол нийгмийн хариуцлагын хүрээнд, хотынхоо хөгжилд оруулж байгаа бидний хувь нэмэр
-Тантай уулзах цаг товлох гээд хэд хэдэн удаа ярихад барилга дээрээ явж байна гэж байсан. Бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гээд оффистоо биш барилгын талбай дээрээ л өдрийг өнгөрүүлж байгаа бололтой?
-Яг тийм. Барилга бол улирлын чанартай бүтээн байгуулалт. Одоо ажлууд маань эхэлж байна. Ноднин жил “Хос даль апартмент” төслөө амжилттай дуусгасан. Манай группийн дараагийн буюу 45 дахь төсөл “Нью лайф” хороолол. Энэ төслийг бид хэрэгжүүлж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Манай группийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй маш том төсөл гэж үзэж байгаа. Энэ бол дахин төлөвлөлтийн төсөл. Нийслэлтэй хамтран гэр хорооллын хашаа, байшинд амьдарч байгаа иргэдийн газрыг нь үнэ тохирч аваад оронд нь орон сууц барьж байгаа юм. Нэг хашаанд хоёроос гурван яндан байгаа гэж бодоход энэ төслийн үр дүнд яндангийн тоог 3000-аар цөөлнө. Тэр хэрээр агаарын бохирдол буурна. Тохилог орон сууцны хорооллын шинэ бүс үүснэ. Тиймээс энэ төсөлдөө их анхаарал тавьж байгаа.
-“Нью лайф” хороолол хаана баригдаж байгаа вэ?
-Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт. Хүмүүсийн сайн мэддэгээр дүүргийн өндөрлөгийн урд талд. Энэ хороолол маань иргэдийг орчин үеийн тохилог, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах зорилготой төсөл. Шинэлэг шийдэлтэй, үлгэр жишээ, жишиг орон сууцны эко хороолол байгуулахаар зорьж байна. Мэдээж энэ бол цөөхөн хүнд зориулсан төсөл биш. Бидний тооцоолж байгаагаар 3000-4000 айл амьдрах, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх төв гээд нийгмийн дэд бүтцүүдийг нь төлөвлөж байгаа. Орчин цагтайгаа нийцсэн аль болох ногоон байх тал дээр бид анхаарч байна. Жишээ нь ногоон байгууламжийг нь үлгэр жишээ сайн хийнэ. Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг нь сэргээгдэх эрчим хүчээр шийднэ. Мөн саарал усны систем шийдэх гэж байна. Усаа дахин боловсруулж, эрчим хүчээ өөрсдөө гаргаж ашиглана гэсэн үг. Манай нийслэл дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Тиймээс дулааны алдагдалгүй барилга барих нь хамгийн нэгдүгээрт тавих асуудал. Дулааны алдагдалгүй бол ногоон барилга гэж би үздэг. Сүүлийн үед барилгуудын дулаан алдагдал их, сийгэлт ихтэй, тэрнээс болоод эрчим хүч их зарцуулж байгаа. Ийм алдаа гаргахгүйг бид хичээж зорьж байна.
-3000-4000 айлын орон сууцны хороолол барьж байгуулна гэдэг том бүтээн байгуулалт, том төсөл юм байна?
-Барилгын компаниуд дандаа хотхоны төлөвлөлттэйгөөр төслүүд хийж явдаг. Дөрөв, таван блок барилга бариад хотхон гэдэг. Манай групп “Нью лайф” төслөө хотхон гэж харахгүй байгаа. Хорооллын төлөвлөлттэй төсөл хэрэгжүүлье гэсэн бодол байгаа. Үүн дээр бид анхдагч болж байгаагаараа онцлог. Сургууль, цэцэрлэг нийлсэн нийт 43 барилгатай, 15 блок орон сууцтай хороолол байгуулна. Сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээ гээд бүх зүйл нь нэг дор төвлөрсөн хороолол болно. 3000 гаруй айлыг орон сууцанд оруулснаар утаа, тоос зэрэг агаарын бохирдол, хөрс, усны бохирдол аль алийг нь бууруулна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр хүндрэл багагүй гардаг. Иргэд амьдарч байгаа газраа үнэлэх, чөлөөлөх, барилга баригдаж ашиглалтад ортол түрээсийн байранд амьдрах зэрэг олон асуудал бий. Үүн дээр бэрхшээл, саад хэр байна вэ?
-Нийслэлийн дахин төлөвлөлтийн газартай хамтарч ажиллаж байна. Энэ газар биднийг дэмжиж байгаа. Таны хэлсэн үнэн. Нийслэл, иргэн, барилгын компани гээд гурван тал гэрээ байгуулдаг нь яах аргагүй төвөгтэй. Шинэ газар аваад шууд барилга барихад илүү хурдан байдаг бол дахин төлөвлөлтийн хувьд нийслэлээр дамжиж иргэнтэй холбогддог тул хэвийн хурдтай явах боломжгүй, ажлын явц удаашралтай. Бид энэ төслийг 2016 оноос ярьж эхэлсэн. Энэ хугацаанд гэрээний төсөл өөрчлөгдөх эсвэл дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан дарга нь солигдох гэх мэт асуудал олон гарсан. Тэр бүхэнд өмнө хийж байсан гэрээ, төслүүдээ шинээр эхлэх болно. Энэ нь манай ажлын процесст нөлөөлдөг. Нэг дарга солигдоод дараагийн дарга ирэхэд л бүх юм өөрчлөгдөх жишээтэй. Гэвч бид ухраагүй. Дахин төлөвлөлтөөр хорооллоо барина. Иргэдтэйгээ тохироод гэрээ байгуулж газрыг аваад орон сууцаа барьж байна. Нийслэлээс хурдтай шийдвэр гаргах нь бидэнд үзүүлж байгаа дэмжлэг. Жижиг асуудлаас болж ажил уягддаг. Шийдвэр гаргуулж авах гэж бид бараг нэг хүн тусад нь ажилд аваад нийслэлд ажиллуулж байж шийдүүлэх болчихоод байдаг. Уг нь хамтраад сайхан ажиллавал хувийн хэвшил хийх гээд зүтгэж байна.
-“Нью лайф” төслийн явц хэдэн хувьтай байна вэ?
-Төслийн хүрээнд газар чөлөөлөлт 80 хувьтай байгаа. Газар чөлөөлөөд эздэд нь байрандаа орох хүртэлх хугацаанд амьдрах түрээсийн мөнгө өгдөг. Тиймээс их олон айлын газар чөлөөлөхөөр тэр хэрээр түрээсийн мөнгө өгөх болчих гээд байдаг. Эхний ээлжид бид 40-50 айлын газрыг чөлөөлөөд байна.
Чадвартай ажилтнууд “Жигүүр гранд”-ын үнэт зүйл
“Жигүүр гранд” групп барилгын салбараас гадна эрүүл мэнд, уул уурхай, энтертайнмент, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, аялал жуулчлал, амралт сувилал гээд олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулдаг. Барилгын салбарынх нь үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төслүүдийг л танилцуулахад чамгүй урт яриа болно. Бизнес бүхэн нь алдаа оноо, амжилт бүтээлийн түүх. Тиймээс энэ удаа зөвхөн одоо хэрэгжүүлж байгаа отгон төслийг нь тойрч ярилцсан юм. “Жигүүр гранд” группийн барьсан барилга бүхэн чанар, стандартын үлгэр жишээ болдог. Үүний нууцыг Б.Халиунаа захирал ажил мэргэжилдээ эзэн болсон сайн баг, хамт олны бүтээл гэж тодорхойлсон.
-Аливаа салбарт мэдлэг, чадвар, туршлагатай боловсон хүчин чухал. Тэр тусмаа барилгын салбар сайн инженер, мэргэжилтнүүдээр үргэлж “цангаж” байдаг шиг санагддаг?
-Манай компанийн хамгийн том давуу тал нь солигдож, халагдаж байдаг гэрээт ажилтан биш өөрсдийн барилгачидтай. “Жигүүр гранд”-ын барьсан барилгын чанар сайн байдаг нь үүнтэй холбоотой. Энэ бо л бидний давуу тал. Үндсэн ажилтан олон байна гэдэг нэг талаараа компанид ачаалал өндөр. Барилгын салбар улирлын чанартай бизнес. Гэтэл тэр хүмүүсийг ямар ч үед цалинтай байлгах ёстой. Үүгээрээ бол манайх том ачаа үүрч яваа компани. Манай компан и дөрвөн сургагч багштай. Тэд шинэ, залуу барилгачдаа гардаж сургадаг. “Жигүүр гранд”-ын шаардлагыг хангах хэмжээний барилгачин болгохын тулд тодорхой хэмжээнд сургаж, дадлагажуулдаг. Бид мөн арваад жилийн өмнөөс сургалтын төвүүдтэй хамтарч барилгачдыг бэлтгэх сургалт зохион байгуулж ирсэн. Ерөнхий боловсролын сургууль дөнгөж төгссөн, ажил мэргэжилгүй, эмзэг бүлгийн гэх мэт олон хүнийг сургаж мэргэшүүлсэн. Арматур, плита, шавар гээд олон чиглэлээр нийт 4000 гаруй барилгачин бэлтгэж гаргасан. Одоо ингээд харахад бусад барилгын компаниудад манайд бэлтгэгдсэн маш олон хүн ажиллаж байгаа. Манайхаас гараагаа эхэлсэн инженерүүд маш амжилттай явдаг. Бусад барилгын компаниуд ч тэрийг нь мэддэг. “Жигүүр гранд”-д ажиллаж байсан гэвэл тэр хүнийг сайн л гэнэ үнэлнэ. Үнэхээр ч манай хүмүүс ажлаа мэддэг, туршлагажсан, чамбай мэргэжилтнүүд байдаг. Бид хүнийг ажилд авахдаа эзэмшсэн мэргэжил, дадлага туршлагаас гадна мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих эрмэлзэл, ажилдаа эзэн болох тэмүүлэл, хандлага зэргийг нь хардаг.
-Сайн боловсон хүчинтэй учир барилгын чанараар тэргүүлдэг гэлээ. Тэрхүү чанар, үнэ цэнийг мэддэг үйлчлүүлэгчид бий дээ?
-Манай орон сууцны борлуулалтаас харахад дахин худалдан авагчид олон байдаг. “Жигүүр гранд”-ын орон сууцыг өмнө нь аавыг ажиллаж байх үед худалдан авч байсан, дараа дараагийн төслүүдээс байр авч байсан хүмүүс дахиад худалдан авч байдаг. Учир нь, тэд чанарыг нь мэддэг, мэдэрдэг болчихсон. Манай барьсан барилга үнэ цэнээ огт алддаггүй, эргээд зарахад үнэлгээ өндөр, үл хөдлөхийнхөө өгөөжийг маш сайн өгдөг гэдгийг хүмүүс мэддэг болсон. Үүнийг ойлгосон хүн бараг төсөл болгоноос маань байр худалдан авах нь ч бий. Нийт худалдан авалтын 20 хувь нь дахин худалдан авалт байдаг.
-Чанартай барилга ашиглалтын хугацаанаас үл хамаараад хэзээ ч үнэ цэнээ алдахгүй юм даа?
-Ашиглалтын талаар ярихад барилгын компаниуд өөрсдийн барьсан барилгынхаа ашиглалт, үйлчилгээг хариуцдаг жишиг хөгжилтэй улс орнуудад бий. Европт, бас Японд ийм компани байдаг. Нэг барилга барьчихаад орхих биш тэр барилгын компанийн салбар компани нь тухайн барилгаа хариуцан стандарт шаардлагад нийцсэн зөв засвар үйлчилгээг нь хийгээд явдаг. Үүнийг maintenance компани гэж нэрлэдэг. Манайд нэг ийм компани бий. Энэ их чухал. Барилгад буруу үйлчилгээ хийх нь чанар, ашиглалтад сөргөөр нөлөөлнө. Жишээ нь, манай компанийн барьсан барилгуудад орос монтаж хэрэглэдэг. Гэтэл ашиглалтын явцад хятад монтажны утсаар солих юм бол галын аюултай эрсдэл үүснэ.
“Жигүүр гранд” групп эрхэм зорилгоо “Бид салбар бүртээ амжилтаар жигүүрлэж, монгол чанарыг дэлхийд таниулан, аз жаргалыг бүтээнэ” хэмээн томьёолжээ. Харин уриа нь “Та бидэнд итгэ. Бид бүгдийг бүтээнэ”. Цаг хугацаа, чанар, багийн ажиллагаа, хариуцлагатай, үнэнч шударга зарчмыг үнэт зүйлсээ болгосон энэ группийг удирдаж яваа Б.Халиунаа захиралтай ирээдүйнх нь төлөвлөгөө, өнөөдрийн ажил үйлсийн тухай цухас хөөрөлдөв. Тэрбээр улс орныхоо ирээдүйг өөдрөг сайхнаар төсөөлж, үр хүүхдэдээ эрүүл, тохилог, сайн сайхан орчинг бүрдүүлж, аз жаргалтай амьдралын баталгааг бий болгож өгөхийг хүсдэг, түүний төлөө хөдөлмөрлөж, зүтгэж, салбартаа манлайлж яваа жирийн нэг ээж. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг том группийг удирдаж байгаагийн хувьд салбар бүртээ амжилтын буухиаг үргэлжлүүлж яваа аж. Эрүүл мэндийн салбарт л гэхэд “Грандмед” эмнэлэг нь эх орондоо төдийгүй олон улсад нэр хүндтэй. Хил хаалттай байсан ковидын үед дотооддоо хамгийн олон нуруу нугас, үе мөчний хагалгааг амжилттай хийжээ. “Грандмед”-ийн салбар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байрлах “Баатар ван” амралт, сувиллын газраа түшиглэн аялал жуулчлалын зориулалттай орчин үеийн стандартыг хангасан томоохон зочид буудал барьж, энэ онд ашиглалтад оруулах гэж буй аж.
Г.СОНИНБАЯР
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24543/
Сэтгэгдэл (1)