БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ


Энэ залууг Энх-Амгалангын Отгонбаяр гэдэг. "LEDO" гэдэг товчилсон үгийг брэнд болгох том зорилготой. Одоогоос есөн жилийн өмнө оюутны 70 мянгаа хуримтлуулж дансандаа 210 мянган төгрөгтэй, үүргэвчиндээ хэдэн солих хувцастай хөдөө нутгийг зорьж одсон эр дээ. Хотын унаган хүүд ийм их зориг өгсөн хүн нь мөнөөхөн хөдөө нутаг Хэнтийд байсан хэрэг л дээ.

"LEDO" Алтан тариан түрүү гэдэг утгатай юм гэсэн.

Хотын унаган хүү хөдөөг зорих болсон шалтгаан ?

-Ерөөсөө л эхнэр маань л даа.
Би эхнэртэйгээ их сургуульд сурч байхдаа танилцсан. Тэр маань дээд курсын оюутан байлаа. Юу юу ч үгүй дөнгөж төгссөн шинэхэн хос орох орон ч байхгүй шд мэдээж. Эхнэр жирэмсэн болоод Хэнтий төрсөн гэр лүүгээ явчихгүй юу. Араас нь явах гээд өдөр хоног өнгөрөхгүй шүү дээ. 2013оны 5сарын 7нд дипломоо аваад л 9нд Хэнтий явсан даа.

-Тэгээд ирээд л кофе шоп нээсэн юм уу ?

-Үгүй ээ. Дансандаа 210 мянган төгрөгтэй хүн л ирж байгаа шүү дээ. Ирээд хадмын талын нэг өвөөгийн хоосон байранд эхнэр бид хоёр тусдаа гарлаа. Би ч яахав эхлээд ажил олдохгүй аар саар юм хийгээд л яваа. Эхнэр жирэмсэн гэртээ суугаад зүгээр байгаад байж чадахгүй интернэтээс бялуу, нарийн боов хийх жор татаж авсан байгаа юм. Татаж авсан жор технологийнхоо дагуу нарийн боов, бялуугаа хийж эхэлнэ биз дээ. Эхлээд найз нөхөд, найз нөхөдөөрөө дамжуулаад аав ээж, ах дүүд нь хийж өгдөг болоод нэлээд захиалагтай боллоо. Энэ хооронд би төрийн албанд орчихсон болохоор эхнэрийн ажилд нэг их туслаад байж чадахгүй манай хүн гэрээрээ л хийгээд байгаа юм.

Эхнэрийг нь Халиунгоо гэдэг байсан гэнэ. Байсан гэдгийн учир диваажинд бялуучин хэрэгтэй болоод эхнэр нь дуудагдаад явчихаж. "Миний хань чинь их гоё нэртэй Халиунгоо гэдэг" гээд инээмсэглэх хэр нь нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэх. Бид хоёрын анхны бялуу оюутан байхад миний ханийн гараас гарч байлаа.Нэг шинэ жилээр хоёулаа бялуу авах гэж байтал хань маань "Хоёулаа материалаа өөрсдөө аваад хийчихэе л дээ" гэдэг юм байна. За тэгээд хоёулаа материалаа цуглуулж аваад иртэл бялуу авах мөнгөнөөсөө хэд дахин илүүг зуу гаран мянгыг үрчихэж. Тэгээд гурван бялуу хийсэн ах дүү найз нөхөддөө амсуултал хачин гоё болсныг нь гайхаад л хань минь хөөрөөд л сайхан байлаа. Тэгээд хадам ээж дээр аваад очтол хадам идэж үзсэнээ " Энэ чинь түүхий байна шүү дээ" гэж авдаг юм даа. Манай хадам ээж нарийн боовны технологич хүн л дээ. Ёстой бөөн инээдэм. Манай найз нөхөд урмыг нь хугалахгүй гэсэндээ л дуугай өнгөрсөн шиг байгаа юм.

-Эхнэрийн чинь бялуугаар бизнес чинь эхлэсэн юм байна. Тэгээд түүх яаж үргэлжлэв?

-Миний хань чинь их дайчин, шаргуу эмэгтэй байлаа. 2016 онд дунд охин төрөөд удаагүй байхад манайх нэг машинтай боллоо. Манай хүн захиалгаар хийсэн бялуугаа хүргэж өгнө. Өөрийнх нь нэрийн бүтээл болчихсон "Спартак" бялууг зүсэж албан газруудын үдийн цайгаар хүргэж өгдөг боллоо. Ажил нь ч дийлдэхээ байгаад би ажлаасаа гарч эхнэртэйгээ хамтарч эхэлсэн дээ.

-Олон нэр төрөл бүтээгдэхүүн гардаг уу?

-Олон төрөл гарна л даа яг хийх юм бол 12 төрөл байна. Миний ханийн нэг баримталдаг зарчим байсан юм. Чанартай, үнэтэй материалаар түүндээ тохирсон бүтээгдхүүн, бүтээгдхүүн биш бүр бүтээл хийдэг. Хэрэглэгчид маань ч тэрэнд дуртай, аваад дасчихсан. Одоо бид миний ханийн тэр зарчимаар явдаг. Бүтээгдхүүнээ олон тоогоор үйлдвэрлэж дэлгүүр гуанзанд тавья гэхээсээ илүү чанартай бүтээлийг захиалагчиддаа хүргэх л гол зорилготой.

-Өрсөлдөгчид байна биз?

-Байлгүй яахав. Бидний хойно эхэлсэн хүмүүсээс бол бид айгаагүй яагаад гэхээр түрүүлээд эхэлчихсэн нэгэнт худалдан авагчтай болчихсон байсан шүү дээ. Дийлээд үйлчлүүлэгчдийг маань авбал бидний л муугынх гээд өшөө илүү сайн хийхээр чармайж эрэл хайгуул хийнэ. Одоо гэхдээ эрэл хайгуул хийдэггүй гэсэн үг биш шүү дээ мэдээж байнга л шинэ сонин, содонг үргэлж л хайж байдаг. Урьд хийдэг байсан хүмүүс ч бий. Тэд маань биднийг энэ салбар луу орж ирсэнээр бараа бүтээгдхүүнийх нь нэр төрөл олшроод нэг л мэдэхэд үйлдвэрлэл рүүгээ ороод нарийн боовны цех, үйлдвэртэй болоод явчихсан байсан. Бид яахав бялуу, нарийн боовон дээрээ үлдэж байгаа юм. Одоо хүмүүс яриад байгаа юм " Батбайгаль" орж ирэх гэнээ бидний бизнесийг булаах нь, зах зээлээ алдах нь гээд л. Би бол айхгүй байгаа. Яадын ороод ирэг. Бид улам л чанаржих тал дээрээ анхаарч өрсөлдөөд улам л сайжирна. Эцсийн дүндээ хэрэглэгчид хожино тийм биз.

-Өөр бизнес рүү оръё хот хүрээ явж илүү том юм хийе гэж бодох юм уу?

-Мэдээж залуу хүн юм чинь маш их хийж бүтээх эрмэлзлэл байна. Одоо би завтай ч болчихлоо. Эхнэрийн бэлдэж өгсөн манай хоёр ажилтан юунд ч намайг гар хүргэхээргүй болчихсон. Ямартай ч аймагтаа зам дагуу ахиад нэг кофе шоп нээх санаа байна. Өөр бизнест хүч үзэх ч санаа байгаа. Гэхдээ би хот оръё эндээс явчихая гэж бодохгүй л байна. Миний гэр орон энд. Гурван сайхан үр минь. Ханийн маань ээж байна. Алтан шарил нь энд байна. Оюун санаа, ур ухаанаа шингээсэн бизнес нь байна. Би эндээс явна гэж бодохгүй байгаа.

2017онд кофе шопоо нээхдээ эхлээд гар аргаар кофе чанаж өгдөг байж. Анх цалингийн зээл авч хөдөлж эхэлсэн хоёрт 15н сая төгрөгөөр кофены машин авах мөнгө юу байхав. Одоо Хэнтий аймагт " LEDO" хэмээх нэр аль хэдийн брэнд болж, иргэдийн үйлчлүүлэх дуртай газруудын нэг болжээ.
Кофе шопод яваад ороход хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл номын тавиур, түүн дээр зэрэглэн өрсөн олон ном. Хүүхэд залуус орж ирээд кофе ууж тухлангаа сонирхсон номоо уншиж болно. Мөн сайн дураараа ном хандивлах юм бол үнэгүй "LEDO" нэрийн аргаар чанасан кофегоор дайлуулна. Энэ кофе шопод Хэнтийд байтугай Монголд байхгүй шинэ содон, хөгжилтэй гэмээр нэг соёл байна. Урд хананых нь нэг хэсэгийг тэр чигээрээ жижигхэн дөрвөлжин цаасан дээр бичсэн зурвасууд эзэлсэн байх аж. Бидний багад орцны хана, сургуулийн гадна хананд шохойгоор бичсэн байдагтай яг адилхан, цаасан дээр бичиж нааснаараа л өөр. "Б+А=Love, " "би хүнтэй үерхмээр байна ..он сар". "Энд орж ирэх гоё шүү" , "мөнгөтэй болонгуутаа заавал орж ирнээ" гэх мэтчилэн чин сэтгэлийн үгс үргэлжилнэ. Би Отгонбаяраас чи ингэж бичиж байг гэж хана гаргаж өгсөн юм уу? гэтэл..."Үгүй ээ. Хүүхдүүд өөрсдөө л нэг мэдсэн ингээд бичээд эхэлсэн. Би боль энэ тэр гэдэггүй юм. Хөөрхөн байгаа биз дээ" би зориуд Лангуун дээрээ наалддаг дөрвөлжин цаас аваад ил тавьчихдаг . Нэг харахнээ дуусчихсан л байдаг гээд инээж байна . Ирээдүйд эхнэрийнхээ үлдээсэн жор, технологи шингэсэн бүтээгдхүүнээр их хотод хөл тавих хүсэлтэй гэнэ. Тэр маань бидний дэргэд байхгүй ч гурван хүүхэд, оюун санааных нь өв байна шүү дээ тэгэхээр миний дэргэд байгаа л гэсэн үг гэнэ. Хэдийгээр түүний бизнес жижигхэн ч гэлээ тэр "Баялаг бүтээгч" мөн. Тэр оюун санааны бүтээл хийж байна. Гучин нэгэн нас бол залуухан ид хийж бүтээдэг нас. "Маш олон санаа толгойд далай дүүрэн загас аятай л эргэлдэж байна. Яг өөрийнхөө алтан загасыг олж барих л хэрэгтэй."гэсэн түүний үгээр сурвалжлага тэмдэглэлээ төгсгөе.

Нээрээ Отгонбаяр Хэнтий аймагт зохиогдсон "Shark tank" нэвтрүүлэгт бизнесийн төлөөллийн шүүгч болж орсон гэсэн.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин  2022. 07.06


БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ
БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө