ХХААХҮЯ энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлалаа


Хаврын тариалалтын их ажлын өмнөхөн хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан чууллаа. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого, УИХ-аас баталсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын хүрээнд ХХААХҮЯ-наас “Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулав. Энэ удаагийн чуулганд Увс, Завханы тариаланч, Дорнод хязгаарт хүлэмжийн аж ахуй эрхлэгч, говийн хөрсөнд жимс, жимсгэнэ ургуулагч гээд улс орны өнцөг булан бүрээс цугласан 800 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцсэн бөгөөд өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, өөр хоорондоо санал солилцон, туршлага судаллаа. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун чуулганыг нээж хэлсэн үгийнхээ эхэнд газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудал үүссэнийг онцгойлон авч үзсэний дүнд энэ оныг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж байгаагаа дуулгасан юм. Энэ хүрээнд салбарын яамнаас олон төрлийн зохицуулалт, бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан илтгэлийн хүрээнд салбарын сайд олон төрлийн мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, газар тариалангийн үйлдвэрлэлд чухал хуулиудыг батлуулах, шинэ үеийн залуусыг тариалангийн үйлдвэрлэлд оролцуулах, залуу тариаланчдыг бэлтгэх, богино хугацааны сургалтад хамруулах замаар хүний нөөцийг бүрдүүлэх, тогтвортойгоор бэлтгэх шаардлага тулгарч байна. Тиймээс энэ жилийн чуулганы хүрээнд хууль эрх зүйн орчин болон хүний нөөцийн сэргэлт бий болгоход анхаарч буйгаа тодотгож байлаа. Газар тариалангийн салбарт шийдвэрлэвэл зохих олон асуудал байгааг салбарын сайд тодотгоод “Тариалангийн сэргэлтийн жил”-ийн хүрээнд бодлогын гурван сэргэлтийг онцолж буйгаа зарласан юм. Үүнд нэгдүгээрт, Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлт. 

Энэ хүрээнд Монгол Улсын нутагт дэвсгэрт ургамлын эрүүл мэндийг хамгаалах, ургамал болон ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааг дэмжих, хүн мал амьтны эрүүл мэнд, байгалийн тэнцвэрт байдлын улмаас учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төсөл, тариалангийн үйлдвэрлэлийг болзошгүй эрс­дэлээс хамгаалах даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх давхар даатгалаар даатгуулагч болон даатгуулагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Тариалангийн даатгалын тухай хуулийн төсөл, шинжлэх ухааны ололтод тулгуурлан таримал ургамлын өвчин хортон шавьж, хэт халалт хүйтрэлтэд тэсвэртэй чанарыг сайжруулсан шинэ сортуудыг бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, улмаар га-гаас авах ургацын хэмжээ, чанарыг сайжруулах зорилгоор Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг тус тус боловсруулж дууссан бөгөөд Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дуулгалаа. Ийнхүү хууль эрх зүйн цогц шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжин, үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлөн, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа аж.

Хоёрдугаарт, Тариалангийн салбарын санхүү, хөрөнгө оруулалтын сэргэлт. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлжээ. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлэж, энэ оны төсөвт хүүгийн хөнгөлөлтөд зориулан 135.5 тэрбумыг тусган батлуулсан байна. 


Энэхүү арга хэмжээний хүрээнд нийт 982 тэрбум төгрөгийн зээлийг хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд жилийн 5-6 хувийн хүүтэйгээр, 2-5 жилийн хугацаатайгаар арил­жааны арван банкаар дамжуулан олгох санхүүжилтийн гэрээг байгуулжээ. Үүнээс мал аж ахуйн үйлдвэрлэлд 132, газар тариалангийн үйлдвэрлэлд 342, хүнсний боловсруулах болон сав, баглаа боодлын үйлдвэрлэлд 507 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар хуваарилаад байгаа ажээ. Түүнчлэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 120, хөрөнгө оруулалтаар 222.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд эргэлтийн зээлээс үр тариа, төмс, тос, тэжээлийн ургамал тариалагчдад 90, хүнсний ногоо болон жимс жимсгэнэ тариалагчдад 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэжээ. Харин хөрөнгө оруулалтын зээлээс газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 37, үр тарианы таримлын үтрэм байгуулахад 14.5, өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулахад 50, инженерийн хийцтэй услалтын систем байгуулахад 50.9, бүх төрлийн будаа болон чихрийн манжин тариалан усжуулахад 27.1, нийслэл хот болон 21 аймагт төмс, хүнсний ногооны зоорийн аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус төлөвлөсөн байна. 

Уг зээлийг зориулалтын дагуу үр дүнтэй хэрэгжүүлснээр гол нэрийн хүнсий бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйлдвэр байгуулах, технологийн шинэчлэл хийх замаар ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ дотоодын хэрэгцээнийхээ 60-аас дээш хувийг үйлдвэрлэж чадаж байгаа, цаашид ч үйлдвэрлэх боломжтой 47 нэр төрлийн хүнсний ногоо болон бүтээгдэхүүний гаалийн албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлж байгаа ажээ. Ийнхүү нэг талаас хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг, нөгөө талаас татвар болон тарифын хөнгөлөлтийн бодлогыг зэрэгцүүлэн авч хэрэгжүүлж байгаа нь газар тариалангийн салбарт томоохон сэргэлт авчирна гэж бодлого тодорхойлогчид үзжээ. 

 

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр суралцагчдыг дотоод, гадаадын тэтгэлэгт хамруулж, дагалдан суралцангаа ажиллах хөтөлбөр боловсруулна

Гуравдугаарт, хүний нөөц болон залуу тариаланчдын сэргэлт. Энэ хүрээнд салбарын тэргүүлэх мэргэжлээр их, дээд сургуульд суралцагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулахаас гадна шинээр элсэн суралцагчдад эхний жилд тэтгэлэг олгох, сургал­тын дараагийн жилүүдэд оюутны сургалтын голч дүнгээс хамааран тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох. 

Улмаар сургалтын төлбөрийг үе шаттайгаар төрөөс хариуцах, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын салбарын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадад тэтгэлэгтэй суралцуулахаас гадна салбарт ажиллаж буй мэргэжлийн бус хүмүүсийг чадавхжуулах, богино хугацааны сургалтыг их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг түшиглэн тогтмолжуулан зохион байгуулах. Хөдөө аж ахуйн салбарт залуучууд агро гарааны бизнес эрхлэхийг дэмжсэн дэмжлэг үзүүлэх аян зохион байгуулах (инкубац буюу бойжуулалт хийхэд ЖДҮ болон бусад зээлд хамруулах), залуучуудыг туршлагатай газар тариаланч, фермерийг дагалдан суралцангаа ажиллах сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэг­жүүлэх (хөтөлбөрийн төгсгөлд өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгалт зохион байгуулж залууст зохих гэрчилгээ, үнэмлэхийг олгох, төгсөгч цаашид бие даан аж ахуй эрхлэх), их дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрт аж ахуй эрхлэхтэй холбоотой мэдлэг, ур чадвар, хандлагыг олгох агуулга нэмэх зэргээр газар тариалангийн салбарт сэргэлт гаргах бүрэн боломжтой гэж үзээд бодлогоо ийнхүү тодорхойлжээ. “Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө бодлого тодорхойлон, төсөл хөтөлбөр боловсруулан санаачлах нь төр засгийн үүрэг. Харин түүнийг хэрэгжүүлэгчид нь та бүхэн юм шүү” гэдгийг онцолсон нь салбарын сайдын зүгээс чуулганд оролцогчдод хаягласан захиа, даалгавар байлаа. 

Монгол Улс 1989 онд нэг сая тонн үр тариа хураан авч, Бүгд найрамдах социалист Вьетнам болон БНАСАУ-д экспортолж байсан бол сүүлийн 30 жилд хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа нь энэ салбарт сэргэлт гаргах зайлшгүй шаардлага үүссэний илрэл хэмээн дүгнэж байгаагаа Х.Болорчулуун сайд онцолсон. Түүний энэхүү дүгнэлттэй санал нэг байгаагаа ч салбарынхан онцлоод цаашид тариалангийн салбарт сэргэлт авчрахад өөрсдийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлж байлаа. 

Чуулганы үеэр хүнсний ногоо­ны хангамж, үйлдвэрлэлийг нэ­мэг­дүүлэх, ургамал хамгаа­лал, үрийн шинэчлэл, ургацыг нэ­мэг­дүүлэх арга зам, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспорт­лох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл, мэдээллийг танилцуулан хэлэлцлээ. Тухайлбал, тариалан эрхлэгчдийн хувьд цаг агаараас бүрэн хамааралттай ажилладаг хүмүүс учраас энэ талаарх мэдээлэл хамгийн чухал байдаг. Тийм ч учраас Монгол орны цаг агаарын онцлог, ерөнхий төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьд­чилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал чуулганд оролцогч­дод хандан мэдээлэл өгсөн юм. 

Түүнчлэн газар тариалангийн үйлд­вэрлэлийн тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар Мон­голын тариаланчдын үндэс­ний холбооны ерөнхийлөгч Ц.Рэнчинсэнгээ, хүнсний ногооны хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлын талаар “Монголын ногоо” төслийн зохицуулагч, Монгол Улсын Гавьяат агрономич Т.Төрмандах, жимс жимсгэнийн салбарын өнөө­гийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар Хөдөө аж ахуйн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Хандсүрэн нар илтгэл хэлэлцүүлсэн юм. Ийнхүү илтгэл сонсож, мэдээлэл авсан оролцогчдын төлөөлөл болж, Увс, Завхан, Дорноговь, Сэлэнгэ, Төв зэрэг аймгаас хүрэлцэн ирсэн 20 гаруй хүн өөрт тулгамдсан асуудлын хүрээнд асуудал дэвшүүлэн саналаа хэлж, зарим асуултад хариулт авсан. Ингэснээр чуулган үдээс хойш газар тариалангийн салбарын салбар хэлэлцүүлгээр үргэлжилсэн юм. Мөн энэ үеэр хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй компани үзэсгэлэнгээ дэлгэн оролцож, шинэлэг технологи, сайн туршлагаа танилцууллаа. Тухайлбал, "Био ундарга" бордооны үйлдвэр "Дархан ГУМАТ" органик бордоо, "Дархан РИЗО" био шингэн бордоо, модны "БИОГУМ" бордоо, нүхэн жорлон ариутгагч "ЖИГА" бактериа тариаланчдад танилцуулсан юм. Ийнхүү салбарынхан чуулж, энэ онд газар тариалангийн салбарт сэргэлт гаргахаар дор бүрнээ ажиллаж эхэллээ.

 

Газар тариалангийн салбарынхан тулгамдсан асуудлаа ярилцан, шийдлээ хэлэлцэв

 

“Тариалангийн сэргэлт 2023” үндэсний чуулган үдээс хойш гурван салбар хуралдаанаар үргэлжилсэн юм. Тодруулбал, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаанаар тулгамдсан асуудал болон цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа. Хуралдаанд салбар яам, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, “Элит үр” ХХК, Монголын ногоон загалмайн нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, “Их булаг” ногоочдын холбоо, “Монгол ногоо” төсөл, “Мора” ТББ болон төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 300 гаруй хүн оролцсон юм. Энэ үеэр төмс, хүнсний ногооны үрийн хангамж, 2022 оны үр дүн, 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал, төмс, хүнсний ногооны ургамал хамгаалал, төмсний сортууд, үрийн шинэчлэл, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн ургацыг нэмэгдүүлэх арга замууд, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, газар тариалангийн үйлдвэрлэлийн цахим системийн хэрэгжилт, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын нэгдсэн тогтолцоо, хөдөө аж ахуйн зохистой дадал, хүнсний ногооны нэр төрөл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Түүнчлэн Төрийн ордны их танхимд Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан болов. Хуралдаанд салбар яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, "Дижитал агро интегрэйшн" ХХК, "Майнд теч" ХХК, Монголын тариаланчдын үндэсний холбоо болон үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тус хуралдаанаар газар тариалангийн салбарын бодлого, эрх зүйн шинэчлэл, хэрэгжилт, хаврын тариалалтын зөвлөмж, анхаарах асуудал, үр тарианы ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамал тариалалт, захиалгат тариаланг хөгжүүлэх боломжийн талаар илтгэгчид мэдээлэл, танилцуулга өгч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Харин жимс, жимс­гэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг, ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, Жимс, жимсгэнийн үндэсний холбооны тэргүүн Д.Насанжаргал, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн секторын эрхлэгч С.Баттөмөр, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, дэд профессор Б.Дондов болон жимс, жимсгэнийн үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл болсон 200 гаруй хүн оролцлоо. Тэд жимс, жимсгэнийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, жимс, жимсгэнийн аж ахуйн агро-эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар болон жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамлын судалгааны үр дүн, хэтийн төлөв, ургамал хамгаалал сэдвээр танилцуулга мэдээлэл хийж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24544/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө